That Obscure Object of Desire (1977). Испанийн мастер кино найруулагч Luis Buñuel-н абсурдист, егөөдөлт, комеди-драм. Кино зохиолыг Бельгийн зохиолч Pierre Louys-н "The Woman and the Puppet" романаас сэдэвлэн Buñuel бичсэн. Киноны гол дүрүүдэд Fernando Rey, Angela Molina, Carole Bouquet нарын Испани, Францын жүжигчид тоглосон. Энэ кино 50 дахь удаагийн Оскарын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж байсан ба критикүүд өнөөдөр эл бүтээлийг найруулагчийн хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэж байна. Мөн энэ нь найруулагчийн гайхамшигтай замналын сүүлчийн кино нь буюу Buñuel 1983 онд нас барсан билээ. Buñuel энэ киногоороо хайрлагч ба хайрлуулагч хоёрын харилцааг судалдаг ба хүрч боломгүй бүсгүйн дүр нь ямагт өөрчлөгдөмтгий, танигдашгүй, түвэгтэй, гажууд хэрнээ мөнхийн эротик шинжээрээ кино урлагийн түүхэн дэх хамгийн сонирхолтой эмэгтэй дүрүүдийн нэг болж байна. Buñuel хайр эсвэл секс, садизм эсхүл мазохизм, амьдрал юмуу үхэл гэсэн өөрийнхөө парадоксуудыг тодорхой, төгс хэв маягаар зуржээ. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 588-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Севилья-ээс Парис руу хөдлөх галт тэрэг замдаа гарах үед нэгэн хижээл насны зорчигч амжиж сууна. Энэ мөчид өнөөх эр нэгэн залуухан бүсгүйтэй хэрэлдэн, бүр түмпэнтэй ус цацаж байх нь олон зорчигчыг гайхшруулахаас гадна гол нь их бүдүүлэг явдлын гэрч болцгоосон тэд өнөөх эрд их л дургүй хандацгаана. Эл бүдүүлэг эрийг Mathieu гэх агаад гаднаасаа бол соёлтой, сэхээтэн хүн болох нь илт. Амьдрал үзэж хал суусан түүний амьдралд эхнэрээс бусад бүх юм бий. Mathieu бөөн хэрэг тарьчихаад галт тэрэгнийхээ өрөөнд орж ирэхэд өрөөнд нэг хуульч эр, бас нэг хүүхэдтэй хүүхэн, тэгээд нэг одой хүн байна. Тэд Mathieu-г янзгүй харна; ийм нүдэнд дулаахан бас намбатай эр яагаад тэр хүүхэнг тэгтэл олны нүдэн дээр доромжилсонг шалгаацгаана. Mathieu үүнийгээ цэвэр эр эмийн асуудал гээд тэр бүсгүйг шуламтай зүйрлэж, өөрөө шуламнаас зугтаж байгаагаа хэлнэ. Зам урт, дээр нь өөрийгөө зөвтгөх үүднээс Mathieu уйдаж суусан хамт аялагчдадаа өөрийнхөө хайрын түүхийг ярьж эхэлнэ. Mathieu ажил хэргээр найзындаа зочилж яваад ирээдүйн хайр, хүсэл тачаалынхаа хатан Conchita-тай учиржээ. Хижээл насанд ирсэн дурлал түрэмгий, унтрашгүй бөгөөд олон дутагдал дагуулдаг билээ. Үзэсгэлэнтэй, залуухан, гүзээлзгэнэ, сарнай цэцэгтэй л зүйрлэм сайхан Испани бүсгүй Conchita тэр айлын үйлчлэгч байв. Mathieu бүсгүйг хараад л дур хүсэлдээ шатаж эхлэх бөгөөд ил тод эргүүлж эхэлнэ. Бүсгүй ч хандыг нь гомдоохгүй өгч байлаа.
