Хайр ингэж харагддаг

 


Betty Blue (1986). Францын кино найруулагч Jean-Jacques Beineix-н эротик, сэтгэлзүйн драм. Францын зохиолч Philippe Djian-н "37°2 le matin" романаас сэдэвлэн Beineix кино зохиолоо бичсэн ба киноны гол дүрүүдэд Béatrice Dalle, Jean-Hugues Anglade хоёр тоглосон. Уг кино Оскарын кино наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд өрсөлдсөн, мөн тухайн оныхоо Францын хамгийн их ашиг орлого олсон наймдах кино болсон. Найруулагч Beineix-н хэлснээр, Béatrice, Anglade хоёр кино зураг авалт үеэр мэргэжлийн харилцаанаас илүү дотно байсан гэдэг: "тэд цаг үргэлж аальгүйтэн сээтэгнэж байсан. Бид кино хийж байгаа эсэх нь ч мэдэгдэхээ больсон байсан. Тэд ер бусын түүхээр амьдарсан" гэсэн буй. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Зохиол бичих авъяастай Zorg \34 настай\ амьдрахын эрхээр хүсэл болсон ажлаа түр хойш тавин Франц нутгийн нэгэн далайн эрэг дээр нийтийн байруудыг засч, тохижуулдаг ажил хийж амьдарна. Тэрээр нэлээд дэврүүн сэтгэлтэй, хүлцэнгүй дуулгавартай байрын, ер хайхрамжгүй хүн.Түүний амьдралд Betty \19 настай\ хэмээх бүсгүй орж ирсэнээр бичих онгод нь дахин хөглөгдөхийн дээр нэгэн хэвийн амьдрал нь үүрд адал явдлаар солигдоно. Betty түүнээс яг эсрэгээрээ хүн. Хурц, огцом араншинтай агаад зарим талаараа хүүхэд шиг гэж хэлмээр. Гал шиг энэ бүсгүй гаднах үзэмжээрээ ч гал шиг халуухан ба эр хүн бүрийн хүсэмжит бүсгүй болно; ингээд хосууд хамт ажиллаж, амьдарна. Тарчигхан ч гэсэн хоёр биесээ гэсэн хайрынхаа халуунд тэд жаргалтай байцгаана. Нэг нартай өдөр Zorg-н дарга хүрч ирээд залууг толгой түрүүгүй загнана. Энэ байдлыг тэвчихгүй Betty дарга руу дайрч давшилна. Zorg-н хүлцэнгүй, үл тоомсорлосон байдалд уурссан бүсгүй гэр орноо буулгаж гарна. Ингэж хуурай агсамнаж байгаад Zorg-н “нуусан” байсан бараг арван ширхэг тэмдгэлэлийн дэвтрийг олно; тэмдэглэл биш үнэндээ зохиол гар бичмэл байв.

  Хайртай залуугийнхаа авъясыг олж нээсэндээ урамшсан Betty бүх дэвтрийг өглөө хүртэл уншина; үүнд Zorg дургүйцэнгүй байх агаад дахиж бичихээ больё гэж бодож байжээ. Зөвхөн хамт амьдрахад ханьтай, сексийн гайхалтай хамтрагчаас гадна оюун ухааны хувьд гайхалтай чадварлаг хүн болохын таньсан Betty жинхэнэ утгаараа, үнэнгээсээ Zorg-г хүндэлж, дундрашгүй хайраар хайрлаж эхэлнэ. Мөн гар бичмэлийг нь хэвлүүлж Zorg-н мөрөөдлийг биелүүлэхээр хатуу шийднэ. Zorg-н дарга дахиад л ирж тэднийг дарамтлана. Энэ удаа Betty тэсэрч даргын үнэтэй машин руу будаг цацаж, дараа нь уурандаа гэрээ шатаан түймэрдэнэ. Хосууд орох оронгүй, ер нь далайн эрэг дээр байх эцэсгүй болж Парис явж амьдрахаар морьдоно. Парист Betty дотно найз Lisa дээрээ очно. Lisa бяцхан зочид буудал ажиллуулан амьдардаг бөгөөд манай хосуудыг уриалгахан угтаж, өрөө гарган өгч хамт аж төрж эхэлнэ. Энэ үеэр Betty Zorg-н гар бичмэлүүдийг бичгийн машин дээр цохож бэлэн болгоод хэвлэлийн газарт хүргүүлнэ.

