"Невскийн өргөн чөлөө". Украин гаралтай Оросын их зохиолч Николай Гоголийн 1831-1834 оны хооронд бичсэн, 1835 онд Арабеский түүвэрт хэвлэгдэн гарсан богино өгүүллэг. СЭДЭВ:ТӨГС ТӨГӨЛДРИЙН СҮЙТГЭГЧ ХҮЧ. Пискарев араас нь дагасан хар үстэй эмэгтэй түүний төгс төгөлдрийн хүсэлд нийцээгүй тул өөрийгөө хөнөөх замд эргэлт буцалтгүй ордог. Түүний төсөөлсөн шиг эмэгтэй төгс төгөлдөр биш, алдаж бодсон нь эмэгтэй бие үнэлэгч байсантай хамаатай биш, хэдийгээр эмэгтэйн амьдралын хэв маяг төгс эмэгтэйлэг байдлын эсрэг учир үнэн бол нууцлаг эмэгтэй түүний хүлээлтэд хүрэхгүй байгаад хэрэг оршино. Тиймээс амьдрал бидний урмыг хугалдаг, бид үүнд дасаж амьдрах ёстой, үгүй бол амьдрал таныг хөнөөнө. ГАДНА ТӨРХ ХУУРАМЧ БАЙЖ БОЛНО. Энэ сэдэв зөвхөн гадна төрхөөс болж эмэгтэйчүүдийн араас хөөцөлдөж буй эрчүүдийн тухай хоёр зэрэгцээ хүүрнэлээр илрээд зогсохгүй мөн өгүүллэгийн бүтцийн хувьд түүхийн гол сэдэв болно. Түүх Санкт-Петербургийн Невскийн өргөн чөлөөг магтаж эхэлдэг буюу энэ бол юу байгаа бус тэнд очиход юу тохиолдож болох талаарх тухай . Тайлбар нь боломжит өөдрөг үзэл, нууцлаг адал явдлаар дүүрэн байдаг ба энэ түүх Невскийн өргөн чөлөөний тухай дүрсэлсэн зохиолын өөр нэг хэсгээр төгсдөг. Чөтгөр гудамжны дэнлүүг асаах гэж шөнө ирдэг, цаашилбал энэ бол итгэж болохгүй газар мэт хүүрнэгч хэлдэг. Гэхдээ эхний хэсэгт Невскийн өргөн чөлөөг дэлхийн бичил ертөнц гэж дүрсэлдэг тул ер нь хаана ч гэсэн ийм байх магадлалтай гэж энэ түүх сануулах мэт.
ЧӨТГӨР ЭМЭГТЭЙ. Хоёр эрийн дагаж буй хоёр эмэгтэй тэдэнд хүчтэй нөлөө үзүүлдэг; нэгд нь эмгэнэлтэй, харин нөгөөд нь инээдтэй нөлөө үзүүлдэг. Энд анхаарах нэг зүйл бол аль ч эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ямар нэгэн байдлаар харилцаанд ордоггүй явдал юм. Үнэндээ эмгэнэлт явдал нь зураачийн эмзэг төсөөллийн ухаанд (ихэвчлэн опиумын ивээлээр) оршдог нарийн түвэгтэй, гүн гүнзгий харилцаанаас үүдэлтэй байдаг. Цэргийн хувьд гэвэл түүний дурласан шаргал үст гэнэт өөр эрийн үнэнч эхнэр болж хувирдаг билээ, түүний энэ хэт авталт нь өөрөөсөө доогуур юмуу илүү цолтой хэн ч өөрийг нь үл тооно гэсэн нарциссист үл итгэх үнэмшилтэй нь холбоотой юм. Гадна төрх бол хуурамч зүйл, эсхүл ерөөсөө юу ч биш гэсэн сэдэвтэй энэ өгүүллэгийн хамгийн егөөтэй нь эмэгтэй хүн чөтгөрийн хүчийг эзэмшдэг гэсэн уламжлалт хүрээнд оршдог ба тэрнээс өгүүллэгт гарах эрчүүд өөрийгөө алах, айлын нөхөрт зодуулах зэргээр тэднийг төлөвшөөгүй юмуу янз бүрээр илэрхийлэх гэсэн санаагүй болно. Энэ бол чөтгөр эмэгтэйчүүд хүсэл аж. СИМБОЛ БА МОТИФ. ӨРГӨН ЧӨЛӨӨ (СИМБОЛ). Невскийн өргөн чөлөө нь энд амьдралын мөчлөгийн симбол болж байна; өглөөгөөр гудамж хоосон байна, тэгээд хүүхдүүд, багш нараар дүүрээд дараа нь залуучууд ирж, удалгүй нэр хүндтэй төрийн албан хаагчид гарч ирнэ; үдээс хойш өргөн чөлөө хоосон болно. Харин шөнө болоход өргөн чөлөө дахин гэрэлтдэг ба өтгөн шөнө иртэл амьдралаар бялхдаг, тэгээд өглөө болтол нойрсоно. Дараа өргөн чөлөө дахин өөрийн тойрогтоо орно. Өгүүллэгийг уншиж өайхад зохиолч өргөн чөлөөний гоё сайхныг эхэндээ биширдэг болох нь илэрхий байдаг бол зохиолч өгүүллэгийн төгсгөл руу үүнийг жигшин зэвүүцэж, хүмүүсийг өргөн чөлөөнд итгэхгүй байхыг уриалж байна. Гоголь өргөн чөлөөг бус амьдралыг хэлсэн болов уу.
