Сувгаа бүү соль

 


Videodrome (1983). Канадын алдартай кино найруулагч David Cronenberg-н зохиолыг нь бичиж найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт, боди хоррор. Уг хоррорт, телевизийн жижиг сувгийн захирал хүчирхийлэл, аллагыг бодитоор харуулсан нууц нэвтрүүлэгийн дохиог олж илрүүлнэ; тэр эх сурвалжийг нь хайж олох явцдаа психологид нөлөөлөх нууц хуйвалдаантай учирч, улмаар аажмаар бодит байдлыг мэдрэмжээ алдаж, галлюциногенд хүчтэй унаж байгаа тухай өгүүлдэг.Энэ бол Cronenberg-н Холливуудын томоохон студийн (Universal Pictures түгээсэн) дэмжлэгийг авсан анхных нь кино байсан ба кино нээлтээ хийгээд техно-сюрреалист эстетик, найруулга, психосексуал сэдэв агуулгаараа критикүүдээс өндөр үнэлгээ авсан. Киноны гол дүрүүдэд James Woods, Debbie Harry нар тоглосон ба критикүүд тэдний гүйцэтгэлд алга ташсан байдаг. Өнөөдөр "Videodrome"-ийг Cronenberg-н шилдэг бүтээлийн нэг төдийгүй шинжлэх ухааны уран зөгнөлт хоррор болон боди хоррор (body horror) жанрт үлэмж нөлөө үзүүлсэн кино гэж үздэг бөгөөд хэдийнээ култ классик гэгдэх болсон уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 324-р байрт эрэмбэлээд байна.

  Аймшгийн киноны мастер Cronenberg 8 дахь бүрэн хэмжээний киногоороо боди хоррор жанрын суутан гэдгээ дархалсан. "Videodrome" бол хүн төрөлхтний мазохист, захирагдах хандлагыг ирмүүн, ухаалгаар судалсан судалгаа юм. Энэхүү кино нь нээлтийн кадраасаа л технологи бидний өдөр тутмын нэг хэсэг болчихсоныг харуулдаг ба тухайн цаг үед энэ нь ирээдүйн төсөөлөл байсан бол өнөөдөр бодитоор биелсэн нь аймшигтай. Манантай, шөнийн хотын эстетикийг аниматроник тусгай эффектээр үзүүлсэн уг кино нь 1980-аад оныг мэдрүүлдэг хэдий ч хөндсөн санаа нь цаглашгүй учир гүн сэтгэгдэл төрүүлнэ. Энэхүү киноны санаа нь найруулагч Cronenberg-н хүүхэд насны дурсамжаас үүссэн аж. Канадын телевизийн сувгууд нэвтрүүлэгээ унтраасны дараа Cronenberg шөнөөр Нью-Йоркийн нэгэн телевизийн дохиог барьж үздэг байсан ба ингэхдээ хүмүүс үзэж болохгүй, сэтгэл түгшээм зүйл үзчих бий гэж санаа зовдог байжээ. Cronenberg; "Би үргэлж хар бараан зүйлсэд, бусдын хар бараан түүхийг сонирходог байсан. Хүмүүс өрөөндөө ороод маш хар бараан зүйлсийг үзэх замаар өөрсдийнхөө сонирхлыг судлах нь намайг татдаг байсан" гэж ярьсан байдаг.

  Найруулагч маань Торонтогийн их сургуулийн философийн профессор Marshall McLuhan гэгчээс сэдэвлэн доктор Brian-н дүрийг бүтээсэн бөгөөд Cronenberg сайхь философичийн хичээлд сууж байгаагүй ч нэг сургуульд нэг үед хамт байж. Cronenberg 1970-аад оны секс, хүчирхийллийг үзвэр болгон худалддаг ба ерөөсөө медиа хүмүүсийн бодит амьдралд хэрхэн нөлөөлж байгаа сэдэвтэй "Network of Blood" нэртэй зохиол бичсэн; үүний үндсэн санаа нь бие даасан телевизийн компанийн ажилтан ("Videodrome"-д Max-н дүр болсон) нэгэн найруулагчаас хачирхалтай этгээд зүйлсийг үзэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн байдаг баячуудын хувийн телевизийн суваг байдгийг олж мэддэг аж. Найруулагч маань уг түүхийг гол дүрийн нэгдүгээр биеийн өнцгөөс өгүүлэхийг төлөвлөж, түүний бусдын нүдэнд хэрхэн галзуу мэт харагдаж байгаа байдал болон өөрийн толгойдоо мэдэрч буй өөр бодит байдал хоёрын хоорондох зөрчилдөөнийг харуулахыг зорьжээ. Cronenberg сайхь төсөлтэйгөө төстэй санаануудыг телевизийн "Peep Show" цувралын "The Victim" нэртэй ангид хөгжүүлэн харуулсан. "Videodrome" кинонд гардаг CIVIC-TV станцыг Торонтод байдаг CITY-TV станцаас санаа авч; энэ нь шөнийн цагаар порнограф, хүчирхийлэлтэй контентууд гаргадагаараа алдартай байв.