Маргааш болоход Conchita алга болж Mathieu сэтгэл гонсойно. Бүсгүйг үргэлж бодох тэрээр санаандгүй явж байгаад хэдэн залууст дээрэмдүүлдэг. Mathieu мөнгөө дээрэмдүүлсэндээ бухимдсангүй харин хүүхнэээ хамар дороосоо алдсандаа бухимдана. Дараагийн өдөр цэцэрлэгт хүрээлэнд цайлж суутал зүрхний хайрт Conchita өнөөх дээрэмчидтэй хамт Mathieu-г чиглээд ирнэ. Conchita түүнээс уучлалт гуйгаад мөнгийн эргүүлж өгөх ба эдгээр залуус түүний найзууд гэнэ. Mathieu мөнгө авахгүй, өөртөө үлдээ гээд харин хаана амьдардаг дахин уулзах хүсэлтэйгээ хэлнэ. Бүсгүй ч амьдардаг газраа хэлнэ. Жаргах цаг нь ирсэнийг мэдэрсэн Mathieu бөөн баяртайгаар маргааш нь бүсгүйн гэрт давхин очно. Conchita хөгшин эхийн хамт умгар гэрт амьдардаг байх агаад бүжигчин мэргэжилтэй ажээ. Бүсгүйн эх Mathieu-г ноён гэж хүндлэн тун тахимдуу хандаж, охинтойгоо зовж амьдардаг, мөнгө өгсөнд баярласан, удахгүй эргүүлж өгнө гэнэ. Mathieu тэднийхээр байнга орж гардаг болов. Ирэх болгондоо бэлэгтэй ирэх юмуу ойр зуурын юм аваарай гэж мөнгө өгнө. Хөгшин эх түүнийг ирэнгүүт гэрээс гарч, Conchita ч өөрт нааштай хандаж царай өгнө. Гэхдээ бас зовлон байв.
Тухайлбал гэрт ирэх бүрт өнөөх дээрэмчдийн нэг нь болох залуу байнга байх агаад ер нь ч хүүхний дэргэдээс холдох шинжгүй байна. Өөрийг нь бодвол залуу бас сайхан тэр хархүү өөрийнх нь өрсөлдөгч юмуу гэхээр Conchita үгүй хэмээгээд тэр залуу гомо, мөн гитар тоглодог учир бүжигчин миний найз гэж сэтгэлийн тайтгаруулна. Бүсгүй Mathieu-д дасч байгаагаа өдөр бүр хэлж энэ нь яваандаа хосын хэмжээнд хүрнэ. Гэвч бүсгүй Mathieu-г өөртөө ойртуулахгүй байлаа. Зөвхөн үнсэлтээс эс хэтрэх харьцаагаа бүсгүй өөрийгөө онгон гэдгээр тайлбарла ба мэдээж Mathieu хүлээж цөхнө, нүдээ анихад л Conchita адтайн аргагүй урин дуудсан бүжиглэх нь харагдаж байж суухаа үл олно. Mathieu-д нэг санаа төрсөн нь Conchita-тай суух байв. Ингэхдээ эхээс нь салгах агаад эхэд нь ахиухан мөнгө өгчихөд болчих мэт байлаа. Үнэхээр ч үүнийгээ хэрэгжүүлэх бөгөөд шуналтай эх мөнгө аваад арилж өгсөн бол Conchita үүнд асар их уурлаж, өөрийг нь худалдан авах гэлээ, би чамд хайртай байхад, дахиж уулзахгүй гээд хэсэг алга болно. Тэсгэл алдаж буруу юм хийснээ Mathieu ухаарна. Ийнхүү хэсэг хугацааны дараа тэд нэгэн зоогийн газарт таарна. Conchita тэнд зөөгч хийж байв.
