"Шинель". Украин гаралтай Оросын их зохиолч Николай Гоголийн 1842 онд хэвлүүлсэн богино өгүүллэг ба уг бүтээл нь Оросын уран зохиолд асар их нөлөө үзүүлсэн гэдэг бөгөөд Достоевский "Бид бүгдээрээ Гоголийн "Шинель"-ээс бий бологсод билээ" гэсэн байдаг бол Набоков уг бүтээлийг "Оросын түүхэн дэх хамгийн аугаа богино өгүүллэг" гэсэн буй.
ҮНДСЭН СЭДЭВ. Улс төр: Бид энд
бүгд найрамдахчуудын тухай юмуу аль эсхүл демократчуудын талаар ярихгүй. Энд
цол хэргэмийн тухай яригддаг. Зөвлөхүүд, коллекийн байцаагчид, түшмэлүүд гэх
мэт цол хэргэмүүд уг өгүүллэгт чухал байр суурьтай. "Шинель"-ын ертөнцөд
төрийн албан хаагчдаар дүүрэн байдаг.Цол хэргэмийн хувьд дээд юмуу доод албан тушаалтнаа гомдоочихгүйн тулд хүн бүхэн болгоомжтой байх ёстой бөгөөд "Шинель" өгүүллэгт улс төрийн дэглэм нь хүний аминд хүрэх хангалттай хүчтэй гэдгийг уншигч дорхноо ухаарна. Сэтгэл ханахгүй байх: Барууны ихэнх нийгэмд сэтгэл ханахгүй байхыг сайнд тооцдог, баруунд үүнийг сэтгэл ханамжгүй байдал гэхээсээ илүү амбиц гэж хардаг. Харин уг бүтээлд энэ нь тийм ч сайн хэрэг биш бөгөөд Акакийн (өгүүллэгийн гол баатар) эргэн тойрны хүмүүс өндөр албан тушаалын төлөө өөр хоорондоо үхэн хатан тэмцэлдэж байдаг. Тэр бол бага цол хэргэмдээ сэтгэл ханамжтай байгаа ганц хүн хэдий ч үүнээс нь болж бүгд түүнийг дорд үздэг. Тэр энэ өгүүллэгийн цорын ганц аз жаргалтай дүр байсан гэдгийг бгүүллэгийн төгсгөл хүртэл бид ойлгодоггүй ба тэр бусадтай адилхан болсноор бүх зүйлс өөрчлөгддөг. Тиймээс "Шинель"-ын ертөнцөд аз жаргалтай мөртлөө хүндлэгдээгүй ядуу байх эсхүл аз жаргалгүй хирнээ баян эрх мэдэлтэй байх гэсэн хоёр л сонголт байдаг.
Ганцаардал: Найз нөхөдгүй юмуу ганцаараа байх нь хөгжилтэй сайхан зүйл биш, ер нь ихэнх хүн ингэж л боддог. Харин Акакий өөрөөр боддог байх; тэр ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байж, амьдралд нь ямар ч асуудал гардаггүй. Тэр шинэ шинельтэй болж олны танил болж эхлэхэд л бүх зүйл өөрчлөгддөг. Хэдийгээр тэр шинэ найз нөхөдтэй болдог ч тэд зөвхөн түүний эд зүйлсийг л сонирходог учир жинхэнэ найз нөхөд биш юм. Гоголь "Шинель" өгүүллэгтээ заримдаа хуурамч найз нөхөдтэй байснаас ганцаараа байсан нь дээр гэдгийг сануулж байна. Ер бусын үзэгдэл: Хий үзэгдэл мэдээж аймшигтай, үүнтэй бүгдээрээ санал нийлнэ. Гэхдээ ямар ч хорон муу санаагүй, зөвхөн шинель л хүссэн хий үзэгдлээс айх хэрэг байна уу? Хэдийгээр хий үзэгдэл хэнийг ч хөнөөхийг завдаагүй байхад бүгд түүнээс үхтлээ айцгааж байна. Хий үзэгдэл ердөө таны шинелийг авахыг хүсч байхад түүнээс айх шаардлагагүй бөгөөд хий үзэгдэл хүний цол хэргэмийг тоодоггүй; тэр бүгдэд адил тэгш ханддаг билээ. Нийгмийн шатлалд автсан нийгэмд тэгш эрхийн тухай идеа нь үнэндээ хий үзэгдлээс илүү аймшигтай зүйл юм.
