A Day in the Country (1936). Францын нэрт кино найруулагч Jean Renoir-н богино хэмжээний кино. Францын алдарт зохиолч Guy de Maupassant-н "Une partie de campagne" гэдэг богино өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь өөрөө бичиж, 1936 онд цаг агаарын улмаас бүрэн гүйцэд дуусгаагүй бүтээл. Найруулагчийн маань аав алдартай зураач Auguste Renoir байсан ба аав нь Maupassant-тай дотно найзууд байсан гэдэг. Уг бүтээлийг богино хэмжээний кино гэж дутуу үнэлж болохгүй, Maupassant-н өгүүллэгийн чадварлаг хөрвүүлэлт нь яруу найраглаг, сэдэвчилсэн агуулгаараа тун баялаг. Кинонд, хөдөөгийн нутгаар залуухан бүсгүйн гэр бүлийнхэнтэйгээ зугаалж явахдаа богинохон романтик харилцаанд орж байгааг харуулдаг. Тухайн үеийг (1860 он орчим) нямбайлан сэргээн харуулсан байдал нь дүрүүдэд чиглэсэн мэдрэмжийг өргөжүүлж, хайрын хагацсан сэтгэл гунигтай ч хэзээ ч мартагддаггүйг тодотгодог.
Renoir-н кино ямагт үзэсгэлэнтэй байдаг шигээ энд ч ухаалаг, эстэтиктэй байдаг буюу нэг үгээр "A Day in the Country" бол цэвэр кино урлагийн ид шид юм. Ирээдүйн том кино найруулагчид болох Jacques Becker, Luchino Visconti хоёр уг кинонд Renoir-н туслахуудаар ажилласан. Renoir энэ бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй боловч арван жилийн дараа Marguerite Renoir (кино эвлүүлэгч, тухайн үед Renoir-н хамтрагч бас амраг нь байсан) болон түүний дүү Marinette Cadix нар киноны материалыг эвлүүлэн засч, улмаар продюсер Pierre Braunberger 1946 онд уг киног нийтэд гаргасан. Киноны гол дүрүүдэд; Sylvia Bataille, Georges D'Arnoux, Jane Marken, Andre Gabriello, Jacques B. Brunius нар тоглосон. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган кино жагсаалтын 126-р байрт бичигдэж буй киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Парис хотын гэр бүл болох дэлгүүрийн эзэн Dufour эхнэр, охин, мөн хүргэний хамт амралтаараа хөдөө нутгаар аялж бас амарч байгааг кино үзүүлнэ. Охин болох Henriette бол манай киноны гол дүр ба тэрээр арванзургаагаас арваннайм орчим насны болов уу гэмээр бараг хүүхдээрээ ч эмэгтэй хүн болж, эрчүүдийн хараа булаам гоолиг бие, хөөрхөн царайг олжээ. Тэгэхдээ даанч гэнэн, амьдрал үзээгүйг дурдууштай. Охины аав тавь орчим насны тарган, тэнэгдүү эр бол охины сүйд залууг Anatole гэх ба аавынх нь туслах энэ эр харахаас маанагдуу, амь нь хаа байгаа юм гэмээр жижиг, дорой нэгэн юм. Харин охины ээж хэл яриа ихтэй, махлагдуу дөч л хүрч яваа бас ч гэж гундаж буурчихаагүй энэ хүүхний нүднээс ор хөнжлийн дундрашгүй тачаал харагдах агаад нөхөр нь лав энэ хүслийн талыг л зовон байж унтраадаг болов уу. Энэ гэр бүл хөдөө нутгийн сайхныг мэдрэн цэнгэн баясна. Тэд замдаа таарах хоолны газарт түр буудаллаж амрах ба ойрхон голтой учир хүүхнүүд завиар зугаалж, эрчүүд загас барих талаар ярилцана. Хоолны газар Henri, Rodolphe гэх хорь орчим насны нутгийн хоёр гялалзсан сайхан залуус тэднийг сонжин харна. Залуус өөр хоорондоо эх охин хоёрыг өвөртөө оруулах талаар ярилцаж бүр яаж оруулахаа хүртэл төлөвлөгөө болгон зохионо.
