Альбер Камю "Уналт"

 

 




"Уналт". Францын философич, зохиолч Альбер Камюгийн философийн роман. Анх 1956 онд хэвлэгдсэн уг бүтээл бол түүний сүүлчийн бүрэн хэмжээний уран зохиолын бүтээл байв. Амстердамд үйл явдал нь өрнөх "Уналт" романд өөрийгөө "шүүгч-наманчлагч" хэмээн өргөмжилсөн Жан-Батист Клеменсийн өөрийнхөө амьдралаа үл таних хүнд эргэцүүлэн наманчилж буй цуврал драматик монологуудаас бүрддэг. Клеменс Парисын чинээлэг, олонд хүндлэгдсэн өмгөөлөгч байсан ба түүний хямрал, сайн сайхнаас эцэстээ "унасан" нь шашны хэлээр бол Едений цэцэрлэгээс хүний хөөгдсөнийг илэрхийлдэг. "Уналт" ариун чанар, хоригдох, үл орших, үнэний сэдвүүдийг судалдаг. Экзистенциалист философич Жан-Пол Сартр Камюг магтаж хэлсэн үгэндээ, уг романыг Камюгийн бүтээлүүдээс "магадгүй хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн бага ойлгогдсон нь" гэж тодорхойлсон байдаг.

НАЙРУУЛГА. Клеменс уулын оргилоос эхлээд завины дээд тавцан хүртэл өндөр, задгай газрыг хайрладаг тухайгаа байнга ярьдаг; "Өндөр сайхан орчинг эс тооцвол би хэзээ ч тав тухыг мэдэрч байгаагүй" гэж тайлбарладаг ба мөн "Өдөр тутмын амьдралын нарийн ширийн зүйлд ч гэсэн би дээгүүр байхыг илүүд үздэг" гэдэг. Дараа нь тэрээр өөрийн найзыг үзэсгэлэнтэй хотын тэгш хэмээс холдуулж, тэгшхэн, далайн эрэгт очиж суудаг нь парадокс юм. Амстердам хотын байршил далайн түвшнөөс доогуур байдаг тул хүүрнэгчийн хувьд чухал ач холбогдолтой ба түүгээр ч зогсохгүй Амстердамыг "Уналт" романд голдуу неон гэрлээр хучигдсан, хөл хөдөлгөөн ихтэй, өтгөн манантай гудамжинтай хүйтэн, нойтон газар гэж дүрсэлдэг. Уур амьсгалаас гадна уг хотыг Камю илүү онцгой шалтгаанаар сонгосон ба романы эхний хуудсанд Клеменс хааш яиш тайлбарладаг. "Тамын сүүлчийн тойрог" нь Амстердамын улаан дэнлүүний дүүрэг болон Клеменс шөнө болгон очдог Мехико нэртэй уушийн газрын байршил бөгөөд түүний хүүрнэлийн ихэнх хэсэгт аажмаар ил болдог. Клеменс Парисын дээд зиндааныхныг шаналж зовсон сүнснүүд ямар ч зорилгогүйгээр тэнүүлч байдаг харанхуй, жихүүн Данте маягийн Амстердамын газар доорх ертөнцөд унасан гэж шууд бас зүйрлэлээр дүрслэн харуулдаг. Шүүмжлэгчид, Клеменсийн уналт болон Дантегийн тамаар дамжих хоёрын хооронд ижил төстэй шинжийг маш их судалсан байдаг. Камю философийн идеагаа хөгжүүлэхийн хэрээр энэ түүх Дэлхийн 2-р дайн ба Холокостын эсрэг цаад утгатай болж байгаа нь чухал. Клеменс уншигчдад, Мехико хотоос ойрхон зайд буюу урьд нь еврейн хороолол байсан газарт амьдардагаа  хэлдэг бөгөөд "Би түүхэн дэх хамгийн том гэмт хэрэг болсон газрын нэгэнд амьдарч байна" гэдэг. Уушийн нэр бол Азтекийн соёл иргэншлийг устгасан орчин үеийн Мехико хотыг сануулж байна. Энэ бүхнээс гадна "Уналт" нь хүн төрөлхтөн муу муухайг үйлдэх чадвартай болохыг тайлбарлах гэсэн оролдлого аж.

