Амьдралын амт

 


Taste of Cherry (1997). Ираны мастер кино урлаач Abbas Kiarostami-н зохиолыг нь бичиж, найруулж, эвлүүлж, продюсерлэсэн минималист драм. Киноны гол дүрд Ираны жүжигчин Homayoun Ershadi тоглосон. Уг кино Канны кино наадмаас Алтан далдуу мод шагналыг "The Eel" киноны хамтаар хүртсэн байдаг. Кинонд, Badii хэмээх дунд насны эр Тегеран хотоор машинтайгаар явж, өөрт нь ажил хийж өгөх хүнийг хайж, их хэмжээний мөнгө санал болгодог. Badii уулзсан хүмүүст амиа хорлохоор төлөвлөж байгаа, булшаа ухчихсан агаад маргааш өглөө нь сонгосон газарт очоод үхчихсэн байвал дээрээс нь шороогоор бул, амьд байвал татаж гаргаад босгоорой гэж хэлдэг. Харин яагаад амиа хорлохыг хүсч байгаагаа ярьдаггүй. Түүний анхны уулзсан хүн залуухан ичимхий цэрэг байдаг ба цэрэг саналаас татгалзаад зугтчихдаг. Хоёр дахь хүн нь Афганистаны семинарист байдаг; шашны хүн болохоор Badii-г эсэргүүцдэг. Сүүлийн хүн нь Bagheri гэдэг настай таксидермист хүн байна, тэрээр өвчтэй хүүхдийнхээ төлөө мөнгө хэрэгтэй учир саналыг хүлээн авдаг.

  Bagheri Badii-д амиа хорлохгүй байхыг ятгаж, өөрийнхөө түүхийг ярьдаг; тэрээр залуудаа амиа хорлохыг оролдсон боловч оролдлого нь бүтэлгүйтсэн бөгөөд модноосоо унасан ялам жимсийг идэж, амьдрахаар шийдсэн гэдэг. Bagheri-н хувьд амьдралын гоо үзэсгэлэн бол нар мандахыг, оддыг, сарыг харах явдал гэж ярьдаг. Bagheri өглөө Badii-г үхсэн байхыг харвал шороогоор булна гэж амалдаг. Тохиролцоод салаад удаагүй байхад Badii түүний араас явж очоод өглөө дуудаад сэрэхгүй бол яаран булахаасаа өмнө юмыг яаж мэдэхэв гээд чулуу шидээрэй гэж захидаг. Шөнө болж, Badii булшиндаа орж хэвттэл бороо орж, аянга цахина. Удаан хугацаанд дэлгэц харанхуй болсны дараа дөрөв дэх хана нурж, найруулагч Kiarostami болон түүний кино багийнхан киногоо хийж байгаа бичлэгээр кино төгсдөг; Badii-н сонголт тодорхойгүй үлддэг.

Амиа хорлох талаар өгүүлсэн олон зовлонтой  кино байдаг, гэхдээ "Taste of Cherry" хамгийн хүчтэй нь болов уу. Киноны хүч Badii биднээс огтхон ч уламжлалт аргаар энэрэх юмуу өрөвдөх сэтгэлийг уриалдаггүйтэй холбоотой; энэ кино айлгам, сэтгэл хөдөлгөм ч өрөвдөлтэй юмуу гунигтай санагддаггүй. Шалтгаан нь магадгүй гол дүрийн бодлын далд агуулгаас үүдэлтэй болов уу. Кино гойд ширүүн, хатуу чанга; үүнийг үзэх нь аймшигтай үлгэр сонсож байгаа мэт санагдана. Уг киног Kiarostami-н хамгийн шилдэг кино гэж зарим судлаачид үздэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган 278-р байрт жагсаагаад байна. Ингээд Badii-тай хамт булшны нүхэнд түр хэвтэхийг уръя.

  "Taste of Cherry" кино үндсэндээ удаан зураг авалтаар хийгдсэн минималист шинжтэй; хэмнэл нь тогтуун агаад орчны (дэвсгэр) дуу чимээ удаан хугацаанд үргэлжилдэг; төгсгөлийн үзэгдэлд кино багийнхан бичлэг хийж байгааг үзүүлдэг. Гол дүр Badii ярилцаж буй хүнтэйгээ нэг кадрт хамт харагдах нь ховор (зураг авалтын үеэр найруулагч Kiarostami машины зорчигчийн суудалд сууж байсантай холбоотой). Критикч Stephen Holden: "Энэ кино нэгэн зэрэг аварга том ч, туйлын өчүүхэн ч юм. Badii таксидермисттэй уулзах хүртэл кино нь хүчирхэг дүрслэлтэйгээ тохирох уянгалаг дуу хоолойгоо олдоггүй. Ялам модноос өөрийгөө дүүжлэхийг оролдсоны дараа амьдрах хүслээ дахин олж авсан тухай үзэсгэлэнтэй, болхидуу монологи нь амьдралын энгийн таашаал, цэнгэлийг сэргээсэн мэдрэмжийг дэлгэж байгаа энгийн хэрнээ уран тансаг сургаальт үлгэр болдог". Критикч Stanley Kauffmann: "Киноны бүтэц бидэнд тодорхой болоход нам гүм, өргбн уудам орон зай энд оршиж эхэлдэг". Найруулагч Kiarostami-н хамгаас дээдлэгддэг уламжлалт төгсгөл хоёрдмол утгатай боловч тайзны ардахыг харуулсан бичлэг төөрөгдуулэхийн сацуу хачирхалтай санагддаг, нэг үгээр жаахан эвгүй. Энэ бүтээл амьдралын бүхий л хариултыг илчлэхийн даваан дээр байна уу гэж бодогдуулдаг авч сүүлийн мөчид буцаад нууцлаг хэлбэртээ ордог. Ингэснээр, үзэгчийн бодит байдлын мэдрэмжийг өөрчлөөд нэгэн төрлийн айдас төрүүлэм нууцлаг шидийн шинжтэй болдог ба 1990-ээд оны хамгийн шилдэг кинонуудын нэг болсон "Taste of Cherry" киног юу ч болсон байлаа амьдрах ёстой гэсэн санааг бясалгаж, бодсон судалгаа гэдэг.