ӨНГӨ АЯС. Гоголийг бүтээлээ туурвиж байх үед Оросын уран зохиол сонирхолтой цаг үеийг туулж байлаа. 1830-аад оноос өмнө Оросын уран зохиолын дийлэнх хэсгийг үргэлжилсэн үгийн зохиол биш харин яруу найраг эзэлж байсан ба тиймээс Гоголийн хувьд ингэж бичсэн нь нэлээд хувьсгалч шинжтэй байв. Үүгээр ч зогсохгүй Гоголь нь Оросын уран зохиол гэгчийг анхлан бий болгосон зохиолчдын нэг билээ. Оросын уран зохиол нь тун энгийн бөгөөд ойлгомжтой хэлээр тодорхойлогддог. Жишээлбэл; "тэд түүнд баяр хүргэж, түүнд тааламжтай үгс хэлж эхэлсэн тул тэрээр эхлээд инээмсэглэж байснаа дараа нь ичиж эхлэв" гэсэн өгүүлбэр уг өгүүллэгт бий. Хүмүүс Акакийг сайшаадаггүй, Акакий бол энгийн хүн бөгөөд түвэгтэй үгсийг хэлэх нь бүү хэл аятайхан өгүүлбэр ч зохиогоод хэлж чаддаггүй билээ. Тиймээс уг бүтээлийн бичигдсэн хэлбэр маяг нь уншигчийг түүн шиг энгийн сэтгэлгээний хүрээнд оруулж байна. Гоголь Санкт-Петербургийн хүмүүсийн хийдэг зүйлсийн талаар маш нарийвчлан өгүүлдэг бөгөөд Акакийг чөлөөт цагаараа ажлаасаа өөр юу ч хийдэггүйг онцлон тэмдэглэхийн тулд үлэмж хэмжээтэй өгүүлбэр бичсэн байдаг. Энд бид түүний хөгжилтэй байж болох бүхнийг хардаг ба өгүүлбэр нь хөл хөдөлгөөн ихтэй хүмүүсийг дүрсэлж, хотыг амь оруулж байгаа боловч өгүүлбэрийн төгсгөлд Акакий ганцаардсан хэвээр л байна. Түүний амьдрал тусгаардагдмал төдийгүй бичлэгийн хэв маяг түүний ганцаардлын түүхийг байнга давтаж байдаг билээ.
ЖАНР. Гоголийн нэг алдартай чанар бол түүний ёжлолт мэдрэмж ба тэрээр Оросын соёлыг үргэлж ёжилж ирсэн шигээ энэхүү өгүүллэгтээ ч ёжилжээ. Гоголь "Шинель"-ын эхний мөрөөс л Оросын хүнд суртлын талаар ямар бодолтой байгаагаа мэдэгддэг. Егөөдөх нь тухайн соёлын хэтрүүлгийг, өвчин эмгэгийг болоод ерөнхийдөө балай тэнэг байдлыг тодотгож өгдөг. Өнөөдөр бид хүмүүс гар утсанд донтох хандлагыг егөөдөж болох боловч Гоголийн цаг үед хүмүүс хүнд суртлын хэлтэсийн нийгмийн шатлалд автчихсан байв. Уг бүтээлийг мөн натуралист жанрт хамаатуулдаг. Натурализм гэдэг бол өдөр тутмын нөхцөл байдлыг бодитоор, нарийвчлан дүрслэн харуулахыг зорьдог, реализмаас урган гарсан уран зохиолын төрөл юм. Натурализм болон реализмын ялгаа бол натуралистуудын хувьд дүрд нь нийгмийн нөхцөл хийгээд хүрээлэн буй орчин тойрон зэрэг гадны хүчин зүйлс үлэмж хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Натуралист зохиолчдын зохиолууд гутранги хандлагтай, "обьектив" хүүрнэгчтэй байдаг. Эцэст нь "Шинель" нь сургаальт үлгэр юм. Сургаальт