ХУДАЛ ХУУРМАГ (МОТИФ). Энэ сэдвийг
өгүүллэгт тодорхой харуулсан. Сонирхолтой нь, энэ сэдэв эхэндээ бараг
харагдахгүй бол өгүүллэгийн төгсгөлд улам бүр хөгждөг. Пискарев залуухан
бүсгүйн цэвэр үзэсгэлэн, ариун сэтгэл, "тэнгэрийн мэлмий"-ийн тухай
бодож араас нь дагаж явахад уншигч энэ сэдвийг анхлан олж харна. Харин хэсэгхэн
хугацааны дараа бүсгүй биеэ үнэлэгч болох нь тогтоогдоно. Өгүүллэгийн төгсгөлд
бид хүүрнэгчийн бүх зүйлд нэвчсэн худал хуурмагт хилэгнэж байгааг харна;
тухайлбал, хүмүүс, юмс, мэдээжээр өргөн чөлөөг хэлэх хэрэгтэй. Эндээс, буюу
төгсгөлд бид худал хуурмагийн сэдвийг хамгийн тодоор хардаг. ЗҮҮД (МОТИФ). Энэ
мотиф нь зохиолчийн төсөөллийн, хүсэмжилсэн ертөнц ба гашуун, зовлонтой бодит
амьдралыг харьцуулахад тус болдог. Зүүднээс өмнө уншигч баатар амьдралдаа
сэтгэл дундуур байгааг харж болно. Дараа нь тэр унтаж, зүүдэндээ жаргалтай
болдог. Зүүднийхээ дараа тэрээр унтахынхаа өмнөхөөс ч илүү жаргалгүй болдог ба
үнэндээ зүүд нь түүнийг амиа хорлоход хүргэдэг.
"Хөрөг зураг". Оросын аугаа зохиолч Николай Гоголийн 1835 онд Арабеский түүвэрт хэвлэгдэн гарсан богино өгүүллэг. Энэ бол "Вий" зэрэг зохиолын хамтаар Гоголийн хамгийн чөтгөрлөг сэдэвтэй бүтээлийн нэг болно. СЭДЭВ. САЙН БА МУУ. Энэ сэдвийг урлаг ба эд баялагаар дамжуулан илэрхийлдэг. Нэг үгээр хэлэхэд зураач хүн чөлөөтэй ажиллахын тулд, авъяас чадвараа хөгжүүлэхэд мөнгө буюу эд баялаг зайлшгүй хэрэгтэй. Гэсэн ч Андрей Петрович Чартковын жишээнээс уншигчид түүний төгс төгөлдөрт хөрөнгө оруулсан сайн сайхан санаа нь үхэлд хүргэж буйг харна. Юуны өмнө, энэ нь хүний сэтгэлийг сүйтгэж болзошгүй юм. Хүн хүчтэй бас хүсэлтэй байж чадваас бүхнийг даван туулж чадна гэдгийг Гоголь харуулжээ. Өгүүллэгийн гол баатар сул дорой байдаг учраас ор мөргүй алга болж байна. БАЯН БА ЯДУУ. Энд энэ сэдвийг жаргалыг олох арга зам гэж толилуулж байна. Хүнд мөнгө хэрэгтэй санагддаг, тэгээд мөнгөтэй болвол зээлдүүлэгчээс ангид байж, үзэсгэлэнтэй эхнэртэй болоод сайхан гэр бүл цогцлоож, бүх зүйл сайхан болно гэж боддог; өгүүллэгийн баатар ч тэгж боддог ба гэсэн ч бүх зүйлс эсрэгээрээ эргэдэг. Мөнгө хэрэгцээ хангахын сацуу сул тал авчирдаг буюу мөнгө шунал, атаа жөтөө, хулчгар байдлыг өий болгодог. Ядуу байх нь Чартковыг бүтээлчээр чөлөөтэй ажиллах боломжийг нь боомилдог. Гэвч ядуу байх нь Чартковын материаллаг асуудал төдийгүй түүний оюун санааны асуудал ба алт дүрүүдийг галзууруулж, шуналтай, жөтөөрхүү болгодог. Гоголийн хэлснээр хулчгар хүн их хэмжээний мөнгөтэй харьцаж чаддаггүй туд тэд эцэстээ үүнээс болж үхдэг ажээ.
