Once Upon a Time in America (1984). Америкийн талаар хамгийн сайн кино хийсэн хүн бол Италийн нэрт кино найруулагч Sergio Leone-г (тэрээр англиар муу ярьдаг байв) буюу түүний замналын шилдэг ажил болох "Once Upon a time in America" киног нэрлэдэг. Харамсалтай нь уг кино тухайн цаг үедээ Америкт үл ойшоогдож, алдар нэрийг олоогүй байдаг нь сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй хэрэг юм.
"Миний сэтгэлийг гангстер үлгэр, барууны (Вестрен) домгууд
татдаггүй, мөн би хүн болгон шиг Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэл
тархсан домгуудад гайхан биширдэггүй. Би хувь хүн болон төгсөшгүй хязгаарын
талаар ярьж байна. Маш ховор бөгөөд гайхалтай тохиолдолд л кино урлаг эдгээр
санааг нэгтгэж байсан гэдэгт би итгэдэг. Хэрвээ та өөрөө бодоод үзвэл Америк
энэ чиглэлд хэзээ ч хүчин чармайлт гаргаж байгаагүй ба гэхдээ кино урлаг улс
төрөөс ялгаатайн энэ тал дээр чадах чинээгээрээ ажилласан нь эргэлзээгүй буюу
"Easy Rider", "Taxi driver", "Scarface" болон
"Rio Bravo" зэрэг бүтээлүүдийг жишээлж болно. Би John Ford-ын өргөн
уудам орон зай болон Martin Scorsese-ын их хотын айдаст дуртай. Америкийн хонин
нүдэн цэцэг ээлжлэн дэлбээлж байдаг; Америк яг л үлгэр доторх үлгэр шиг ярьдаг;
таны хүсэл тачаал нөхцөлгүй байвал хүсэл тань биелдэг, гэхдээ та энэ хэлбэр
дотор юугч санахгүй байх болно. Миний кино хийх дүрэм ёгт үлгэр дээр тогтдог,
би социологийг бүх талаараа үнэлдэг ч ёгт үлгэрт, ялангуяа түүний хар бараан
талд татагдсаар байна. "Once a Time in America" бол миний хамгийн
шилдэг кино, Harry Gray-ын номыг гартаа барьж байх мөчид л би үүнийг мэдсэн ба
уг киног хийсэндээ би баярладаг. Кино зураг авах бол аймшигтай хэцүү зүйл, гэвч
ингэж хийгдсэн кино амттай болдог" ~ Sergio Leone..
Sergio Leone 1960-д
оны дундуур кино урлагт вестерн шпагетти төрлийг үүсгэн бий болгосон буюу
алдарт Clint Eastwood-ын тоглосон "Dollars" трилогийг (A Fistful of
dollars, for a few dollars more болон The good, the bad and the Ugly) санахад
хангалттай.. уг трилогийн дараа Sergio Leone бас нэгэн трилогийг эхлүүлсэн нь
Once Upon a time трилоги байсан бөгөөд гэвч энэ трилоги бүрэн хийгдэж дуусахад
гурван 10 жил шаардагдах байсныг хэн ч мэдсэнгүй. Once Upon a time трилогийн
эхний кино болж 1968 онд "Once Upon a time West" бүтээл гарсан бол
үүнээс 3 жилийн дараа "Duck, you sucker!" Нэртэй бүтээл гарсан ба энэ
бичвэрийн маань гол дүр болох "Once Upon a time in America" бүтээл
трилогийн сүүлчийн кино болж гарсан ч бүтэх гэж 10 жил болжээ.. Sergio Leone
1960-д оны дундуур хагас дурсамж, хагас уран сайхны зохиол болох "The
Hoods" романыг уншаад зохиолд дурлаж, үүгээр л кино хийх ёстойгоо ойлголоо
энэ кино нь түүний замналын эцсийн бөгөөд амь насыг нь авч одох учиртай байсныг
хэрхэн мэдэх билээ?. "The Hoods" романыг Harry Gray буюу жинхэнэ нэр
нь Herschel Goldberg хэмээх Орос~Америк гаралтай нэгэн цагт гангстер нөхөр
бичжээ..
