Занаду хүрэх зам


 Citizen Kane (1941). Америкийн нэрт кино найруулагч Orson Welles-н продюсерлэж, Herman J. Mankiewicz-тэй хамтран зохиолыг нь бичиж, өөрөө голд дүрд нь тоглосон драм. Энэ түүний анхны бүрэн хэмжээний кино байв. Бараг шахуу намтарчилсан уг киноны гол баатар Charles Foster Kane-г Америкийн хэвлэл мэдээллийн баронууд болох William Randolph Hearst болон Joseph Pulitzer, мөн Чикагогийн магнатууд Samuel Insull, Harold McCormick нарыг нийлүүлэн бүтээсэн гэдгээс гадна кино зохиолчдын өөрсдийнх нь амьдрал ч туссан гэж үздэг. Welles-н Меркури театрын (Welles-н үүсгэн байгуулсан репертуар театрын компани) Бродвайд гаргасан амжилт, 1938 оны Меркури театрын маргаан дагуулсан "The War of the Worlds" нэвтрүүлгийн дараа Холливууд түүнийг сонирхож эхэлсэн. Welles 1939 онд RKO pictures-тэй гэрээ байгуулсан. Туршлагагүй найруулагчийн хувьд энэ нь хэвийн бус үзэгдэл байсан ч студи түүнд түүхийг хөгжүүлэх, жүжигчдийн ба кино багаа өөрөө бүрдүүлэх, эцсийн эвлүүлгийг хийх эрх чөлөөг олгосон байдаг.

  Төслийг эхлүүлэх гэсэн хоёр бүтэлгүй оролдлогын дараа Welles Mankiewicz-тай хамтран кино зохиолыг бичиж, үндсэн зураг авалт 1940 онд эхлээд киноны нээлт 1941 онд болсон. Нээлтийн дараа Hearst сонинуудаараа дамжуулан уг киног үзүүлэхийг хориглох ёстой гэсэн ухуулга хийж байв. Кино критикүүдээс өндөр үнэлгээ авсан ч санхүүгийн хувьд алдагдал хүлээжээ. Үүнээс хойш олны анхаарлаас аажмаар гарсаар Andre Bazin тэргүүтэй Францын критикүүд дахин судалж, магтсанаар олны анхааралд ахин орж, 1956 онд дахин нээлтээ хийж байв. "Citizen Kane" киног бүх цаг үеийн хамгийн аугаа кино гэж үздэг; Их Британий Sight & Sound сэтгүүлийн санал асуулгаар 1962 оноос 2002 он хүртэл нэгдүгээр байрт заларч байсан бол миний мэдэхийн Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны жагсаалтыг үргэлж тэргүүлж ирсэн гайхамшигтай бүтээл билээ. Тухайн жилийн Оскарын наадамд 9 төрлөөр нэр дэвшиж, шилдэг эх кино зохиол шагналыг хүртсэн. Уг кинонд зураглаачаар ажилласан Gregg Toland, эвлүүлэгч Robert Wise, хөгжмийн зохиолч Bernard Herrmann нарын ажил болон өгүүлэмжийн бүтцийг шинэлэг, цаг үеэсээ түрүүлсэн гэж үздэг. Orson Welles-н эх сурвалжийн ном болсон энэ бүтээл өнөөдөр ч гайхшруулам хэвээрээ байна. Welles-н эрх мэдлийн мөн чанарын тухай хожим гаргасан эргэцүүлсэн кинонуудаас сэдэвчлэлийн хувьд арай бага байж магадгүй ч Занадугийн хориотой хаалганы эхлэл кадраас авхуулаад алга болж буй Rosebud-н сүүлчийн харагдац хүртэл энэ кино баясгам, бишрүүлэм хэвээрээ л байна. Үзэх тусам улам сайжирдаг энэ киноны гүнд орцгооё.