  Критикч Roger Ebert: "Би Kiarostami юу хийж байгааг оюуны хувьд ойлгож байна. Би үйл явдал юмуу тохиолдлыг тэвчээргүйтэн гуйж байгаа юм биш. Миний мэдэрч байгаа зүйл бол Kiarostami-н энэ кино дахь хэв маяг бол хэтрүүлсэн маяглал юм; энэ сэдэв нь үүнийг зайлшгүй болгодоггүй, мөн энэ нь өгөөжгүй. Хэрэв бид Badii-г ойлгон өрөвдөхийн хүсвэл түүний талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй биш гэж үү? Үнэндээ түүний талаар ер нь мэддэг билүү? Анхлан түүнийг ижил хүйстэн байж магадгүй гэж бодогдуулах нь ямар зорилготой вэ? (Үзэгчдэд ямар зорилготой бус Badii-д өөрт нь ямар зорилготой?). Дараа нь бид яагаад Kiarostami-н зураг авалтын багийг харах ёстой гэж? Энэ нь бидэнд кино үзэж байгааг маань сануулах уйтгартай зай барих стратеги мөн үү? Хэрэвзээ энэ кинонд хэрэггүй зүйл байгаа бол тэр нь сайхь сануулга".

Roger Ebert ингэж шүүмжилсний хариуд критикч Jonathan Rosenbaum ингэж бичсэн: "Уг киног "туйлын уйтгартай" гэж үзсэн мэргэжил нэгтгэн маань, Badii-н талаар юу ч мэдэхгүй, Badii секс хайж буй ижил хүйстэн байж магадгүй гэсэн сатааруулалт, кино үзэж байгааг маань төгсгөлд нь сануулдаг ядарсан "зай барих стратеги" гэж үзсэн зүйлсээ тодотгон дургүйцжээ. Өмнөдийн кино урлагийн коммершил түүхийн үүднээс авч үзвэл тэр дурдсан гурван зүйлдээ байгаа оносон. Гэвч Kiarostami энэ мэдрэмжийг дагахыг огт хайхардаггүй байсан бөгөөд түүний юу хийж чадахыг харгалзвал түүнд санаа зовох ямар ч шалтгаан алга. Жаргалтай төгсгөлийн хамгийн гол.зүйл нь энэ "сатааруулах нөлөө"-ийн яг эсрэг зүйл юм. Энэ нь үзэгчийг кино төрсөн лабораторид урьж, кино найруулагчтай ижил түвшинд байрлуулдаг боловч үүнийг хамтын эйфорийн сүнсээр хийж, Badii-н булшиндаа ганцаараа дарамттай, харанхуйгаас гэнэтхэн л биднийг чөлөөлдөг. Kiarostami амьдралыг бүх баялаг нарийн ширийн түвэгтэй байдлаар нь дүрсэлж, өмнөх 80 минутын видео бичлэгийн элементүүдийг дахин тохируулж, юу бодит, юу зохиомол болохыг тодорхой болгож байна. "Taste of Cherry" бол "зөвхөн" кино гэдгийг батлахаас холдоод энэхүү гайхамшигтай төгсгөл нь бусад зүйлсийн дунд энэ ч бас кино гэдгийг хэлж байна".

