Бяцхан Тэнүүлч толин дотор

 


The Circus (1928). Английн домогт кино найруулагч Charlie Chaplin-н зохиолыг нь бичиж, продюсерлэж, найруулсан дуугүй романтик-комеди. Киноны гол дүрд мэдээж Chaplin өөрөө тоглосон бол туслах дүрүүдэд Al Ernest Garcia, Merna Kennedy, Harry Crocker, George Davis, Henry Bergman нар тоглосон. Кино продакшны үеэр Chaplin амаргүй цаг үеийг туулсан байдаг; студид гал гарч, Chaplin-н ээж нас барж, хоёр дахь эхнэр Lita Grey-гээс салсан явдал, мөн татварын асуудлуудаас болж киноны зураг авалт 8 сар хойшилжээ. "The Circus" арилжааны хувьд ашигтай байж кино урлагийн түүхэн дэх хамгийн их ашиг олсон 7 дахь дуугүй кино болсон байдаг.

  Энэ бол Chaplin-н кинонуудыг кино биш гэж шүүмжилдэг критикүүдийн амыг тагласан бүтээл гэдэг. Энэ нь Chaplin-н алга болж буй хөгжимт-пантомимийн урлаг, мөн удахгүй үгүй болох дуугүй комеди кино урлагийн талаарх гашуудлын аяз болой. Түүний хамгийн дутуу үнэлэгдсэн энэхүү дуугүй кино нь хамгийн анхны дуутай кино болох "The Jazz Singer" киноны нээлтээс 3 хоногийн дараа бүрэн бэлэн болсон ба тэрээр уг киногоороо хожмын "Limelight" кино дээрх шиг өөрийгөө өрөвдөх юмуу уярамтгай мэдрэмж төрүүлэхийг зориогүй ба тэр тодорхой эстетик төгсч буйд бус үзэгчдээ алдсандаа харуусан гашууддаг. Ийнхүү кино үйл явдлыг товчхон хүргэе.

Мөнгөгүй, өлссөн Бяцхан  Тэнүүлчийн халаасанд нэгэн хулгайч дөнгөж суульсан хэтэвчээ нууж орхиод цагдаагаас зугтаачихна. Тэнүүлч халааснаасаа хэтэвчийг олоод байтал цагдаа ирэх бөгөөд цагдаа түүнийг хулгайч гэж бодон барих гэж оролдоно. Тэнүүлч зугтааж яваад жинхэнэ хулгайчтай таараад бас түүнээс зугтаах хэрэг гарна. Ингэж яваад нэгэн циркийн тоглолтон дундуур яваад орчих ба түүний ухаангүй зугтаалтаас болж эгэл шоу жинхэнэ хит шоу болчихно. Циркийн эзэн түүнийг жүжигчнээр авъя гэтэл Тэнүүлч шалгалтад унах авч циркийн арын албаны ажилчид цалин өгөхгүй байна хэмээн явцгаасан тул Тэнүүлчид ажлын байр олддог. Дахин нэг удаа санамсаргүйгээр тоглолтод оролцсон нь үзэгчдэд таалагдсан учраас циркийн эзэн түүнийг жүжигчнээр авна. Цирк үзэгчдээр дүүрч, мөнгө олж эхлэх ч хөөрхий Тэнүүлчийн цалин шальтай нэмэгдсэнгүй. Тэнүүлч морьтой үзүүлбэрийн жүжигчин Merna гэдэг хүүхэнтэй найз болно; циркийн эзэн хүүхний хойд эцэг бөгөөд хүүхэнд муу хандана. Merna, Тэнүүлч хоёрын нөхөрлөл гүнзгийрэх тусам Тэнүүлч хүүхэнд дурлаж байлаа.