"Citizen Kane" кино гол болон туслах дүрүүдийнхээ ихэнхэд өмнө нь кинонд тоглож байгаагүй жүжигчдийг ашигласан явдал нь ховор тохиолдол болсон. Welles арван жүжигчинг Меркури театраасаа авч тоглуулсан ба намтар судлаач Charles Higham бичихдээ, найруулагч маань Меркури театрынхаа жүжигчдийг ашиглах дуртай байсан аж. Чухам эндээс кино жүжигчдийн ихэнх нь кино урлагийн замналаа эхлүүлжээ. Уг киногоор Joseph Cotten, Agnes Moorehead, Ray Collins, William Alland, Paul Stewart, Everett Sloane, Erskine Sanford болон мэдээж Welles кино жүжигчний дебютээ хийсэн. Кинонд тоглож байгаагүй ч зарим нь театрт ажиллаад алдартай болчихно байсан; жишээлбэл, Cotten Katherine Hepburn тэй хамтран "The Philadelphia Story" хит жүжигт тоглоод бродвайн од болчихсон байлаа. Тэгвэл бүх жүжигчдийг Меркури театраас аваагүй буюу Welles 1938 оноос хойш "Linda Winters" нэрээр туслах дүрүүдэд тоглож байсан жүжигчин Dorothy Comingore-г Susan Alexander Kane-н дүрд сонгон авсан. Dorothy-г Charlie Chaplin олж нээсэн бөгөөд Chaplin Welles-д санал болгожээ.

Энэ кино бол Америк мөрөөдөл гэдэг бол хоосон хүслээс өөр юу ч биш гэдгийг үзүүлсэн анхны кинонуудын нэг юм. Эцэг эхтэйгээ навсгар байшинд амьдарч, амьдрал нь ядруухан байсан ч Kane хүүхэд байхдаа л бүрэн дүүрэн жаргалтай байдаг. Түүнтэй тоглох хүүхэд байдаггүй байсан ч тэр гэртээ байхдаа амгалан, аюулгүй байж, ганцаарддаггүй байв. Thatcher Kane-г энэ газраас нь холдуулаад оронд нь Америкийн мөрөөдөл буюу материаллаг тансаглал, санхүүгийн баялгийг өгдөг. Гэсэн хэдий ч Kane эдгээр зүйлс нь өөрийг нь жаргалтай болгохгүй байгааг олж мэдэхийн дээр мөн сэтгэлийн ханамжийг санхүүгийн ханамжаар солиод нэмэргүй болохыг эцэстээ ухаардаг. Америк мөрөөдөл гэдэг Kane-н хувьд хоосон юм. Kane насанд хүрээд аз жаргалаа өөрийн гараар бүтээхийн төлөө бус харин хайрыг мөнгөөр худалдаж авах эсхүл бусдыг өөр шигээ зовлонтой болгохын тулд мөнгө, эрх мэдлээ ашигладаг. Эд баялаг нь Kane-г бусдаас тусгаарлаж, тэрээр тансаг харшдаа ганцаараа үхдэг. Тэр жинхэнэ өөрийг нь гэсэн хүмүүсийн дунд бус харин энэ бүхнийг орлуулсан эд зүйлсийн дунд үхдэг. Хүний амьдрал дуусч, үхэнгүүт амьдралыг нь тайлбарлахад хэцүү байдаг талаарх сэдэв уг киноны үндсэн сэдэв юм. Түүний амьдралын тухай гүн гүнзгийгээр буулгасан намтар киног үзсэнийхээ дараа продюсер сэтгүүлчдээс тун энгийн асуулт асуудаг; Charles Foster Kane гэж чухамдаа хэн байсан бэ?.

