Цэнхэр сарнай

 


Twin Peaks: Fire Walk with Me (1992). Америкийн цуутай кино урлаач David Lynch-н зохиолыг нь Robert Engels-тэй хамтран бичсэн сэтгэлзүйн хоррор. Энэ бол David Lynch, Mark Frost хоёрын продюсерлэн, бүтээсэн телевизийн "Twin Peaks" (1990-1991) цувралын өмнөтгөл болсон бүтээл юм. Уг кинонд Teresa Banks-г хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт болон их сургуулийн од охин Laura Palmer-н амьдралын эцсийн долоон өдрийн үйл явдлыг үзүүлдэг. Уг кино нь телевизийн цувралаасаа илүү бараан, хошин өнгө аяс багатай гэдгээрээ онцлогтой. Телевизийн цувралд тоглосон ихэнх жүжигчид эл бүрэн хэмжээний кинонд дүрээ дахин бүтээсэн ч зарим нэг томоохон жүжигчид хасагдаж, бас дүрээ дахин бүтээхээс татгалзсан ажээ. Жишээлбэл, телевизийн цувралд тоглосон Lara Flynn Boyle, Sherilyn Fenn, Richard Beymer нар бүрэн хэмжээний кинонд янз бүрийн шалтгаанаар тоглоогүй ба Donna Hayward дүрд Moira Kelly тоглосон бол жүжигчин Kyle MacLachlan агент Dale  Cooper-нхээ дүрд тоглохоос татгалзсан гэх мэт сонирхолтой түүхийг хожим илүү дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Ямартай ч кино бүтээгчид төлөвлөсөн ёсоороо хоёр цуврал хийх байсан ч хийж чадаагүй ба 2014 онд "Twin Peaks: The Missing Pieces" гэдэг 91 минутын устгасан сцэнүүдээс бүрдсэн кино гаргасан агаад түүхийг үргэлжлүүлэн 2017 онд "Twin Peaks: The Return" нэртэй цуврал гаргасан. "Fire Walk with Me" анх Канны кино наадмаар үзэгчдэд хүрч, үзэгчид шоолж, эсэргүүцэн шүгэлдэж байсан гэсэн мэдээлэл байдаг боловч кинонд зохиолчоор ажилласан Robert Engels үүнийг үгүйсгэсэн байдаг. Харин Америкт нээлтээ хийгээд эсрэг тэсрэг үнэлгээ авсан бол Японд амжилт олсон буй. 21-р зуунд шүүмжлэгчид уг бүтээлийг дахин үнэлэхдээ илүүтэй эергээр авч үзэн, өнөөдөр Lynch-н чухал кинонуудын нэгээр нэрлэхээс гадна 1990-ээд оны хамгийн шилдэг киноны нэгээр өргөмжлөх болжээ. Ингээд David Lynch-тэй хамт галд алхахыг урьж байна. Та David Lynch гэдэг нэрийг дуулаад шуудхан л хачирхалтай, этгээд кино төсөөлдөг байх ёстой, тэгвэл энэ кино чухам таны хүлээж байгаа галзуу, галтай бүхнийг мэдрүүлэх болно.

  Энэ кино нь Lynch-н жишгээр зориудын тойруу, хариултгүй асуулт асуугаад нууцаа огт тайлдаггүй. Олонхын дүгнэсэээр энэ бүрэн хэмжээний кино нь цувралынхаа "сүнс"-тэй нийцдэггүй хэдий ч туйлын этгээд хэлбэрээрээ Lynch-н онцгой сор бүтээл юм. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 497-р байрт эрэмбэлээд байна. Aaron Spelling продакшн цувралын 3-р улирлыг хийхийг хүссэн ч ABC рейтинг буурсан, продакшны өртөг өндөр байна хэмээн цувралыг цуцалжээ. Найруулагч Lynch болон Aaron Spelling продакшн цувралыг трилоги кино болгон дуусгахаар шийдээд Францын кино компанитай богинохон хугацаанд кино хийх их хэмжээний мөнгөний гэрээ байгуулсан аж. Lynch хамтран зохиогч Mark Frost хоёрын харилцаа цувралын хоёрдугаар улирлаас муудаж эхэлсэн бөгөөд уг төслийг уламжлалт үргэлжлэл эсхүл шугаман бус өмнөтгөл байх талаар санал зөрөлдөж, эцэст нь Frost төслийг орхижээ. Lynch "Twin Peaks"-г бүрэн хэмжээний кино болгохыг үнэхээр хүсч байсан ба нэгэн ярилцлагадаа би "Twin Peaks"-н ертөнцөөс салж чадахгүй байсан, би Laura Palmer-н дүрд дурлаж, түүний гаднаа гэрэлтсэн ч дотроо үхэж буй зөрчилдөөнт нөхцөлд автчихаад байлаа. Би түүний ярьж, хөдөлж, амьдарч байгааг харахыг хүссэн. Би тэр ертөнцдөө дурлаж дуусаагүй байлаа. Гэхдээ киног бүтээх нь зөвхөн үүнийг тогтоон хадгалах бус үүгээр хийж болох зүйлс хангалттай байгаа юм шиг санагдсанд оршино" гэсэн буй.

