Гүнжтэй өнгөрүүлсэн өдөр

 


Roman Holiday (1953). Герман-Америкийн нэрт кино найруулагч William Wyler-н продюсерлэж, найруулсан романтик, комеди. Кино зохиолыг Dalton Trumbo, John Dighton хоёр бичсэн боловч Trumbo Холливуудын хар жагсаалтад орсон байсан тул кретид авч чадаагүй, харин оронд нь Ian MceLellan Hunter авсан. 2003 онд киноны DVD гарахад Trumbo-н нэрийг сэргээж хүртэр ёстой кретидийг нь өгсөн байдаг. Тэр цагт хар жагсаалтад байсан найруулсан Bernard Vorhaus кинонд туслах найруулагчаар ажиллахдаа нууц нэр ашигласан байдаг. Киноны гол дүрүүдэд Audrey Hepburn, Gregory Peck хоёр тоглосон ба "Roman Holiday" бол Audrey Hepburn-н Холливуудын гялалзсан дебют болсон. Үзэсгэлэнтэй шигээ хөгжилтэй уг киног критикүүд модерн романтик комеди төрлийн стандарт бүтээл гэж үнэлдэг. Кино Оскарын наадамд нийт арван төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эмэгтэй гол (Audrey) болон шилдэг кино зохиол (Trumbo) зэрэг 3 төрөлд ялалт байгуулсан. 2020 онд New York Magazine уг киног Оскарт шилдэг кино төрөлд нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй шилдэг кинонууд жагсаалтдаа багтаажээ.

Мөн кино Америкаас бусад оронд маш их алдартай болсоны дотор 1990 оны нэгэн санал асуулгаар Япончуудын хамгийн хайртай гадаад хэл дээрх киногоор нэрлэгдэж байв. Ийм их алдаршсаны улмаас Audrey, Peck хоёрт киноны үргэлжлэлийг хийх санал байнга ирж байсан ч хэзээ ч төсөл болтлоо бодитоор хэрэгжээгүй байдаг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 946-р байрт эрэмбэлээд байна. "Roman Holiday" кинонд Audrey хамгийн сэтгэл татмаараа байдаг бол Peck хамгийн харизматикаараа байдаг, харин Ром хот өмнө нь байгаагүйгээрээ гэрэлтэн байдаг. Энэ кино эхнээсээ төгсгөл хүртэл таныг уйдаахааргүй хөгжөөнтэй нь дээр хамгийн алдартай романсуудын нэг болсон хоёр шалтгаан бий; нэгдүгээрх нь мэдээж дэлхийд анх танигдсан гайхамшигт Audrey Hepburn бол хоёрдугаарх нь киноны ач холбогдлыг тодотгосон Ром хотын байршлууд юм. Найруулагч Wyler Ромыг ашигласан байдлаараа тухайн зураг авах газар нь хэрхэн киноныхоо гол дүр байж болдогийг үзүүлсэн тод жишээнүүдийн нэг юм. Ингээд кино урлагийн түүхэн дэх хамгийн сайхан романтик киноны үйл явдлыг товчхон хүргэе.