Ингэхдээ хэн нь ээжийг нь, хэн охиныг нь авахаа ч ярина. Энэ үед хотоос ирсэн гэр бүлийнхэн модны дор өвсөн дээр хооллож ундаллах ба эрчүүд нэлээд халамцаж бүр нойрсоно. Henriette сүйд залуугаа харахаас ой гутах бол эх нь нөхрөө сэрээж бутан дунд жаргах санал тавивч нөхөр нойроо харамлана. Хүүхнүүдийн эл урамгүй үед зальтай залуус ирж, хүүхнүүдэд завиар зугаалах санал тавих бол согтуу эрчүүдэд загас барих газар зааж өгнө. Согтуу аав, хүргэн хүү хоёр загас барина гэсээр тэнэгтээд явж одоход эх, охин хоёрыг царайлаг залуус тус тусдаа нэг завинд суулгаад авч одно. Rodolphe-той хамт явсан ээж учраа мэдсэн болохоор буйдхан очоод жаргалаа эдэлнэ. Харин Henriette уйдаж, сонирхолдоо хөтлөгдсөн гэнэн охин Henri-г дагаж бөөн модод сүүдэрлэсэн голын эрэг дагасан намуухан нууцлаг газарт очно. Дагах шалтгаан нь сүйт залуугаас нь илүү завь сэлүүрдэх хөөрхөн залууд татагдсан хийгээд сүйт хархүүгээс нь илүү зоримог, өөртөө итгэлтэй занд нь татагдсан нь нуух юм бишээ.
Залуу илж таалж, үнсэж үнгэсээр охиныг өвөртөө оруулах ба энэ мөчид охинд үнэхээр дурлаж байгаагаа ухамсарлаж ойлгоно. Харин охин уйлсаар учраа мэдэлгүй явж одно. Ингээд, нэг жил өнгөрчээ, Henriette мангартайгаа сууж, жирэмсэн болсон байна. Бүсгүй нөхрийн хамт дурсамж бүхий хөдөө нутгаараа явж байгаад нөхрийн хамт өнөөх Henri-тэй амрагласан газраа очно. Нөхөр нь согтож унасныг ашиглаж өнөөх моддынхоо дор очтол Henri тэнд байж байдаг. Тэд харцаараа холбогдон удаан зогсох ба залуу: би энд ирэх болгондоо чамайг боддог гэхэд бүсгүй би чамайг дандаа боддог байсан гэж хэлээд нулимстай чигээрээ нөхөр лүүгээ гүйж оддог. Энэхүү кино маань төгс хийгдэж чадаагүй нь төгс хайр байдаггүй нь баталгаа, нотолгоо мэт.
Урлагийн түүхч T. J. Clark-н бичсэнээр, 1870-аад оны үеийн зураачид Парисын эргэн тойрны хөдөө нутгаар аялан уран бүтээлийн "онгод" хайдаг байж; тэдний аялдаг газрууд нь хөдөө нутаг гэхээсээ илүү хотынхны амралтын өдрөө байгаль өнгөрүүлж байна гэсэн мэдрэмжийг өгдөг жаахан алслагдмал газрууд л байжээ. Гэхдээ л импрессионистууд аялагчдын цэвэр агаартай, ногоон байгууламж бүхий ландшафтад ороод хэрхэн баярлан баясч байгаа мөчийг эрхэмлэн үздэг байж. Claude Monet, Pierre-Auguste Renoir нар ням гаригийн хөдөө нутгийн зугаалгын өнгө төрхийг гайхалтай бүтээсэн байдаг ба энэ бол газар эзэмшигчдийн тухай бус харин амарч буй эгэл хүмүүсийн тухай байдаг. Алдарт зохиолч Maupassant "Une partie de campagne" богино өгүүллэгээрээ ийм аяллыг шүүмжтэйгээр өгүүлсэн бөгөөд киноны үйл явдлыг дээр өгүүлсэн тул илүүц тайлбар хэрэггүй билээ. Найруулагч Renoir зураач аав, зохиолч Maupassant хоёрын тухай ярихдаа, тэд хоорондоо их найрсаг хэдий ч нийтлэг шинжгүй хүмүүс байсан гэсэн буй. Renoir хэлэхдээ, Maupassant үргэлж хар бараан талыг хардаг хүн байсан бол аав нь буюу зураач үргэлж гэрэл гэгээтэй талыг харагч байжээ.