  Канадын татварын хөнгөлөлтийн бодлогыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг Vision 4 компани Cronenberg-н кинонуудыг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд удалгүй компани татан буугдсан ч нэрээ Filmplan International болгон өөрчлөгдөн байгуулагджээ. Гэхдээ "Videodrome" бол Канадын киноны татварын хөнгөлөлтийн бодлогын хүрээнд хийгдсэн Cronenberg-н сүүлчийн кино байлаа. Cronenberg-н нэр хүнд өсч байсан болохоор төслийг бүтээх, санхүүжилт татахад хялбар болжээ. Түүний "Scanners" кино бокс оффист амжилт олсноор дараагийн төслийг продюсерүүд сонирхож эхэлсэн бөгөөд Cronenberg "Return of the Jedi" киног найруулахаас татгалзсан байдаг нь өөр найруулагчийн санаачилсан төсөлд ажиллахахыг хүсээгүй гэдэг. Cronenberg хоёр шинэ киноны санаатай Монтреаль хотод очсон ба продюсер "Videodrome"-ийн санааг нь дэмжжээ. Cronenberg киноныхоо анхны ноорогийг 1981 оны өвөл бичиж эхэлсэн бөгөөд өмнөх төслүүдийн адилаар үзэгчид хүлээн авахуйц болгохын тулд эцсийн хувилбараас олон хэсгийг хассан; үүнд Max галлюциноген байхдаа гар буу болсон гараа тасдаад, тэсрэх бөмбөгтэй гартай болж байгаа, мөн Max, Nicki хоёр үнсэлцэх явцдаа хайлж байгаа гэх мэт хэсгүүд байв. Найруулагч маань төслийн эхний ноорог хэт хүчирхийллийн агуулгатай болчихлоо, Filmplan зөвшөөрөхгүй байх бий гэж эмээж байсан ч тэд асуудалгүй баталсан байдаг; гэхдээ киноны зохиолыг продакшны бүх шатанд байнга өөрчилж байв.

  Киноны жүжигчид болон бусад багийг бүрдүүлэх ажил 1981 оны зун Торонтод эхэлж, туслах дүрүүдийн ихэнхийг орон нутгийн жүжигчдээс сонгон бүрдүүлжээ. Продюсерүүд Max-н дүрд анхнаасаа James Woods-г тоглуулахыг хүссэн; Woods Cronenberg-н Холливуудад дуртай байсан учраас уриалгахан саналыг хүлээн зөвшөөрсөн. Cronenberg түүний ярих ур чадварыг үнэлдэг байсан бол Woods түүний найруулгын этгээд хэв маяг, хүчтэй нөлөөтэй маргаан өрнүүлэх чадвартай гэж үнэлдэг байжээ. Кинонд, Max Videodrome-н малгай өмсдөг хэсэгт жүжигчин маань цахилгаанд цохиулахаас айгаад байсныг учир найруулагч өөрөө түүнийг орлон тоглосон байна. Алдарт дуучин Debbie Harry-г продюсерүүд санал болгож, Cronenberg Debbie-г "Union City" кинонд тоглосон гүйцэтгэлийг нь үзээд сонгосон ба өмнө нь том дүрд тоглож байгаагүй жүжигчин бүсгүйд Woods зөвлөгөө өгч тусалж байсан ажээ. Критикч Tim Lucas-н бичсэнээр, "Videodrome" кино нь технологжсон ертөнцөд хүмүүний мэдрэмжүүдийн төсөөлөл; секс ба хүчирхийллийн сэтгэл татам, аймшигтай тал, мөн бодит байдал хийгээд ухааны хил хязгаарын тухай кино гэжээ. Философич Marshall McLuhan-н медиа онолоос Brian O'Blivion-н дүр үүссэн бөгөөд критикч Mikel J. Koven-н бичсэнээр, Videodrome нь Max-г яг л видео тоглуулагч шиг програмчлах буюу түүний хэвлийд кассет хийх замаар McLuhan-н Философийг шууд хэрэгжүүлдэг гэсэн буй.