  Энэ хүн бол эд хөрөнгө, ололт амжилт, үйлдлүүдийнхээ нийлбэрээр илэрхийлэгдэх албагүй, харин илүү гүн гүнзгий ямар нэг зүйл түүнийг жолооддог байсныг продюсер ухаардаг. Олон нийтэд харагдаж байгаа ололт амжилтаас нь илүү зүйл байсан гэдгээ Kane-н сүүлчийн хэлсэн үгнээс харж болно; энэ бол "rosebud". Сурвалжлагч Thompson-н эрэл хайгуулын явцад, мөн Kane-тэй ойр дотно байсан хүмүүстэй хийсэн яриануудаар Kane-н амьдрал түүхээ аажмаар дэлгэдэг бөгөөд хүмүүсийн янз бүрийн санаа, бодолд тэдний өрөөсгөл бодол шингэсэн байдаг ба дурсамжууд нь эцсийн дүндээ хоёрдмол, бас найдваргүй байдаг. Кинонд, Kane өөрийнхөө түүхийг ярьж амждаггүй, хэрвээ тэр ярьсан бол түүнийг мэддэг хүмүүсийнхээс хэр зэрэг ялгаатай байх байсан бол гэж үзэгчид боддог. Кинонд гарах хэн ч Kane-д юу тэгтэл их нөлөөлснийг мэддэггүй. Зөвхөн Thatcher л түүнийг бүрэн ойлгох боломжтой байсан боловч тэрээр ганцаардмал хүүхдийг ойлгож энэрэхээсээ илүүтэй мөнгөнд л шуналтсан хүн байв. Thatcher балчир Kane-г консерватизм, хөрөнгө оруулагч гэж алслагдсан хөндий нүдээр хардаг. Түүний амьдралын тухай төрөл бүрийн үзэл бодол, ялангуяа Kane-н өөрийнх нь санаа, бодол байхгүй байгаа нь түүний амьдралд юу үнэхээр чухал байсан бэ гэсэн эргэцүүлэл төрүүлэхээс гадна ер нь амьдралыг юу бүрдүүлдэг юм бэ гэсэн асуултыг үзэгчдэд үлдээнэ.

  Kane-н сүүлчийн үгнээс харахад түүний амьдралын хамгийн чухал хэсэг хэвлэлийн магнат, улс төрийн амбиц, нөхөрлөл бус, харин тэр үхэж байхдаа хүүхэд насаа дурсдаг; материалист өнцгөөс харахад амьдрал нь эгнэгт өөрчлөгдсөн ч энэ нь түүнийг сул дорой, ганцаардмал нэгэн болгожээ, эцэст нь. Үзэгч бид Kane-н түүхийг өөрийнх нь дурсамжаас бус, харин таньдаг хүмүүсийнх нь дурсамжаас олж мэддэг. Хамгийн найдваргүй хүүрнэгчдийн нэг Bernstein сурвалжлагч Thompson-д хүний санах ой гэдэг гайхмаар зүйл шүү гэж хэлж байгаа нь дурсамжийн талаарх анхны ач холбогдолтой санааг өгдөг. Bernstein-н Kane-н тухай дурсамжууд нь түүний Kane-г бишрэлээр бүрхэгдсэн байдаг буюу Kane улам бүр ялзарч, хөндийрч байсан ч энэ бишрэл үргэлжилсээр байдаг. Bernstein мөн Thompson-д ганц удаа харсан ч хэзээ ч мартдаггүй охины тухай хэлдэг, энэ нь Kane-н бага насны идеалист, бараг зохиомол фантааз дурсамжтай төстэй юм. Thompson дараа нь хөгшрөлтийн нөлөөнөөс болж зовж шаналж буй Leland-тай уулздаг; Leland Kane-н эдлэн газрын (Занаду) нэрийг санахгүй байна гэж хэлдэг бөгөөд эл ой санамжийн муудалт нь дүр эсгэлт байж болох авч энэ нь Leland-н дурсамжийн найдвартай эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Susan Alexander Kane-тэй өнгөрүүлсэн амьдралаа хөлчүүрлийн манан дундаас өгүүлдэг бөгөөд мэдээж энэ нь түүний дурсамжийн үнэн зөв байдалд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр бүдэг бадаг дурсамжууд болон идеалчлалууд нь нэгэн цагт маш хүчирхэг байсан хүнээс үлдэж хоцорсон цорын ганц зүйл юм. Түүний амжилт хичнээн аугаа байсан ч тэр хүн л юм хойно эцэстээ мартагдах болно.

