Street of Shame (1956). Японы мастер кино найруулагч Kenji Mizoguchi-н драм. Уг кинонд, Токиогийн биеэ үнэлэгчдийн газарт ажилладаг өөр өөр түүх, гарал үүсэлтэй таван эмэгтэйн тухай өгүүлдэг. Зохиолч Yoshiko Shibaki-н "Susaki no onna" романаас сэдэвлэсэн уг кино нь Mizoguchi-н сүүлчийн бүтээл байлаа. Биеэ үнэлэлтийн тухай бүх кинонуудаас хамгийн шилдэг нь мастерын замналын төгсгөл болсон "Street of Shame" байж магадгүй. Тэрээр энэ киноныхоо өрнөх үйл явдлыг орчин цагт буюу тухайн үед Японд хууль ёсны биеэ үнэлэлтийг зогсоох эсэх талаар парламентын хэлэлцүүлэг хийгдэж байхад бүтээжээ. Энэ тун сэтгэл хөдөлгөм киноноос гадна хүн мөнгөний төлөө юу хийдгийг маш дэлгэрэнгүй үзүүлдэг. Нэр төр, ичих сэтгэл оршсоор байгаа соёлд эмэгтэйчүүдийн зарим нь хохирогч, зарим нь хохируулагч болж амьдрахын төлөө тэмцэж байна. Киноны сцэнүүд товч, тодорхой, мөн зүрх шимшрүүлэм байдаг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 849-р байрт жагсаагаад байна. Ингээд янхны гудамжаар алхаад өнгөрье.
Токиогийн Йошивара дүүргийн улаан дэнлүүг дүүрэгт байрлах Taya-нхны эзэмшдэг Дримланд хэмээх биеэ үнэлэгчдийн газарт орвол таныг ийм таван хүүхэн угтах байлаа. Yasumi бол Дримландын хамгийн залуу бас үзэсгэлэнтэй нь. Тэр шоронд байгаа аавыгаа гаргахын төлөө мөнгөө цуглуулж буй. Түүний удаан хугацааны үйлчлүүлэгч Aoki бол даруухан, гэрлэсэн эр бөгөөд ажлаасаа мөнгө завшаад Yasumi-н бүх өрийг дарахыг зөвшөөрдөг ч харин өөртэй нь гэрлэхийг хүүхнээс хүснэ. Yasumi түүнд "янханд итгэдэг чиний тэнэгийнх, би чамтай гэрлэхгүй" гэж шууд хэлдэг. Мөнгөгүй, эхнэргүй болсноо ухаарсан Aoki түүнийг бараг алах шахдаг. Mickey бол Америкийг шүтэгч, Өрнөдийн хувцас өмсдөг, цовоо сэргэлэн ч мөнгөнд хайхрамжгүй хүүхэн. Аав нь Кобегоос ирээд ээжийнх нь өөд болсныг дуулгаж, гэртээ буцаж ирэхийг охиноос гуйна. Харин Mickey ээжийг нь амьд сэрүүн байхад тоохгүй, өөрийнхөө жаргал цэнгэлийг хөөцөлдөж явсан хэмээн аавыгаа буруутгаж, хөөж явуулдаг. Гуравдахь биеэ үнэлэгчийг Hanae гэнэ; өмнөх хоёроосоо эгч хүүхэн нялх хүүхэд, мөн биеэ султай учир ажил хийж чаддаггүй нөхөртэй. Гэр бүлээ тэжээхийн тулд Дримландад ажиллана.
Нөхөр нь сэтгэл гутралын улмаас үе үе амиа хорлохыг завдана. Yorie бол эд нараасаа арай эгчимэд биеэ үнэлэгч нь, тэр Taya-нд их хэмжээний өртэй, тэгсэн ч гэсэн нөхөрт гарч гэрийн эзэгтэй болох туйлын хүсэлтэй. Шүүхээс түүний Taya-нд төлөх ёстой өрийг хүчингүй болгосны дараа Yorie Дримландыг орхиж, хүнтэй гэрлэдэг удалгүй эргээд ирдэг. Суусан хүн нь өөрийг нь мөлжиж амьдрах хүсэлтэйг мэдсэн учир хөөрхий хүүхэн аргагүй буцаж ирсэн гэдэг. Сүүлчийн биеэ үнэлэгч буюу Yumeko хамгийн хөгшин нь. Тэр Токиод байдаг хүүдээ туслаж, ирээдүйд хамт амьдрахыг мөрөөддөг авч хүү нь ээжээсээ ичиж, уулзахаас зугтана. Нэг удаа уулзахад хүү нь түүний хийдэг ажлыг жигшдэг, танаас татгалзаж байна гэж хэлдэг. Үүнээс болж Yumeko галзуурна. Киноны төгсгөлд биеэ үнэлэлтийн эсрэг хууль батлагддаггүй; Yasumi хураасан мөнгөөрөө даавууны бизнес эрхэлж эхэлдэг. Дримландад үйлчлэгчээр ирсэн залуухан охин Shizuko гэр бүлдээ мөнгө явуулахын тулд Дримландын шинэ биеэ үнэлэгч болж, эрчүүдийг айдастайгаар урин дуудаж байгаагаар кино маань жаргадаг.