Sergio Leone түүнтэй уулзахыг хүсэхэд Harry Gray эхлээд татгалзаж
байсан эцэст нь зөвшөөрсөн ба зөвшөөрөх гол шалтгаан нь тэрээр Sergio Leone-ын
шпагетти вестерн-д дуртай байсантай хамаатай юм.. уулзалтын үеэр Sergio
Harry-аас бодит амьдралынх нь туршлагын талаар тийм ч их зүйл асуугаагүй агаад
зөвхөн амьдралынх нь хэв маяг, түүнийг дагалдах асуултуудыг л асуусан байдаг
буюу Harry асуултад богинохон хариултууд өгч байж. Тэд 60-аас 70 оны хооронд
хэд хэдэн уулзахад Sergio Harry-аас Америкийн талаар ямар сэтгэлтэй байдгийг
ойлгох гэж оролдож байв. Sergio Leone эх материалтай танилцах тусам кино хийх
хүсэлдээ автаж байсан агаад Paramount студид түүнд "The Godfather"
киноны найруулагчийн суудлыг санал болгоход тэрээр татгалзсан билээ.. Sergio
Leone бүрэн дурласан төслөө орхигдуулж
чадахгүй байсан, мөн уг төсөл нь олон жил шаардана гэдгийг мэдэж байсан бөгөөд
тэрээр "The Godfather"-г гайхамшигтай кино болсонд шарандаа өөрийн
төслийг илүү давж гарахын төлөө олон жилийг зарцуулсан байх магадлалтай; мөн
тэрээр киноныхоо өнгөрсөн рүү буцдаг санааг "The Godfather"
хоёрдугаар ангиас авсан гэсэн яриа бий..
Америкийн кино зохиолч, Marilyn
Monroe-ын намтарыг бичиж алдаршсан Norman Mailer "The Hoods" романыг
кино зохиол болгон бичсэн боловч уг зохиол Sergio Leone-д таалагдаагүй ба
"Mailer бол кино зохиолч биш, Тэр дэндүү хуучинсаг, надад тэр Мики Маузын
зохиол өгсөн" хэмээсэн байдаг. Ингээд кино зохиол дээр Sergio Leone өөрөөс
нь гадна 5 Итали кино зохиолч ажилласан байдаг бөгөөд үр дүнд нь 317 хуудас
бүхий кино зохиол бэлэн болж кино зураг авалт 1982 оны зун эхлээд 1983 оны 4
сард дуусчээ.. "The Godfather"-д тоглож алдаршаад байсан Robert De
Niro-той холбогдоод иймэрхүү кино хийх санаатай байгаагаа хэлэхэд De Niro маш
их сонирхон хүлээж авсан байдаг, хожим кино зохиол бэлэн болж Sergio Leone дахин түүнтэй холбогдоход De
Niro шууд саналыг хүлээж авсан байдаг.. Нью Иоркийн нэгэн зочид буудалд Sergio
Leone, De Niro болон продюсер нар уулзалт хийжээ; De Niro бие засахаар жорлонд
ортол түүний өмнө жорлонд орсон Sergio Leone суултуур дээгүүр хамаа замбараагүй
шээсэн байсанд De Niro маш их уурлаж, үүгээрээ Sergio Leone өөрийнхөө хүч
чадлыг харуулахыг хүссэн гэж үзээд төслөөс гарна гэж шийдээд байсныг продюсер
шаргуу ятгасаар авч үлдсэн байдаг..