БҮТЭЭХҮЙ. Гоголь бидэнд хоёр төрлийн зураачийг үзүүлдэг; жинхэнэ уран бүтээлч ямар байх ёстой вэ?. Нэг зураач нь мастеруудын бүтээлийг судлахыг хүсдэг ч илүү амар хялбар аргаар амжилтад хүрэхийг хүсэгч бол нөгөөх нь өөр дээрээ, хүсэл, тэмүүлэл дээрээ ажиллагч бөгөөд түүний хувьд урлаг гэдэг философи, шашны нэг хэсэг ажээ. Урлаг амьдралтай зөрчилдөж болохгүй; энэ бол түүний амьдрал. Гол баатрууд өөрсдийнхөө бүтээлийн өмнө хариуцлага хүлээдэг бөгөөд хүн уран бүтээлч болохоо бүтээлээрээ батлах ёстой гэдэгт итгэцгээдэг. Жинхэнэ уран бүтээлч хүн урлаг гэдэг ганцхан шүтээнтэй байх ёстой ба бүтээхүйн жаргалыг ашиг хонжоо болгон өөрчилж болохгүй. СИМБОЛ, МОТИФ БА ЗҮЙРЛЭЛ. МӨНГӨ (СИМБОЛ). Мөнгөний симбол энэ богино өгүүллэгт хамгийн чухал үүрэгтэй. Бидний ойлгосноор мөнгө хүмүүсийн хувь тавиланг сүйтгэж чаддаг бөгөөд Гоголь л ч энд тэгж нотолж байна. Андрей Петрович Чартков тарган цатгалан, тансаг амьдралыг хүсэж мөрөөддөг. Гэхдээ бидний ойлгосноор бүхнийг авахын тулд хүн таарсан төлбөр төлөх ёстой ба тэгвээс гол баатар маань үүнийг амь насаараа төлж байна. Тиймээс, гол баатрын амьдралыг үгүй хийж байгаагаараа мөнгө нь муу муухайг симболчилж байна.
НУУЦЛАГ ХӨРӨГ ЗУРАГ (ЗҮЙРЛЭЛ). Юуны
өмнө, өгүүллэгийн гол баатрын олж авсан хөрөг зураг анхандаа энгийн бөгөөд
чамин зураг шиг байдаг ба баатар маань сайхь хөргийг өөрийнх нь шийтгэл байсныг
мэддэггүй билээ. Хөрөг зургийн жаззнаас олсон мөнгө нь түүний хувьд ядуурлаас
гарах цорын ганц арга зам гэж үздэг. Гэвч энэ нь том, засашгүй алдаа байдаг.
Сайхь хөрөг зураг үхэлд хүргэх зам ба түүний амийг авч оддог. УРЛАГ, ДУР БА
БУЗАР (МОТИФ). Эдгээр гурван мотиф нь уншигчдад өгүүллэгт болж буй бүхнийг
төсөөлөх боломжийг олгодог. Урлаг хүмүүст урам зориг өгч, хүрээлэн буй
ертөнцийг ойлгох боломжийг олгохын дээр урлаг нь мөнхийн бөгөөд гайхалтай ба
учир нь урлаг бидэнд гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр хийгээд сайн сайхныг өгдөг.
Чартков хөгшин эрийн хөрөг зургаас мөнгө олдог шиг хэн ч гэсэн урлагаас
гайхалтай "ид шидийг" олох боломжтой билээ. Сайхь ердийн бөгөөд ид
шидтэй хөрөг зураг нь Чартковын сэтгэлийг татаж, Чартков ч үүний нөлөөнд их
автдаг. Гэвч хөгшний хөрөг зураг залуу зураачийн амьдралыг сүйтгэж орхидог
билээ.
"Галзуу хүний өдрийн тэмдэглэл". Николай Гоголийн энэхүү хошин богино өгүүллэг бол түүний "Шинель", "Хамар" бүтээлүүдийн хамтаар түүний хамгийн шилдэг богино өгүүллэгийн тоонд багтдаг. Энэ бол Гоголийн нэгдүгээр биеэс бичсэн цорын ганц бүтээл ба бүхэлдээ өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог. ӨМНӨХ ҮГ. Хэдийгээр 19-р зууны анагаах ухааны мэргэжилтэнгүүд Гоголийн галзуурлын явцын дүрслэлийг оновчтой зөв гэж үзсэн ч текст нь өөрөө (нэрнээс бусад) хэзээ ч хил хязгаарыг давж объектив болдоггүй. Бүх зүйлийг зөвхөн гол баатрын өнцгөөс дүгнэж, түүний тухай хийгээд түүнд тохиолдож буй зүйлсийн талаарх дүгнэлтийг зөвхөн түүний өдрийн тэмдэглэлд бичигдсэн үйл явдал, бодлын солипсист, аажмаар нэмэгдэж буй фантааз хүүрнэлээс л дүгнэн харна. Бичвэр нь тухайн өдрийн үйл явдлыг өнгөрсөн цаг дээр, түүнтэй холбоотой бодол санаа, холбогдох бүхнийг одоо цагийн бүртгэлээр хаа хамаагүй хольсон байдаг. Энэ нь өдрийн тэмдэглэлийн стандарт хэлбэрээр эхэлдэг боловч тодорхой цаг, өдрийг хүртэл иррационал хэлбэртэй болдог ба зохиолчийн уламжлалт цаг хугацааны мэдрэмж сарнисан мэт харагдана.
