The Deer Hunter (1978). Америкийн кино найруулагч Michael Cimino-н туульсын, дайны сэдэвт драм. Кино зохиолыг тэрээр Deric Washburn-тай хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд; Robert De Niro, Christopher Walken, John Savage, John Cazale (түүний сүүлчийн кино болсон), Meryl Streep, George Dzundza нар тоглосон. "The Deer Hunter" кино нээлтээ хийгээд кино зохиол, найруулагчийн ажил, нийт жүжигчдийн тоглолт хийгээд бодитой сэдэв, өнгө аяс, зураг авалтаараа критикүүд, үзэгчийн өндөр үнэлгээ авсан. Кино Оскарын наадамд 9 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй туслах дүр (Walken) гэсэн 5 төрөлд ялалт байгуулсан. "The Deer Hunter" бүтээлийг Америкийн кино хүрээлэн Америк бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 53-р байрт эрэмбэлсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 159-р байрт жагсаагаад байна.
"The Deer Hunter" бол гурван үйл явдлын хэсэгтэй гурван цагийн кино; кинонд хуримаас оршуулга хүртэлх үйл явцыг харуулсан. Энэ бол бүлэг найзуудын түүх ба Вьетнамын дайн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, яаж амьдралыг нь хар дарсан зүүд болгон үүрд өөрчилж байгаа тухай тэмдэглэл юм. Энэ бол дайны эсрэг кино биш, бас дайныг дэмжсэн кино биш; энэ бол миний үзсэн хамгийн сэтгэл өвтгөсөн кинонуудын нэг. Уг бүтээлд олон сэдэв хөндөгддөг; харалган эх оронч үзлийн тухай, эрчүүдийн нөхөрлөлийн тухай, мөн мэдээж дайны харгис нөлөөний тухай өгүүлдэг. Мөн энэ кино нь хүний сонголтын тухай байдаг. "The Deer Hunter" бол кино урлагийн түүхэнд Вьетнамын дайны үеийн зовлон шаналлыг зүрх зүсмээр үзүүлсэн гарын таван хуруунд багтах цөөхөн шедеврийн нэг билээ. Кино дэндүү урт, бас нэг талаас өгүүлсэн байж болох ч Cimino-н симпатик зохиомж, De Niro, Walken, Meryl and нарын гайхамшигтай тоглолт уг бүтээлийн алив сул талыг дарж, арилгана. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Америкийн нэгдсэн улс Вьетнам улстай дайтаж байсан 1967 онд өгүүлэх кино маань өрнөх бөгөөд үзэгч таныг Пенсильванийн гангийн үйлдвэр дагаж хөгжсөн Клайртон хэмээх жижигхэн хот руу хандуулъя. Нар жаргаж, тэнгэр харанхуйд ууссан нь ажлын цаг дууссаны дохио бөгөөд киноны гол дүр болсон таван \бүгд орос гаралтай \ залуу гангийн үйлдвэрээсээ найзынхаа эрхэлдэг бааранд очиж зад наргихаар яарах нь хүндлэхүйц хоёр шалтгаантай ба шалтгааныг тайлбарлахаасаа урьтаж гол дүрүүдтэйгээ хурдхан танилцаад авъя. Mike бол ноён нуруутай, дуугай ч бусдыгаа манлайлагч, харин Nick ан авд нугасгүй дурлагч агаад үргэлж өөрийнхөө үйлдлийг эргэцүүлэн шинжигч, найзууд дундаа Mike, Nick хоёр хоорондоо илүү дотноос гадна илүү ойлголцоно. Stan цаг үргэлж гомдоллосон алиалагч шиг туранхай эр бол Peter лужир биетэй хээ шаагүй эр, харин тавдах эрийг Steven гэх бөгөөд маргааш түүний хурим болох учир найзуудынхаа хамт шөнөжин ганц бие байх сүүлчийн цэнгээнт өдрөө үдэх гэж буй нь энэ ажээ. Түрүүний чухалчлан үзэх хоёр шалтгааны нэг нь Steven-ны хуримаар илчлэгдсэн бол удаах нь Steven, Mike, Nick гурав хуримын дараа вьетнам явж эх ороныхоо төлөө тулалдах хүндтэй эрхэм үүрэг агаад нэг ёсондоо үдэлтийн “архидалт” бол хоёрдугаар шалтгаан юм, учир нь тэд амьд эргэж ирээ ч үү, үгүй ч үү. Ингээд тэд баар эрхэлдэг John гэгч бүдүүн найз дээрээ давхиж очиж баарын хаалгаж байгаад андуудаараа биллиард тоглонгоо архи пивийг халгиулан цалгиулан хүртэцгээх ба энэ үед бааранд Frankie Valli –ын "Can't Take My Eyes Off You" хэмээх алдарт дуу эгшиглэхэд цөм дагаж дуулцгаана.