  Критикч Olga Thierbach-McLean-н онцолсоноор бол "Videodrome" нь 1970-аад оны дунд үе болоод 1980-аад оны үед кабелаар түүний салбар огцом өргөжин хөгжиж, үүнээс улбаатай соёл томоохон өөрчлөлтийг болсныг илэрхийлдэг аж. Киноны үндсэн зөрчил нь Videodrome-г хянахыг төлөөх телевизийн салбар дахь нийгмийн ололт амжилт болон хувийн хүмүүсийн хөрөнгө чинээгээ улам хуримтлуулах гэсэн таарашгүй, нийцэшгүй хурцадмал байдалтай холбогддог. Зарим судлаачид уг хоррорыг секс, нэн ядуу порнографитай холбон тайлбарладаг. Киноны эхэнд Max эротик медиа салбартаа нөлөөтэй, мэдэлтэй нэгэн байдаг боловч киноны сүүлд тэрбээр эзэмшиж байсан бүхнийхээ аймшигт хохирогч болон хувирсан байдаг. "Эротизм гэдэг бол үхэл ба үжирсэн биетэй холбогдсон чөтгөрийн таашаал" гэж Испани мастер кино найруулагч Luis Buñuel нэгэнтээ хэлсэн байдаг. Cronenberg-ээс өөр хэн ч дээрх санааг ухаалаг, аймшигтайгаар илэрхийлж чадахгүй, эсхүл тийм найруулагч тун ховорхон байх ёстой. Cronenberg хүнийг орчин үеийн технологижсон, нэг үгээр технологижсон-хүний тухай үзүүлэхдээ гаргууд мастер юм. Түүнчлэн тэрээр эротизмыг хүмүүний төрөлх зөнтэй салшгүй холбоотой болохыг өөрийнхөө Боди хоррор жанраар илэрхийлэх дуртай. "The Fly", "Dead Ringers", "Crash" зэрэг бүтээлүүдээрээ тэрээр эротизмыг үхэлтэй нягт холбож, сексийн аюултай тачаадал нь зарим тохиолдолд биднийг эрсдэл рүү түлхэж, улмаар бие махбодийн хийгээд психологийн гэмтэл нь хүнийг гаж бурууд татагдах шалтгаан болж байгааг харуулахыг зорьдог.

Ингээд хүний бие хийгээд сэтгэл нэгэнт гажуудан унаваас хүсэл тачаалаа технологоор дамжуулан илэрхийлж, хязгааргүй түрэмгийллийн хүрээнд уусч, хайр гэдэг зүйлийг нэгээс нөгөө рүү хялбархан шилждэг мэт ойлгосон мэдрэмжгүй мэдрэл нэгэн болдог гэж тэр үзсэн бололтой. "Videodrome" кинонд технологийн хөгжилд хүрсэн ертөнцийг харуулсан ба энд хүн медиа хэрэглэгч биш хүн-медиа болсон байна; чухам өнөөдрийг зурагласан санагдсан. Өнөөдөр хүн төрөлхтөн дотоод бие ба гадаад орчны зааг ялгааг бараг мэдрэхгүй болж, зааг ялгаа гэх юмгүй болсоор л байна. Уг хоррорт, Videodrome-н дохионд өртсөн хэн бүхэн өөр хэн нэгний хүслээр удирдуулж, төгсгөлгүй галлюциноген ертөнцөд живдэг шиг өнөөгийн бид медиа ертөнц, гар утасныхаа боолын гинжинд улам баглуулсаар байгаа билээ. Кинонд Videodrome-н дохио хүний биед орсон бол тухайн хүний бодит байдлыг мэдрэх мэдрэмж бүрэнхийлж, түүгээр зогсохгүй бие нь хүртэл өөрчлөгддөг; эдүгээ бидний юу бодохыг, яаж мэдрэх ёстойг сошиал медиа мэддэг бас хариуцдаг болсон нь үнэн; мөн үргэлжийн шахуу суугаа хэвтээн дунд байх болсон бидний бие махбодь улам л өвчлөмтгий, сул дорой болсоор байгааг хэн ч үгүйсгэхгүй болов уу.

  Cronenberg-н кинонуудад хүн төрөлхтөн "байгалийн" шинж чанараа алдаад медиагаар л холбогдсон шинэ шинж чанартай болж байгааг үзүүлдэг. Ийм ертөнцөд буюу Cronenberg-н кинонд хүн өөртэйгөө, бусадтайгаа харилцах харилцаанд анхдагч аяндаа үүсдэг шударга, жинхэнэ, цайлган мэдрэмж хийгээд сэтгэл гэж байдаггүй. Бид аль хэдийнээ салшгүй ба албадлагаар холбогдсон учраас бусдын бодол, мэдрэмж, сонголтод автаад өөрийн гэсэн идентитигээ эгнэгт алдахад хүрээд байна. "Videodrome" кино нь хүчирхийллийн дүрс үзэх нь бидний мэдрэмжгүй болгож, сэтгэлийг үхжүүлдэг гэсэн санааг илэрхийлдэг бөгөөд ерөөсөө хүний ухаан зөвхөн хүчирхийлэл үзсэний улмаас өөрчлөгддөггүй, харин юу ч үзсэн бай өөрчлөгддөг. Германы зохиолч Hans Magnus Enzensberger ТВ хүнийг тэнэг болгодог гэж мэдэгдэж байсан. Сайхь мэдэгдлийг энэхүү киноны Videodrome-н дохиотой жишиж үзвэл, кинонд уг дохионд автах тусам галлюциноген нь даамжирсаар эцэстээ энэ нь байнгын шинжтэй болдог ба уншигч та гар утас, сошиал медиад хоногийн хэдэн цагийг өнгөрүүлдэг болохоо тооцоолоод үзвэл миний зүйрлэж хэлэх гэсэн санааг илүүтэй ойлгох болов уу. 

Comments