ҮНДСЭН СЭДЭВ. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА. Уг бүтээл Оросын Санкт Петербург хотын нийгмийн хязгаарлагдмал анги давхаргын тухай юм. Аксентий эргэн тойрноо цол хэргэм, анги давхарга гэж ялгаатайгаар хардаг. Аксентий албан тушаалаараа бахархдаг ба хамт ажилдаг хүмүүстээ дургүйгээс гадна өөрийгөө нэр хүндтэй зөвлөхүүдтэй эн зэрэгцүүлэн боддог. Тэрээр ахлах болон даргадаа зусарддаг; Аксентий даргыгаа "эрхэм дээдэс" гэж зусардан хүндэтгээд гарыг нь үнсэх гэж оролддог нь үнэхээр түүний долигнуур бишрэлийг илтгэнэ. Аксентий даргаа "дээд хүн" гэж үздэг бөгөөд энэ нь түүний хүнийг хэрхэн үнэлдэгийг харуулна. Аксентий даргынхаа охинд дурлах ба тэрээр Софигийн Мэжи гэх нохойны бичсэн захидлыг уншиж байна гэж төсөөлж, төсөөлөлд нь нохой түүнийг сүрэл шиг үстэй, гамшигийн царайтай гэж шүүмжилдэг. Энэ нь Аксентий өөрийгөө Софигоос бүх талаар доогуур гэсэн мэдрэмж төрүүлж, үүндээ бууж өгч, өөртөө итгэлгүй болж байна. Дараа нь тэрээр Софиг Теплов хэмээх камер-юнкертэй дотно болсон гэж төсөөлдөг (Софи, Теплов хоёрын харилцаа үнэн байж болох талтай ч манай хүүрнэгч галзуурч байгаа тул энэ нь уншигчдад найдвартай санагдахгүй). Камер-юнкер бол эзэн хааны зарц тул төрийн албан хаагчаас илүү нэр хүндтэй цол хэргэм юм. Аксентий Тепловтой өрсөлдөж чадахгүй гэдгээ мэдэж байгаа нь түүний галзуурахад түлхэц болдог. Тэрээр өөрийгөө Испанийн хаан гэж төсөөлж эхэлдэг; энэ камер-юнкерээс өндөр хэргэм төдийгүй Тепловыг Аксентийн зарц болгож байна. Мэдээжээр, тэр хаан биш, тэр галзуу нэгэн. Түүнийг галзуугийн эмнэлэгт хүчээр аваачиж, өөрийгөө хаан биш гэж ухаарах хүртэл эмчилдэг (зоддог мэт байдаг). Энэ байдал энэ анги дэвших боломжгүйг илтгэнэ.
ГАЛЗУУРАЛ. Гоголь гол дүрээрээ галзуурлын нийтлэг шинжийг гаргаж ирсэн; хий юм сонсох (ноход ярих), аугаа ихийн төөрөгдөл (өөрийгөө Испанийн хаан гэж бодох), мөн түүнчлэн галзуугийн эмнэлэгийн нөхцөл хийгээд үүний хувь хүнд үзүүлэх нөлөө зэргийг дурдаж болно. 19-р зууны хоёрдугаар хагаст "Галзуу хүний өдрийн тэмдэглэл" бүтээлийг бодит жишээ гэж авч үздэг байсан ба анагаах ухааны мэргэжилтнүүд параной төөрөгдлийн үйл явцын тойм болгон энэ бүтээлийн бодитой эсэхийг баталгаажуулсан нийтлэл хүртэл бичиж байв. Аксентий дүрийг нэрт сэтгэцийн эмч Эрик Левин Алтшулер шизофрени гэж нэрлэгдсэн өвчний хамгийн эртний бөгөөд өргөн хүрээтэй дүрслэлийн нэг тодорхойлсон байдаг аж. Аксентийгийн өдрийн тэмдэглэлд дүрсэлсэн галзуугийн эмнэлэгийн засч залруулах байр нь Европын аж үйлдвэржилтийн эриний үе дэх галзуу өвчнийг эмчлэхтэй холбоотой идеалогиийн алсан төлөв, институцийн практик байдлыг бодитоор харуулсан гэж үздэг. Аксентийгийн галзуурч буй нь нийгмээс хөндийрсний үр дүн юм. Түүний эргэн тойронд харагддаг ч хэзээ ч мэдэрч чаддаггүй нэр төр, эрх мэдэлд хүрэх хүсэл бол урам зоригийг нь бус бухимдлыг нь төрүүлдэг.
Тэрээр
хүсэл эрмэлзлэлээр дутмаг нэгэн ба тэр бодит амьдрал дээр зорилгодоо хүрэхийн
төлөө идэвхтэй ажиллахын оронд эрх мэдэл, эд хөрөнгийг зөвхөн хүсэж байдаг.