Noodles-ын дүрд Harvey Keitel, Dustin
Hoffman, John Malkovich болон Jon Voight нарын шилдэгүүдийн нэрс яригдаж байсан
бол Deborah-ын дүрд Brooke Shields бараг сонгогдоод байж; гэвч уг дүрийг
Elisabeth McGovern авч, харин хүүхэд насных нь дүрийг Jennifer Connelly
бутээсэн агаад жүжигчдийн сонгон шалгаруулалт хийгээд дүрүүдтэй холбогдох зарим
сонирхолтой баримтыг хойно өгүүлэх болно.. киноны зураг авалтын ихэнх Италийн
Cinecitta студид авагдсан бол Paris, St. Petersburg, Florida болон Montreal зэрэг газруудад зарим
зураг авалт хийгджээ.. харин еврейчуудын дүүргийг харуулсан хэсгийн ихэнхийг
20-д оны үеийг харуулсан засалттай Brooklyn-д авсан агаад чухам энэ гудамжинд
Sergio Leone-ын гол баатруудын хүүхэд нас өнгөрч, анхны гэмт хэргээ үйлдэж, цаг
хугацаа өнгөрөх тусах тэдний асуудал улам нухацтайгаар өснө. Энэ хэсэгт
дүрүүдийн амьдрал одоо үеэс өнгөрсөн рүү шилжихдээ гол дүрийн дурсамжийн
цуглуулга юм шиг санагдана. Киноны эхний хэсэгт Noodles алуурчинаас нуугдаад
хар тамхины байранд хар тамхи татаад байж байдаг агаад гэнэтхэн хотыг орхин
явдаг билээ.. Noodles-г 30 жилийн дараа эргэж ирэхэд л үзэгчид түүний бага
насны амьдралыг ажиглах боломжтой болдогийн дээр түүний найзуудтай танилцдаг..
Sergio Leone цаг хугацааны хувьд байнга урагшилж бас хойшлохдоо дүрүүдийнхээ
амьдралын өөр өөр үе шатыг харуулаад зогсохгүй 1920-д оны Manhattan-ын
еврейчуудын хороололын ядуурал, 1930-д оны
хуурай хуулийн гэмт хэргийн амьдрал хийгээд 1968 оны Нью Иоркийн аюултай
гудамж гээд нэгдсэн улсын 3 өөр үеийг дүрсэлжээ. "Америк бол өөрчлөмтгий
зүйл бөгөөд үргэлж зөрчилдөж байдаг, зөрчилдөөнөөр дүүрэн байдаг нь үргэлж миний
сэтгэлийг хамгийн ихээр татдаг. Дэлхий Америкийн дотор байдаг, энэ тив дотроо
ертөнцийг агуулдаг бөгөөд тиймээс энэ газар зөрчилдөөн байнга өсч байдаг. Миний
харах дуртай зөрчилдөөний нэг бол Америкт хамгийн их мөнгө олдог кинонууд болох
"Mary Poppins" болон "Deep Throat" нарын нэг нь нөгөөгөөсөө
ялгарах байдал боловч нийгэм үүнийг нэг юм гэж хардаг" ~ Sergio Leone..
найруулагч Sergio Leone энэ ертөнцийг "Америкт" гэж бүтээхдээ зөвхөн
гоо үзэсгэлэн төдийгүй реалистик байдлаар дүрсэлжээ.. тэрбээр нуран унасан мөрөөдөөд хийгээд
амьдралын утга учир бол нөхөрлөл, амьдрал бол нөхөрлөл гэсэн байдлыг, мөн
нөхөрлөлөөс урвах байдлыг гүн гүнзгий бөгөөд нарийн дүрсэлсэн анхны кино суутан
юм.. бүхий л хүүхэд нас нь ядууралд өнгөрсөн еврей хүүхдүүдээр дамжуулан Америк
мөрөөдлийн хуурмаг чанарыг Sergio Leone үзүүлэхдээ ядууралд өссөн тэдгээр
хүүхдүүдийн асуудлыг шийдэх ганц арга нь гэмт хэрэг ба тэднийг орчин нь гэмших
юмуу гэм буруугаа хүлээх мэдрэмжгүй болгодог ажээ.. энэ бол өнөөдөр ч дэлхийг
ноёлж байгаа эр хүйстний хорт байдлыг бүдүүлгээр дүрсэлсэн кино бөгөөд зовж
өссөн хүүхдүүд байгалиасаа хүчирхийлэл болон авилгын замаар хүчирхэгжиж буйг
харуулсан түүх юм. Мөн урьд өмнө нь хэвшсэн зүйлд тооцогдож байсан хүлээн
зөвшөөрөмгүй эмэгтэй хүнийг үзэн ядах байдлын оновчтой хурцаар дүрсэлсэн хөрөг
ба эмэгтэй хүний эсрэг үйлдэгддэг хүчирхийллийг нарийвчлан, өчүүхэн ч
хязгаарлалтгүй үзүүлсэн үнэн дүр зураг болой..