Эрхэмсэг гүнж Ann Европын нийслэлүүдээр аялж ядарч бас уйджээ. "Миний мэдэх хамгийн сайн арга бол заримдаа ч гэсэн өөрийнхөө хүссэнээ хийх" гэж эмч Ann-д хэлээд түүнд тайвшруулагч тарьдаг. Энэ үгс угаасаа сахилгагүй гүнжийн сэтгэлийг өдөөж, тэр нууцаар элчин сайдын яамнаас гардаг ч удалгүй тарьсан эм нөлөөлж, гудманд унтчихна. Америкийн сурвалжлагч Joe хүүхнийг олно. Америк эр түүнийг танихгүй тул гүнжийг согтуу байна, эмэгтэй хүн гэж хүндлээд гэртээ аваачиж унтуулдаг. Joe гүнжийн товлосон хэвлэлийн бага хуралд оролцох ёстой байсан ч гүнжтэй хамт нам унтсан тул сониныхоо редакторт хэвлэлийн бага хуралд очсон гэж худлаа хэлдэг. Редактор түүнд гүнж "өвдсөн" учраас хэвлэлийн бага хурал цуцлагдсан гэж хэлэхэд одоо оронд хэвтэж байгаа согтуу гэж бодсон хүүхэн гүнж болохыг тэрээр ухаарна. Joe Америк зангаараа үүнээс ихээхэн ашиг олж болохыг ухаараад редактортайгаа, гүнжтэй холбоотой тусгай сурвалжлага авч чадвал (үүнд гэрэл зураг бас орно) ахиухан мөнгө авна гэсэн тохироо хийнэ. Ингээд Joe гэрэл зурагчин найз Irving-г дуудаад "гүнжийг" хамт ромоор аялуулах санал тавина; Joe өөрийг нь сурвалжлагч болохыг илчлэхгүй байхыг, мөн Ann-г гүнж гэдгийг мэдэж байгааг хэлэхгүй байхыг найзаасаа хүснэ.

Харин Ann чухал уулзалттай хэмээгээд яваад өгдөг. Joe түүнийг нууцаар дагах ба гүнж маань зах орж хувцас гутал худалдаж аваад хажуугаар нь үсээ тайруулдаг. Үсчин түүнийг орой болох үдэшлэгт урьдаг. Joe санамсаргүй таарсан мэт болж Ann-г "барьж" аваад өдрийг хамт өнгөрүүлэхийг ятгаж чадна. Тэд кафед сууж байхад Irving хүрч ирж тэдэнтэй нийлж, тамхины асаагуурт нуусан камераар гүнжийн зургийг авдаг. Үдэш болоход Joe, Ann хоёр цагдаад баригдаж, Колизейг үзэж, киноны хамгийн алдартай сцэнүүдийн нэг болох Үнэний Аманд гараа хийцгээж хөгжилдөж, нэг үгээр тун романтик өнгөрүүлсэн байна. Өнөөх үсчиний урьсанаар усан онгоцон дээр очиж бүжиглэн цэнгэж байтал гүнжийн засгийн газрын агентууд түүнийг авч явахаар хүч хэрэглэнэ. Ann, Joe, Irving болон үсчин тэдэнтэй тэмцэлдэж, зодолдох ба зодолдож яваад Joe усанд уначихна. Ann араас нь үсэрнэ. Тэд эрэгт сэлж гарцгаагаад анхны үнсэлтээ гал халуунаар хийдэг. Тэд Joe-н гэрт ирэн, хувцасаа хатааж байтал радиогоор гүнжийн лагшин чилээрхэсэнд ард түмэн нь сэтгэл зовж байгаа тухай ярина.

Ann Joe-оос өөрийг нь элчин сайдын ойролцоо хүргэж өгөхийг хүснэ; энэ удаа тэд сүүлчийн үнсэлтээ хийдэг. Салах ёс нулимстай байдаг ч үүнээс өөр аргагүй юм. Гүнжийг буцаж ирэхэд албатууд нь зэмлэн хүлээн авахад, гүнж "Би гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлаагүй байсан бол энэ шөнө, эсхүл хэзээ ч эргэж ирэхгүй байх байлаа" гэдэг. Joe редактортоо тусгай сурвалжлага бүтэлгүйтсэн гэж хэлдэг. Хэвлэлийн бага хурал дахин төлөвлөгдөж, тэнд Joe, Irving хоёр байгааг харсан Ann эхлээд гайхдаг ч удалгүй ойлгодог. Гүнж улс үндэстнүүдийн хооронд итгэлцэл байдаг шиг хүмүүсийн хооронд итгэлцэл байх ёстой гэж хэлдэг. Нэгэн сурвалжлагч гүнжээс ямар хот хамгийн их таалагдсан бэ гэж асуухад тэрээр "Ром, яах аргагүй Ром" гэж хариулдаг. Уулзалтын үеэр Irving гүнжид нууцаар дарсан зургуудаа сэмээрхэн өгчихдөг. Ийнхүү бүх хүмүүс танхимаас ээлж ээлжээр гаран одоход Joe ганцаараа үлдсэнээр кино төгсдөг.