Laura-н дүрд тоглосон жүжигчин Sheryl Lee найруулагчийнхаа сэтгэгдлийг дэмжсэн буюу "би хэзээ ч Laura-г амьд байлгаж чадаагүй, энэ бүхэн ердөө өнгөрсөн дурсамжинд л байдаг, гэхдээ энэ надад дүртэйгээ танилцах бүрэн боломжийг олгосон" гэсэн буй. Lynch-н хэлснээр бол эл бүтээл цус ойртолтоос улбаатай сүйрэл хийгээд гэм буруу, наманчлал, ичгүүр, ганцаардлыг тухай буюу эцгийн тарчлал; эцгийн сэтгэл доторх дайны тухай ажээ. Цувралын од жүжигчин Kyle MacLachlan энэхүү бүрэн хэмжээний кинонд агент Dale Cooper-ынхээ дүрд дахин тоглохоос татгалзаж шуугиан дэгдээсэн буюу MacLachlan нэг төрлийн дүрээрээ улиг болчих гэж айснаас гадна цувралын хоёрдугаар улирал тааруу болсонтой холбоотой байсан нь одоо мэдэгдэж байна. Жүжигчин MacLachlan-н хувьд цувралын эхний улирал үнэхээр гайхамшиг болсон бол удаах нь гутамшиг болсон ажээ. Гэвч тэрээр эцсийн эцэст кинонд тоглохыг зөвшөөрөхдөө багахан дүр бүтээхээр тохиролцжээ. Lynch болон Engels хоёр кино зохиолыг дахин бичсэнээр кинонд Teresa Banks-н аллагын хэргийг агент Cooper бус Chester Desmond гэдэг дүр шалган мөрддөг. Бүрэн хэмжээний кинонд цувралд гол дүрүүдэд тоглосон Lara Flynn, Sherilyn Fenn Richard Beymer нар тоглоогүй: тухайн үед дээрх жүжигчдийн тоглоогүй шалтгааныг хоёр талын хуваарь таараагүйтэй холбож тайлбарласан боловч дараа нь өгсөн нэгэн ярилцлагадаа Fenn; цуврал хоёрдугаар улирлаасаа утгаа алдсанд сэтгэл дундуур байсан, тиймээс хүсээгүй зүйлийнхээ нэг хэсэг байхыг хүсээгүй гэсэн байдаг.

