Ядуугийн зовлон (2000). Шунал хүнийг харанхуйд татан живүүлж, ёс суртахууны гэрэл унтрахад чөтгөр лаа барин гарч ирдэг бололтой. Ядуу байх нь хүнийг сэтгэлзүйн дарамтад унагаж, эцэстээ хүн дарамтдаа идэгдэн хар нүхэнд үлдэн галзуурдаг аж. Найруулагч Ганбатын Энхтөр, кино зохиолч Цогийн Хүсэлбаатар нар чухам энэ хоррор киноныхоо агуулга, сэдвийг ингэж л харж хийсэн санагдсан. Ядуу байх өрөвдөлтэй бас зовлонтой; харин шунал угийн хүмүүний харанхуй тал билээ. Бид гэгээрлээр энэ харанхуй талаа гэрэлтүүлж, сайн төрийн дор зөв хүн байснаар ядуурал гэдэг чөтгөрийг ялан дийлэх учиртай санагдах.
Бага ангийн багш Хүдэр (Дамбарэнцэнгийн Хүрэлхүү) хадмынхаасаа ажилгүй, анхиагүй, амьжиргаагаа залгуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар хөөгдөж буйгаар кино эхэлдэг. Хүдэр эхнэр Уянгыгаа (Адилбишийн Адилцэцэг) дагуулаад бүхий л "новшоо" тавьсан тэргийг түрсээр гэр хорооллоор явах ба тэр нэг гудамж руу орох гэж байгаад тэрэгнийхээ дугуйг нүхэнд оруулдаг; энэ бол муу муухай тохиолдохын дохио юм. Уянга үхлүүт хэвтэж байгаа хөгшинийг асран байгаа план гарна; хажууд нь Хүдэр бас нэг авгай байна. Тэд бүгд хоёр тасалгаа бүхий шавран байшинд байх агаад энэ байшин нас барж буй хөгшний гэр болох нь түвэггүй ойлгогдоно, харин Хүдэр, Уянга хоёр гэрээсээ хөөгдөөд энд түрээсээр амьдарч байгаа бололтой байдаг. Удалгүй хөгшин нүд анина. Дээр дутуу танилцуулсан авгайг Сэндэр гэдэг (Сэвжидийн Сэлэнгэ), талийгаачийн хөрш бөгөөд Хүдэр, Уянга хоёрт, энэ талийгаач нь баян данжаадын эхнэр явсан, асар их алт эрдэнэстэй, ганц хүү нь шоронд орсноос хойш нөхөр нь сэтгэлийн зовлонгоо даалгүй үхэж, Тамжид (Хандангоогийн Нарантуяа) гэрээсээ гарахаа больсон, лав л их хэмжээний алт эрдэнэс үлдээгээд явчихлаа хэмээн ярьдаг. Сэндэрийн яриаг Уянга жигшин сонсох бол Хүдэр сүрхий анхаарч байв.
Тамжид хөгшин өнгөрч, хашаа байшин нь Хүдэрийнх болжээ. Нэг өдөр мөнгө зээлсэн Бадрал гэгч бахим эр тэднийг олоод ирнэ. Бадрал мөнгөө нэхэж, өгөхгүй бол Хүдэрийг шоронд хийнэ гэж сүрдүүлнэ. Бадралын айлчлал Хүдэрийг яаралтай ажил хийхэд хүргэв. Гэвч тэр машин угааж өдрийн хоолноосоо илүү гарах мөнгө олохгүй, ядаж байхад угаагч хүүхдүүдэд хүртэл дээрэлхлүүлэхийг нь яана. Эндээс бид Хүдэр бол арчаагүй, бэлэнчлэх дуртай, ер нь сул дорой хүн болохыг олж харна. Хүдэр Сэндэрийн яриад байсан алт эрдэнэсийг тодруулахаар хөршийндөө орно. Сэндэр Хүдэрийн өөдөөс харж байгаад "шашин шүтлэг хэр вэ" гэж асуухад Хүдэр "Би бор бааз хүн" гэж хариулдаг. Үнэндээ Сэндэрийн энэ асуулт бас үзэгчдэд хандсан асуулт ба яг эндээс кино аймшигтай болно шүү гэсэн кино бүтээгчдийн далд сануулга юм. Сэндэрийн нотолж буйгаар, Тамжид тэр их хөрөнгийг авч явах нөхцөлгүй, эрдэнэс хашаа, байшин дотор байгаа болж таарна. Мөн тэрээр олох аваас хуваалцахыг Хүдэрээс гуйдаг. Маргаашаас нь эхлээд Хүдэр хашаанаасаа зухуйхаа больж, байшин, хашаагаа ухаж төнхөж эхэлнэ. Уянга юу болоод байгааг эхэндээ сайн ухаарсангүй, гэвч шөнө Тамжидын сүнсийг харах юмуу зүүдэлнэ; энэ явдал хэдэнтээ давтагдаж, нөхөртөө ч талийгачийн сүнс эргээд байна гэж хэлдэг.