  Кино судлаач, түүхчид "Citizen Kane" киног Welles-н кино урлагийн янз бүрээр хэлбэрийг судлаад судалсан бүхнээ нэгтгэн кино урлах шинэ хэв маягийг цогцлоох гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч найруулагч маань кинонд урлагт дурласан үеэ кино хийж эхэлсэнээс л эхэлсэн гэсэн нь сонирхолтой. Тухайн цаг үеийнхээ тогтсон кино хийх аргаас эрс өөрөөр буюу анхны киногоо бүтээж буй найруулагч ийм радикал байхад юу нөлөөлсөн бэ гэхэд тэрээр: "Мэдэхгүй байх, огтоос мэдэхгүй байх, цэвэр хоосон байх, үүнтэй ижилсэх өөртөө итгэх итгэл гэж байхгүй. Зөвхөн мэргэжлийн талаар аливааг мэддэг байх үед та аймхай, болгоомжтой байдаг гэж би боддог" гэж хариулжээ. Харин критикч David Bordwell: "Уг киног ойлгох хамгийн сайн арга бол киног техникийн ялгуусан ялалт гэж шүтэхээ болих явдал" гэжээ. Мөн тэрээр "Citizen Kane" нь гүн фокустай кадр, таазны кадр, хиароскуро гэрэлтүүлэг, хугацааны үсэрсэн монтаж гэх мэт алдартай техникүүдийг зохион бүтээгээгүй, эдгээр техникийн хэв маягийн ихэнхийг 1920-оод оны Германы экспрессионист кинонууд, жишээлбэл "The Cabinet of Dr. Caligari" зэрэг кинонд ашиглаж байсан гэж маргажээ. Гэвч Bordwell эл киног эдгээр техникүүдийг анх удаа нэгтгэж, ганц кинонд төгс ашигласан гэж бичжээ.

  1948 онд өгсөн ярилцлагадаа алдарт кино найруулагч D. W. Griffith: "Би "Citizen Kane"-д дуртай, ялангуяа надаас авсан санаануудад дуртай". Уг бүтээлийн кино урлагт оруулсан шинэчлэлийн эсрэг маргааныг 1945 онд Францын түүхч Georges Sadoul тэргүүлж байсан ба тэрээр ах дүү Lumiere нар кадрын урд тал болон ард талын зохиомжийг ашигладаг байсан, Georges Melies угаасаа тусгай эффект ашигласан байсан, мөн Erich von Stroheim "Greed" кинондоо таазны кадрыг ашигласан бол Dziga Vertov-н кинонууд баримтат киноны монтажтай байсан гэж бичжээ. Тэгвэл Францын зартай кино критикч Andre Bazin уг киног өмгөөлж; "Citizen Kane" кино илүү боловсронгуй линз ашигласан тул Lumiere-н зураг авалттай харьцуулашгүй, ерөнхий агуулга нь 1933 оны "The Power and the Glory" кинотой төстэй гэсэн буй. Andre Bazin: "Хэдий Welles энэ кинонд ашигласан киноны төхөөрөмж, хэрэгслийг зохион бүтээгээгүй ч зорилго утгыг нь нээсэн". Уг кино уламжлалт шугаман, хронолог өгүүлэмжээс татгалзаж, Kane-н түүхийг бүхэлд нь эргэн дурсах хэлбэрээр өөр өөр өнцгөөс ингэхдээ дийлэнх нь Kane-н хөгширсөн, мартамхай танилуудаас өгүүлдэг, энэ нь уран зохиолын найдваргүй хүүрнэгчийн аргыг кинонд ашигласан гэсэн үг. Welles мөн ганц өгүүлэгчийн санаанаас татгалзаж, гол баатрынхаа амьдралыг өгүүлэхийн тулд олон хүүрнэгч ашигласан явдал нь өмнө нь Холливуудын кинонуудад ашиглаж байгаагүй арга техник байв.