Харин 2007 онд өгсөн ярилцлагадаа Beymer киноны ямар ч сцэнд тоглоогүй ч өөрийнх нь Benjamin Horne гэдэг дүр зохиолд байсан гэж мэдэгдсэн байдаг. Fenn-н дүрийг зохиолоос хасч, Moira Kelly-г Donna-н дүрд тоглуулж, Beymer-нхийг кинонд огт оруулаагүй байдаг. Найруулагч  Quentin Tarantino 1992 онд өгсөн нэгэн ярилцлагадаа; "Fire Walk with Me" киног үзсэнийхээ дараа урам нь хугарч, өөр шинэлэг кино хийх хүртэл нь Lynch-г үзэх хүсэлгүй болсон гэж ярьсан байдаг. Кино нээлтээ хийсэн даруй Америкийн шүүмжлэгчдээс эсрэг тэсрэг үнэлгээ авсан; шүүмжлэгч Janet Maslin; "Ноён Lynch ур дүйгүй, утгагүй киногоороо шинэлэг байдлын мэдрэмжээ алдсан" гэсэн бол Vincent Canby; "Энэ урьд хожид хийгдсэн хамгийн муу кино биш ч хамгийн муу кино шиг санагдаж байна" гэж баалсан. Тэгвэл Todd McCarthy; "Laura Palmer дүр нь сонирхолтой, сэтгэл татам бус ядаргаатай өсвөр насны хүүхэд" гэсэн байхад USA Today сонин; "бараан, дарамттай" кино гэжээ. Харин Rolling Stones сэтгүүл; "Хэдийгээр кино нүцгэлэлт, хэл яриа, хүчирхийлэлт шинжээрээ цувралынхаа үзүүлэлтийг нэмсэн ч найруулагч энэ кино дээрээ хяналтаа алдчихсан. Кинонд авъяас байхгүй, урам зориг ч дутмаг" гэж зад загнасан.
Шүүмжлэгч Rita Kempley; "Гаж байдлаар сэтгэл хөдөлгөм, өөрийгөө гүн гүнзгий өөгшүүлсэн өмнөтгөл" гэсэн буй. Энэ бүх сөрөг шүүмжийн дунд зохиолч Steve Erickson уг киног өмгөөлж хамгаалсан нийтлэл L.A. Weekly сэтгүүлд гарч багагүй олны анхаарлыг татсан буюу шүүмжлэгч Manohla Dargis сайхь нийтлэлийг "миний уншиж байсан хамгийн эрэлхэг зоригтой кино шүүмжийн нэг" гэсэн байдаг ба зохиолч Steve Erickson-н сайхь нийтлэлийн ачаар "Fire Walk with Me" бүтээлийг шүүмжлэгчид өөрөөр харах болсон байдаг бололтой. Харин Их Британийн кино шүүмжлэгчдээс илүүтэй эерэг үнэлгээ авсан. Sight & Sound сэтгүүл уг бүтээлийг олон хоррор агшнуудтай гээд 1980, 1990-ээд оны хоррор кино хэр цэгцтэй, уламжлалт хийгээд гаршуулсан байсныг тодотгосон гэсэн буй. Гэвч Их Британичууд бүгдээрээ магтаагүй ба шүүмжлэгч Barry Norman киног "оньсого" шиг гэсэн ч Lynch-г ховорхон байдаг оригнал кино урлаач гэсэн буй. The Village Voice сэтгүүл "Энэ кино ер бусын онцгой шинжээрээ Lynch-н шедевр юм" гээд цааш нь "Blue Velvet" бол жижиг хотын жигшүүрт нууцыг ухаж гаргасан, бүхий л сайн сайхан зүйлсийн харанхуй талыг илчилсэн ТВ-н саванд дуурь хэлбэрээр хийгдсэн кино, харин "Fire Walk with Me" бол илүү аймшигтай зүйлсийг харуулдаг; энэ нь зөвхөн дундаж давхаргын гэр бүлд нуугдсан муу муухайг харуулаад зогсохгүй ерөөсөө бид бүхнийг бусдаас нуухыг хүсдэг бузар муухайг илчилсэн кино гэжээ. Time Out сэтгүүл "Энэ кино шиг хар бараан, галзуурсан кино өөр байхгүй, энэ бол Lynch-н хамгийн энгийн, хачирхалтай, гунигтай, мөн хамгийн оргил бүтээл нь" гэж бичжээ.

Энэ киноноос болж Lynch шүүмжлэгчдийн элэг доог болж, шүтэн бишрэгчдээ ч алдаж, ерөнхийдөө хүмүүс түүнээс хөндийрсөн байдаг ч цаг хугацаа тэд алдаж, Lynch-н зөв байсныг харуулсан. Энэ бол нэгэн зэрэг солиотой, жихүүцэм, яршигтай бас үзэсгэлэнтэй кино юм. Энэхүү киноны нууцлаг, гаж байдал нь өнөөдөр киногоо домоглог болгож, үзэгчид, шүүмжлэгчдийн дахин үзэж судлах гол шалтгаан нь болсоор байна. Чухам үүнийг л, ийм болно гэдгийг тэр цагт найруулагч маань найдан хүлээж байсан болов уу. Киноны амжилтыг жүжигчин Sheryl Lee-н ер бусын, сэтгэл өвтгөм гүйцэтгэлтэй салгаж үзэх аргагүй билээ. Кино найруулагч James Gray 2015 онд өгсөн ярилцлагадаа уг киног "Гайхамшигтай, шедевр, шүүмжлэгчид хэрхэвч алдаж болохыг харуулсан классик жишээ юм" гэсэн байдаг. Мөн түүнчлэн кино найруулагч Gregg Araki жүжигчин Sheryl Lee-н тоглолтыг кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа гүйцэтгэлүүдийн нэг гэжээ. Кинонд зураглаачаар ажилласан Ron Garcia-н хэлснээр кино Японд алдартай байсан, нэн ялангуяа Японы эмэгтэй үзэгчдэд Laura-н зовлон шаналал нь тэдний нийгмээс хүлээх шахалт дарамттай адилхан байсантай холбоотой гэж нэгэн судлаач бичсэн. 

Comments