Нэгэн мэргэлдэг авгайгаас Merna-д "ирээдүйн нөхөр болох хар үстэй залуу яг л дэргэд чинь байна" гэж хэлэхийг чих тавин сонссон Тэнүүлч баяр хөөрт умбана. Тэнүүлч сүйн бөгж худалдаж аваад байтал Merna циркт шинээр орсон олс дээгүүр алхагч Rex гэдэг хар үстэй залууд дурласнаа мэргэлдэг авгайд хэлж байхыг мөн л сэм сонсоод шалдаа буутлаа гуниглана. Зүрх нь шархалсан Тэнүүлч ажилдаа төвлөрөхөө больж, даргаасаа анхааруулга авна. Нэг удаагийн тоглолтын үеэр Rex алга болчих ба циркийн эзэн Тэнүүлчийг орлож олс дээгүүр алхахыг санал болгоно; Merna-н сэтгэлийг татаж магад хэмээн бодсон Тэнүүлч саналыг хүлээн авна. Аюултай, хөгжилтэй үзүүлбэрийн ард амжилттай гарсан Тэнүүлч Merna-г өмөөрөн даргаа зодсоноор циркээс хөөгдөнө. Хүүхэн түүнтэй нэгдэхээр бас циркээ хаях ч Тэнүүлч Rex-г олсноор Rex, Merna хоёрыг гэрлүүлдэг. Тэд цирк рүүгээ буцаж очих агаад хойд эцэг нь боломжийн хүргэнтэй болсноо мэдээд хамаагүй зөөлөрч, тэд дараагийн хот руугаа аялна. Харин Тэнүүлч ганцаараа цааш замаа хөөнө.

Найруулагч Chaplin анх 1920 онд циркийн тухай кино хийхээр бодож байсан ба 1925 оны сүүлээр тэрээр Нью-Йоркоос Калифорнид буцаж ирээд студидаа ажиллаж эхэлсэн байдаг. Тайзны дизайнер Danny Hall-н хэлж буйгаар Chaplin "The Circus" кинондоо өмнөх 1916 оны "The Vagabond" киноныхоо зарим сэдэв, түүхийг илүү боловсронгуй болгож оруулсан ажээ. Chaplin 1925 онд нас барсан, шүтэн биширдэг Францын инээдмийн жүжигчин Max Linder-н кинонуудаас зохиолын үйл явдал болон хошин элементүүдийг зээлдэх тохиолдол байдаг байв. Зарим судлаачид "The Circus" ба Linder-н "The King of the Circus" бүтээлүүдийн хооронд төстэй шинжүүд байгааг онцолсон. Уг кино нь дуутай эриний хамгийн анхны кино болох "The Jazz Singer" бүтээл нээлтээ хийснээс хойш хэдхэн сарын дараа нээлтээ хийсэн. "The Circus" киног үзэгчид, критикүүд талархан хүлээж авсан боловч Chaplin-н "The Gold Rush" бүтээл шиг арилжааны амжилт олоогүй; гэхдээ зарим критикүүд "The Circus", "The Gold Rush" хоёрыг Chaplin-н хамгийн оргил хоёр комеди гэж дүгнэдэг. The New York Times уг киноны талаар бичихдээ, "The Gold Rush" кинонд дуртай хүмүүст энэ кино таалагдах байх, гэхдээ үүний зэрэгцээгээр "The Circus" кинонд яруу найраглаг шинж, эмгэнэлт явдал, сайхан хошигнол арай дутмаг гэж бичжээ.