 СЭДЭВ. Амьдралыг хайрлах сэдэв хүүрнэгчийн хэлсэн эхний үгээс л харагддаг; "Би амьдралд хайртай. Энэ миний жинхэнэ сул тал. Би амьдралд маш их хайртай учраас амьдрал биш зүйлийг төсөөлж чаддаггүй. Язгууртнууд өөрсдийгөө болон амьдралаа тойрон хүрээлэх өчүүхэн зайгүйгээр өөрсдийгөө төсөөлж чаддаггүй. Шаардлагатай гэвэл нэг нь үхэж, нөгөө нь бөхийхөөс илүүтэй унадаг. Харин би бөхийдөг, яагаад гэвэл би өөрийгөө хайрласаар байна" гэдэг. Уншигч энэ хайрыг түүхийн туршид дагадаг ба хүүрнэгч амьдралаараа тоглож, хянан үзэж, бүхий л илрэлээсээ таашаал авдаг. Зохиолч дүрийнхээ хоёр нүүрт байдлыг байнга харуулдаг. Хүүрнэгч "Найз чинь чамтай чин сэтгэлээсээ харьцахыг хүсэхэд нь бүү итгэ" гэж хэлдэг ба тэрээр хүн байхын хоёрдмол шинжийг ямагт тулгадаг бөгөөд хамгийн анхны тод жишээ бол "Миний бүх сайн чанар сүржин өнгөц" хэмээн шууд хэлдэг. Тэгээд тэр хоёр нүүрт шинжээ ийнхүү хэлдэг; тэр олон хүний өмнө хөгшин хатагтайг зам гарахад нь тусалсанаа, дараа нь тэр ганцаараа байхдаа хөгшин хатагтайд туслахгүй гэж татгалзсан тухайгаа хэлдэг. Эндээс түүний мөн чанар гаднаа буюу мөн чанараа ойлгоод тэрээр өөрийгөө тун өрөвддөг. Хүүрнэгч хайр дурлал, эмэгтэйчүүдтэй харилцах харилцааны тухайд өөрийн гэсэн үзэлтэй байдаг. "Мэдээж хэрэг, хайр бол гайхалтай зүйл, хамгийн ихдээ жилд хоёр юмуу гурван удаа л жинхэнэ хайртай учирна. 

Үлдсэн хугацаанд ихэрхэг зан эсхүл уйтгар гуниг л байдаг" гэж тэрээр хэлдэг. Үнэндээ тэрээр хүүхнүүдийн дунд шаггүй алдартай байж, олон хүүхэнтэй амраглаж явсан гэдэг ч даанч хурдан уйддаг байснаа ч улайдаг билээ. Гэсэн ч тэрээр тэднийг явуулахыг хүсдэггүй, тэр эмэгтэйчүүдийг өөрийнхөө "өмч" хэвээр байлгахыг хүсдэг: "Хааяа би зовнилоо намжаахын тулд тэднийг өөр эрд өгөхгүй гэж ам тангараг өгөх хүртлээ хол явдаг байлаа. Гэвч миний зүрх сэтгэл энэ зовнилд ямар үүрэг гүйцэтгэсэнгүй, бүр төсөөлөлд минь ч тэр" хэмээдэг. Хүүрнэгч хүмүүст сэтгэл дундуур байдаг, ерөнхийдөө нийгэмд бухимддаг гэдгээ байнга сануулдаг. Заримдаа тэрээр ертөнц руу, тухайн цаг үеийн Европ руу шууд хандаж ярьдаг "Манай хөгшин Европ эцэстээ зөв замаар философитой болдогийг та анзаарсан байх. Бид энгийн үеийнх шигээ; би ингэж бодож байна, та юуг эсэргүүцэж байна? гэж асуухаа больсон. Бид тодорхой болж байгаа. Харилцан ярианы оронд бид энэ бол үнэн гэж мэдэгдэл хийдэг болсон. Та хүссэнээрээ хэлэлцэж болох ч бид үүнийг сонирхохгүй" гэдэг. Мөн тэрээр цааш нь "Гэхдээ хэдэн жилийн дараа бидний зөв гэдгийг танд дэг журам харуулах болно. Бид өөрсдийгөө мэддэг; бид одоо юу хийж чадвартай гэдгээ мэдэж байна. Хүмүүс бусдын үзлийг анхаарч үздэггүй, хүн бүр зөвхөн өөрийнхөө байр суурийг л мэддэг, гэвч тэдний сэтгэл төгс байхаас дэндүү хол байдаг" гэсэн эдгээр үгсээр дамжуулан нийгэм ямар их өөрчлөгдсөнийг тэрээр харуулж байна.

