Нууц амрагуудад өрөө түрээслүүлэгч

 


The Apartment (1960). Америкийн домогт кино найруулагч Billy Wilder-н романтик комеди. Тэрээр продюсерээр ажилласнаас гадна I. A. L. Diamond-той хамтран кино зохиолоо бичсэн. Киноны гол дүрүүдэд Jack Lemmon, Shirley MacLaine, Fted MacMurray нар тоглосон. Киноны сэдэв илэрхий завхайрал, араар тавилтын тухай байсан тул маргаан дагуулсан ч критикүүдээс өндөр үнэлгээ авч, ашиг ч сайн олж, тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон 8 дахь кино болсон. Мөн Оскарын наадамд 10 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн нийт 5 төрөлд ялалт байгуулж, Lemmon, MacLaine хоёр шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрүүдэд өрсөлджээ. Найруулагч Wilder-н уламжлалт цинизим энэ кинонд аядуу зөөлөн хошигнол, романтик, жинхэнэ гунигтай шинжээр төгөлдөржин гарч ирдэг.

"The Apartment" маргаангүй найруулагчийн хамгийн инээдтэй, хамгийн эвлэршгүй бараан комеди кинонуудын нэг бөгөөд кино дахь MacLaine-н төгсгөлийн мөр Wilder-н өөр нэг шедевр комеди болох "Some Like It Hot" киноны мартагдашгүй төгсгөлийн мөртэй адилтгам гайхамшигтай. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 53-р байрт жагсаагаад буй. Америкийн Кино Зохиолчдын Холбоо эл киноны зохиолыг түүхэн дэх хамгийн шилдэг 15 дахь кино зохиолоор шалгаруулсан. BBC бүх цаг үеийн хамгийн шилдэг 27 дахв комеди киногоор нэрлэсэн бол Premiere хамгийн шилдэг 50 комеди киноны тоонд багтаажээ. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

1959 оны арваннэгдүгээр сарын жиндүүхэн шөнө, Нью Иорк хотын нэгэн нийтийн орон сууцны өмнө унтлагынхаа хувцас дээр шууд гадаах хүрмээ өмссөн, гуч эргэм настай болов уу гэмээр эр хараал зүхэл тавин, тэсгэл алдан хэн нэгнийг хүлээж, нааш цааш \даарахгүйн тулд\ холхино. Энэ эрийг Baxter гэдэг бөгөөд Нью Иорк хотын тэнгэр баганадсан барилгад даатгалын том компанид ажиллана. Baxter сайн ажилчин ба ирээдүйд тус компаний өндөр албан тушаалд очих зорилготой, уг зорилгодоо хүрэхээр нарийн нэгэн, чухамдаа суут санаа олж, уг суут санаагаа амжилттай хэрэгжүүлж байгааг дуулгахын ялдамд чухам тэр санааны төлөө \шанд нь\ гэрийнхээ гадаа хөлдөж үхэх гээд нойргүй холхилж буй нь энэ болой. Одоо би танд, Baxter-ын албан тушаал ахих суут санааг товч бөгөөд тодорхой өгүүлэхийг хичээе. Энэ санаа бол ёс суртахуунгүй боловч хурдан дэвших санаа бөгөөд Baxter өөрийн байраа ажлынхаа газрын дарга нарт түрээслүүлж, дарга нар нь тохирсон өдрөө өөрсдийн нууц амрагаа юмуу нэг шөнийн амрагуудтайгаа очиж зугаацна. Baxter-ын байр хотын төвд, олны нүднээс далд амраглахад тун зохисон газар байх агаад дөрвөн дарга дөрвүүл өөр өөрсдийн нэрэмжит өдөртэй. Шанд нь манай хүн юу авах юм бэ гэж үү? Албан тушаал, өөрөөр хэлбэл дөрвөн дарга бүр дээд даргадаа Baxter-г магтан сайшааж, зүтгүүлсээр ахархан хугацаанд замналыг нь сайжруулах юм.