  Өгүүлэгч болгон Kane-н амьдралын янз бүрийн хэсгийг өгүүлдэг бөгөөд түүх болгон нь өөр хоорондоо хагас байдлаар давхцдаг. Кинонд Kane-г нууцлаг байдлаар дүрсэлсэн ба үзэгчдэд түүний хэн болох талаар хариулт өгөхийн оронд олон асуулт үлдээдэг тийм түвэгтэй дүр юм. Тухайлбал, түүнийг коммунист болон фашист гэж дайрч байгаа мэдээний бичлэг кинонд гардаг билээ. Холливуудын өмнөх кинонуудад, ялангуяа "The Power and the Glory" кинонд эргэн дурсах техникийг ашиглаж байсан ч "Citizen Kane" шиг гүнзгий ашиглаагүй. Сурвалжлагч Thompson үзэгчдийн өмнөөс ажиллаж Kane-н танилуудаас асуулт асууж, түүний амьдралыг нэгтгэдэг. Тухайн цагийн кинонууд "бүгдийг мэддэг өнцгөөс" хүүрнэдэг байсан нь үзэгчдэд ойлгохгүй ертөнц рүү гэмгүйгээр харж байгаа мэт хуурмаг мэдрэмж өгдөг байв. "Citizen Kane" мөн "гуравдугаар сарын мэдээ"-ийн үзэгдэл хүртэл ийм байдлаар эхэлж, үүний дараагаас үзэгч бид киног бусдын өнцгөөс хардаг. "Гуравдугаар сарын мэдээ"-ийн үзэгдэл нь киноны эхэнд гол баатрын амьдралын бүхэл бүтэн тоймыг өгч, үзэгчдийг кино хэрхэн төгсөх бол гэсэн гайх хүлээлтгүй болгочихдог. Оронд нь кинонд болсон явдлуудыг дахин давтах нь үзэгчдийг "Rosebud" гэж ямар утгатай үг болохыг олж мэдэх шалтаг дор Kane-н амьдрал яагаад ийм байдлаар өрнөсөн бэ гэдгийг шинжлэхэд хүргэдэг. Дараа нь кино төгсгөлийн сцэнд бүгдийг мэдэгчийн өнцөгт эргээ ирдэг ба зөвхөн үзэгчид л "Rosebud" гэж юу болохыг олж мэддэг.
Эл бүтээлийн хамгийн шинэлэг техникийн аспект нь гүн фокусыг өргөтгөсөн байдлаар ашигласан байдал байсан ба кадрын наад тал болон арын тал, тэдгээрийн хоорондын бүхнийг тод фокусаар авсан буй. Зураглаач Toland үүнийг камерын линз болоод гэрэлтүүлгийн туршилтын үр дүнд хийсэн гэдэг. Кинонд ашигласан өөр нэгэн хэвшмэл бус арга бол нам өнцгийн кадрыг өөд нь харуулсан явдал байсан ба ингэснээр тайзыг хэд хэдэн сцэнд арын дэвсгэр болгон харуулах боломж бүрджээ. Бүхий л тайз чимэглэлд тааз байсан агаад энэ нь студийн уламжлалт байдлыг зөрчсөн хэрэг байсан; түүнчлэн ихэнхэд нь микрофоныг материлын хаа нэг газар нууж байршуулжээ. Welles камер нүдэнд харагдаж байгааг л харуулах ёстой гэж үзсэн, тэрээр тааз байхгүй мэт дүр эсгэх нь театрын тааруу уламжлалт ойлголт гэж хэлсэн. Тэрээр нам өнцгийн харагдацад татагдсан нь байр доторх уйтгартай зураглалыг ч асар сонирхолтой болгосон. Kane сонгуульд ялагдсаны дараа Kane, Leland хоёр уулзаж байгааг тун нам өнцгөөс харуулдаг; эл зураглалыг авахын тулд Toland, Welles хоёр бетонон шал өрөмдөн ухаад нүхэнд камераа байршуулж байгаад авсан байдаг. Welles өөрийнхөөрөө нэрийг Toland-н нэртэй нэг кредитэд гаргахыг хүссэн буюу "Би Toland-д маш их өртэй. Тэр гайхамшигтай байсан. Тэр бол хамгийн шилдэг зураглаач мөн" гэж хэлсэн буй.