Энэхүү сценд гарах дуу болон залуусын наргиан хөгжилтэй бас хэн хүн бүхний наргиж явсан ахуй цагийг эргэн бодуулсан тун алдартай сцен билээ. Залуус өглөө хүртэл наргиж, улаан нүдэлсэн юмнууд тэр чигтээ хуримандаа явахаас аргагүй болох бол энэ үед киноны маань бас нэг чухал дүр Linda гэх бүсгүй согтуу аавдаа зодуулан, муухайгаар хараалгуулан байна. Энэ бүсгүй Steven-ны эхнэр болох бүсгүйн найз, хуримынх нь гэрч ба мөн Nick-ын найз бүсгүй болой. Тус хотын гангийн үйлдвэр хэсэг байрласан дүүргийнхэн цөмөөрөө орос гаралтай бөгөөд хуримд олон хүн оролцсон, нүсэрээс гадна орос маягийн томоохон хурим болно. Орос дуу бүжиг, гол мөрөн шиг урсах архи пиво, согтуу хөлчүү хүмүүсийн шоглоом наргиа гэх мэтчлэн хуримын олны хэсэг үнэмшилтэй бөгөөд үзэгчээ хуримын нэг хэсэг болгоод зогсохгүй энэ үеэр дүрүүдээ илүү ойроос ажиглах боломж олгох маш далайцтай сайн сцен. Аавдаа зодуулсанаас хөхөрсөн нүүрнээсээ ичих Linda олноос хөндийрсхийн байхад Mike түүнийг бүжгэнд урьж, бас юм ярилцан хамт пиво уух нь Mike бүсгүйг сэтгэлдээ бодож явдаг нь энэ сценээс харагдах агаад дэндүү дотогшоогоо тэрээр энэ зан чанараасаа болж бүсгүйг өмнүүрээ найздаа алдсан гэмээр. Оросын ортодокс шашны уламжлалт ёсыг шинэхэн гэрлэгсэд гүйцэтгэх болно, энэ нь хундага дүүрэн дарсыг ганц ч дусал унагахгүйгээр бүгдийг нь уух ба хэрэв унагавал муу ёр, зол заяагүйг илтгэнэ, гэтэл бүсгүй санамсаргүйгээр хоёр ч дуслыг асгаж орхих ч хэн ч үүнийг нь анзаарахгүй, харин энэ нь тэдэнд муу юм тохиолдохын зөгнөл байлаа.
Хурим жаргах дөхөж Steven-ны эхнэр баглаа цэцгээ ганц бие хүүхнүүд рүү шидэхэд цэцгийг Linda өрсөн авахад хажууд нь байсан Nick тухайн нөхцлийг ашиглан гэрлэх санал тавихад бүсгүй ч шууд зөвшөөрч тэд Nick-ыг дайнаас ирэхээр хуримлахаар тогтоно. Хурим найр төгсөхөд манай гол дүрүүд шал согтуу машинаар давхилдан зугаална, энэ үед Mike чармай нүцгэлэн шөнийн гудмаар солиотой мэт гүйхэд араас нь Nick гүйцэж очин найзууд шөнөжин юм ярьж хонох агаад Nick найзаасаа тэнд \вьетнам\ очоод юу ч болсон намайг битгий орхиороо гэж гуйхад Mike хэзээ ч найзыгаа орхихгүй гэж амалдаг. Дараагийн өдөр нь Mike, Nick, Stan, John, Peter нар сүүлийн удаа уламжлалт болсон бугын андаа гарцгаана. Бичвэрээ нуршуу болгохгүйн тулд гайхалтай үзэсгэлэнтэй байгальтай хийгээд найзуудын хүүхэд мэт тоглоом шоглоомноос бяцхан үл ойлголцол багтсан сайхан сценийг алгасаад найзууд ангаасаа амжилттай ирэн John-ны бааранд пивоор байлдаж байхуйд John төгөлдөр хуур дээр суун Chopin-ны хөгжмөөс тоглоход залуусын царай төрх төлөв түвшин, бүр сүүдэрлээд ирэх нь тэдний зугаатай сайхан амьдрал эгнэгт төгсөж байгааг болон айсу уй гунигийг зөгнөнө. Дараагийн планд Mike, Nick, Steven гурав вьетнам-д дайны үеийн цэргийн шоронд хоригдож байна.