 СИМБОЛ БА ЗҮЙРЛЭЛ. Зохиолч гүүрнээс үсэрч амиа хорлосон хар хувцастай эмэгтэйн уналтыг дүрсэлдэг. Энэ уналт бол гол баатрын ёс суртахуун ба зарчимынхаа оргилоос "унасны" зүйрлэл болдог. Эхлээд бид түүнийг "өндөр дээр" хардаг: "Өндөр газар л би тав тухыг мэдэрдэг. Метроноос автобусыг, таксинаас сүйх тэргийг, нам дор газраас дэнж газрыг илүүд үзнэ" хэмээдэг. Тэр үргэлж аль болох өндөрт байхыг хүсдэг байсан ба өдөр тутмын амьдралдаа ч тэрээр хамгийн сайн сайхныг авахыг хүсдэг байсныг бид харж байна. Гэвч эдгээр хүсэл нь түүнийг ердөө өөрийн зарчим хийгээд ёс суртахуунаас унагахад хүргэсэн тул түүхийн төгсгөлд түүнийг хөгшин, муухай (өөрийнх нь хэлсэнчлэн) амьдралын "өндрөөс" холдсон өвчтэй хүн гэж хардаг. Хүүрнэгч дотоод ертөнцдөө бусдыг, ертөнцийг үргэлж эсэргүүцдэг. Түүний хүмүүст, ертөнцөд хандах байдал бардам бөгөөд жигшсэн байдаг; тэрээр өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Харин гаднаасаа тэрээр хүн болгонд тусалсан, эелдэг, бусдыг хайрлахыг хүссэн өрөвч зөөлөн хүн шиг харагддаг буюу дүр эсгэдэг. Ухамсарын урсгалдаа гол баатар маань хүмүүний абсурд оршихуйд голдуу анхаардаг. Жишээлбэл, тэрээр ийм нэгэн явдлыг ярьдаг "Би нэгэн цагт төгс эхнэртэй, бүх хүмүүст хүндлэгдсэн үйлдвэрийн эзэн мэддэг байлаа. Гэвч тэр эхнэрээ хуурдаг байсан. Эхнэр нь хэдий чинээ ёс суртахуунтай байх тусам тэр бухимддаг байлаа. Сүүлдээ тэр тэгж амьдарч чадахаа больсон. Тэр тэгээд юу хийсэн гэж та бодож байна? тэр эхнэрээ хуурахаа больсон уу? огт үгүй шүү. Тэр эхнэрээ алсан. Ингэж л би түүнтэй харилцаатай болсон". Мөн тэрээр амьдралынхаа амжилтыг "ямар нэгэн дээд эрхээр зөвшөөрөгдсөн" гэж хэлсэн гэдэг. Гэхдээ энэ нөхцлийн абсурд шинж бол тэр ямар ч шашин шүтдэггүй билээ.

Comments