Захирал, хэлтсийн дарга, Софи гэсэн гурван тодорхой дүр Аксентийгийн эрүүл
саруул ухааныг сүйрүүлэхэд хувь нэмэртэй байдаг. Хэлтсийн даргын байнгын
шүүмжлэл Аксентийг хамгийн их бухимдуулдаг ба хэлтсийн даргын түүнийг бодит
амьдралд оруулах гэсэн оролдлого Аксентий бухимдаж, түрэмгий байдлаар хариу
үзүүлдэг. Захирал түүнд нөлөөлөхдөө хамгийн идэвхгүй үүрэгтэй байдаг буюу
үнэндээ Аксентий захирлаа шүтэн биширдэг, харин захирал түүний амьдралд огт
оролцдоггүй тул түүнээс хөндий юм. Тэдний харилцаа амар тайван байдаг ч
Аксентий захирлынхаа заналхийллийг олж харах арга замыг өөртөө нээдэг. Тэрээр
захирлынхаа тун амбицтай болохыг олж мэддэг, гэвч өөрийнх нь хүсэл бодит
амьдралд амжилтад хүрч чадашгүй болохыг мэддэг тул захирлаа шүтэх сэтгэлээ үзэн
ядалт болгон хувиргажээ. Софи бол түүний хүчтэй бэлгийн дур хүслээр татагддаг
үзэсгэлэнтэй охин; гэтэл охин өөрийнх нь муухай төрхтэй, уцаартай хүн болохыг
олж мэдсэн нь Аксентийд тэсэшгүй зовлон болж, улмаар галзуурч байна.
"Шинель". Украин гаралтай Оросын их зохиолч Николай Гоголийн 1842 онд хэвлүүлсэн богино өгүүллэг ба уг бүтээл нь Оросын уран зохиолд асар их нөлөө үзүүлсэн гэдэг бөгөөд Достоевский "Бид бүгдээрээ Гоголийн "Шинель"-ээс бий бологсод билээ" гэсэн байдаг бол Набоков уг бүтээлийг "Оросын түүхэн дэх хамгийн аугаа богино өгүүллэг" гэсэн буй. ҮНДСЭН СЭДЭВ. Улс төр: Бид энд бүгд найрамдахчуудын тухай юмуу аль эсхүл демократчуудын талаар ярихгүй. Энд цол хэргэмийн тухай яригддаг. Зөвлөхүүд, коллекийн байцаагчид, түшмэлүүд гэх мэт цол хэргэмүүд уг өгүүллэгт чухал байр суурьтай. "Шинель"-ын ертөнцөд төрийн албан хаагчдаар дүүрэн байдаг. Цол хэргэмийн хувьд дээд юмуу доод албан тушаалтнаа гомдоочихгүйн тулд хүн бүхэн болгоомжтой байх ёстой бөгөөд "Шинель" өгүүллэгт улс төрийн дэглэм нь хүний аминд хүрэх хангалттай хүчтэй гэдгийг уншигч дорхноо ухаарна. Сэтгэл ханахгүй байх: Барууны ихэнх нийгэмд сэтгэл ханахгүй байхыг сайнд тооцдог, баруунд үүнийг сэтгэл ханамжгүй байдал гэхээсээ илүү амбиц гэж хардаг. Харин уг бүтээлд энэ нь тийм ч сайн хэрэг биш бөгөөд Акакийн (өгүүллэгийн гол баатар) эргэн тойрны хүмүүс өндөр албан тушаалын төлөө өөр хоорондоо үхэн хатан тэмцэлдэж байдаг. Тэр бол бага цол хэргэмдээ сэтгэл ханамжтай байгаа ганц хүн хэдий ч үүнээс нь болж бүгд түүнийг дорд үздэг. Тэр энэ өгүүллэгийн цорын ганц аз жаргалтай дүр байсан гэдгийг бгүүллэгийн төгсгөл хүртэл бид ойлгодоггүй ба тэр бусадтай адилхан болсноор бүх зүйлс өөрчлөгддөг.
ӨНГӨ АЯС. Гоголийг бүтээлээ туурвиж байх үед Оросын уран зохиол сонирхолтой цаг үеийг туулж байлаа. 1830-аад оноос өмнө Оросын уран зохиолын дийлэнх хэсгийг үргэлжилсэн үгийн зохиол биш харин яруу найраг эзэлж байсан ба тиймээс Гоголийн хувьд ингэж бичсэн нь нэлээд хувьсгалч шинжтэй байв. Үүгээр ч зогсохгүй Гоголь нь Оросын уран зохиол гэгчийг анхлан бий болгосон зохиолчдын нэг билээ. Оросын уран зохиол нь тун энгийн бөгөөд ойлгомжтой хэлээр тодорхойлогддог. Жишээлбэл; "тэд түүнд баяр хүргэж, түүнд тааламжтай үгс хэлж эхэлсэн тул тэрээр эхлээд инээмсэглэж байснаа дараа нь ичиж эхлэв" гэсэн өгүүлбэр уг өгүүллэгт бий. Хүмүүс Акакийг сайшаадаггүй, Акакий бол энгийн хүн бөгөөд түвэгтэй үгсийг хэлэх нь бүү хэл аятайхан өгүүлбэр ч зохиогоод хэлж чаддаггүй билээ. Тиймээс уг бүтээлийн бичигдсэн хэлбэр маяг нь уншигчийг түүн шиг энгийн сэтгэлгээний хүрээнд оруулж байна. Гоголь Санкт-Петербургийн хүмүүсийн хийдэг зүйлсийн талаар маш нарийвчлан өгүүлдэг бөгөөд Акакийг чөлөөт цагаараа ажлаасаа өөр юу ч хийдэггүйг онцлон тэмдэглэхийн тулд үлэмж хэмжээтэй өгүүлбэр бичсэн байдаг. Энд бид түүний хөгжилтэй байж болох бүхнийг хардаг ба өгүүлбэр нь хөл хөдөлгөөн ихтэй хүмүүсийг дүрсэлж, хотыг амь оруулж байгаа боловч өгүүлбэрийн төгсгөлд Акакий ганцаардсан хэвээр л байна. Түүний амьдрал тусгаардагдмал төдийгүй бичлэгийн хэв маяг түүний ганцаардлын түүхийг байнга давтаж байдаг билээ.