мөн өөрийгөө хайртай эмэгтэйгээс
доогуур түвшнийх болохыг мэдэрч, уг мэдрэмж нь түүний цор ганц Чаддаг арга
болох хүчирхийлэлд хөтөлсөнөөр хайртай эмэгтэйгээ алдах агаад эмэгтэй өөрийн
хүндэтгэх амьдралыг буюу авъяас чадвараа хөгжүүлж, хувийн замналаа сонгосноор
хаягдаж үлдэж байгаа эрийн түүх бөлгөө.. "Once Upon a time in
America" бол бидний бусдад үнэнч байхын тухай, бидний БАЙХЫН чухал нэг
хэсэг болсон насан туршийн нөхөрлөлийн төлөө бид хүслээ, ашиг сонирхолоо ихэнх
тохиолдолд золиослодоггүй тухай хүүрнэл юм.. энэ түүхэнд хамгийн бага
эсэргүүцэлтэй амьдралын замыг сонгосон хийгээд амьдрах цор ганц аргаараа амьдарсаар
байгаад үүндээ эцэст нь унасан эрийн талаар юм. Энэ кино бол амьдралын зарчимаа
амьд байлгаж, дурсамжаа хадгалж, нүднийх нь өмнө нуран унаж байгаа амьдралаа
хий хоосон биш гэсэн харууслаас үүдэлтэй өөрийн чөлөөт хүсэл болон ухамсарт
сонголтоороо худал бүхэнд итгэж буй хүний үлгэр юм.
Энэ кино бол ядуу дорой,
орхигдож хоцорсон хүмүүсийн талаарх түвэгтэй хийгээд нарийн өнгө аясаар урласан
үлгэр ба үлгэрт ариун цэвэр шалтгаанаар хийгдсэн байсан ч урвалтыг дагалддаг
гэмшлийн тухай, зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаа ч шархыг эдгээдэггүй, шархдсан
зүрхтэн өөрөө шархаа эдгэрэх замыг эрж хардаггүй тухай гарна.. "Once Upon
a time in America" кинонд жүжигчдийн сэтгэл хөдлөлийн нарийн өнгө аясыг
нүүрнийх нь гадна тал дээр гаргаж ирэхийн тулд камер үргэлж татаж томруулсан,
удаан тогтсон байдлаар авах агаад энэ нь үзэгчдээс анхаарал болон тэвчээр
шаардана. Киноны удаан хэмнэл нь дүрүүдийн сэтгэл, мэдрэмжийг ойлгоход тус
болох бөгөөд товчхондоо уг чанар нь киног яруу найраглаг болгодог.. 1984 оны
зун нэгдсэн улсын театруудаар кино гарч эхлэхэд америкийн ихэнх кино
шүүмжлэгчид хийгээд үзэгчид киног ойлгосонгүй, үнэлсэнгүй: учир нь нэгдсэн
улсын кино борлуулагчид Sergio Leone-ын шедеврт шударга бусаар гар хүрсэн
бүдүүлэг хэргээс болсон юм.