Тэд бусад цэргийн хамт усан дотор модон шоронд хоригдох агаад яг толгой дээр нь модон байшинд Вьетнамын тав зургаан цэрэг мөрийтэй тоглоцгооно. Вьетнам цэргүүд зүгээр нэг мөрийтэй тоглоом биш хоригдлуудаараа Орос рулет гэх аймшигтай тоглоомоор мөрийцөн зугаацах агаад Орос рулет гэдэг нь тоглогч зургаан сум ордог гар буунд нэг сум хийгээд рультийг эргүүлэн азаа үзэж өөрийгөө буудах ба амьд үлдэх хувь зургаад нэг гэсэн үг, ингээд хий буудвал нөгөө тоглогч мөн энэ адилаар өөрийгөө буудаж мөрийцнө. Вьетнамууд Mike болон Steven хоёрын тоглох ээлж ирсэнийг мэдэгдэнэ, энэ хүртэл олон цэрэг үхчихсэн байв. Steven, Mike хоёр өөд өөдөөсөө харж сууцгаан хүчээр тоглох буюу хэрэв тоглохгүй гэвэл буудуулна, ингэхээр яадаг ч байсан үхнэ гэсэн үг. Уг явдалд Steven аль хэзээний ухаанаа алдаж, уйлж дуулан өршөөл эрэх бол удирдлагаа алдаагүй Mike түүнийг зоригжуулж, ингэхээс өөр аргагүй гэж ятгана, ингээд Steven албаар дээшээ буудсанаар шийтгүүлж үхдлүүд болон хархуудаар дүүрсэн усанд хоригдоно. Дараагийн ээлжинд Nick, Mike хоёр тоглохоор болох ба Mike найздаа хандаж зоригтой бай, зургаан сум ордог буунд гурван сум захиалж оруулаад бууг булуугаад харуулуудыг алъя, дохио хүлээ гэж хэлнэ.
Тэд бусад цэргийн хамт усан дотор модон шоронд хоригдох агаад яг толгой дээр нь модон байшинд Вьетнамын тав зургаан цэрэг мөрийтэй тоглоцгооно. Вьетнам цэргүүд зүгээр нэг мөрийтэй тоглоом биш хоригдлуудаараа Орос рулет гэх аймшигтай тоглоомоор мөрийцөн зугаацах агаад Орос рулет гэдэг нь тоглогч зургаан сум ордог гар буунд нэг сум хийгээд рультийг эргүүлэн азаа үзэж өөрийгөө буудах ба амьд үлдэх хувь зургаад нэг гэсэн үг, ингээд хий буудвал нөгөө тоглогч мөн энэ адилаар өөрийгөө буудаж мөрийцнө. Вьетнамууд Mike болон Steven хоёрын тоглох ээлж ирсэнийг мэдэгдэнэ, энэ хүртэл олон цэрэг үхчихсэн байв. Steven, Mike хоёр өөд өөдөөсөө харж сууцгаан хүчээр тоглох буюу хэрэв тоглохгүй гэвэл буудуулна, ингэхээр яадаг ч байсан үхнэ гэсэн үг. Уг явдалд Steven аль хэзээний ухаанаа алдаж, уйлж дуулан өршөөл эрэх бол удирдлагаа алдаагүй Mike түүнийг зоригжуулж, ингэхээс өөр аргагүй гэж ятгана, ингээд Steven албаар дээшээ буудсанаар шийтгүүлж үхдлүүд болон хархуудаар дүүрсэн усанд хоригдоно. Дараагийн ээлжинд Nick, Mike хоёр тоглохоор болох ба Mike найздаа хандаж зоригтой бай, зургаан сум ордог буунд гурван сум захиалж оруулаад бууг булуугаад харуулуудыг алъя, дохио хүлээ гэж хэлнэ.