"Citizen Kane" кинонд цаг хугацаа, орон зайг агшаахын тулд эвлүүлгийг үр дүнтэйгээр ашигласан ба найруулагч маань Kane-н анхны гэрлэлтийн сүйрлийг таван богино хэсэгт өгүүллэхдээ 16 жилийг дэлгэцнээ хоёр минутад багтаан харуулдаг. Өглөөний цайтай сцэний санааг зохиолч Thornton Wilder-н "The Long Christmas Dinner" гэдэг ганц үзэгдэлт жүжгээс "хулгайлсан" аж. Кинонд цаг хугацаа өнгөрч байгааг, энэ нь дүрүүдийн сэтгэлзүйд нөлөөлж байгааг тодотгохын тулд урт аажмаар дүрс солигдох кадр ашигласан; тухайлбал, залуухан Kane-г Thatcher аваад явсны дараа орхигдсон чаргыг цасанд хучигдаж байгаагаас харж болно. Welles-д Орос найруулагч Sergei Eisenstein-н монтажийн онол нөлөөлсөн, тэрээр Kane-н үхлээс эхлээд "Гуравдугаар сарын мэдээ"-ийн үзэгдэл, Raymond-н эргэн дурсалтын эхлэлийн Австрали тотьтой гэнэтийн кадр зэрэг "гэнэтийн график юмуу хамаарлын контраст үүсгэсэн" огцом тайралтуудыг ашигласан. Мөн кинонд монтажаас илүү мизансцэнийг түлхүү ашигласан байдаг ба нэгэн судлаачийн онцолсноор, Welles Холливуудын стандарт техникийг багахан ашигласнаар сэтгэлзүйн илэрхийллийг сэргээж өгсөн ажээ. Welles гол дүрийнхээ эх сурвалжийн тухай хэзээ ч баталгаатай мэдээлэл өгч байгаагүй.

  Продюсер Houseman бичихдээ, Kane бол янз бүрийн хүмүүсийн синтиз ба ингэхдээ Hearst-н амьдрал дээр тулгуурлан босгожээ. Мэдээж зарим үйл явдал, нарийн ширийн зүйлийг зохиожээ. Houseman болон мөн Mankiewicz-н хэлснээр, Pulitzer, Northcliffe, Herbert Bayard нарын сэтгүүлзүйн аваргуудын талаарх явган яриануудыг уран сайханжуулсан аж. Найруулагч маань хэлэхдээ, Hearst Kane-тэй нэлээд төстэй байсан хэдий ч Kane-г түүнээс сэдэвлээгүй гэсэн нь сонирхолтой. Харин Welles гол дүрийнх нь аспектүүд Чикагод байхдаа мэддэг байсан хоёр бизнесийн магнатууд болох Samuel Insull, Harold McCormick нарын амьдралаас сэдэвлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Leland-н дүрийг Welles-н багын найз продюсер George Stevens-н авга ах театрын критикч Ashton Stevens гэгчээс сэдэвлэж. Зарим зүйлсийг Mankiewicz-н Нью-Йоркт жүжгийн критикчээр ажиллаж байх үеийн хувийн туршлагад үндэслэсэн аж. Susan Alexander-н дүрийг Hearst-н нууц амраг жүжигчин Marion Davies-ээс сэдэвлэсэн гэж үздэг бөгөөд Hearst энэ жүжигчин хүүхний замналыг удирддаг байв. Үүнээс болж Hearst "Citizen Kane" киног жадлан эсэргүүцэж байсан гэсэн таамаглал бий. Харин найруулагч маань үүнийг үгүйсгэж, Dorothy-н дүрээс Marion шал өөр хүн байсан, ер бусын эмэгтэй байсан гэжээ.