  Хэтрүүлэн хэлбэл, тус компанид тэрээр хийх ёстой ажлаа биш ажлынхныхаа бөөр бөгсний явдлыг зохицуулдаг маягийн ажилтан \мэдээж нууц\ болсон байх ба сэтгэлдээ энэ бүхнийг жигшин, үнэнч хайрыг эрэн \ажлынх нь бараг бүгд хоорондоо явалддаг\ гунирхана. Ингээд, зовсны эцэст жаргадаг ёсоор нөхөр Baxter түншүүдийнхээ арын хаалгаар албан тушаал дэвшинэ. Уг баяраа Baxter ажлынхаа цахилгаан шатны ажилтан Fran гэгч бүсгүйтэй хуваалцахаар хамгийн түрүүнд зорих агаад Baxter бүсгүйд сэтгэл алдраад удаж буй билээ.. Fran бол манайхны хэлдэгээр хөдөөнөөс ирсэн бүсгүй бөгөөд их хотод ирээд хөл алдан, зарим нэг алдаа гаргасныг хойно өгүүлнэ. Fran Baxter-д сайн ч биш бас муу ч биш, нөхөрсөг харьцаж, анхны болзох саналаас нь эелдэгээр татгалзаад өөр болзогчтой гэж хэлнэ. Тэгэвч Baxter сэтгэлээр уналгүй, бүсгүйг өөрийн болгох хүслээ үл орхино. Учир нь, уг хотын төдийгүй компаниас нь цор ганц мэдэх хамгийн цэвэр ариун, журамтай бүсгүй гэж Fran-г үзэж, үнэлдэг билээ. Энэ үед том дарга Sheldrake өрөөндөө Baxter-г дууд нэгэн санал тавих ба уг санал Baxter-ын баяр дээр баяр нэмсэн хэрэг байв. Учир нь, Sheldrake байраа түрээслүүлэхийг хүсээд хариуд нь өөрийн туслах болох ховорхон санал тавина, нэг үгээр Sheldrake бас нууц амрагтайгаа Baxter-ын байрыг хэрэглэхийг хүсэж, хүсэл ч тэр дороо биелж, хоёр тал тохиролцоно.

Ийнхүү өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд зул сарын баярын үдэшлэг компани даяар болно. Baxter байраа дарга Sheldrake-дээ түрээслүүлсээр бөгөөд даргатайгаа уулзахдаа эмэгтэй хүний хагарсан толийг гэрээсээ олсон, таны амрагийнх байх гэж өгөхөд дарга нь бид хоёр жаал түр тар хийсэн гээд толийг авдаг. Ингээд Baxter ажлаа хийсээр байгаа Fran дээр хоёр хундага дарс барьсаар, аминдаа хамт баяраа тэмдэглэх гэж очих ба өнөөх хагарсан толь нь Fran-нд байхыг, ерөөсөө түүний толь болохыг ухаарч мэдэн маш их эмзэглэж бас гутравч үүнийгээ дотроо тэвчинэ. Хайртай бүсгүй нь даргатай нь явалддаг, тэгээд бүр өөрийнх нь гэрт зугаацдаг болохыг мэдэх новшийн бол хамгийн их итгэж, бүхнээс дээдлэн үздэг бүсгүйн бусдын адил банзал болохыг мэдэх адгийн байлаа, Baxter-д. Одоо түрүүн дутуу орхисон Fran-ын талаархаа гүйцээе. Fran хүсэл мөрөөдлөөр дүүрэн их хотод ирсэн ч баахан бүтэлгүйтсэний эцэст нэг юм ажилд орсон нь сайхь даатгалын компани агаад дарга Sheldrake-ын халамж ивээл, сайхан үгсэд итгэн татагдаж, толгой эргэсэн залуухан бүсгүй түүнтэй хэсэг явалдаад эхнэртэйг нь мэдээд салсан авч Baxter-ын болзох санал тавих тэр өдрөөс эхлэн дахин Sheldrake-тэй уулзаж эхэлсэн бөгөөд дахин нийлэх шалтгаан нь Sheldrake-ын эхнэрээсээ салж өөртэй нь сууна гэсэн тангараг болой.

  Түрүүн дурдсан зул сарын баярын үдэшлэгийн үеэр Sheldrake-ын нарийн бичиг хүүхэн Fran дээр ирээд: Sheldrake-ын хэлж байгаа бүхэн худлаа, эхнэрээсээ сална гэдэг нь дандаа хэлдэг худал мэх нь, би чиний өмнөх хохирогч байна, надаас өмнө хоёр ч хүүхэн байсан, чи бас сүүлийнх нь ч биш гэж хэлдэг. Тэр үдэшлэгийн оройдоо Sheldrake, Fran хоёр Baxter-ын гэрт бөөн хэрүүл уруул болж, Fran баяраар надтай хамт байгаа ч гэхэд Sheldrake удахгүй эхнэрээсээ салахаараа хамт байна гээд сайхан баярлаарай хэмээгээд мөнгө өгнө, эл үйлдэл бүсгүйд үнэнхүү доромж санагдаж, Sheldrake-ыг явсан хойно өөртөө гутран Sheldrake-д гомдон тэр гэрт байх нойрны эмийг бүгдийг нь ууж орхино. Энэ үед гутарсан Baxter бааранд умаа хум болтлоо ууж бас болоогүй нэг хүүхэн дагуулсаар гэртээ \тохирсон ёсоор гэрт хэнч байх ёсгүй үе\ орж иртэл үхлүүт Fran-ыг олж балмагдан сандарна. Азаар Baxter-ын хөрш мундаг эмч байсны ачаар бүсгүйн амийг аварна. Бие нэлээн муудаж бас очих газаргүй болсон Fran-ыг Baxter гэртээ асарч тойлон байлгана, ганц хоёр хоног. Бүсгүй Baxter-ээс үхтлээ ичих бол Baxter түүнд тусалж бас хайрласаар л байдаг.