Conchita түүнийг уучлахаас гадна хайртай хэвээрээ гэнэ, тийнхүү тэд дахин нийлж энэ удаа Mathieu-ын тансаг гэрт амьдрахаар нүүж очно. Орой болж унтах болоход Conchita эрт дээр үеийн тайлагдах аргагүй дотуур хувцас өмссөн байна, санаа нь бол секс хийхгүй юм. Дараагийн өдөр Conchita бие муу байна гэх юмуу, секс хийх хүсэл алга гэсээр ер ойртуулахгүй. Mathieu эхэндээ бүсгүйг хүндлэхээс гадна хүмүүжил, боловсролтой эр хүн тул энэ бүхнийг тэссээр байсан ч сүүлдээ арга барж, энэхүү байдал нь там шиг санагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гартаа маш амттай жимс барьсан хэрнээ хазаж чадахгүй тойруулан харахтай ижил байлаа. Нэг өдөр Conchita өрөөндөө өнөөх гитарчин залуугаа нууцаар орогнуулж байгаад баригдана. Mathieu дэлбэрэх дөхөх ба хоёулангийн гэрээсээ хөөнө. Mathieu бодохдоо, бүсгүйг энэ бүх хугацаанд өөрийг нь хуурч гитарчинтай явалдаж, намайг зөвхөн мөнгө гэж үзэж байж гэж санана. Ингээд тэрээр Испани руу явна; санаандгүй \үнэндээ Conchita-г хайж явсан болов уу?\ Conchita-тай таарна. Бүсгүй нэг газар бүжиглэж байгаа гээд орой ирж үзээрэй гэнэ. Дахин нийлэх боломж гарсанд үнэндээ тэд хоёулаа баярлана.
Mathieu явж очтол үнэндээ Conchita жуулчдад тайчих үзүүлбэр үзүүлж байв, Mathieu ахиал хардаж, үхтлээ уурлахад Conchita мөнгөгүйн улмаас ингэж явна, чи дэндүү хартай, гэтэл би чамд одоо хүртэл хайртай гэнэ. Mathieu бууж өгч, түүнд гоё байшин авч өгнө, хариуд нь Conchita орой ирээрэй, чамдаа охин биеэ өгнө гэдэг. Mathieu товлосон цагтаа ирэхэд бүсгүй түүнийг хашааныхаа гаднаас хүлээн авч дотогш оруулахгүй бөгөөд нэмээд ингэж хэлнэ, би чамд хайргүй, чамайг надад хүрэх бүрт миний дотор муухайрдаг, чамайг ашиглаж би олон юм авхуулсны нэг энэ байшин, чи секс хүсч байгаа бол хүслээр чинь больё хэмээгээд нөгөө гитарчинаа дуудаж гаргаж ирээд Mathieu-ын нүдэн дээр секс хийхээр зэхэж тайчина. Хашлаганы цаана байгаа Mathieu яах билээ? Бушуухан арилна. Маргааш нь Mathieu түргэн Парис явах гэж байхад Conchita түүн дээр ирээд, би чамайг шалгасан юм, үнэхээр надад хайртай эсэхийг чинь мэдэх гэж, харин чи чадлаа, одоо би чинийх, би онгон хэвээрээ гэнэ. Үнэхээр ч Conchita гитарчинтай секс хийж байгаа хэсэг гардаггүй билээ. Гэхдээ ямар ч эр хүн ийм юмыг тэсэхгүй нь үнэн ба Mathieu бүсгүйг зодчихоод амжиж галт тэргэндээ сууж байсан энэ билээ. Mathieu зорчигчдод яриагаа дөнгөж ярьж дуустал Conchita өрөөний хаалган дээр зогсож байдаг.
"That Obscure Object of Desire" кино нь Conchita-н дүрд хоёр жүжигчин ашигласнаараа алдартай ба Carole Bouquet, Angela Molina хоёр өөр өөр сцэнд, заримдаа сцэний дундуур дүрд солигдон тоглодог. Bunuel-н намтар номонд бичсэнээр, 1977 онд Мадридад "That Obscure Object of Desire" киноны гол дүрд тоглож байсан эмэгтэй жүжигчинтэйгээ Buñuel ширүүн маргалдсан агаад үүнээс болж продюсер Serge Silberman төслийг орхихоор шийджээ. Сэтгэл санаагаар унасан Buñuel, Silberman хоёр бааранд сэтгэлээ засч байтал найруулагчид маань нэг дүрд хоёр өөр жүжигчин тоглуулах мэргэн санаа төрж, урьд өмнө нь ийм тактик огт туршиж үзээгүй байв. Buñuel идеагаа тоглоом болгон хэлтэл нь Silberman шууд хэрэгжүүлснээр энэхүү бүтжээ. Найруулагчийн тус намтар номонд Buñuel хэн гэдэг эмэгтэй жүжигчинтэй хэрэлдсэн нь тодорхойгүй байдаг ч ямар ч байсан Carole, Angela хоёр лав биш байсан нь тодорхой байдаг. Хожим судлаачид тэр эмэгтэй жүжигчинг Maria Schneider байсан гэж тодорхойлсон буюу гурван өдрийн зураг авалтын дараа Maria тоглож чадахгүй нь илэрхий болж, улмаар Buñuel өөрөө Silberman-д санал тавьжээ.
