Rosemary's Baby (1968). Польш-Францын нэрт кино найруулагч Roman Polanski-н сэтгэлзүйн хоррор. Америкийн зохиолч Ira Levin-н романаас сэдэвлэн Polanski киноны зохиолыг бичсэн. Уг кинонд, шинэхэн гэрлэсэн хосууд Манхэттенд нүүж ирнэ, удалгүй хүүхэн жирэмсэн болно. Хөршүүд нь өөрт нь болон удахгүй төрөх хүүхдэд хор хөнөөл учруулах санаатай байгаа мэт хүүхэнд санагдаж эхэлдэг. Киноны гол дүрүүдэд; John Cassavetes, Mia Farrow, Ruth Gordon, Sidney Blackmer нар тоглосон. Энэхүү хоррорт параной, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, католик шашин ба оккулт зэрэг сэдвүүдийг авч үздэг. Киноны үйл явдал Нью-Йорк хотод өрнөдөг ч зураг авалтын ихэнхийг Лос-Анжелес хотод хийжээ. "Rosemary's Baby" нээлтээ хийгээд бокс оффист өндөр амжилт үзүүлж, критикүүдээс сайшаал хүртсэн ба Оскарын наадамд хоёр төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд (Ruth Gordon) ялагч болсон. Эдүгээ уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг хоррор кинонууд нэгд тооцох болсон ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 166-р байрт жагсаагаад байна. Polanski Levin-н сатанист триллер номыг маш ухаалаг, үнэмшилтэйгээр дэлгэцнээ хөрвүүлсэн.
Чөтгөрөөс жирэмсэлсэн (нөхрийнхөө төрхөөр) гэдэгт итгэдэг эмэгтэйн талаарх эл хоррорын үндсэн хүч нь найруулагчийн асуудлыг хялбарчлахаас татгалзсанаас үүдэлтэй; энд хоёрдмол утга тогтвортой байдаг, учир нь, бид Rosemary-н чөтгөр шулмын тухай паранойг бодит уу, эсхүл түүний цөхрөлөөс төрсөн төсөөлөл үү гэдгийг хэзээ ч мэдэх боломжгүй. Хүйс хоорондын эрх мэдлийн тэмцэл, хотын амьдрал дахь хүнийсэл, хүмүүсийн харилцааны тухай гүн гүнзгий пессимизмыг хөндөхдөө Polanski үйл явдлыг алгуурхан хэрнээ нямбай өрж, дүрслэлийн зохиомжийг мэдрэмжтэйгээр урлажээ. Кино нь аймшигтай ч цус нөжгүй, хүчирхийллийг дөвийлгөн гаргадаггүй; хар дарсан зүүд ба бодит байдлын зааг мэдэгдэхгүй байгаа нь чухам айдас түгшүүрт автуулдаг. "Rosemary's Baby" киноны DVD хувилбарт, Paramount Pictures-ийн гүйцэтгэх захирал Robert Evans, продакшн дизайнер Richard Sylbert болон найруулагч Roman Polanski нарын кино хэрхэн бүтсэн талаарх дурсамж багтсан байдаг ба Evans-н дурссанаар, найруулагч William Castle оригнал номыг хэвлэлтээс нь гарахаас өмнө номын эх хувийг түүнд үзүүлээд кино хийх эрхийг худалдан авахыг санал болгож байжээ.