ЖАНР. Гоголийн нэг алдартай чанар бол түүний ёжлолт мэдрэмж ба тэрээр Оросын соёлыг үргэлж ёжилж ирсэн шигээ энэхүү өгүүллэгтээ ч ёжилжээ. Гоголь "Шинель"-ын эхний мөрөөс л Оросын хүнд суртлын талаар ямар бодолтой байгаагаа мэдэгддэг. Егөөдөх нь тухайн соёлын хэтрүүлгийг, өвчин эмгэгийг болоод ерөнхийдөө балай тэнэг байдлыг тодотгож өгдөг. Өнөөдөр бид хүмүүс гар утсанд донтох хандлагыг егөөдөж болох боловч Гоголийн цаг үед хүмүүс хүнд суртлын хэлтэсийн нийгмийн шатлалд автчихсан байв. Уг бүтээлийг мөн натуралист жанрт хамаатуулдаг. Натурализм гэдэг бол өдөр тутмын нөхцөл байдлыг бодитоор, нарийвчлан дүрслэн харуулахыг зорьдог, реализмаас урган гарсан уран зохиолын төрөл юм. Натурализм болон реализмын ялгаа бол натуралистуудын хувьд дүрд нь нийгмийн нөхцөл хийгээд хүрээлэн буй орчин тойрон зэрэг гадны хүчин зүйлс үлэмж хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Натуралист зохиолчдын зохиолууд гутранги хандлагтай, "обьектив" хүүрнэгчтэй байдаг. Эцэст нь "Шинель" нь сургаальт үлгэр юм. Сургаальт үлгэр гэдэг бол амьдралын ямар нэгэн сургамж өгөх зорилготой энгийн бөгөөд богино түүх юм. Энэ жанр нь голдуу ёс суртахууны дилемматай тулгарч байгаа дүрүүдэд төвлөрдөг бөгөөд гаргасан шийдвэрийг нь дагаж, үр дагаварыг нь дүрсэлдэг. Акакий эхлээд ёс суртахууны дилемматай тулгараагүй мэт харагддаг ч өгүүллэгийн утгыг сайтар нягталж харвал маш хурдан гүн гүнзгийрсэн асуудалтай тулгарсан байдаг. Акакий шийдвэр гаргадаг бөгөөд энэ шийдвэр нь түүхэнд болж буй бүх зүйлд нөлөөлдөг билээ. "Шинель" өгүүллэгийн бараг тал хувьд нь Акакийн шинэ шинель худалдаж авах эсэх талаарх шийдвэрийг дүрсэлжээ. Энд ямар сургааль байна вэ гэвэл, шинэ шинель худалдаж авахгүй байх, эсхүл нийгмийн өндөр цол хэргэмд атаархахгүй байх явдал юм.
ХҮҮРНЭГЧИЙН ӨНЦӨГ. нэгдүгээр биеэс хүүрнэх буюу
туслах хүүрнэгч: Уншигч уг түүхийг гуравдагч биеэс өгүүлж байна гэж бодож
магад, гэхдээ сайтар анхаарах хэрэгтэй. Хүүрнэгч заримдаа обьектив мэт санагдах
ч Акакийгаас урваж байгаа мэт үе байдаг. Жишээлбэл; "Акакий Акакиевич,
хэрэв миний ой ухаан намайг хуураагүй бол 3-р сарын 23-ны шөнө төрсөн" гэж
өгүүлдэг, эндээс хэн нэгэн хүн танд түүх зохиож ярих гээд байгаа юм шиг
санагдахгүй байна гэж үү? Гуравдагч биеэс хүүрнэгч өөрийн санах ойх шалгах
шаардлагагүй байдаг ба "би", "миний" гэх мэт үгсийг
ашигладаггүй. Сказ гэдэг бол Оросоор найдваргүй хүүрнэгч гэсэн утгатай үг юм.
Сказ гэдэг нь Орос хэлний сказат буюу хэлэх, ярих гэсэн үгнээс гаралтай бөгөөд
аман зохиолоос улбаатай болно. Дуу хураагуураас сонсоогүй л бол
"Шинель" нь аман зохиол биш харин хүүрнэгч нь яг л байгаа юмыг өгүүлж
байгаа мэт байдаг. Хүссэн ч хүсээгүй ч хүүрнэгч нь ач холбогдол багатай
зүйлсийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тэр уншигчидтай хошигнож, мөн Акакийн
дурсамжаас ярьж байна уу даа гэж яг бодтол нь замаасаа хазайчихна. Энэ бүхэн
хүүрнэгчид өвөрмөц шинжийг өгөхөөс гадна түүхэнд хошигнолыг нэмж өгдөг.