Хүдэр яаж ч хайгаад алт эрдэнэс олдохгүй зовно. Сэндэр байнга ирж шалгаана. Сүүлдээ Сэндэр түүнийг олчихоод эгчээсээ нууж байгаа юм биш биз гэж сэрдэн Хүдэрийг уурлуулах ба уурласан Хүдэр олсон байлаа ч, заавал тантай хуваалцах албагүй гэж үнэн төрхөө харуулж орхино. Энэ диалогитой сцэнд Хүдэр байшингийнхаа дээвэр дээр, харин Сэндэр шатны хажууд доор байдаг; киноны төгсгөлд шалан доор Сэндэр, Хүдэр орон дээр байдаг, энэ бол төгсгөлийн үйл явдлын урьдач юм. Алт олдсон ч Хүдэр хуваалцахгүйг сайтар ойлгосон Сэндэр өөрийнхөө аргаар тоглохоор шийднэ. Тэр нь юу гэвэл, хосуудын дунд яс хаяж муудалцуулж, энэ дундуур нь эрдэнэсэд эзэн суух байв.
Шөнө унтаж чадахаа байсан Уянга ламд үзүүлэхэд, лам; талийгач үнэтэй цайтай юм үлдээж, тэрийг нь нөхөр чинь хайгаад байхаар сүнс нь эргээд байна, нөхрийгөө эрж хайхыг болиул гэдэг. Уянга гэртээ ирээд нөхрөө ятгана, Хүдэр эхэндээ зөвшөөрсөн дүр эсгэдэг ч ажилдаа явсан хойгуур нь эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л байна. Хүдэр ламын хэлснээс үндэслэн үзвэл эрдэнэс үнэхээр байгаа гэж үзээд үүнийгээ ч холбоотондоо хэлдэг бөгөөд Сэндэр, Хүдэр хоёрын энэ диалогитой сцэнд тэд мод хөрөөдөж байдаг; хөрөө бол ирээдүйд тэдний хооронд өрнөх тэмцлийг илтгэнэ. Хүдэр баян болж байна, тансаглаж байна гэж сэрүүн зүүдэлдэг; энэ бол түүний ухаан эрдэнэст хэт автаж, галзуурлын ирмэгт байгаагийн илрэл билээ.
Уянга улам бүр дордох нөхөртэйгөө хэрэлдэж муудаж эхэлнэ. Сэндэр тэдний дундуур муур гүйлгэсэн нь мэдээж. Уянга нэгэн компанид нарийн бичиг хийдэг ба нарийн бичиг хүүхнүүдийн хөнгөн явдлын тухай Хүдэрт Сэндэр ярина, нөгөө талд Сэндэр Уянгад; ийм сайхан залуухан хүүхэн байж даргадаа жоохон тэтгүүлэхэд гэмгүй хэмээнэ. Хосуудыг хагаралдуулаад орон гэрийг нь эзэнгүй болсон хойно байшинд орохыг Сэндэр тэсэшгүй хүснэ. Учир нь, алт эрдэнэс байшингийн шалан дор байж магадгүй болохыг гэнэт санах ба олон жилийн өмнө Тамжидынд ороход Тамжид сэжигтэйгээр хивсээ ярсан байсныг Сэндэрийг эргэн дурсаж буйгаар харуулдаг.
Уянгын ажлынхан салхинд гарахаар болж, ойрдоо хэрүүлтэй байсан Уянга нөхрөө дагуулаад очно. Тэнд Хүдэр онигоо болж, Уянгын найзууд, яагаад Уянга шиг хүүхэн ийм мангартай суудаг байна аа гэлцдэг, нээрэн ч үзэгчид тэгж бодмоор байдаг. Хүдэр гэр рүүгээ явчихна. Гэртээ ирээд ганцаараа уух ба согтсон тэрээр хардалт, шунал, зовлондоо тэсэрч орон гэрээ сүйтгэнэ, ингэхдээ нэг толийг хагалдаг; энэ бол түүний үхлийн бутрал хагарлын симбол агаад киноны эхэнд цонх хагардаг; энэ нь бүтэлгүйтэл, золгүй байхын зөгнөл болдог, киноны дунд хавьцаа Уянга толинд харж байхад Тамжидын сүнс гарч ирснээр толь бас хагардаг; энэ нь Сэндэрийн сэнхрүүлгэ үйлчилж, Уянга гэрээс явахын дохио буюу хэрвээ Уянга гэртээ үлдсэн бол Хүдэр галзуурахгүй, ядаж үхэхгүй байсан байж магадгүй. Толь, шил хагарах нь кинонд муу ёрын утгатай болж байна.