Evans төслийн арилжааны боломжийг олж харсан ч нэг болзол тавьсан нь бага төсвөөр хоррор кино хийдгээрээ алдарт Castle продюсерээр ажиллаж болох ч харин найруулагч нь өөр хүн байх болно гэжээ "Rosemary's Baby" кинонд, Castle Rosemary утасны бүхээгт ярьж дуусахыг хүлээн зогсодог эрийн жижигхэн дүрд тоглосон байдаг. Найруулагч Francois Truffaut-н хэлсэнээр, киноны найруулагчийн суудлыг хамгийн түрүүнд Alfred Hitchcock-д тавьсан ч тэрээр татгалзаж. Evans Polanski-н Европт гаргасан амжилтыг биширдэг байсан тул түүнийг Америк дахь дебютээ "Rosemary's Baby"-ээр хийхийг ятгаж чадна гэж бодож байж. Тэрээр Polanski цанаар гулгах дуртай, спортын сэдэвт кино хийхийг хүсч байсныг нь мэддэг байсан болохоор түүнд "Downhill Racer" киноны зохиолыг "Rosemary's Baby" номын эх хувьтай хамт илгээжээ. Polanski "Rosemary's Baby"ийн эх хувийг шөнөжин унталгүй уншаад маргааш нь Evans руу залгаад уг төслийг илүүтэй сонирхож байгаагаа илэрхийлэхийн дээр кино зохиол болон найруулагчийн ажлыг хүсч байгаагаа шууд хэлж. Найруулагч маань 272 хуудас бүхий кино зохиолыг 3 долоо хоногт бичиж дуусгасан ба ингэхдээ Levin-н роман дээр тулгуурлан бичихдээ диалоги болон нарийн ширийг шууд эх романаас авч ашиглажээ.
Polanski анх Rosemary-н дүрд эрүүл чийрэг, дур булаам төрхтэй жүжигчин сонгохыг хүсч, Tuesday Weld болон өөрийнхөө эхнэр Sharon Tate нарыг тоглуулахыг бодсон. Тэр цагт Levin-н ном бестселлеоийн түвшинд хүрээгүй байсан учир Evans үзэгчдийг татах эмэгтэй од жүжигчин хэрэгтэй гэж үзсэн. Тухайн үед Mia Farrow жижиг сажиг кинонд тоглосноос бусдаар үзэгчид татах хэмжээний од биш байлаа. Гэхдээ тэр алдарт Frank Sinatra-н эхнэр гэдгээрээ олонд танигдаад байсан нь сонгогдох шалтгааны нэг болсон ба туранхай, эмзэгхэн төрхтэй Mia-г Polanski сонгосон шалтгаан нь ямар ч байсан өнөөдрийн өнцгөөс бол яг л нүдээ олж. Sinatra Mia-тай гэрлэхдээ түүнийг жүжигчиний замналаа хаяхыг шаардаж байсан ч Mia зөрсөн явдал Sinatra-г галзууруулах шахсан гэдэг. Guy-н дүрд анхлан Robert Redford-г сонгосон боловч тэрээр татгалзсан. Polanski Лондонд байхдаа танилцаж байсан John Cassavetes-д санал тавихаасаа өмнө Jack Nicholson-г тоглуулах талаар бодож байжээ. Туслах дүрүүдийг сонгохдоо найруулагч маань төрх байдлыг нь төсөөлсөн ноорог зураг гаргаж, Paramount студийн жүжигчин сонгох найруулагч сайхь нооргийг ашиглан тохирох жүжигчдийг олсон гэдэг. Minnie болон Roman-д Polanski тайз дэлгэцийн туршлагатай ахмад жүжигчид болох Ruth Gordon, Sidney Blackmer хоёрыг сонгосон. Киноны интро болох "Sleep Safe and Warm" гэдэг дууг Krzysztof Komeda зохиож, Mia өөрөө дуулжээ.