Найруулагч Wyler анх эрэгтэй гол дүрдээ Холливуудын од Cary Grant-г тоглуулахыг хүссэн, гэвч Grant татгалзсан, учир нь, Audrey-н дүрийн дурласан эрд тоглоход өөрийгөө хэтэрхий хөгшдөнө гэж үзэж. Гэвч арван жилийн дараа тэд "Charade" кинонд дурлалт хосуудын дүрүүдийг бүтээсэн байдаг. Зарим өөр эх сурвалжийн мэдээлснээр Grant бүхний анхаарал гүнж дээр төвлөрөхийг мэдэж мэдэж байсан тул татгалзсан гэдэг. Peck-н байгуулсан гэрээгээр бол тэр ганцаараа од жүжигчин байсан тул одын цалинг ганцаараа авах боломжтой болсон ба шинэков байсан Audrey-д өндөр цалин оногдохооргүй байжээ. Зураг авалтын дундуур Peck Wyler-д Audrey-тэй цалингаа тэнцүүхэн хуваах саналыг тавьсан байдаг нь тухайн үеийн Холливуудад бараг дуулдаагүй шинэ сонин явдал болж. Харин гүнжийн дүрд найруулагч маань анхлан Elizabeth Taylor, Jean Simmons хоёрын аль нэгийг гэж бодож байсан ч тэд өөр төсөл дээр ажиллаж байсан тул өөр жүжигчний эрэлд гарчээ. 1951 оны намар Audrey дэлгэцийн сонгон шалгаруултад орж, тестийн бичлэгийг Ром хотод бэлтгэлээ хангаж байсан Wyler руу илгээжээ.

Студийн продюсерүүд болон Wyler нарт Audrey шууд таалагдсан; "Roman Holiday" бол Audrey-н дэлгэцийн бүтээл байгаагүй, тэр 1948 оноос хойш Голланд, Их Британийн жижигхэн кинонуудад тоглож байсан ба энэ кино нь түүний анхны Холливуудын кино гэдгээрээ онцлогтой. Wyler тухайн үеийнхээ Италийн кино од жүжигчин хүүхнүүдээс эрс ялгаатай бие галбиртай хүүхнийг кинондоо тоглуулахыг хүссэн; харин Audrey үүнд нь төгс тохирсон, Wyler шинэ одынхоо тухай ингэж хэлсэн байдаг; "хөхгүй, өгзөггүй, өндөр өсгийтгүй, бариу хувцасгүй. Товчхондоо харь гаригийн хүн. Тэр жинхэнэ сенсаац болох болно". Критикч Peter Bradshaw: "Хоёр гол дүрийнхээ сэтгэл татам, ариун цайлган байдал нь бүхэлдээ киногоо гэрэлтүүлсэн, модерн үлгэр". Empire сэтгүүл: "Audrey-н гэнэн хөгжилтэй мэдрэмж хийгээд төгс дур булаам гүйцэтгэл нь Peck-н Америкийн маягийн харизматик шинж төрхтэй яв цав нийцдэг цаглашгүй, гоёмсог классик кино". Критикч James Berardinelli: "Романтик-комеди жанрт дурлагсдын номын сангийн гол хэсэг, орчин үеийн үзэгчдийн таашаан үздэг цөөхөн хар-цагаан киноны нэг хэвээр байна". "Roman Holiday" бол зөөлөн, ухаалаг зохиолтой, маш хөгжилтэй, зугаатай, заримдаа бараг бүдүүлэг наргианы шинжтэй романс. Хайр энхрийллээр дүүрэн, натурал, цэвэр ариун мэдрэмж өгөх уг киног үзсэн хэний ч сэтгэл санаа хөөрөн гэрэлтэх болно.