Уянга тэвчихээ болиод гэртээ харина. Сэндэр ятгасаар байгаад Хүдэрийг араас нь явуулна. Энэ хугацаанд амжиж тэр шалыг нь ухаж эрдэнэсээ авах ёстой юм. Амар хялбар олддог жаргал ч, баялаг ч гэж юу байхав, байлаа ч үйлийн үрээ үздэг лугаа Сэндэр дөнгөж эрдэнэсээ ухаж гаргаж ирж байтал Хүдэр гэнэт хүрээд ирнэ. Айсан Сэндэр олзоо хуваая гээд давхар баяраа ч тэмдэглэе хэмээгээд архидахыг санал болгох ба Хүдэрийг согтоод унасан хойно Сэндэр судсыг нь огтолж орхино. Би уншигч таныг Сэндэр Уянгыг энэ байшингаас яв, чи жирэмсэн юм байна, бузартахаасаа өмнө зайл гэдэг сцэнийг санахыг хүсье; энэ сцен Сэндэр хонины гэдэс гүзээ огтолж зүсч байгаагаар эхлээд мөн тэгж байгаагаар дуусдаг, тэгвэл Сэндэрийн Хүдэрийн судсыг огтолж байгаа нь дээрх сцэний давталт буюу сүүдэр юм.
Ингээд, Сэндэр алт эрдэнэсээ яг авдагийн даваан дээр Хүдэр сэрж, үүнд цочсон Сэндэр гар алдан хадаастай модыг толгой руугаа зоож орхидог. Үүний дараа бодит байдал юмуу Хүдэрийн зүүд юмуу, хоёр ч хүнд үзэгдэл гардаг. Эхнийх нь Бадралтай холбоотой бол хоёрдахь Сэндэрийн сүнстэй холбоо байдаг. Давхар хар даралтын дараа Хүдэрийн хөөрхий оюун ухаан тэсэлгүй унтран үхдэг, нэг үгээр тэр галзуурч үхдэг. Сэндэрийн сүнс тамаас аятай аймшигтайгаар шалнаас гарч ирдэг сцэнийг бид киноны эхэн хавьцаа Хүдэр Сэндэрийн гэрт ороход Сэндэр толгой хуйхлан бөөн утаан дунд сууж байдагтай зэрэгцүүлж болно; Сэндэр утаан дунд тамд байгаа юм шиг санагддаг. Мөн Сэндэрийн хадаастай мод толгойдоо зоогдуулж үхэж байгаа нь түүний хонины толгойг хуйхлан байгааг санагдуулах буюу толгойнууд энд мотиф болж байна. Сэндэрийн шалнаас гарч ирдэг хэсгийн санааг кино бүтээгчид Америкийн кино найруулагч Сэм Раймигийн 1981 оны "The Evil Dead" киноноос авсан байж болзошгүй юм.
Киноны төгсгөлд, Уянга нөхрийгөө үхлүүт хэвтэж байхыг харж байна. Яг л киноны эхэнд тэр Тамжидыг үдэж явуулсан шиг. Тамжид, Хүдэр хоёр нэг орон дээр нэг бодолтойгоор үхлээ. Энэ бодол бол үлдээсэн эрдэнэс. Уянга киноны туршид Тамжидын сүнсийг хардаг ч үнэндээ Тамжидын сүнс түүнд хор хүргэдэггүй, зөвхөн түүнийг гэрээсээ явуулахыг л хүсдэг. Харин Сэндэрийн сүнс түүнд харагдсанаар Уянга өөрчлөгддөг; одоо тэр шуналд идэгдэж, муу сүнсэнд эзэмдүүлсэн таван гудамжны Тамжид гэдэг шиг Улаанбаатарын Уянга болж байна. Гэхдээ түүний ирээдүй тийм ч сайхан биш байх нь тодорхой.
Сүнс, чөтгөрөөс илүүтэй хүний шуналаас үүдсэн хорон үйлдэл, муу муухай санаа аймшигтай болохыг кино бүтээгчид онцлохдоо клаустрофоби буюу хоёрхон тасалгаа бүхий хязгаарлагдмал орон зайг ашиглан айдас, түгшүүрийг цогцлоосон нь үр дүнгээ өгсөн ухаалаг шийдэл байлаа. Хязгаарлагдмал, давчуу оронд зайд айдсыг мэдрүүлэх энэ мэргэн аргыг Польш-Францын найруулагч Роман Поланскийн "Байрны" трилогиос, мөн "The Evil Dead" хоррор үлгэр жишээчээр үзүүлдэг. "Ядуугийн зовлон" киноны аймшигтай хэсгүүд одоо бол болхи, хүүхдийн мэт боловч тухайн цагтаа үнэхээр аймшигтай байсан. Хамгийн гол нь киноны санаа нь маш сайн тул өнөөдөр энэ кино Монголын култ кино мөн. Монголд сайн хоррор кино цөөхөн, "Ядуугийн зовлон" цөөхөн сайн хоррорын нэг мөн. Нийт жүжигчдийн тоглолтоос жүжигчин Сэлэнгийнх хамгийн сайн нь. Жүжигчин Хүрэлхүүд Хүдэрийн дүр тун зохисон.

Comments
Post a Comment