Ингээд тоглоом эхлэхэд Nick, Mike аль аль нь азаар нэг, нэг удаа хий бууддаг ба энэхүү Орос рулет сцен киноны хамгийн алдартай сценээс гадна ерөөсөө кино ертөнцийн хамгийн аймшигтай бас шилдэг сцений нэг болой. Mike харгалзагчаас гурван сум хүсч, хүссэнээ авуутаа түргэн хөдлөн харуулуудыг устгах ба мэдээж түүнд Nick тусална. Залуус Steven-нээ гаргаж аваад салан дээр гаран гол даган явж байтал азаар Америкийн нисдэг тэрэг тааралдана. Нисдэг тэрэг усан дээр бууж чадахгүй учир агаар дээрээс тэднийг авах гэж оролдох бөгөөд ядарч, тамиргүйтсэн залуусаас Nick чүү чаа нэг юм амжиж гардаг бол Steven барьц алдаж ус руу унахад араас нь Mike аврахаар ус руу үсэрнэ.. Steven унахдаа чулуутай таарч хөлөө хугалсан байх агаад Mike түүнийг үүрэн ойрхон цэргийн эмнэлэгт хүргэж өгөөд цаашаа явдаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд Nick Сайгон хотын эмнэлэгт байх ба өдөржин Linda-ынхаа зургийг харж, учиргүй гэнэт уйлах юмуу нэрээ заримдаа мартаж, нэг үгээр оюун ухаан нь хүчтэй гэмтсэн байна, тэрээр хайртай бүсгүй рүүгээ ярих гээд зүрх нь хүрэхгүй бөгөөд одоо хосуудыг газарзүйн байршил холдуулахаас илүү сэтгэлзүйн дотоод гэмтэл эгнэт алслан холдуулжээ.
Тэрээр албан тушаалаасаа татгалзаж, хотын аль л болж бүтэхгүй газраар явж байгаад Grinda гэгч Орос рулетын мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүнтэй танилцаж, бүхэл бүтэн ертөнц болсон газар доорх хамгийг увайгүй новшийн газар явж орно. Тэр харанхуй нүх болсон газарт Орос рулет тоглогчид нь дандаа дайны улмаас солиорсон хүмүүс байх ба тоглогчдыг тойроод мөрий болон мөнгөндөө улайрсан хүмүүс шаагицгаана. Тэдэн дунд Mike бас байх агаад манай найзууд эхэндээ бие биенээ харахгүй ч Mike Nick олж хараад уулзах гэсэн ч найз нь цаашаа Grinda-г дагаад олны дунд уусчихна. Дайн эцэслэж, том цолтой болсон Mike гэртээ ирэх бөгөөд түүнийг Peter, Stan, John, Linda нар баатарын хэмжээнд угтахаар бэлдэж байсан ч Mike зориуд очихгүй. Mike угаасаа ийм сүржин юманд дургүй даруухан хүнээс гадна тэрээр одоо хүртэл хамт дайнд явсан Steven болон Nick-ээсээ сураг дуулаагүй, өөрөөр хэлбэл хамт ирээгүйдээ гэмшиж энэ бүхэнд шууд бус ч гэсэн өөрийгөө буруутгана. Баярын хүлээлт тарсан хойно Mike Linda-г зорьж очин аминчихан уулзах бөгөөд бүсгүй түүнийг хараад үгээр илэрхийлэмгүй ихээр баярлаж шуудхан л хүзүүнд нь асчихна. Бүсгүйн энэ үйлдэл эдгээр он жилүүдэд ямар их ганцаардсаныг нь харуулахаас гадна Nick нь ирээгүй ч Mike сүйт залуугийнх нь сайн найз учир түүнийг нь санагдуулсанд эрхгүй уйлна. Linda Nick-ээс ямар ч сураггүй \хүлээж цөхөрсөн байна\ гээд хамт хооллоё, бүр хамт хоноё гэж Mike-д санал тавина.