Найруулагч Kiarostami-н ертөнцөд ганц урлаг гэж байхгүй, зөвхөн урлаг хоорондын харилцаа л гэж байдаг гэж хэлж болно; үүнтэй адилаар түүний кино урлагт кино гэж байхгүй, зөвхөн кинонууд хоорондын харилцаа холбоо л байдаг буюу мөн кино болон үзэгчид л гэж бий. Ираны хамгийн алдартай кино найруулагч тэрээр Ираны баруун хойд хэсэгт орших Кокер тосгоны ойролцоо хийсэн гурамсан киногоороо олон улсад алдаршсан; тухайлбал, "Where Is the Friend's Home" кинонд жаал хүүгийн нөхөрлөлийн аяллын тухай өгүүлдэг; "And Life Goes On" бүтээлд "Where Is the Friend's Home" киноны жүжигчин хүүхэд 1990 оны аймшигт газар хөдлөлтөд амиа алдсан эсэхийг олж мэдэхээр найруулагч маань өөрөө аялалд гарч тухай зохиомол түүхийг дүрсэлдэг;  тэгвэл "Through the Olive Trees" кинонд, өмнөх зохиомол киноны түүхийн газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүст тулгарч буй элдэв бэрхшээлийг эргэцүүлдэг. Критикүүд эдгээр гурван киног "Koker" трилоги гэж нэрлэдэг. Kiarostami уг нэр томьёоноос татгалзаж, кинонууд ердөө тохиолдлоор холбогдсон гэсэн буй. Тэрээр трилогийн сүүлийн хоёр кино болоод "Taste of Cherry" киног оруулаад трилоги гэж үзвэл илүүтэй зохимжтой гэж үзсэн байдаг, учир нь, эдгээр кинонууд нь амьдралын нандин сайхныг харуулсан сэдвээрээ холбогдоно гэжээ. Өмнөх хоёр кинонд амьдрөх гэсэн зөв совингийн цангааг сэтгэл хөдөлгөм байдлаар илэрхийлдэг бол "Taste of Cherry" кино бидэнд амьдрахын сайхныг урвуу байдлаар ярьж өгдөг.

Анх харахад энэ кино нь үхлийг өргөмжилсөн мэт санагддаг. Kiarostami-н "And Life Goes On" болон "Through the Olive Trees" кинонууд аяндаа урссан, яруу найраглаг уур амьсгалтай байдаг бол "Taste of Cherry" хязгаарлагдмал, хахир өнгө аяс, хийцээрээ тод ялгарах ба энэ бүтээл магадгүй найруулагчийн хамгийн хахир, уйтгартай кино болов уу. Тавиад насны, эрүүл чийрэг бас мөнгөтэй эр Range Rover машинаараа Тегераны тойрон амиа хорлоход нь туслах хүнийг хайдаг тухай бид дээр хангалттай өгүүлсэн билээ. Киноны ихэнх хэсэг Badii-н гурван эртэй хийсэн ярианаас бүтдэг; Курдистан цэрэг, Афганистаны семинарист , Турк таксидермист нараас тэр өөрийг нь хөнөөхийг бус үхчихсэн бол булчихаад мөнгө авахыг санал болгодог. Исламын шашинтай хүмүүс ямаршуу ёс суртахуунлаг, хүнлэг хүмүүс болохыг бид эдгээр хүмүүсээс олж харна. Барууны ертөнцөд, бараг манайд ч мөнгөнөөс энэ ажлыг хийчих хүн захын анх учирсан хүн л дуртайяа зөвшөөрөх бий. Уг киноны хомсхон өгүүлэмж нь стандарт драм-д хүрэлцэхгүй нь илэрхий бөгөөд өгүүлэмж нь ёгт үлгэр, зүйрлэл эсхүл далд наманчлалын бүдэг бадаг, битүү утгат шинжээрээ сэтгэл татдаг. Зураг авалтын үеэр Kiarostami өөрөө бидэнд харагдаж байгаа яриа бүрт дэлгэцийн гадна сууж байсан нь найруулагч маань дотоод сэтгэлийн харанхуйн тэмцэлээ эргэн санаж байгааг харуулсан санагдана.

  Үзэгч бид семинарист эрийг "шашин", таксидермист эрийг "натур философи" гэж харвал энэ нь Дундад зууны Ираны философичдын мэтгэлцээн шиг санагдах ба эсхүл мөн Kiarostami-н боловсруулсанаар теократын эсрэг ухаалаг маргаан гэж үзэж ч болно. Эсвэл магадгүй энэ нь Kiarostami маягийн киноны тухай кино ба Badii-н өөрийгөө арилгаж байгаа нь бүдгэрэн алсарч буй кино урлаачийн кино хэлбэр болов уу. Kiarostami өөрийн аугаа формал болон оюунлаг ухаанаараа Bresson, Bregman, Kurosawa, Antonioni, Godard нарын аваргуудын эгнээнд оруулсан. Яагаад Badii амиа егүүтгэхийг хүсч байгааг бидэнд тодорхой хэлсэнгүй вэ? Яагаад амиа хорлохыг завдаж байгаа ганц хүний үхлийн замд янз бүрийн олон хүнийг оролцуулна вэ? Ер нь хүн яагаад амьдрахыг хүснэ вэ?. Киноны төгсгөлд бид Badii-тай хамт нүхэнд хэвтээд харанхуй руу (үхэл рүү) ширтэхэд энэ кино бидэнд мэдрүүлэхийг хүссэн амтлах, үнэрлэх, бүхий л сэрэл мэдрэмжийг гүн гүнзгийгээр мэдрээд гань ганцаараа үлддэг. 

Comments