Кинонд гардаг алдарт "Rosebud" чаргын кредитийг Welles Mankiewicz-д өгсөн; намтар судлаачдын бичсэнээр чарга нь Mankiewicz-н хүүхэд байхдаа хулгайд алдсан дугуйтай нь холбоотой ба нандигнан хайрладаг байсан дугуйгаа алдаад тэр сэтгэлээр унаж байсан аж. Энэ дугуй кинонд Kane-н үнэт эрдэнэ чарганы загвар болжээ. Намтар судлаач Patrick McGilligan-н мэдээлснээр, "Rosebud" гэдэг үгийг Mankiewicz өөрөө өгсөн буюу тэрээр сайхь нэрийг алдартай уралдааны морь болох "Old Rosebud" гэдгээс авсан байна; 1914 онд Mankiewicz морин уралдааны үеэр "Old Rosebud" морин дээр бооцоо тавьж ялж байжээ. Судлаач Laura Mulvey "Citizen Kane" кино дахь анти-фашист сэдвүүдийг судалсан; "Гуравдугаар сарын мэдээ"-ийн үзэгдэлд Kane Hitler болон бусад дарангуйлагчидтай нөхөрлөж, тэрээр олон түмэнд дайн гарахгүй гэж бардам хэлж байгааг харуулдаг. Mulvey-н үзэж буйгаар эл кино нь тухайн үед Америкт өрнөж байсан "интервенц ба тусгаарлах үзлийн хоорондын тулааныг тусгажээ. Эл бүтээл уран гоёор тусгаарлах үзлийн хувь тавиланг зүйрлэлээр биелүүлсэн буюу Kane хувь тавилан болох Европын соёл, түүхийн хогоор хүрээлэгдэн баян чинээлэг ч ганцаардмал байдлаар үхдэг.

Сэтгүүлч Ignacio Ramonet уг киног олон нийтийн санаа бодлыг масс медиагаар хэрхэн ударддаг болохыг, мөн хэвлэл мэдээллийн конгломератууд демократын үйл явцад нөлөөлөх эрх мэдэлтэй байсан эхэн үеийн тод жишээ гэж үзсэн; түүнчлэн тэрээр хэвлэл мэдээллийн магнат улс төрд нөлөөлж байгаа эл жишээ эртнийх, хуучирсан, харин өнөөдөр мянга мянган Kane шиг эрх мэдэлтэй хэвлэл мэдээллийн бүлэглэлүүд үүссэн гэжээ. Америкийн ерөнхийлөгч Donald Trump ба Kane хоёрын замналыг өнөө цагт ихээхэн харьцуулах болсон ба өөрийг нь Kane-тэй харьцуулсанд Trump баярлаад зогсохгүй "Citizen Kane"-г өөрийнхөө хамгийн дуртай кинонуудын нэгээр нэрлэжээ. Кино нээлтээ хийсэн тухайн цаг үед критикүүд бишрэхээс баалах хүртэл янз бүр байсан; критикч Bosley Crowther: "Энэ кино Холливуудад хийгдсэн хамгийн дуулиантай кино болоход ойрхон байна. Welles-д итгэ, тэр юмыг дутуу дулимаг хийдэггүй. Дэлгэцнээ тэрээр өөрийнхөө уудам хүссэнээрээ чөлөөтэй тоглоход хангалттай байхуйц том талбайг олж нээжээ. Үүнийхээ үр дүнд тэрээр асар их, өргөн цараатай киног бүтээж чадсан ба энэ нь физик хэмжээсээр бус харин бодлын хурдтай, график эргэлтээр илэрдэг".

The Washington Post сонин энэ бүтээлийг кино урлагийн түүхэн дэх хамгийн чухал кинонуудын нэг гэсэн бол The Washington Evening Star сонин Welles-г өөр нэг суутны гайхалтай драматик намтарыг бүтээсэн суутан гээд киног хувьсгалт кино гэж магтсан. Критикч Kate Cameron "Citizen Kane"-г Холливуудын студиэс гарсан хамгийн сонирхолтой төдийгүй техникийн хувьд дээд зэргийн киноны нэг гэсэн буй. Time сэтгүүл кино хийх, түүх өгүүлэх чухал шинэ техникүүдийг олсон гэсэн байхад Life сэтгүүл Холливуудаас ийм хүчирхэг өгүүлэмжтэй, ийм оригнал техниктэй, ийм сэтгэл хөдөлгөм зураглалтай кино цөөхөн гарсан гэж. Критикч John O'Hara өөрийнхөө үзэж байсан хамгийн шилдэг кино, Welles бол жүжиглэлтийн түүхэн дэх хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин гэж нэрлэсэн бөгөөд Welles түүний бичвэрийг хамгийн шилдэг кино бичвэр гэсэн байдаг. 

Comments