Хүүрнэгчийн түүхэнд үзүүлэх нөлөөг харах хамгийн хялбар арга бол бусдын нүдээр
харж, төсөөлөх явдал байж болох юм. Хэрэв "Шинель"-г Акакийн өнцгөөс
яривал уг өгүүллэг уйтгартай, гутранги болж, бид түүнийг ойлгохын оронд шоолж
магадгүй юм. Хэрэв түүхийг чухал хүний үүднээс өгүүлсэн бол бид Акакий нэртэй
хөгшин эрийн эгоистик монологийн догол мөртэй л үлдэх байсан болов уу.
"Шинель--г гуравдагч биеэс өгүүлсэн бол нэгдүгээр биеэс хүүрнэсэн шиг
хошин, ёжтой байх байсан нь эргэлзээтэй юм.
"Хамар". Оросын нэрт зохиолч Николай Гоголийн Санкт - Петербургт амьдарч байх үедээ бичсэн егөөдөлт богино өгүүллэг. Энэ хугацаанд Гоголийн бүтээлүүд романтик өнгө аяс бүхий абсурд, шоглож элэглэсэн хэлбэрт төвлөрч байлаа. Тэрээр "Хамар" богино өгүүллэгээ 1835-1836 оны хооронд бичсэн ба анх Александр Пушкины эзэмшдэг "The Contemporary" уран зохиолын сэтгүүлд хэвлэгдэн гарч байв. Эл бүтээлд; Санкт - Петербургт амьдардаг коллекийн татварын байцаагч (хошууч) цолтой төрийн албан хаагч Ковалёв нэг өглөө сэрэхэд хамар нь түүний биеийг орхиод өөрийн гэсэн амьдралыг эхлүүлээд зогсохгүй өөрөөс нь өндөр албан тушаалтай болсон байхыг олж мэддэг тухай өгүүлнэ. Богино өгүүллэг гурван хэсгээс бүрдэх бөгөөд өгүүллэгийн үндсэн зөрчлийн эх үүсвэрт хамрыг ашигласан шалтгааныг Гоголь өөрийнхөө хачин хэлбэртэй хамарт дургүйцдэг байсантай холбож үздэг агаад түүний хамар нь ихэвчлэн өөрийгөө доош нь хийсэн онигооны сэдэв болдог байсан нь захидлуудаас нь харагддаг. Өгүүллэг дэх онцгой дүрслэлээс гадна төгс абсурд шинж нь "Хамар" бүтээлийг Санкт - Петербургийн уран зохиолын уламжлалын чухал нэг эд эс болгожээ. Эл бүтээл нь Их Петрийн цол хэргэмийн хүснэгтийг танилцуулсаны дараа Орос улс нийгмийн зэрэглэлд хэрхэн улайран автаж байгааг харуулсан буюу Төрд үйлчлэх замаар энгийн иргэдэд удам залгамжилсан сурвалжтан болох боломжийг олгосноор үлэмж хэмжээний хүн ард нийгмийн статусаа дээшлүүлэх боломжтой болжээ. Гэсэн хэдий ч, энэхүү боломж нь мөн хүнд сурталтан бий болгодог гэдгийг Гоголь олон дүрүүдээрээ харуулжээ. ҮНДСЭН САНАА. Үнэрлэх эрхтний мэдрэмж: Зарим судлаачид бүтээлийн бэлгэдлийн ач холбогдлыг хайхын оронд түүхийг шууд утгаар нь шинжилдэг. Шууд утгаараа бол Гоголийн өгүүллэг нь үнэртэх эрхтний ач холбогдлын тухай буюу харагдах, үзэгдэх байдалдаа анхаардаг барууны нийгмийг битүүхэн ёжилжээ. Энэхүү тайлбараар хамар бол хүний анатомийн хамгийн чухал хэсэг гэж үздэг Гоголийн итгэл үнэмшилтэй нийцдэг ба хошууч Ковалёв гадаад төрх, цэвэр цэмцгэр байдал болон цол хэргэмдээ хэт автсан байдаг. Түүний зан авир эвгүй үнэрээс ангижрах, эрүүл ахуйг чухалчилдаг барууны төсөөлөл-чиглэлд нөлөөлсөн соёлын тусгалтай байдаг, гэсэн хэдий ч тэрээр хамраа алдаад тун ихээр бухимдаж байгаа нь барууны нөлөөнөөс үл хамаарч үнэрлэх эрхтний мэдрэмж чухал байгааг харуулж байна. Нийгэм ба Анги: Гоголийн цаг үед хүний амьдралыг тодорхойлоход нийгэм болон ангид эзлэх үүрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Их Петрийн цол хэргэмийн хүснэгтийг танилцуулгаар хүн ардын бүхэл бүтэн цоо шинэ хэсэг хангалттай сайн ажиллаж чадвал нийгмийн хувьд дэвшин дээшлэх боломжтой болсон ба статус-даа хэт их автсан нийгмийн хүмүүс үргэлж сайхан харагдах ёстой, үргэлж гаднах төрхөө чухалчлах ёстой ажээ.