Киноны зураг авалт эцэслэн дуусахад найруулагчийн
гартаа 8-10 цагийн материалтай үлджээ; ингээд тэрээр эвлүүлэг Nino Baragli-ын
хамтаар засч янзлан 6 цагийн материалтай болж, улмаар киногоо тус бүр нь 3 цаг
үргэлжлэх 2 бүлгэгтэй гаргахаар зорьж байв. Түүний хувилбар дэндүү урт байна
гэгдэж продюсеруудад таалагдсангүй; ингэж үзэх шалтгаан нь 1976 онд Bernardo
Bertolucci-ын хоёр бүлэгт, ланжгар урт "1900" бүтээлийн дампуурал
байсан ба продюсерууд шатахыг хүсээгүй учраас Sergio Leone-г киногоо өшөө
богиносго хэмээн үүрэгджээ. Тийнхүү дахиад тайрч 296 минут болгосон ч
продюсеруудад таалагдахгүй л байв, Sergio Leone эцэст нь 229 минут үргэлжлэх
хувилбар бэлэн болгосон нь 1984 оны Канны кино наадамд оролцсон бөгөөд үзэгчид
15 минут босон алга ташсан байдаг, мөн Европын театруудаар энэ хувилбараар гарч
эхэлжээ. Тус хувилбар Европын үзэгчид хийгээд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан
буюу "Once Upon a time in America" бол найруулга, жүжиглэлт,
зураглаачийн болон өгүүлэмжийн хувьд урлагийн сод бүтээл мөн гэж үнэлэгдэх
болов.
Харин Америкийн үзэгчид тун азгүй байсан буюу уг шедеврийн богиносгосон
139 минутын хувилбарыг үзсэн агаад шүүмжлэгч Roger Ebert Америкийн хувилбарыг
хошин шог, яргалуулсан хувилбар гэж хэлж байв. Уг доромжлолыг тэд Sergio
Leone-ын хяналтгүйгээр, мөн түүний хүслийн эсрэг хийгдсэн ба зэрэмдлэгдсэн
хувилбар мэдээж хүн танихын аргагүй болсоноос гадна киноны багийн хийгээд
жүжигчдийг Оскарт өрсөлдөх боломжийг үгүй хийсэн гэж үздэг. Доромжлол ингээл
зогссонгүй; уг киноны хөгжмийг бичсэн Sergio Leone-тэй олон кинон дээр нь
хамтарч ажилласан домогт Ennio Morricone-ын нэрийг киноны эхний кредитээс
хассанаар Ennio Morricone-ын ажил Оскарт өрсөлдөх боломжгүй болсон байдаг.. уг
киноны хөгжмийг би хувьдаа ихээхэн бишрэн дээдэлж, бүх цаг үеийн хамгийн шилдэг
киноны хөгжмүүдийн нэг гэж боддогоос гадна Ennio Morricone-ын оргил ажил гэж
тооцдог.
Америкийн 139 минутын хувилбар олон давхар алдаа дагуулсан байдаг,
тухайлбал; Sergio Leone-ын шугаман бус өгүүлэмжийг хроник байдлаар орхиж, олон
урт сцэнийг хаясны дотор Noodles-ын хүүхэд насыг дүрсэлсэн чухал хэсгийг байсан
агаад мөн гэнэт өмнө нь танилцуулаагүй дүр гарч ирэх, дүрүүдийн хоорондын
харилцаа тодорхойгүй санагдах зэргээр чухал мэдээллүүд алдагдсан байдаг.