үлгэр гэдэг бол амьдралын ямар нэгэн сургамж өгөх зорилготой энгийн бөгөөд богино түүх юм. Энэ жанр нь голдуу ёс суртахууны дилемматай тулгарч байгаа дүрүүдэд төвлөрдөг бөгөөд гаргасан шийдвэрийг нь дагаж, үр дагаварыг нь дүрсэлдэг. Акакий эхлээд ёс суртахууны дилемматай тулгараагүй мэт харагддаг ч өгүүллэгийн утгыг сайтар нягталж харвал маш хурдан гүн гүнзгийрсэн асуудалтай тулгарсан байдаг. Акакий шийдвэр гаргадаг бөгөөд энэ шийдвэр нь түүхэнд болж буй бүх зүйлд нөлөөлдөг билээ. "Шинель" өгүүллэгийн бараг тал хувьд нь Акакийн шинэ шинель худалдаж авах эсэх талаарх шийдвэрийг дүрсэлжээ. Энд ямар сургааль байна вэ гэвэл, шинэ шинель худалдаж авахгүй байх, эсхүл нийгмийн өндөр цол хэргэмд атаархахгүй байх явдал юм.
ХҮҮРНЭГЧИЙН ӨНЦӨГ. нэгдүгээр биеэс хүүрнэх буюу туслах хүүрнэгч: Уншигч уг түүхийг гуравдагч биеэс өгүүлж байна гэж бодож магад, гэхдээ сайтар анхаарах хэрэгтэй. Хүүрнэгч заримдаа обьектив мэт санагдах ч Акакийгаас урваж байгаа мэт үе байдаг. Жишээлбэл; "Акакий Акакиевич, хэрэв миний ой ухаан намайг хуураагүй бол 3-р сарын 23-ны шөнө төрсөн" гэж өгүүлдэг, эндээс хэн нэгэн хүн танд түүх зохиож ярих гээд байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү? Гуравдагч биеэс хүүрнэгч өөрийн санах ойх шалгах шаардлагагүй байдаг ба "би", "миний" гэх мэт үгсийг ашигладаггүй. Сказ гэдэг бол Оросоор найдваргүй хүүрнэгч гэсэн утгатай үг юм. Сказ гэдэг нь Орос хэлний сказат буюу хэлэх, ярих гэсэн үгнээс гаралтай бөгөөд аман зохиолоос улбаатай болно. Дуу хураагуураас сонсоогүй л бол "Шинель" нь аман зохиол биш харин хүүрнэгч нь яг л байгаа юмыг өгүүлж байгаа мэт байдаг. Хүссэн ч хүсээгүй ч хүүрнэгч нь ач холбогдол багатай зүйлсийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тэр уншигчидтай хошигнож, мөн Акакийн дурсамжаас ярьж байна уу даа гэж яг бодтол нь замаасаа хазайчихна. Энэ бүхэн хүүрнэгчид өвөрмөц шинжийг өгөхөөс гадна түүхэнд хошигнолыг нэмж өгдөг. Хүүрнэгчийн түүхэнд үзүүлэх нөлөөг харах хамгийн хялбар арга бол бусдын нүдээр харж, төсөөлөх явдал байж болох юм. Хэрэв "Шинель"-г Акакийн өнцгөөс яривал уг өгүүллэг уйтгартай, гутранги болж, бид түүнийг ойлгохын оронд шоолж магадгүй юм. Хэрэв түүхийг чухал хүний үүднээс өгүүлсэн бол бид Акакий нэртэй хөгшин эрийн эгоистик монологийн догол мөртэй л үлдэх байсан болов уу. "Шинель--г гуравдагч биеэс өгүүлсэн бол нэгдүгээр биеэс хүүрнэсэн шиг хошин, ёжтой байх байсан нь эргэлзээтэй юм.
Comments
Post a Comment