Renoir уг киногоороо зохиолчч зураач хоёрыг харилцан "яриулсан" буюу кинонд гэрэл гэгээ, хар баргар зүйлс ч бий. Кинонд гарах дүрүүд янз бүрийн төрхтэй, олон төрлийн жүжиглэлтийн зоримог шийдлийг харуулдаг; аав, хүргэн хоёр тарган туранхайгаараа эсрэгцэнэ, ээж болон түүнийг эргүүлэх залуу хоёрын харилцаа аядуу хошин маягтай, харин охин хийгээд түүнийг эргүүлэх залуу хоёрын харилцаа нухацтай бас үнэмшилтэй байдаг. Renoir импрессионист хөдөө нутгийн аяллыг үзүүлсэн зургийг ялдам, шүүмжтэйгээс гадна нарлаг, гунигтайгаар дурсдаг. Импрессионистууд агшин зуурын сэтгэгдлийг зурснаар агшин зуурыг үргэлжийн болгодог ба Renoir "A Day in the Country" киногоороо сэтгэл хөдөлгөм мөчүүд өнгөрөн одох нь гарцаагүй ч дурсамжинд хадгалагддаг тухай өгүүлсэн. Үзэгчид хөдөө нутгаар аялагчидтай анхлан ойроос танилцах үед Renoir гол дүр буюу Henriette-г шууд онцлон харуулдаг агаад охин савлуур дээр баяр хөөртэйгөөр савлаж байгааг камер харуулахдаа охинтой хамт савлан хөдөлж, түүнийг нам өнцгөөс харуулдаг нь охины агаарт хөөрөх мэдрэмжийг улам ихээр нэмэгдүүлж, энэ нь ч үзэгчид адилхан сэтгэгдэл төрүүлдэг.
Камер агаарт савлах түүнийг тогтвортой дагаж чадахгүй байгаа нь сэтгэлийн хуйлрааг нэмэгдүүлж, улмаар хөдөлгөөн нь охины хөдөлгөөнтэй холбоотой мэт санагдаж, охины кадрт тогтвортой дүрслэгддэггүй тул Henriette-н хөдөлгөөн кадрын хүрээнд хязгаарлагдахгүй юм шиг санагддаг; гайхамшигтай зохиомжтой сцэн. Henriette савлуур дээр байгаа хэсэг бол эрх чөлөө бол байгальтай салшгүй холбоотой гэсэн утгатай ба романтизмаас өвлөгдсөн бодлоор бол эрх чөлөө байгалиас үүдэлтэй буюу байгальд л бид эрх чөлөөтэй төрдөг, байгальд л бид нийгмээс тоглосон дүрэм журмаас чөлөөлөгддөг. 1937 онд "Grand Illusion", 1939 онд "The Rules of the Game" тэргүүтэй шилдэг бүтээлүүдээ туурвисан Renoir 1930-аад онд ид ирэн дээрээ байлаа. Тэр хэрвээ "A Day in the Country" киногоо дуусгаад тухайн цагт нь гаргасан бол гол дүрд тоглосон Sylvia Bataille од болох байсан гэдэг. Дүрээ гайхалтай бүтээсэн Sylvia цаг агаар хийгээд өөр төслийн улмаас продакшнаа дуусгаагүй найруулагчийг хэзээ ч уучлаагүй ажээ. Гэхдээ уг кино угаасаа стандарт бүрэн хэмжээний киноноос арай богинохон байхаар төлөвлөж байсан ба тэгээд ч 45 минутын энэхүү кинонд дутуу зүйл байхгүй; аадар бороо хөдөө нутгийн аяллын мартагдашгүй, өгүүлэгдээгүй төгсгөлийг бий болгож, тиймээс энэ чигээр нь үлдээсэн нь хамгийн шилдэг зам мөн.

Comments
Post a Comment