Buñuel-н нэг дүрд хоёр жүжигчин ашигласан явдал критикүүдээс өндөр сайшаал хүртсэн бөгөөд критикч Vincent Canby: "Conchita туйлын хувирамтгай учраас Buñuel сэтгэл татам хоёр шинэ жүжигчдийг сонгосон; залуухан Rita Hayworth шиг харагддаг Carole нууцлаг, хүйтэн Conchita болдог, харин Angela бүдүүлэгдүү, фламенко бүжиглэдэг Conchita-д тоглодог. Хувцасаа солихоор угаалгын өрөө ордог Conchita зөвхөн сольдоггүй; Carole дотогш ороод Angela болж гарч ирдэг. Энэ жүжигчин хүүхнүүд гайхамшигтай байдаг; Buñuel өмнө нь шинэхэн жүжигчидтэй ийм амжилттай ажиллаж байгаагүй гэж би бодож байна". "That Obscure Object of Desire" киноноос гадна нэг дүрд хоёр ба түүнээс олон жүжигчин ашигласан бусад кинонуудыг зухас дурдая. Америкийн кино найруулагч Todd Solondz "Palindromes" бүтээлдээ янз бүрийн нас, хүйс, арьс өнгөтэй 8 өөр жүжигчдийг 13 настай охины дүрд тоглуулсан байдаг аж. Мөн Америк-Их Британийн найруулагч Terry Gilliam "The Imaginarium of Doctor Parnassus" кинондоо продакшны асуудлаас болж буюу Heath Ledger-н үхлээс болж түүний дүрийн "төсөөллийн ертөнц"-ийн сцэнүүдэд Johnny Depp, Colin Farrell, Jude Law нарын жүжигчдийг тоглуулахад хүрчээ. Канадын найруулагч B. P. Paquette-н "Perspective" кинонд гурван гол дүрийн жүжигчид гурвуулаа нэг сцэнд төдийгүй заримдаа диалогийн үеэр ч ээлжлэн солигддог.
Испанийн жүжигчин Fernando Rey замналынхаа сүүлийн жилүүдэд Buñuel-тай нягт хамтран ажилласан байдаг; тэр Mathieu-н дүрд тоглодог ч дуу хоолойг нь Францын жүжигчин Michel Piccoli ам барьж оруулжээ. Жүжигчин Angela Molina сонгон шалгаруулалтын үеэр Buñuel өөрийг нь бүрэн нүцгэнээр харахыг хүссэн талаар хожим ярьсныг товчхон сийрүүлье: "нүцгэн гарах сцэнүүд байсан, тэр намайг кинонд хэрэгтэй гэж итгүүлэх ёстой болсон гэж би бодож байна. Тэр намайг ямар харагдахыг харах хэрэгтэй байсан. Би кинонд гардагтай адилхан халат өмссөн байлаа. Тэр нүдний шилээ зүүсэн. Хувцас солих өрөө их урт байсан учраас тэр өрөөний нөгөө үзүүрт бөйлаа. Тэгээд тэр туйлын энхрий, энэрэнгүй эцгийн инээмсэглэлтэйгээр "харцгаая" гэж хэлсэн. Өөр ямар үг хэлснийг нь би одоо сайн санахгүй байна, ямартай ч би өөрийгөө харуулах ёстойгоос мэдэж байв. Би жаахан охин шиг л халатаа тайллаа, учир нь би угаасаа балчир залуухан байлаа. Би тэр үед тун гэнэн цайлган байсан. Тэгтэл тэр нүдний шилээ даруйхан зүүгээд "буцаагаад өмс!" гэж хэлсэн".