Эмэгтэй хүн эр хүнд ингэж шалдаа буух нь зохимжгүй ч олон жилийн хүлээлт, ганцаардсан сэтгэл мөн хэдийнээ гуч хүрсэн хүүхэн дахиж хүн хүлээх насгүй учир өөрт нь Mike сайн байсныг гадарлах болохоор ийнхүү бүх зүйлээ өгнө. Mike бүсгүйтэй унтах эсэхдээ өөртэйгөө зөрчилдөж, зөрчилдөж хамт хонохдоо юу бодож хоноо бол гэдэг асуулт.. маргаашнаас нь Mike найзуудтайгаа уулзаж, хотоороо зугаалах ба түүнийг Linda сугадан жаргалтай явах нь би одоо эр нөхөртэй гэсэн мэт хараа дээгүүр бардам. Mike шуудхан л Steven-ыг сураглан эхнэрийнд нь очиход эхнэр нь сэтгэлзүйн асуудалтай болчихсон байв ч Mike-д нөхрийнхөө байгаа газрын утасны дугаарыг өгнө. Тэр даруй Mike залгахад Steven ойрхон цэргийн эмнэлэгт байна гээд эндээс явах сониорхолгүй, энд бүх юм сайн гээд утсаа тасалчихна. Mike бууж өгсөнгүй эмнэлэг дээр давхин очиход Steven хоёр хөлгүйн дээр сэтгэцийн асуудалтай болсон байна. Энэхүү хоёр найз ахиж нэг дэлгэцнээ хамт гарах сцен хоолой зангирам ба Steven тахир дутуу болсондоо гутран гэртээ харихыг хүсэхгүй бол Mike түүнийг аваад явж чаддаг. Steven энэ үед Сайгон -оос маш их хэмжээний мөнгө байнга ирдэг гээд Mike-д бөөн доллар харуулах ба Mike энэ их мөнгийг Nick явуулж байгааг ухааран, ерөөсөө Сайгон явахаар шийднэ.
Ийнхүү Mike хүссэн газартаа ирэх бөгөөд бөөн юм болж байж Grinda-г олно, Grinda-г олно гэдэг найзыгаа олно гэсэн үг билээ. Mike их мөнгө зарлагдаж найзыгаа байгаа газар очих агаад энэ нь өнөөх л харанхуй, галзуурсан олон шуугисан нүх байх ба энд Nick зоригтойгоороо алдаршсан тоглогч болоод зогсохгүй бүрэн солиорсныг Mike олж мэдээд найзыгаа бүх байгаа мөнгөөрөө худалдаж авна. Гэтэл Nick явахгүй тоглохыг хүсч, Mike аргагүй эрхэнд тамын ширээнд дахин буу барин суух ба азаар Mike эхнийхээ ээлжинд хоосон буудах бол хоёрдахь ээлжинд Nick-г өөрийгөө буудах хүртэл Mike түүнийг сэрээх гэж, амьд авч үлдэх гэж тэр жаахан хугацаанд байдгаа шавхсан ч Nick тархиа зад буудчихна. Дараагийн планд Mike, Peter, Stan, John, Linda нар Nick-ын оршуулгыг хийцгээж байх агаад тэргэнцэртэй Steven араас нь дагана. Оршуулганы дараа залуус John-ны бааранд цайллаж байгаагаар кино төгсөнө.
"The Deer Hunter" кино анх хэрхэн бүтэж, бичигдэх талаар бараг маргаан өрнөсөн байдаг. Найруулагч Cimino, кино зохиолыг бичсэн Deric Washburn болон Michael Deeley, Barry Spikings нарын продюсерүүд гээд эдгээр хүмүүсийн дунд кино хэрхэн үүссэн талаар янз бүрийн тайлбар, мэдэгдэл байдаг. 1968 онд EMI дуу бичлэгийн компани EMI Films гэдэг шинэ компанийг байгуулсан ба энэ компани 1970-аад оны дунд үед Spikings, Deeley хоёрын мэдэлд оржээ. Deeley Louis A. Garfinkle болон Quinn K. Redeker наргиж бичсэн "The Man Who Came to Play" кино зохиолын нооргийг худалдаж авчээ. Эх зохиолд Лас Вегас руу Орос рулет тоглоход явж байгаа хүмүүсийн тухай байв. Deeley хожим хэлэхдээ; "Кино зохиол надад маш их таалагдсан ч бүрэн гүйцэд байгаагүй. Авхаалжтайгаар маш сайн зохиолыг практикт кино болгох аргыг олох явдал байв" гэжээ. Уг киног төлөвлөж байх үед буюу 1970-аад оны үед Вьетнамын дайныг Холливуудын бүхий л томоохон студиуд хориглодог байжээ. Deeley-н хэлснээр, тухайн цагт ямар ч Америк хүн Вьетнамын дайнтай кино үзэхийг хүсэхгүй байв.