  Өглөө бүр нааштай хариу хүлээн шуудангаа шалгах Betty-д Zorg улам хайртай болсоор. Lisa энэ хооронд жижигхэн зоогийн газар ажиллуулдаг Eddy гэгч залуутай дотносож, улмаар хоёр хос, дөрвөн хүн хамт эвтэй найртай амьдарна. Эрхэлсэн ажилгүй Zorg, Betty хоёрт Eddy өөрийнхөө зоогийн газарт зөөгчөөр ажиллах санал тавина. Zorg, Betty хоёр зөөгчөөр ажиллана. Zorg-н номны хариу ирэхгүйд бухимдах болсон Betty ажил дээрээ нэг ааштай үйлчлүүлэгчтэйгээ муудаж, дүрэлзэтлээ уурласан Betty үйлчлүүлэгчээ сэрээгээр хатгаж орхино. Betty-н ааш авир мэдэгдэхүйц хувиран байгааг Zorg болон найзууд анзаарч эхэлнэ. Нэг уурлахаараа тогтоомгүй авирлан эргэн тойрныхоо эд юмсыг эвдэж сүйрүүлэхээс гадна хүн рүү догшрон дайрч байв. Zorg-н номыг хэвлүүлэн нийтлэхгүй гэсэн хариу ирнэ. Betty үүнд үхтлээ уурлаж нийтлэлийн газрын эрхлэгчийнхэн гэрт очин нүүрийг самаар исгэчихнэ. Энэ явдлаас болж Zorg, Betty хоёр дахин нүүнэ. Zorg бүсгүйн төрсөн өдрөөр сүйн бөгж өгөх бөгөөд Betty энэ үеэр жирэмсэн болсоноо мэдэн тэд жаргалаар бялхана, гэвч Betty андуурсан байлаа; жирэмсэн болоогүйдээ улам бухимдах болсон тэрээр сүүлдээ зүгээр сууж байгаад уурладаг, уурлахаараа юу ч хамаагүй хийдэг, нэг ёсондоо галзуу хүн болсон байв.

  Хий юм сонсоод байна гэх бүсгүй өдөр ирэх тусам нүдэн дээр солиорч байлаа. Харин Zorg энэ бүхэнд итгэхийг хүссэнгүй, чадахаараа тэмцэж байх шиг л санагдана; Бүр сүүлдээ мөнгө олж Betty-г л жаргалтай байлгахын төлөө банк хүртэл дээрэмдэнэ, ингээд нэмэргүйг ухаарсан ч Betty-г солиорч байгаатай эвлэрч өгөхгүй байв. Zorg гэртээ ирэхэд гэрээр нь дүүрэн цусны толбо байх ба Betty эмнэлэгт хүргэгдсэн байв. Betty нэг нүдээ сохолсон байлаа. мөн эмч Betty-г эдгэрэхээргүй сэтгэцийн өвчинтэй болохыг хэлнэ. Хамгийн хайртай хүнээ хоёрын хооронд ингэж амьдруулахыг Zorg хүссэнгүй. Хуучны мэддэг Betty нэгэнт үгүй болсон байлаа. Нэг шөнө Zorg эмнэлэгт нууцаар орж Betty-н амийг хөнөөдөг; гэртээ эргэж ирээд шинэ ном бичиж эхэлдэг.

  1989 онд кино критикч Raphael Bassan "cinema du look" гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Францын кино урлагт наяад оны эхээр эхэлж, ерээд он хүртэл үргэлжилсэн хандлагыг Bassan судалж үзээд Jean-Jacques Beineix, Leos Carax, Luc Besson нарын найруулагчдын бүтээлүүдэд нийтлэг шинж чанар байгааг олж тодорхойлжээ. Эдгээр найруулагчид ерөнхийдөө хүчтэй идеолигиос зайлсхийсэн кино хийдэг байсан (1960-1970-аад оны Францын кино урлаг улс төржсөн байсантай харьцуулахад хамаагүй бага) ба арт кино урлагаас илүүтэй зар сурталчилгаа, загвар, комик ном зэргээс санаа сэдэл авдаг байв. Тэд сэтгэлзүйн реализмаас илүү өнгөлөг тод, экспрессионист зураглалыг чухалчилж, мөн фантаазтай залгаа ертөнцийг бүтээж, гоо зүйн хувьд киноны түүхүүддээ (голдуу золгүй тавилантай романтик нөхцөлд байгаа гадуурхагдсан, тэнэмэл залуучуудад төвлөрдөг) сэтгэл хөдлөл, фатализмын хүчтэй мэдрэмж өгдөг. Америкийн онолч Fredric Jameson 1981 онд гарсан Beineix-н дебют ажил болох "Diva" киног "Францын анхны постмодерн кино" буюу медиа-хандлагатай, харааны дүрслэлийг чухалчилсан cinema du look хөдөлгөөнийг илэрхийлсэн, тус хөдөлгөөнийг үүсгэгч анхны киноны нэг гэжээ. Дуурийн дуучин хүүхэнд гүнзгий дурласан, мөн цагдаа, гангстер нартай нэгэн зэрэг орооцолдсон хөвгүүний тухай өгүүлдэг "Diva" нь триллер жанрын кино боловч эл бүтээл дүрүүдийнхээ төрх байдлыг ажиглах, эсхүл зүгээр л дүрслэлийн бүтээлч байдалдаа найдахаас илүүтэй нягт чанд өгүүлэмжийг төвийлгөх сонирхолтой байдаг аж.