Найруулагч Buñuel-н эхэн үеийн сюрреалист классикуудаас нь эхлээд замналынх нь сүүл үедээ Европт хийсэн шедеврүүд хүртэлх бүх кинонууд нь хүний хүсэл тачаалын гажууд, нууцлаг байдлын тухай тун сонирхолтой бас дур татмаар судалсан байдаг. Эдгээр кинонууд нь хүний эрх чөлөөг алдаршуулдаг ч үнэндээ хүн хэр чөлөөтэй амьдардагийг, жам ёсны хүслээ хангахаас өөрсдийгөө хэрхэн сэргийлэхийн тулд нийгэмтэйгээ яаж хамсаж байгааг хүлээн зөвшөөрч байгааг харуулдаг. Испанийн мастер кино найруулагч маань нэгэнтээ өөрийнх нь кинонууд үзэгчдэд "та нар хамгийн сайхан ертөнцөд амьдардаггүй гэсэн туйлын баталгааг харуулахад оршдог" гэсэн байдаг. Buñuel-н томьёоллын хоёрдмол байдлыг энд анхаарах хэрэгтэй, тэрээр уран бүтээлчийн хувиар насан туршдаа тунхаглахдаа, тэрбээр кинонуудаа "хийх боломжтой байсан" кинонууд гэж дүрслэж, хийчихсэн кинонуудаа шүүхээс зайлсхийдэг байв. Тус бүтээлүүд түүний зорилгыг хангасан уу, эсвэл бүтэлгүйтэл болсон уу?. Buñuel бараг 80 насыг зооглож байхдаа "That Obscure Object of Desire" киногоороо хүний дур тачаалыг судалсан ба энэ бол найруулагчийн дуртай сэдвийнхээ тухай хэлсэн сүүлчийн үг байлаа. Тиймээс энэ кино түүний аугаа замналын тохиромжтой төгсгөл мөн. Buñuel-ээс бараг 40 жилийн өмнө Австри-Унгарын найруулагч Josef von Sternberg Pierre Louys-н номоор "The Devil is a Woman" нэртэй кино хийчихсэн байжээ.
Buñuel-н "Tristana" кинонд хотын буянтай эрийн маскаар эротик төсөөллөө нуусан жүжигчин Rey-н дүрийг критикүүд Buñuel-н өөрийнх нь алтер-эго гэж дүгнэчихээд байсан учир "That Obscure Object of Desire" кино дахь Rey-н дүр давхар түүх өгүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь энэхүү холбоог улам бататгадаг. Mathieu өөрийнхөө түүхийг өгүүлэхдээ киноны сэдвийг тэдэнтэй ямар холбоотой болохыг үл харгалзан өөрийнхөө түүхийг дэмжсэн увайгүй хүүрнэгч шиг байдаг ба тэр өөрийнх нь ярьсан түүх өөрийг нь зөвтгөнө гэж найддаг бололтой. Эхэндээ түүний сонсогчид галт тэрэгний буудал дээрх хүүхэн бол биелсэн чөтгөр гэсэн түүний яриаг хүлээн зөвшөөрч байгаа аятай байдаг, гэвч Conchita Mathieu-н түүхийн оргил үеийг тасалдуулаад Mathieu дээрээс хувинтай ус цацахад үзэгчид Mathieu-н үйлдлээ зөвтгөсөн үндэслэлээс залхаж ирдэг. Тэр бидэнд өөрийгөө л зөвтгөх гэсэн өнцгөөс яриад байж магадгүй гэсэн сэрдэлт өгдөг. Энд үзэгч Conchita-г дэмжихгүй, Mathieu-н үндэслэлд тулгуурлан хүүхнийг хорон муухай гэж үзэхгүй, харин дундыг барин ажиглах нь илүү зөв гэж бодох. Найруулагчийн маань бүхий л шилдэг дүрүүдийн нэгэн адилаар Conchita бол хоёрдмол шинжтэй дүр бөгөөд энэ дүрд хоёр өөр жүжигчинг ашигласан нь хоёрдмол шинжийг нь илэрхийлэхэд төгс тохирсон.