Variety илүүтэй эерэг нийтлэлдээ; кино дэмжигчдийн хувьд, мөн илүү өргөн инээдмийн хувьд энэ бол Chaplin-н шилдэг кино, Chaplin энэ киногоороо хамгийн шилдэг инээдмийн кино найруулагч болохоо баталж байна, энэ кино дахь бараг бүхий л хошин зүйлс оригнал юмуу бүтээлч шинжтэй байдаг гэжээ. Критикч Oliver Claxton: "энэ кино бага зэрэг урам хугалав. Тун инээдтэй ганц хоёр агшныг эс тооцвол энэ нь даруухан, уйтгартай кино". Film Daily "Chaplin хоёр дамартай үеийнх шигээ өнөөдөр ч дахин давтагдашгүй байна". Бидний хайртай Бяцхан Тэнүүлч энэ удаа циркт элсч, циркийн алиалагчдын дунд шинэ уур амьсгал оруулснаар од болдог боловч киноны төгсгөлд циркийнхэн түүнийг орхидог. Chaplin циркийн хоосон тойрог буурин дээр ганцаараа үлддэг; энэ нь Chaplin-г киноны урлагийн ертөнцөд эзлэх байр суурийг харуулна. Chaplin одоо байхгүй ч шоу цааш үргэлжлэх болно. Chaplin төгсгөлийн эл сцэнийг "The Jazz Singer" кино нээлтээ хийснээс 4 хоногийн дараа хийсэн бөгөөд Chaplin 1928 онд киногоо гаргахдаа алдарт "Blue Skies" дууг кинондоо ашиглахдаа эгээ л оршуулга дээрх гашуудлын аяз шиг гунигтайгаар тоглуулсан гэдэг.

Кино урлагийн аугаа мастер Chaplin дотоод сэтгэлээ кинонуудаараа илчилдэг байв. "The Circus" кинонд тэрээр Тэнүүлчийг циркийн орчинд уртайгаар байршуулж, тухайн үеийнхээ хамгийн алдартай алиалагчийн байр суурийг баримтжуулж, алдаршуулж, дурсах маягаар киногоо зохиомжилжээ. Chaplin уг кинондоо өөрийнхөө дуртай сэдвүүдийн нэгийг, мөн өөрийнхөө хамгийн шилдэг хошигнолыг гаргаж чадсанаас гадна киноныхоо төгсгөлд зүйрлэшгүй сэтгэл хөдөлгөм шинжийг өгсөн. "The Circus" бол Chaplin-н кино урлагт хөл тавьснаас өгсүүлээд бүхий л замналыг нь тусгасан маш хувийн шинжтэй бүтээл ба түүний хамгийн сүүлчийн аугаа кино болох "Limelight"-г урьдчилан харуулах шиг болдог. Chaplin "The Circus" киногоороо Оскарын наадамд шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн гурван төрөлд нэр дэвшсэн байдаг. Гэвч тэрээр намтар номондоо энэ киноныхоо талаар бараг дурдаагүй байдаг нь хачирхалтай. Олс дээгүүрх сцэнээс арслантай тортой сцэн гээд энэ бол Chaplin-н хамгийн шилдэг хошин сцэнүүдийг агуулсан кино билээ. Энэ бол хошигнолыг задлаад, салгаж авдаг оюунлаг кино. Гэхдээ үйл явдал хүчирхийлэлтэй, гол баатрын романс бүтэлгүйтдэг ч "The Kid" кино шиг сентимментал биш.

Chaplin киноны төгсгөлд циркээс татгалзан цаашаа алхан явж байгаа нь уй гунигтай ч ялагдсан мэт ч тийм философилог байдаг ба агаарт хөлөө өшиглөж, алдартай өвөрмөц алхаагаараа алхахдаа нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсан нь гарцаагүй болов уу. Амжилт ба бүтэлгүйтэл бол яг л инээх, урвайх шиг ойрхон байдгийг тэрээр үзүүлжээ. 1925 онд Chaplin "Gold Rush" бүтээлээ дуусгаад Napoleon-н тухай юмуу Robert Louis Stevenson-н "The Suicide Club" зохиолоор кино хийхээр төлөвлөж. Гэтэл тэрээр хамтран ажиллагч Henry Bergman-д гэнэт нэг сайхан санаа төрсөн, энэ санаа нь хошигнолтой, ерөнхийдөө комеди кино байна, бүр энэ санаа нь өөрийг нь идэж байна гэж хэлжээ. Bergman циркийн олс дээгүүрх сцэний санааг Chaplin-д хэлсэн нь сайхь сцэн киноны оргил сцэн болсон билээ. Дээр хэлсэнчлэн продакшны ажилд олон саад учирсан шиг Chaplin олс дээгүүр алхаж сурах, арслантай хэсгийг 200 удаа авах зэргээр өөрийгөө шинээр сорьсон байдаг. 

Comments