  Критикч Roger Ebert Beineix-г жүжигчидтэйгээ зэрлэг, урьдчилан таамаглах аргагүй зүйлсийг хийдэг зоригтой найруулагч гэсэн байдаг. Хоёр жилийн дараа найруулагч маань Gerard Depardieu, Nastassja Kinski хоёроор толгойлуулсан "The Moon in the Gutter" гэдэг драм хийсэн ч амжилт олоогүй ба "Betty Blue" киногоороо л "Diva" кинонд нь ажиглагдсан хэтрүүлэгтэй дүрслэл, дүр, түүхийг улам сайжруулан гаргаж тавьсан. Phillippe Djian-н романаас сэдэвлэсэн уг кино тогтсон, удаан хөдөлгөөнтэй камераар нарийвчлалтайгаар зурагласан ил тод сексийн сцэнээр эхэлдэг бөгөөд энэ үед эрэгтэй гол дүр болох Zorg-н дуу хоолой орж ирээд: Би Betty-г таньдаг болоод долоо хонож байна. Бид шөнө болгон хурьцдаг. Цаг агаарын мэдээгээр шуурга болно гэсэн" гэж хэлдэг; Zorg Betty-н үүсгэсэн шуургыг хүүхнээс өөрөөс нь илүү давж гарах болно. Cinema du look-ийн кинонуудын (ялангуяа Cahiers du cinema сэтгүүлийн критикүүд) өнгөцхөн гэж шүүмжилдэг байсан, үүнээс "Betty Blue" ч зайлсхийж чадаагүй ба кино нээлтээ хийхэд критикч Serge Toubiana Cahiers-д бичсэн нийтлэлдээ, киног гоё харагддаг ч  хэсэгчилсэн, томоогүй цуврал зургуудаас бүтсэн гэж шүүмжилсэн.

Beineix зар сурталчилгааны найруулагч хийж байсан ба "Betty Blue" киноны зураг авалтын найруулагчаар Jean-Francois Robin хамтран ажилласан байдаг. Robin хожим, Beineix тэр хоёр киноны зарим сцэнийг санаатайгаар анхаарал татахуйц гял тодоор хийсэн гэж хэлсэн байдаг; Zorg, Betty хоёрын чихрэн ягаан, оюу ногоон өнгөөр будсан далайн эргийн байшин, Zorg-н нимбэгний шаргал Мерседес хийгээд Betty-н өмсдөг гал улаан даашинз зэргээс кинонд тод өнгөнүүдийг ашигласныг харж болно. Киноны зураглалын өөрийгөө ухаарсан байдал нь үйл явдлаасаа тийм ч салангид бус, харин сцэний сэтгэл хөдөлгөм өнгө аясыг тодруулахад үйлчилдэг; тухайлбал, Betty-н болгоомжгүй байдлыг онцлохын тулд амар тайвныг эрхэмлэдэг эгэл Zorg өөрийгөө хүчлэн Betty-д таарч тохируулж байгаагаас харж болно. Ханасан өнгө, хүчтэй гэрэлтүүлгээр дүрүүдийн нэг өвөрмөц орчин эсхүл нөхцөлөөс нөгөөд шилжихэд түлхэц болж өгдөг. Эдгээр нь бүгд Beineix-н бүтээж буй өгүүлэмжийн ертөнцийн итгэмээргүй, фантааз зүйлстэй нийцэн тохирч байдаг; Betty нэг шөнийн дотор Zorg-н 25 тэмдэглэлийн дэвтрийг уншаад дараа нь бичгийн машин дээр бичиж чаддаггүй хэрнээ роман болгочихдог нь үнэмшээргүй хэрэг мөн.