Олон хүн Mathieu шиг Conchita-г эмэгтэй хүний шуламлаг тодорхойлолт, чөтгөр бол эмэгтэй хүн гэж үзэж болох ч мөн түүнээс дутахгүй олон хүн Conchita-г зарчмын хувьд "сексийн объект" болохоос татгалзаж чадсан орчин үеийн баатар гэж үзэх нь эргэлзээгүй. Би хэнийх ч биш, би өөрөө өөрийнхөө эзэн гэж Conchita хэлдэг; тэр бас өөрийгөө баяртайгаар Mathieu-д өгөх болно гэж хэлдэг, Mathieu түүнээс асуух ёстой, тэгэхдээ хүүхнээс үгүй гэж хэлэх тэр эрх чөлөөг нь хүндэтгэсэн байдлаар асуух ёстой. Mathieu өөрийнхөө эд хөрөнгө, нийгмээс олгосон эцгийн эрхт ёсны эрх мэдлийн давуу эрхтэйгээс гадна бас үүндээ хязгаарлагддаг тул Conchita-тай тэгш эрхтэй гэж үзэхийг хүсдэггүй эсхүл чаддаггүй агаад харин тэр хүүхнээс сексийн дур ханамжийг худалдаж авахыг ямагт оролддог. Харин хүүхэн өөрийг нь объект гэж үзэх болгонд түүнээс зугтчихдаг. Өөртэй нь секс хийхийн тулд өөрийг нь байлдан дагуулах ёстой гэж Conchita зүтгэдэг бөгөөд Mathieu хүүхнийг байлдан дагуулахын тулд хуучирсан бодол, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой; гэхдээ Buñuel бидэнд юу анхааруулсан вэ гэвэл хүн бодол сэтгэлгээгээ өөрчлөх бол хүнд тохиож болох хамгийн хэцүү зүйл ажээ.
Шинэ мөчлөг болгоноор тэдний харилцаанд нуугдаж байсан хүчирхийлэл аажмаар илэрсээр эцэст нь гарч ирдэг. Өөрт нь худалдаж авч өгсөн байшингийн өмнө өөр залуутай янаглах Conchita-н үг, үйлдэл үнэхээр харгис хүчирхийлэл байдаг, дараа нь Mathieu үзэсгэлэнт шүтээнээ танигдахгүй болтол нь зоддог нь шууд утгаараа мэдээж хүчирхийлэл. Энэ бүх хүчирхийлэл Mathieu-н хүссэн зүйл мөн үү? Conchita үүнийг хүссэн гэж үү? эсхүл Buñuel ингэж хүсч үү?. "That Obscure Object of Desire" киноны төгсгөлд хэрд Buñuel болон түүний хүүрнэгчээр харилцаа холбоог бидэнд сануулсан зураглал гардаг. Энэ бол Mathieu, Conchita хоёр нэгэн дэлгүүрийн цонхон дээр очоод урагдсан торон хөшгийг нөхөн оёж байгаа эмэгтэйг хардаг ба Buñuel торон хөшгийн урагдалт нөхөгдөх хүртэлх оёдлын явцыг ойрын зураглалаас авсан. Энэ хэсэг хачирхалтай байдлаар сэтгэл хөдөлгөмөөс гадна итгэл найдвар төрүүлэм мэдрэмж өгдөг. Энэ кадр зураг авалтын хуваарийн дагуу сүүлчийн зураг авалт байсан болохоор Buñuel-н эцсийн кадр байлаа. Харин киноны хувьд сүүлчийн сцэн биш байсан буюу торон хөшгийг оёсны дараа Mathieu, Conchita хоёр цааш алхаж байтал гэнэт дэлгэцийн өмнө бөмбөг дэлбэрдэг; тэд шинэ хүчирхийллийн мөчлөгт орсон уу? эсхүл тэдний хүсэл тачаал эцэстээ нэг юм хангагдсан уу?.

Comments
Post a Comment