Төгсгөл нь уг киног хамгийн хоёрдмол утгатай киноны нэг болгодог бөгөөд Кино
нээлтээ хийснээс хойш олон жил маргаан дагуулж, хэдэн арван онол санаа бий болж
байв, нэг үгээр киног бүтээхийн төлөө зүтгэж хичээсэн хүмүүсийн хөдөлмөр,
золиос, сэтгэл зүрхийг Америк хувилбар зүгээр л шатаачихсан ба киноны тэр ид
шид, утгатай болгож байсан тэр хэсгийг суга татан авсанаар танигдахын аргагүй
ойлгомжгүй зүйл болгожээ. Тус бүдүүлэг явдлаас болж Sergio Leone сэтгэлээр
унаж, сэтгэлийн гүн шарх авсан агаад хэдэн жилийн дараа зүрхний шигдээсээр
өнгөрөхөд үхлийн шалтгааныг дээрх явдалтай холбож үзэгсэд маш олон байдгийн
дотор уг кинонд Max-ын дүрд тоглосон James Woods багтдаг. 2011 онд Италийн кино
лаборатори найруулагчийн эх хувилбарыг буюу 269 минутын хувилбарыг сэргээн
гаргахаар болсоноо зарлаж, үйл явцын
Sergio Leone-ын хүүхэд хянахаа мэдэгдсэн; энэ нь өмнө нь хэний ч үзээгүй
хэсгүүд багтсан хувилбар байв. Гэвч зарим нэг хууль зүйн асуудлаас болж 18
минутын сцэнийг дахин сэргээх боломжгүй болж 251 минут үргэлжлэх хувилбар л
эцэслэсэн үлдсэн ба нэмэлтэд ороогүй 18 минутын сцэнэтэй хувилбар нь хэзээ
нэгэн цагт үзэгчдийн хүртээл болно хэмээн хүлээгддэг бөлгөө. 251 минутын
хувилбар 2012 онд Канны кино наадмаар үзэгчдэд хүрсэн ба Martin Scorsese-ын
тусламжтайгаар DVD-Blu-ray болж гарсан байдаг; ингэснээр үзэгчид киноны
төгсгөлд үзэгчид хүссэнээрээ тайлбар хийж болохын дээр киноны хоёрдмол утга
хөндөгдөөгүй хэвээр үлдэх боломж нээлттэйгээр үлджээ.
Киноны төгсгөл хийгээд
Max-ын хувь тавилангийн талаар James Woods ч өөрөө сайн ойлгодоггүй гэдгээ
хэлсэн байдаг агаад найруулагч энэ талаар түүнд тоймтой юм хэлээгүй гэсэн буй.
Кино тэр чигээрээ Noodles-ын мансуурлаас үүдэлтэй зүүд мөрөөдөл үү? Эсхүл хар
тамхиар өдөөгдөж сэргэсэн тод дурсамж уу? Үгүй бол түүний хийсэн бүхэндээ
гэмшиж ирээдүйд ямар байхыгаа төсөөлсөн сэтгэлийн тайтгарал уу? Ямар ч хариулт
байлаа гэсэн уг кино бол Америкийн кино түүхийн хуудсанд хамгийн чухал бүлэг
болсон киноны нэг юм. Меланхолик, амбиц, хууран мэхлэлтийн холимог бясалгал
болсон уг киногоо Sergio Leone гангстер жанрынх болгохыг зорьсон ч бодит байдал
дээр гангстерыг романтик руу шилжүүлсэн гэдэг ба мөн тэрээр Европын арт кино
хэлийг өөрийн нэрийн хуудас бүхий чамин кино зан араншинтай мэдрэмжтэйгээр
гэрлүүлсэн гэж үздэг. Sergio Leone
гангстер жанрыг нэг шат урагшлуулахдаа давхар нарийн сэдэвчилсзн кино хэлбэрт бүтцийг
мөн урагшлуулсан нь том мөрөөдөл хийгээд сохроор итгэсний муу үр нөлөө
хорломтгой бөгөөд аюултайг харуулна. Яг л яруу найраг шиг эл бүтээл бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 100-р байрт жагсаж байна.
Уг киног америкийн
хуурай хуулийн үеийг хамгийн сайн дүрсэлсэн бүтээл гэдэг ба Time Out сэтгүүл
бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 гангстер кино жагсаалтынхаа 9-р байрт
эрэмбэлжээ. Sergio Leone, Robert De Niro нар өөр өөр хандлагатай хүмүүс хэдий ч
тэднийг төгс байхыг эрхэмлэдэг чанар нь нэгтгэдэг байсан агаад олны хэсгийг
авах нэгэн зураг авалтын үеэр нэг хүүхэд камер руу хараад байна гэсэн
шалтгаанаар тэр хэсгийг 35 удаа авсан байдаг. Robert De Niro бол дүрдээ орж,
дүрээрээ амьдарч тоглодог Method арга барилаар тоглодог жүжигчин, тэгвэл түүний
энэ арга барил бусдад ядаргаатай санагддаг байсны дотор James Woods түүний энэ
аргад тун дургүй байсан гэдэг. Max-ын дүрд Joe Pesci анх тоглохоор
шалгаруулалтад орсон байдаг, гэвч Sergio Leone түүнийг энэ дүрд тохирохгүй,
гэхдээ боломжтой дүр гарвал заавал тоглуулна гэсэн байдаг, Joe Pesci De Niro-ын
сайн найз байсан учраас бараг энэ кинонд тоглосон гэж хэлж болно. Al Pacino
болон Jack Nicholson нар Noodles-ын дүрээс татгалзаж байсан ба De Niro дүрийн
судалгаа болгон бодит амьдрал дээрх зартай мафийн босс Meyer Lansky гэгчтэй
уулзахыг хүссэн ч Meyer Lansky саналаас татгалзсан байдаг.