  Baxter Sheldrake-руу утастаж, хурдан ирэхийг хүсээд болсон бүхнийг хэлэхэд, Sheldrake түүнд: чи наагуураа аргал, би эхнэр хүүхдүүдтэйгээ байх ёстой гээд халгаахгүй. Энэ зуур бие сайжирсан Fran Sheldrake-ыг эхнэрээс нь салгаж өөрийн болгодог юмуу энэ тэр гэсэн юм ярих бол Baxter тэгж болохгүй, чи дараа нь насаараа өөрийгөө үзэн ядна шүү гэдэг. Эдгээр хоёр хоногийн хугацаанд Fran болон Baxter хоёрын харьцаа нэлээд дотно болж ирэх бөгөөд бүсгүйн Baxter-г харах, бодох бүхэн өөрчлөгдөж ирнэ. Ийнхүү, дараагийн өдөр ирэхэд Sheldrake амалсанаараа Baxter-г өөрийн туслахаараа авсанаа мэдэгдэнгээ эхнэрээсээ салсанаа хэлнэ, чухам юу болов гэвэл нарийн бичиг хүүхнээ \экс амраг\  халж орхиж. Нарийн бичиг хүүхэн шар нь гозойн нөхрийнх нь талаар бүх үнэнийг эхнэрт нь хэлж, ингээд хүссэн хүсээгүй салахаар болж. Энэ мэдээ Fran-нд сайхан бол Baxter-д муухай мэдээ болно. Шинэ жилийн өмнөх өдөр ирнэ. Sheldrake дахиад Baxter-аас байраа зээлдүүлэхийг хүсэхэд энэ бүх булай, моралгүй балиар явдалд дахиж оролцож, нэг хэсэг нь байж чадахгүйгээ Baxter даргадаа шууд хэлээд сайн дураараа халагдаж байна гээд явчихна. План өөрчлөгдөхөд Sheldrake, Fran хоёр оноо угтахаар бааранд суух ба Sheldrake Baxter-ын хэрхэн амандаа орсон шар тосыг хэлээрэй түлхэсэн тэнэгийг ярихыг бүсгүй сайтар сонсож, оюундаа дүгнэлт хийнэ. Тэгээд дүгнэлт нь: Sheldrake бол хайр минь биш, харин Baxter бол миний жинхэнэ хайр юм байна гэж гарна. Бүсгүй Baxter-ын гэр рүү гүйж очоод яг хаалганд хүрэх агшинд буу юмуу оргилуун дарсын онгойлгох хүчтэй чанга дуу гарна.

Найруулагч Wilder, кино зохиолч Diamond  хоёо "Some Like It Hot" киноныхоо амжилтын дараа жүжигчин Jack Lemmon-той дахин нэг кино хийхийг хүссэн. Wilder анх жүжигчин Paul Douglas-г Sheldrake-н дүрд тоглуулахаар төлөвлөж байсан ч Douglas гэнэтийн байдлаар нас барснаар Fred MacMurray орложээ. Анхны концепт нь зохиолч Noel Coward-н  алдарт "Brief Encounter" киноны илүү "насанд хүрэгчдийн" хувилбар байсан ч тухайн үеийн цензурын хуулиас болж больсон буюу Уайлдар 1940-д онд ер нь "завхайрлын" тухай кино хийхийг хүссэн ч чадаагүй байдаг. Wilder, Diamond хоёр холливуудад шуугиан тарьсан нэгэн алдартай продюсер эхнэрээ өөр эртэй байхад нь барьж аваад нууц амрагийг нь буудаж алсан хэргийг киноныхоо зохиолд суулгаж өгсөн ба мөн Diamond найз бүсгүйн харилцаагаа тасалсны улмаас гэртээ ирэхэд нь амиа хорлосон байсан найзынхаа бодит хэргээс тусгаж өгчээ. Wilder жүжигчдээсээ зохиолыг яг таг дагахыг шаардаж байсан ч Lemmon-н хоёр үзэгдэлд импровиац хийхийг зөвшөөрсөн; нэг нь, теннисний цохиураар гоймон шүүдэг хэсэг бол нөгөө дээр нь тэрээр цохиулсан болж унах ёстой байсан ч алдаа гаргаж жинхэнээсээ цохиулчихсан ба Уайлдер бодитой харагдуулахын тулд жинхэнэ цохиулсан хэсгийг нь кинондоо сонгосон. Критикч Bosley Crowther уг киног хөгжилтэй, зөөлөн, тэр ч атугай  сентиментал хэмээгээд мөн Wilder-н найруулгыг шинэлэг бүтээлч гэсэн.