Тухайн цаг үед критикч Renata Adler "Тааламжтай хэдий ч хар бараан эсхүл сэтгэл түгшээм хүчирхэг агуулга нь төдийлөн үр дүнтэй болж чадаагүй. Шалтгаан нь кино хэтэрхий бодитой, үнэмшилтэйд оршино гэж. Залуу хосуудын амьдралын хэв маяг нь бидний сайн мэдэх амьдралтай ихээхэн төстэй буюу бүр хөрш айлын хөгшчүүдээс зугтаах юмуу тэдэнд түшиглэх гэх мэт нарийн ширийн зүйлсийг хүртэл үзүүлсэн. Тэд нөхцөл байдлыг эрт ойлгож чадахгүй байгаа нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлдэг" гэсэн буй. Variety сэтгүүлд бичихдээ, Levin-н чөтгөр шулмын тухай романаас сэдэвлэсэн энэхүү кино нь гайхалтай амжилттай бүтээл боллоо гээд, Polanski Америкт хийсэн дебют ажлаараа ялгуулсан амжилтад хүрч чадсан, мөн Mia Farrow-н гүйцэтгэлийг гайхамшигтай гэж дүгнэжээ. The Monthly Film Bulletin сэтгүүлд бичихдээ, "Cul de Sac" болон "Dance of the Vampires" кинонууд дахь алдааныхаа дараа Polanski "Repulsion" киноныхоо амжилттай хандлага руугаа эргэн ирлээ гэж бичсэн. Мөн сайхь сэтгүүлд, найруулагч өдөр тутмын энгийн үйлдлээр (ялангуяа хоол идэх, утсаар ярих гэх мэт) заналхийлэл, айдсын мэдрэмжийг төрүүлэх чадвараа улам нэмэгдүүлж байгааг онцлоод, эцэст нь, ухаалгаар бодож тооцоолсон триллер киног жинхэнэ урлагийн бүтээл болгон хувиргаж чадлаа гэж бичжээ. Критикч Stanley Eichelbaum энэрэх хоррорыг шуламсын тухай гайхаж нэрмэл гэж тодорхойлоод бага зэрэг урт ч анхаарал татам, түгшүүртэй гэжээ.
Бүхий л шилдэг кинонуудын нэгэн адил "Rosemary's Baby"ийн постерт киноны ямар ч сцэнийг дүрслээгүй байдаг; эндээс бид эвгүйцэм ногоон дэвсгэр өнгөн дээр барзгар хадны орой дээр хүүхдийн тэрэгний сүүдэр байгааг харна. Тэрэгний ард Mia Farrow-н дээш харсан царай томоор харагдах ба энэ нь киноны нэрний ээж дээшээ хараад хэвтэж байгаа мэт харагдана, түүний дотоод ертөнц нь ландшафттай нэгдсэн юм шиг дүрслэгдэж, хамрын шовгор хэлбэл нь постерын булан дахь Paramount-ын логоны хэлбэртэй ижилхэн харагдана. "Rosemary-н хүүхдийн төлөө залбир" хэмээх сурталчилгааны уриа бий ч залбирал нь хүүхдэд огтоос тус болохгүй. Киноны үйл явдлыг шууд утгаар нь авч үзвэл, тэр хүүхэд анх бүрэлдэн тогтох цагаасаа л авралгүй хувь тавилантай байсан, учир нь, тэр хүүхэд бол Rosemary-г чөтгөрт хүчиндүүлсэний үр дүнд бий болсон бүтээл юм. Энэхүү уриа нь эл эрэлхэг төслийн амжилтыг бэлгэдсэн бэлгэдлийн мөн тусгал байсан болов уу. Уг кино бол Краковоос Парис, Лондонгоор дамжин Америкт ирсэн, тухайн үед 34 настай байсан найруулагч Roman Polanski-н Холливуудад газардсаны нэг ёсны мэдэгдэл байлаа. Түүний түгшүүртэй уур амьсгалыг бүрдүүлэх чадвар нь Европт хийсэн "Knife in the Water", "Repulsion" зэрэг кинонуудаар нь хэдийнээ тодорчихоод байв.