Залуухан Deborah-ын
дүр нь Jennifer Connelly-ын анхны кино байсан ба тэрээр 12 настай байж, уг
киноноос хойш од болсон байдаг бол нас
бие гүйцсэн Deborah-ын дүрд анх Brooke Shields тоглохоор төлөвлөгдөөд байсан
боловч холливуудын кино зохиолчид төслөөс гарсанаар Elisabeth McGovern-д уг дүр
шилжжээ. Sergio Leone Max-ынхаа дүрд 200 гаруй жүжигчинийг шалгаруултад оруулж
байсан бөгөөд киноны эхэнд утасны хонх 24 удаа дуугардаг ажээ. Deborah-той Холбоотой
толины ухвар санаа; 1923 онд Deborah анх арын өрөөнд бүжиглэхдээ тэрээр
өөрийгөө толинд хардаг. Дараа нь тэрээр Noodles-г тохуурхан чи өөрийгөө нэг
толинд хараач хэмээдэг. 1933 онд, тэрээр Noodles-тэй дахин уулзахынхаа өмнө
авсаархан толинд өөрийгөөө хардаг. 1968 онд, тэрээр Noodles-тэй хамт байх
хугацааны туршид толины өмнө байдаг ажээ. Sergio Leone уг киногоороо өмнөх
үеийнхээ гангстер кинонуудад хүндэтгэл үзүүлсэн нь; Noodles-ын хүүхэд насныхаа
үеийн гэрт ирдэг хэсэг Dead End (1937) кинотой адилхан. Noodles-ын залуу
насныхаа өдрүүдийг дурсдаг хэсэг High Sierra (1941) бүтээлээс улбаатай юм.
Angels with dirty faces (1938) гэдэг кинон дээр багаасаа нөхөрлөсөн хоёр залуу
өөр өөр замаар нас биед хүрч байгаа талаар гарах бөгөөд хожим тэд дахин уулзаж
хуучны цагаа дурсаж байгааг харуулдаг нь "Once Upon a time in
America" кинотой төстэй биш гэж үү?. Цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлт нь улс
төр, бүлэг холбоодод шинэ эринийг авчирч байгаа тухай Bullets or Ballots (1936)
кинонд өгүүлдэг нь мөн "Once Upon a time in America" бүтээлтэй
адилхан юм. Нэгэн гангстер (Max) параной өвчтэй болж байгаа талаар White heat
(1949) кинонд өгүүлдэг. Галт тэрэгний буудал дахь чемодантай хэсэг бол The Killing
(1956) кинонд үзүүлсэн хүндэтгэл ажээ. "Your men will fall by the
sword" гэдэг ишлэлийг Little Caesar (1931) киноноос санаа авчээ. Noodles
болон Deborah нарын харилцаа нь The Roaring Twenties (1939) киноны гол
дүрүүдийн романтик харилцаатай төстэй. Хятад театрын сцэн бол The lady from
Shanghai (1947) кинонд үзүүлсэн хүндэтгэл юм. Noodles Сенатор Bailey'-ын гэрт
очдог хэсэг The big heat (1953) киноныхтой давхацдаг бөлгөө..
Тун хөдөлмөрч, уран, мэдээлэл өгсөн бичвэр байна.
ReplyDeleteБаярлалаа
ReplyDelete