Холливуудын агентуудтай зөвлөлдсөний эцэст Deeley Cimino-г олжээ. Cimino-н телевизийн зар сурталчилгаа болон гэмт хэрэгт жанрын "Thunderbolt and Lightfoot" киног үзээд Deeley баяртайгаар түүнтэй хамтрахаар шийдсэн. Cimino ч эх зохиолын мөн чанарыг алдагдуулалгүйгээр улам сайжруулж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Deeley-н хэлснээр, Cimino зохион дахь Орос рулетын элемент шаардлагатай эсэхэд эргэлзэж байсан ч Redeker сайхь элеменийг хадгалж үлдээхийн төлөө тууштай тэмцсэн аж. Cimino, Deeley хоёр зохиолын эхний хэсэгт шаардлагатай бүхнийг ярилцаж, Cimino киноны эхний 20 минутад гол дүрүүдийн түүхийг хөгжүүлж чадна гэж үзжээ. Cimino Washburn-тай хамт кино зохиол дээр зургаан долоо хоног ажилласан ба тэд өмнө нь "Silent Running" бүтээлийн зохиол дээр хамтран ажилласан туршлагатай байв. Продюсер Spikings-н хэлснээр, Cimino өөрөө Washburn-тай дахин хамтрахыг хүссэн гэдэг. Харин Deeley-н хэлснээр Cimino Washburn-г туслан гүйцэтгэгчээр эсхүл хамтран зохиолчоор хөлслөсөн эсэх тодорхойгүй байсан гэжээ.
Критикч David Thomson кино хэдийгээр маргаантай олон сэдэв хөндсөн ч ерөнхийдөө сайн бүтээл гээд: "Хойд Вьетнамчууд Орос рулет ашиглаж байгаагүй гэсэн гомдол гаргасан. Сайгон дахь сцэнүүд нь төсөөлөл юмуу уран зөгнөл байсан гэж ярьдаг байсан. De Niro, Christopher Walken, John Savage нар Вьетнамын дайнд татагдахад хэтэрхий хөгшин байсан гэж үзэгсэд байсан (хамгийн залуу Savage 30тай байв)". Thomson 2008 онд бичсэн нийтлэлдээ, "төсөөлөл" нь тэдгээр санаа зовнилыг намжаагч байсан бололтой, "The Deer Hunter" бол Америкийн аугаа кинонуудын нэг гэжээ. Критикч Pauline Kael энэхүү киноны тухай бичвэртээ, "The Deer Hunter" бол Америкийн зэрлэг байгаль дахь "боловсон эрчүүд"-ийн тухай нэн шинэ хувилбар, эрчүүдийн нөхөрлөлийн нууцлаг холбоог өнөөг хүртэл судалсан хамгийн сайн кино гэж бичжээ. Тэрээр мөн Дэлхийн хоёрдугаар дайны тухай кинонуудад Япончуудыг ойлгомжгүй хорон муу Дорнын хэв маягаар дүрсэлдэг шиг Вьетнамчуудыг мөн тэгж дүрсэлсэн буюу Вьетнамчуудыг садист, харгис байдлаар дүрсэлсэн байдлыг шүүмжилсэн гэжээ.