Америкт дөнгөж ирсэн ч Polanski "Rosemary's Baby" киногоороо диалогийг бүтээх гайхалтай чадвартай гэдгээ харуулсан. Мөн зоригтой жүжигчин Mia-тай хамтран тэрээр нийгмээс тулгасан үүрэгтээ хүлэгдсэн эмэгтэйг буюу магадгүй үүнээс болж галзуурч байгааг уг сууриар нь хурцаар үзүүлж чадсан юм. Бокс оффист амжилт гаргаж, дотоодын үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй тэр үеийн сөрөг-соёлын хар бараан элементүүдийг агуулсан уг кино нь дараа дараагийн сатанист сэдэвтэй "The Exorcist", "The Omen" зэрэг блокбастер кинонуудын гарах замыг нь зассан. Домог яриагаар бол нэгэн сатаны сүмийн нөлөө бүхий зүтгэлтэн "Rosemary's Baby" кинонд техникийн зөвлөхөөр ажиллаад зогсохгүй, хүчирхийллийн сцэнд чөтгөрийн өмсгөл өмсөн тоглосон гэдэг. Гэвч Polanski-н сайтар боловсруулсан, хоёрдмол утгатай шийдэл нь уг киног чөтгөрийн үр удмын тухай нууц хуйвалдаанаас давсан психологийн хүчирхэг триллер болгож байна. "Rosemary's Baby" кино Paramount студийн чиглэлийг өөрчилж, Шинэ Холливуудыг эхлүүлэхэд чухал түлхэц болсон ба энэ нь хүн амын бүтцийн өөрчлөлт хийгээд Европоос төрөн гарч буй зоригтой кино найруулагчидтай (үүний нэг том төлөөлөгч нь Polanski байв) хамтрах, эцэст нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, бүтээлч хариу үйлдэл байлаа. Продюсер Evans болон Polanski нар Холливуудад нөлөө бүхий эрхэмүүд болж, Evans 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үед гарсан "True Grit", "Love Story", "The Godfather" зэрэг шедеврүүдийг хийснээс гадна Polanski, зохиолч Robert Towne хоёртой хамтран "Chinatown" киног хийсэн нь бишрэм биш гэж үү?.
Манхаттенийг агаараас авсан кадр болон жихүүцэм, үггүй бүүвэйн дуугаар эхэлдэг энэхүү хоррор нь Нью-Йорк хотын тухай аймшигт үлгэр шиг өрнөдөг. Rosemary, Guy хоёр бол нийгэмд байр сууриа олж, урлагийн салбарт амжилт гаргах хүсэлтэй залуухан хос агаад нөхөр Guy жижиг дүрүүдэд тоглодог, үүндээ сэтгэл дундуур явдаг нэгэн. Харин эхнэр Rosemary бол нөхрийнхөө гунигтай байдлын эсрэг болсон сэргэлэн цовоо, өхөөрдөм шаргал үстэй хүүхэн; тэр үлгэр жишээч гэрийн эзэгтэйн дээр нөхрийгөө бүх талаар дэмжигч юм. Rosemary домогт Брамфорд байранд өмнөх оршин суугчийн үлдээсэн сэтгэл түгшээм ул мөрийг үл харгалзан Guy-г ятгасаар нүүж ордог. Rosemary-н найзын хэлснээр бол Брамфорд нь аймшигт тохиолдлуудаар дүүрэн, нэг үгээр сүнстэй байшин аж. Брамфорд барилга зохиомол барилга ба Нью-Йорк дахь Дакота барилгыг дуурайлган бүтээжээ. Дакота барилга бол 1880 онд Готик хэв маягаар баригдсан барилга агаад алдарт дуучин John Lennon-н амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлсэн газар аж. Нас өндөр ч эрч хүчтэй хосууд болох Roman, Minnie хоёр шинэхэн хосуудын хажуугийн хөрш хаалганд олон жилийн турш амьдарсан байдаг. Хөгшин хосууд шууд утгаар ч далд ёжтой утгаараа ч яг л тамаас ирсэн хөршүүд шиг байдаг. Гэтэл Rosemary тэдний хорон санааг зүгээр л уйдсан хөгшчүүлийн зан гэж хардаг ба зогсоо зайгүй ярих Minnie Rosemary-н эрүүл ухааныг далдуур баллаж байхтай ч хошин шогийн мэдрэмжээ алддаггүй. Minnie-н дүрд 70 настай байсан Ruth Gordon үнэхээр бишрэм бүтээсэн.