  Esquire сэтгүүл "улиг болсон авангардизм хэлбэртэй" гэж сөргөөр шүүмжилсэн. Зарим критикүүд киноны араар тавилт, садар самуун агуулгыг хурцаар шүүмжлэн "бохир үлгэр" гэж нэрлэж байв. Тухайн цаг үед жүжигчин Fred MacMurray голдуу энгийн дүрд тоглодог байсан учир кино гарснаас хойш гудамжинд таарсан эмэгтэйчүүд түүнийг "муухай бохир дүрд тоглосон" гэж загнаж, зарим нэг нь бүр цүнхээрээ цохиод авч байсан удаатай гэдэг. Lemmon энэ дүрээрээ Оскарын шагнал хүртээгүй ч 1999 онд жүжигчин Kevin Spacey "American Beauty" киногоороо Оскар авахдаа шагналаа Lemmon-д зориулсан байдаг. "American Beauty" киноны найруулагч Sam Mendes зураг авалтадаа бэлтгэхдээ "The Apartment" киног үзэж урам зориг авдаг байсан гэдэг. Баяраар, тухайлбал шинэ жилээр зорих газартай болон зорин очих газаргүй хүмүүсийн хооронд баярын маягийн уйтгар гунигтай үлэмж ялгаа оршдог ба "The Apartment" киноны үйл явдал чухам ийм үеэр өрнөдөг учир шинэ жилээр үзэхэд тун тохиромжтой кино болой. Гадаа хүйтэн, ажил тарсны дараа зарим хүмүүс гэр рүүгээ яардаг бол зарим хүмүүс гацуур мод ч үгүй ханхай хоосон гэр рүүгээ дуртай дургүй явна. Шинэ жилийн орой ганцаардмал нэгэн улам ганцаарддаг нь жам. Киноны гол баатар Baxter ийм үед гэртээ харих ч эрхгүй нь өрөвдөлтэй авч үнэндээ туйлын ёжтой. Хөрш эмч нь түүнийг нь жинхэнэ Дон Жуан гэж боддог бол үнэндээ манай баатар орондоо ч орж чадахгүй, харанхуй, хүйтэн шөнөөр гэрэлтэй цонх рүү хий дэмий л харан нааш цааш алхах нь найруулагчийн бодож олсон гашуун ёгөө юм.

Киноны нээлтийн кадруудад Baxter ширээнүүд нь бараг цэг болон алга болтлоо эгнэсэн асар том өрөөнд ажилладаг цалинтай боолуудын нэг гэж харагддаг ба Wilder энэ кадрыг найруулагч King Vidor-н "The Crowd" киноны зүрх сэтгэлгүй корпорацийн төрхгүй ажилтны түүхээс санаа авч бүтээжээ. Даргуудынхаа дунд "Залуу анд" хочтой Baxter хараажаар ганц биеэс гадна бас гэр бүлгүй бололтой байдаг. Түүний мөрөөдөл бол өндөр цалинтай албан тушаал бас өөрийн гэсэн оффис. Wilder, Diamond хоёр бүдүүлэг хошигнол болон гуниглалын тэнцвэрийг бүтээхдээ Baxter, Fran хоёр хоёулаа үнэндээ компанийн эрх ашгийн системийн боолууд гэдгээ харуулахыг хүссэн (тэдний дунд жинхэнэ хайранд хүргэсэн сэтгэл байсан ч). Baxter дарга болмоор байна, Fran даргын эхнэр болмоор байна; тэд хоёулаа дарга гэсэн ойлголтод гүн автчихсан учраас Sheldrake-н үнэн төрхийг хэн нь ч олж харахгүй байна. Киног өргөн дэлгэцийн хар-цагаанаар зурагласан; хар-цагаан өнгө нь аливаа баярын уур амьсгал, чимэглэлийг дарж өгснөөр хөгжилтэй, баярын өнгө төрхийг бууруулдаг талтай. Харин өргөн дэлгэц нь дүрүүдийн тусгаарлалт юмуу хоосон ганцаардсан орчныг тусгахад онц тустай байдаг. Baxter-н орон байрны загвар нь унтлагын өрөөнийх нь хаалгыг төв зүүнд байрших гол цэг болгодог; чухам тэнд түүний даргууд нууц амрагуудтайгаа байдаг, мөн түүний жигшлийн шалтгаан, ганцаардлын талбар оршдог. Тэнд л Fran амьдралынхаа чухал үетэй тулгардаг билээ. "The Apartment" киногоо хийх үедээ Wilder ёжтой, зэвүүн комеди киноны мастер болсон байв. 

Comments