Критикч Jonathan Rosenbaum киног баалж, хорон санаатай Вьетнамчууд хөөрхий, гэм зэмгүй Америкчуудыг яаж тамласан тухай жигшүүртэй түүх хэмээгээд тэрээр цааш нь, нийт жүжигчдийн гүйцэтгэл сайн ч эрэгтэй хүний өөрийгөө өрөвдөх сэтгэл нь хэтийдсэн гэжээ. Киноны хамгийн их маргаан дагуулсан ярианы нэг бол Вьетнамын дайны үед Оросын рулет байсан эсэх талаар байв. Шүүмжлэгчид Вьетнамын дайны үед ийм баримт байгаагүй, энэ бол бодитой бус гэж үзсэн. Дайныг сурвалжсаныхаа төлөө Пулицерийн шагнал хүртэж байсан сэтгүүлч Peter Arnett-н хэлснээр дайны үед Оросын рулетын талаар ямар ч хэрэг, мэдээлэл байхгүй, энэ бол киноны сэдэв төдий зүйл гэсэн буй. Харин найруулагч Cimino өөрийнхөө киног улс төрийн, полемикийн, ерөөсөө шууд утгаараа ямар нэгэн тодорхой үзлийг илэрхийлэхийг хүсээгүй гэж эсрэгүүцсэн байдаг. Гэвч дайны үед Оросын рулет ашиглаж байсан тухай Сингапураас эх сурвалжтай мэдээллүүд байсан гэж Cimino хэлсэн. Тэгвэл шүүмжлэгч Roger Ebert киноны Оросын рулет гэдэг санааг хамгаалсан буюу энэ нь киноны зохион байгуулалтын симбол болдог, аливаа дайн хэрэггүй гэсэн ерөнхий санааг хамгийн сайн гаргаж өгсөн мэдэгдэл гэжээ. Жүжигчин Christopher Walken-н хэлснээр кинонд түүхэн нөхцөл байдал чухал биш байсан: "Энэ киног бүтээж байхад хэн ч Вьетнамын тухай дурдаж байсныг би санахгүй байна" гэсэн байхад De Niro үүнийг дэмжсэн мэт: "Кино дайныг зураглаж байгаа ч энэ үнэхээр тохиолдсон эсэхээс үл хамааран ингэж төсөөлөх нь үнэхээр амархан юм. Магадгүй ийм зүйл болсон байх. Би мэдэхгүй байна. Хайр дурлал, дайнд бүх зүйл шударга байдаг шүүдээ" гэжээ.
Харин продюсер Barry Spikings киногоороо бахархаж байгаа ч Вьетнамчуудыг дүрсэлсэн байдлаасаа харамсдаг гэжээ: "Бидний хэн нь ч энэ киног дарлал мөлжлөгийн тухай гэж боддоггүй. Гэхдээ бид мунхаг авирласан гэж бодож байна. Надад өөр үг олдохгүй байна. Бид Вьетнамын ард түмэнд муу хандсанаа ухаарсангүй" хэмээжээ. Харин продюсерүүд киноны мөн чанар, сэдлийн талаар найруулагчийн тайлбарыг яаравчлан хамгаалсан: "Энэ кино нь Вьетнамын тухай биш байсан. Огт өөр зүйлийн тухай юм. Хар тамхи эсхүл цэрэг эрсийн ёс суртахууны уналтын тухай ч биш. Энэ бол хувь хүн дарамтад ороод хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа тухай; өөр өөр эрчүүдийн янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байгаа тухай юм. Энэ кино бол ер бусын нөхцөлд байгаа гангийн үйлдвэрт ажилладаг гурван эрийн тухай. "Apocalypse Now" бол сюрреалист кино, энэ бол сургаальт зүйрлэлийн кино. Кинонд Хойд Вьетнамын шоронгийн харуулууд Америкийн олзны цэргүүдээр Оросын рулет тоглохыг албадаж байгааг харуулдаг. Үзэгчид Америк хоригдлуудыг энэрэн өрөвдөж байгаа нь гинжин хэлхээг бүтэн болгож байна. Дайнд зовж шаналж байсан зарим ахмад дайчид Оросын рулетыг бодитой зүйрлэл гэж үзэж байсан байдаг" гэж продюсер Michael Deeley ярьсан байдаг.