"Street of Shame" Mizoguchi-н хамгийн шилдэг кино биш байж магадгүй ч сэдэвчилсэн хүрээ, хэв маягийн хувьд хамгийн шилдэг нь байхыг үгүйсгэхгүй. Нэг талаараа аугаа замналынх нь хамгийн "Mizoguchi" маягийн энэхүү кино нь түүний "хунгийн дуу" байхад яг тохирох мэт. Уг кинотой нэг онд гарсан Naruse-н "Flowing" кинотой нэгэн адилаар Mizoguchi гол баатруудынхаа сорилт, бэрхшээлийг харуулахыг зорьсон ба ихээхэн нямбай мелодраматик мэдрэмж, эмнэлэгт явдлын хэтрүүлэг нь зарим үзэсгэлэнтэй дүрслэлийн зохиомжоор дэмжигдсэн байдаг. 1950-аад оны Японы хар-цагаан кинонууд үнэхээр үзэсгэлэнтэй байдаг шиг энэ бүтээлийн дүрслэл ч сайхан. Киноны үзэгдэл болгоныг Ozu маягийн "дэрний" кадраас авсан байдаг ч уран яруу цуврал зургуудын оронд Jacques Tati-н аргаас Tsai Ming-liang хүртэлх бүхнийг санагдуулсан ганц удаагийн үргэлжилсэн статик кадр гарч ирдэг. Naruse энэ аргыг "Flowing" кинондоо бага зэрэг ашигласан ч Mizoguchi кинондоо илүү амжилттай хэрэглэсэн; иймээс Mizoguchi-н дүрслэл яруу найраглаг буюу экспрессионист санагдана. Ердийнх шигээ эл яруу найраглаг зураглал нь Mizoguchi-н өгүүлэмжийг тодотгодог. Тэрээр энэ кинондоо мелодрамыг маш сайн зохицуулсан нь магадгүй энэ бүтээл нь түүний хошин шогийн мэдрэмжийг шингээсэн цөөхөн киноных нь нэг болов уу.
"Street of Shame" нь Ozu, Naruse нарын зарим кино шиг хэтрүүлэгтэй инээдтэй биш хэдий ч харин эмгэнэлт үйл явдлууд нь "The Life of Oharu" кино шиг нь бараг л бараан өнгө аястай байдаг. Mickey аавыгаа уруу татах гэж оролддог сцэн Mizoguchi-н ямар ч үзэгдлээс илүү зүрх зүсэм, абсурд хөгийн байдаг. Ozu, Naruse нар төстэйдүү гунигтай, хөгжилтэй байдлын комплекстэй байдаг бол Mizoguchi өөрийн гэсэн хошигнол, гунигтай байдаг. Mickey-н дүр нь Mizoguchi-н энэхүү бараан драм-д хөнгөхөн гэрэл тусгаж, найруулагчийн эмэгтэйчүүдийн золиослогдсон эмгэнэлт ертөнцөд уур амьсгалыг тэнцвэржүүлж, киног бодит байдалд эргүүлэн шилжүүлэгч болдог. Mickey-н дүрд тоглосон жүжигчин "The Life of Oharu"-д тоглосон бол гамшиг болох байсан байх, харин Mickey зэрэг туслах дүрд төгс тохирсон. Киноны нээлтийн хэсгүүдэд Йошиварагийн улаан дэнлүүний дүүрэг өдрийн гэрэлд саарал, тааламжгүй харагддаг ба Toshiro Mayuzumi-н бичсэн хөгжимтэй нийлээд хотын төрх байдал өөр ертөнцийнх мэт жигтэй үзэгдэнэ. Бид гашуудлын уламжлалт хөгжим, байгалийн тайван үзэмжийг дүрсэлсэн Мэйжигийн үеийг харуулсан Mizoguchi-н кинонуудыг мэддэг бол энд орчин үеийн баргар нийгмийн биеэ үнэлэгчийн давчуу ертөнцөд зочилно.
Найруулагчийн маань гарын үсэг болсон замтай кадрын хамтаар үзэгчид Дримланд нэртэй хиймэл, тойрог байшингаар тэнэнэ. Хачирхалтай нь, Mizoguchi нэрийн хуудас болсон өгүүлэмжийн эл аргаа энэ кинондоо цөөхөн ашигласан. Зураглаач Kazuo Miyagawa-н гүн фокустай зураглал, уртхан, нэг удаагийн үзэгдэл хийгээд баялаг мизансцэн бүгд байх ёстой байрандаа байгаа боловч кино нь замтай кадрын өгдөг орон зай-цаг хугацааны нэгдэл болсон бүрэн трансцэндентийг ховорхон харуулдаг. "Street of Shame" бүтээлийн цорын ганц хөдөлгөөнт нь мөчлөгт, урагшаа хойшоо байдаг нь яг л дүрүүдийнхээ амьдрал шиг биеэ үнэлэгчийн амьдралдаа тувт эргэж буцсан байдаг шиг юм. Үүний ижилээр киноны өнгө аяс нийгмийн реализм болон уран зөгнөлийн дунд түвэггүй шилждэг. Найруулагч маань өөрийнхөө бүрхэг, нарийхан хонгилоор дамжуулан гол дүрүүдийг нийгэм, эдийн засгийн дарамтад шаналж байгааг харуулжээ. Мөн тэрээр кинондоо биеэ үнэлэгчдэд тохиолдож буй харгислал, шударга бус явдлыг ахин дахин харуулсан.

Comments
Post a Comment