Найруулагч маань зохиолч Levin-н роман дахь хурцадмал, ёжтой шинжийг улам тодотгож өгсөн; кино худал үгээр эхэлдэг, Guy, Rosemary хоёр Брамфордод анх удаа ирэхэд менежер Guy-аас эмч үү гэж асуухад, Guy огт эргэлзэхгүйгээр тийм гэж хариулахад Rosemary тэр дор нь тэр жүжигчин гэж залруулдаг. Эмч ба жүжигчин хоорондын энэ андуурлыг Polanski зохиолд нэмж оруулсан ба өнгөц харахад ач холбогдолгүй мэт санагдах ч энэ нь уг хоррорын гол санааг илэрхийлдэг. Rosemary Брамфордод ирж төвхнөсний дараа эмч нар ч, жүжигчид ч түүнийг мэхлэж, бие махбодийг нь ашиглан, амин сүнсийг нь сүйтгэх болно. Guy гэнэт хүүхэдтэй болохыг хүсч, Rosemary хорвоогийн хамгийн жаргалтай хүүхэн болно. Гэвч жирэмслэлтийн хүндрэл ихсэхийн хэрээр Guy-н жүжигчний замнал сайжирдаг бөгөөд үүний хажуугаар Rosemary нөхрийгөө хорон санаат хөршүүдтэйгээ сэм хуйвалдаад байгааг олж харна (тэгж санагдана). Guy гэнэт л од болчихно; гэхдээ тэр сайн жүжигчид эсэхийг мэдэхгүй, ямартай амбицтай энэ залуу сайн халамжтай нөхрийн дүрд тоглоод байгааг үгүйсгэхгүй, түүнийг хорон санаатан хөршүүдийнхээ хуйвалдааны хамсаатан байсныг таашгүй. Эцсийн эцэст Guy бол жүжигчин харин Rosemary бол түүний хамгийн чухал үзэгч нь билээ. Үнэндээ Rosemary-аас бусад бүх хүмүүс жүжиглэж байгаа юм шиг харагддаг, эсвэл үнэхээр тийм ч байж магадгүй.
Энэ бол ертөнцийг тэр чигээр нь параной зүгээс харахтай адил ба хэрвээ хүмүүсийн эсрэг хуйвалдаан бодитоор оршдог л юм бол та ганцаараа үзэгч харин бусад бүх хүмүүс жүжиглэж байна гэсэн үг. Rosemary, Guy хоёр хорон хөршүүдтэй анх Брамфорд байшингийн гадна өрнөх үймээн самуун дунд учирдаг ба явган хүний зам дээр Terry-н цогцос хэвтэж байдаг; Rosemary хөөрхий хүүхэнтэй танилцаад удаагүй байсан бөгөөд Terry бол хорон хөршүүдэд саяхныг хүртэл ач охин шиг хайрлагдаж ирсэн хүүхэн байдаг. Хбгшин хосуудын хувцаслалт эгээ л театрын жүжигчид шиг харагддаг; тэдний Terry-г үхсэнийг олж мэдээд гаргаж реакц, ахин дахин давтах үгс тавилттай жүжиг шиг санагддаг. Minnie-н хүчтэй, анхаарал татахуйц яриа бол Rosemary-н алив эсэргүүцсэн бодол санааг шууд дарж няцаах зорилготой. Хорон хөршүүд жүжгээ амжилттай тавьсан болохоор дараагийн өдрүүдэд хэн ч тэдний уй гашуу хором зуур арилж, Rosemary-н эсрэг урхи тавьсныг анзаарахгүй өнгөрнө. Polanski зориудаар үзэгчдэд шинэ төрсөн чөтгөрийг огт харуулдаггүй. Ингэснээр үзэгчид Rosemary-н хамтаар аймшигт ертөнцөд түгжигддэг бөгөөд энэ үр дүн л уг киног аугаа хорроруудын нэг болгож байна. Rosemary хүүхдээ хараад "та нар нүдийг нь яачихсан юм бэ?" гэж хашгирдаг, гэвч өөрчлөгдсөн нь түүний болоод үзэгч бидний л нүд юм.

😯✨
ReplyDelete