Түүнчлэн төрсөн өдрийн лаатай бялууг машиныхаа тээшинд хийгээд урт аяллыг тулсан ч эцэст нь бялууны лаа асаалттай хэвээрээ байдаг нь утгагүй хэрэг билээ. Хачирхалтай байдал нь эл бүтээлийн бүх дүрийг хамардаг боловч тэд бүгдээрээ итгэхүйц сэтгэл булаам, өвөрмөц хэвээрээ үлдэж чаддаг. Тэдний хоорондын харилцааг сайн зурагласан учраас ийм сэтгэл хөдөлгөм байдаг болов уу. Өсөлт хийгээд уруудалт, секс ба хүчирхийлэл, эмгэнэлт явдал болон эмх замбараагүйтлийг үл харгалзан энэ бол таны зочлохыг хүсэх ертөнц юм. Өнөөдөр "Betty Blue" киноны талаар ярилцахдаа нүцгэлэлт, сексийн агуулгатай нь холбох хандлага голдуу ажиглагддаг ба зарим нь бүр миний порнограф гэж эгдүүцэж байгаа явдал бол киноны нарийн түвэгтэй бүтэц хийгээд эмэгтэй гол дүрийн сэтгэлийг ойлгох талыг огт харахгүй орхигдуулж байгаа харамсалтай явдал мөн. Beineix бидэнд Betty-г Zorg-н харцаар дамжуулан танилцуулаад эцэст нь энэ харц Betty-д хэр хор хохиролтой болохыг үзүүлдэг. Zorg Betty-г идэвхгүй байдлаас нь гаргаж, бүтээлч, сексийн хувьд сэрээх зорилготой байсан бол нэгэнт "сэрсэн" хүүхнийг өөрийнхөө зэрлэг, эротик фантаазын санаандаа хадгалж үлдэхэд л зөвхөн анхаарсанаар Betty-г бүрэн дүүрэн хувь хүн гэж харахаас татгалзаад зогсохгүй сэтгэцийн өвчнийг нь лавшруулахад хүргэдэг. Beineix ингэж харуулахдаа догматикаас хол байдаг боловч Zorg-н мэдрэмжийг онцлон сонгосноор хүүхнийг гэх сэтгэл учир дутагдалтай болж, улмаар үзэгчдэд Betty-г гутаан доромжилж байгаагаар ойлгогдоно; ингэснээр үзэгчид Zorg-г буруутгаж, яагаад тэр ийм эрхтэй юм гэсэн олон асуултыг үүсгэнэ.

Мөн түүнчлэн, камер Betty-н нүцгэн биеийг увайгүйгээр үзүүлснийг мөлжлөг гэж өнгөцхөн дүгнэж болох авч үнэндээ Beineix жүжигчин Béatrice-д дүрийнхээ сексийн амьдрал, зан төрхийг судалж чөлөөтэй тоглох эрхийг өгсөнтэй холбоотой ба Béatrice чөлөөтэй орон зайд өөрийгөө сүйтгэгч, бараан хошин шогийн мэдрэмжтэй, омголон хүүхнийг дүрийг бүтээж чаджээ. Тухайлбал, Zorg, Betty хоёрын анхны янагладаг хэсэгт камер тэдний нүцгэн биесийг тодотгосоод зогсохгүй эрэгтэй найруулагчдын майнстрийм киноны секс сцэнүүдэд ховорхон харагддаг эмэгтэй хүн өөрийгөө таашаан жаргаж байгааг харуулдаг. Дээд зэргийн тогтворгүй бэлгийн эрч хүчтэй Betty бол эмэгтэй хүний хүсэл тачаал болон эрх чөлөөний хүчийг сэргээгч хөрөг аж. Betty, Zorg хоёрын дунд бие махбодийн хүсэл таталцлаас гадна жинхэнэ хайр энхрийлэл ч байдаг. Beineix хосуудыг ихэвчлэн нүцгэн байгаагаар дүрсэлдэг бөгөөд ингэхдээ тэдний биеийг ямагт эротик байдлаар дүрсэлдэг гэсэн үг биш, энэ нь заримдаа харилцааны гүн гүнзгий тайтгарал болон эмзэгхэн шинжийг харуулдаг.

  Zorg Betty-д хайртай ч түүний ааш авирын үндэс юу болохыг санаатайгаар үл тоомсорлодог; жишээлбэл, Betty толгойдоо дуу хоолой сонсоод байна гэхэд Zorg чи салхи л сонсоо биз гээд хайхардаггүй билээ. Béatrice эрэгтэй хүний мөрөөдлийн объект, мөн сэтгэцийн асуудалтай эмэгтэйн дүрийг гайхамшигтай бүтээсэн бөгөөд энэ баялаг дүр бүтээлт түүний дебют байсан. "Betty Blue: киногоороо Béatrice олон улсад алдаршиж, Claire Denis, Michael Haneke, Jim Jarmusch нарын том найруулагчтай хамтран ажиллажээ. Уг киноны өнгөлөг гадаргуу, харагдац нь cinema du look хөдөлгөөний гол кинонуудын нэг болгодог. Энэ киног гоёмсог хайрцаг гэж төсөөлвөл, дотор нь өөрийгөө таних гэсэн хүүхэн болон түүнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн эрэгтэй харагдах ба харамсалтай нь, киноны төгсгөлд, хүүхэн өөрийгөө мэдэхгүй байсаар үхдэг шиг үзэгч бидэнд ч Betty оршиж байгаагүй мэт санагдана. 

Comments