Төгсгөлийн сцэнд бүх гол дүрүүд цуглараад "God Bless America" дууг дуулдаг, энэ хэсэг ихээхэн маргааны сэдэв болсон. Ингэж төгсгөж байгаа нь эх оронч үзлийг шүүмжилж байна уу, эсхүл ёжилж байгаа хэрэг үү гэсэн асуулт гарч ирсэн бөгөөд Cimino энэ талаар: "төгсгөл үнэндээ эх оронч үзлийн илэрхийлэл биш, харин эв нэгдлийн илэрхийлэл юм. Хүмүүс асуудалд орж, дотроо шаналж, сэтгэл нь өвдөж байхдаа хамтдаа байж ямар нэгэн юм хийх хэрэгтэй үе байдаг. Энэ тохиолдолд тэд дуулж байна. Тэдний дуулж байгаа дуу бол Америк хүүхэд бүрийн цээжээр мэддэг, Сургуульд байхдаа сурсан тэр дуу юм. "God Bless America" дууны үгийг бүгд мэддэг. Тиймээс энэ эв нэгдлийн дуу болж, багаасаа мэддэг дуугаа тэд хамт дуулж байгаа хэрэг. Энэ дууг дуулснаар тэд гэр бүл болон нэгдэж, энэ нь гэр бүлийн нэгдэл болж байна. Энэ Сүүлчийн Зоогийн оронд шинэ гэр бүлийн анхны өглөөний цай болдог" гэжээ. "The Deer Hunter" кино нээлтээ хийсний дараа критикүүд Francis Ford Coppola-н "The Godfather" киноноос хойших Америк хамгийн шилдэг туульсын киногоор нэрлэсэн. Мөн киног ажилчин ангийн нөхцөл, орчныг бодитоор дүрсэлдэг гэж магтацгааж, Америкаас Вьетнам руу шилжиж буй өнгө аяс, хэмнэлийн симфоник шилжилтэд Cimino-н зохиомжийг сайшаасан. Нийт жүжигчдийн бүрэлдэхүүний гүйцэтгэл мөн халуун талархалд умбасан. Америк Мөрөөдлийн урам хугаралт үнэхээр бодитой болчихсон гэж үү хэмээн хүмүүсийг бодоход хүргэсэн уг киног критикч Leonard Maltin "мэдрэмтгий", "өвтгөм", "бодлогошруулам" бүтээл гэж нэрлэсэн. Харин критикч Roger Ebert сэтгэлийг хамгийн ихээр хямраадаг кинонууд нэгээр тодруулсан бол критикч Gene Siskel; "Энэ бол том асуудлуудыг хөндсөн, өргөн цараатай хийгдсэн аварга кино. "The Godfather" киноноос санаа авсан байх" гэсэн байдаг.
Критикч Vincent Canby эл бүтээлийг "The Godfather" киноноос хойших Америкийн тухай өгүүлсэн алдартай туульсын бүтээл болоход ойрхон байгаа хүнд, том, галзуу амбицтай кино гэжээ. Магтаалууд ингээд зогсоогүй, критикч Stephen Farber гайхамшигт "La Grande Illusion"-оос хойших хамгийн шилдэг дайны эсхүл киноноор өргөмжилсөн байхад критикч David Denby бидний харж байгаагүй цар хэмжээ, хүч чадал, мэдрэмжийн өргөн хүрээтэй кино гэжээ. Америкийн дайнч бодлогыг шүүмжилж, үнэндээ айл гэрээс хувь хүн хүртэл ашиг харсан дайнаас болж сүйрч унаж байгааг харуулсан нь киног олон ч дайсантай болгосноор ба критикч Pauline киног үлэмж том хэмжээтэй ч жижигхэн бодолтой, энэрэнгүй амьдралыг баяр хөөртэйгөөр үзүүлсэн уур хүргэм кино гэсэн байдаг. Тэгвэл зохиолч William Goldman сайн зүсээ хувиргасан комик номын кино гэж бүр хөгийнөөр тохуурхсан. Зохиолч Karina Longworth Meryl Streep-н дүрд анализ хийж; тэр Америкийн жижигхэн хотод амьдардаг, хүлцэнгүй байхыг л зөвхөн мэддэг жирийн нэг эмэгтэйд буюу эмэгтэйчүүдийн эрх мэдлийг харийн ойлголт гэж үздэг эмэгтэйн дүрд тоглосноороо эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дэмжсэн гэж бичжээ. 1979 онд болсон 29 дэх Берлиний олон улсын кино наадмын үеэр Зөвлөлтийн төлөөлөгчид уг кино Вьетнамын ард түмнийг доромжилсон гэж дургүйцлээ илэрхийлсэн бөгөөд бусад коммунист орнууд ч мөн "Вероника баатарлаг ард түмэн"-тэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг ажээ.

Comments
Post a Comment