  Далаад жилийн өмнө "Roman Holiday" нээлтээ хийхээс хоёр сарын өмнө Их Британийн Хатан хаан хоёрдмол Elizabeth-н хаан ширээнд суух ёслолыг дэлхий даяар зурагтаар цацсан байдаг, телевизийн түүнд энэ анхны тохиолдол байснаас гадна тухайн үед Европт монарх засаглал моодонд орж байв. Энэ явдал уг кинотой цэвэр давхцал байсан уу, зориудын төлөвлөсөн хөтөлбөр байсан уу, бүү мэд. Холливууд уг явдлаар кино хийх нь цаг хугацааны асуудал байлаа. Романтик-комеди жанрт үргэлж багахан фантааз байдаг, байсаар ч ирсэн ба "Roman Holiday" ямартаа ч цаг үеээ мэдэрч, цаг үеийн шаардлага шахуу болсон кино болсон юм. Зохиолч Trumbo гүнжийн дүрээ аль нэг Европын улсынх гэж тодотгож дүрээ хайрцаглахын оронд зохиомол улсын гүнж гэж дүрсэлсэн нь чухамдаа нүдээ олж, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, бусдыг өөртөө татах увдистай, Европ хүүхнүүдийн бүх сайн сайхны цогц болсон дүрийг бүтээж чадсан. Кино зураг авалт үед 23 настай, хэдэн жижигхэн дүрд тоглочихоод байсан Голланд-Британийн авъяаслаг жүжигчин Audrey Hepburn эл Холливуудын дебютээрээ кино урлагийн шинэ хатан болж титэмээ албан ёсоор авсан юм. Үе тэнгийнхээ жүжигчин хүүхнүүдээс тэс өөр харагддаг, дуу муутай, боловсролтой, өвөрмөц аялгатай энэ хүүхэн Европын гүнжид төгс тохирсон байдаг.

  "Roman Holiday" киноны нээлтийн кретидэд "Audrey Hepburn-г танилцуулж байна" гэж гардаг ба кино эхнээсээ л түүнийг од болгон зарлаж байгаа мэт санагдана. Анхныхаа киноноос шууд од болж, анхны дүр нь урт хугацааных нь амжилттай замналынх төгсгөл хүртэл өөрийнх алдар нэрийг тодорхойлсон тохиолдол кино урлагийн түүхэнд маш ховор байдаг; тэгвэл Audrey уг киногоороо тэр цөөхөн гэдгийн нэг болсон. Жишээлбэл, "Gone With the Wind" кинонд тоглож од болохоосоо өмнө Vivien Leigh хэд хэдэн кинонд гол дүр бүтээгээд байсан, мөн "Pretty Woman" кинонд тоглож од болохоор өмнө Julia Roberts Оскарт нэр дэвшиж үзчихээд байсан. Үзэгч бид киноноос гүнжийг анх удаа энгийн амьдралаас эрх чөлөөг мэдэрч байгааг үзэхдээ гайхамшигт Audrey-н царайг камерын олон өнцгөөс янз бүрээр харж, судалж, ажиглана.

  Оскарын наадамд шилдэг жүжигчиний шагналд голдуу тухайн жүжигчиний төрөлхийн өвөрмөц шинж чанараас илүүтэй бусдыг татах хүчтэй дүрээ бүтээсэн байдалд нь анхаарч өгдөг, тиймээс намтарчилсан кинонууд тоглосон жүжигчид шагнал авчихаад байдаг. "Roman Holiday" киноны Audrey бол онцгой тохиолдол болсон ба Холливуудад шинэ гүнж хэрэгтэй байсантай холбож хардаж ч болно. Гэхдээ Audrey-н гүйцэтгэлийг огт үгүйсгээгүй, ердөө ийм нэг давхцал байж магадгүйг л хэлэх гэсэн юм. Найруулагч Wyler санхүүгийн хязгаарлалтаас болоод киногоо хар-цагаанаар хийсэн нь одоо эргээд харахад ашигтай туссаныг илтгэж байна; хязгаарлалт хүний чадамжийг тултал гаргадаг юм.

Comments