БИЧЛЭГИЙН ХЭВ МАЯГ. Өгүүллэгийн нэр Оросоор "Нос" гэдэг, тэгвэл энэ үгийг эргүүлвэл "Сон" буюу Оросоор "зүүд" гэсэн үг болохыг судлаачид анхаарч үзсэн ба өгүүллэгийн найдваргүй хүүрнэгч өөрөө онцлож байгаагаар энэ түүхэнд тодорхойгүй зүйлс олон багтсан бөгөөд өгүүллэгийн эхэн хувилбарт Ковалёв сэрээд энэ түүх нь үнэхээр зүүд байсныг ойлгосноор дуусдаг. Бодит бус элементийг бодитой хүүрнэлээр сүлждэг тул сэрэхгүй гэвэл түүх нь шидэт реализмын урьдач болдог. Шүүмжлэгчид мөн хүүрнэхэд гарч ирсэн гэнэтийн өөрчлөлтүүд нь бутарсан олон хэсгүүдийг нэг нэгээр нь нэгтгэсэн мэт байгааг онцолсон байна. Өгүүллэгийн сэдэв нь урьдчилан таамаглах аргагүй шинжтэй байгаа нь өгүүллэгийн шугамыг хялбарчлахын тулд олон салаа мөчиртэй болгож гэж үздэг ажээ. Хошууч Ковалёв бол маш тогтворгүй бөгөөд зөрчилтэй хүн юм. Гоголь үүгээрээ гол дүрийнхээ "эвдэрсэн" тодорхойлтыг онцлон гаргажээ. Ковалёв өөрийгөө хэрхэн үзэж байгаа болоод гадаад ертөнц түүнийг хэрхэн хүлээн авч байгаа талаар ихээхэн тэнцвэргүй хандлагатай байдаг. Тэр дотоод мөн чанартаа анхаарахын оронд бүх бодол санаа, эрч хүчээ гадаад төрхөндөө хандуулдаг. Коллекийн татварын байцаагчийн хувийн ба хувьсгалын амьдрал хоорондоо бараг ялгаагүй юм шиг санагдана. Санкт - Петербургийн дундаж иргэнийг ингэж дүрсэлсэн нь хотын нийгмийн шатлалыг гадна талаас нь харагч Гоголийн байр суурийг хотод шилжүүлэн суулгасан мэт байна. Өгүүллэгийн төгсгөлд, Гоголь уншигч руугаа шууд ханддаг; хамар яагаад анхнаасаа унасан, яагаад ярьж чаддаг, яагаад буцаад биедээ очсон талаар огт тайлбарладаггүй. Ингэснээрээ Гоголь абсурд түүхийг таашаахын хажуугаар энгийн тайлбар хүссээр буй уншигчдынхаа таамаглал дээр тоглож байна.
СИМБОЛИЗМ. Орост, хамрыг өргөнөөр зүйрлэл болгон ашигладаг; тухайлбал, навтгар
хамартай бол хэтэрхий сониуч, өндөр бол өөрийгөө өндрөөр үнэлдэг, унжгар бол
бүтэлгүй гэх мэт. 19-р зуунд гэхэд Оросын уран зохиолд хамрыг ишлэсэн зохиол
бичлэгийг өргөнөөр хэрэглэж байв. Шүүмжлэгч В. В. Виноградов хамар нь зөвхөн
хүний зан чанарын бэлгэдэл төдийгүй уран зохиолд инээдмийн болон эмгэнэлт
байдлын эх сурвалж болдог гэж бичжээ. Зарим шүүмжлэгчид Ковалёвийн хамар болон
бусад дүрүүдийн хоорондийн учир нь ойлгогдохгүй хэлийг үлгэр домгийн ухамсартай
адилтгадаг. Нөхцөл байдлаас шалтгаалан дүрүүд хүний чанаруудыг байгалийн обьект
руу шилжүүлж, орчин үеийн хүний хувийн ашиг сонирхлын ухамсартайгаар хүлээн
зөвшөөрөгдсөн ойлголтоос ялгаатай нь домгийн ойлголтын мэдрэмж нь дүрүүдийн
бодолд нэвчсэн байдаг. Энэхүү өгүүллэгт хамар нь хошууч Ковалёвийн авралын
симбол болохын зэрэгцээ үсчин Иван Яковлевичийн өөрийгөө хөнөөхийн симбол
болно. Хошуучийн хамар нь бусдыг дуурайх, дүр эсгэх хандлагын симбол болж
байна. Хамраа алдсаны дараа түүний ертөнцөд хандах хандлага бүхэлдээ
өөрчлөгддөг ба хамар нь бахархалынх нь эх сурвалж болж, энэ нь түүнд бусдыг
дорд үзэх боломжийг олгодог байв. Хамрын алга болсон нь түүний хэн гэдэг
тодорхойлолт үгүй болсныг илтгэх ба тэрээр өөрийгөө гадна төрхөөрөө
тодорхойлдог байсан тул энэ нь үгүй болсон нь сүйтгэл гэсэн үг юм.
Comments
Post a Comment