Болхи болзоо

 


Gregory's Girl (1981) . Шотландын энэхүү насанд хүрэх явцыг харуулсан романтик комедийг найруулагч Bill Forsyth найруулж, мөн зохиолыг нь бичсэн. Гол дүрүүдэд: John Gordon Sinclair, Dee Hepburn, Clare Grogan нарын Шотландын жүжигчид тоглосон. Киноны үйл явдал Камбернаулд хотын Абронхилл дүүрэгт орших улсын ахлах сургуулийн эргэн тойронд өрнөнө. Уг кино Их Британийн кино институцээс гаргасан 20-р зууны шилдэг 100 Британи кино жагсаалтын 30-р байрт жагссан бол Entertainment Weekly сэтгүүлээс гаргасан дунд сургуулийн талаарх шилдэг 50 кино жагсаалтын 29-р байрт жагсчээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Gregory бол сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тоглодог эв дүйгүй, царай муутай өсвөр насны хөвгүүн юм. Баг нь тааруу байгаа тул дасгалжуулагч нь шинэ тоглогч олж ирж туршилт хийхээр шийдэх бөгөөд энэ үед өсвөр насны Dorothy хэмээх хөөрхөн охин гарч ирээд сайн хөл бөмбөгчин болохоо баталж, улмаар хүйсийн ялгааг үл харгалзан дасгалжуулагч түүнийг багтаа авна. Dorothy шууд л Gregory-ын оронд довтлогчоор орж, харин Gregory найз Andy-г орлож хаалгач болно. Gregory тэрхэн даруй л түүнд дурлах агаад багаа түүнд зориулж цэгцэлж эхэлдэг.

 Мэдээж бусад олон хөвгүүдэд авъяаслаг, нүүрэмгий Dorothy таалагдсан тул Gregory охины анхаарлыг татахын төлөө өрсөлдөх хэрэгтэй болно. Gregory юун түрүүнд хамгийн дотно найз, үеийнхнээсээ илүү "юм" үзсэн Steve-д хандаж тусламж гуйх ба харамсалтай нь хал үзэж хашир суусан найз нь тусламж үзүүлж чаддаггүй. Gregory төрсөн дүү болох 10 настай ч насандаа баймгүй хэрсүү ухаалаг Madeleine-ын зөвлөснөөр Dorothy-г болхи болзоонд урина. Dorothy зөвшөөрнө, харин яг болзоо болоход Dorothy биш харин түүний найз Carol хүрч ирээд Dorothy ирж чадахгүй болсныг дуулгана; өөрөөр хэлбэл Dorothy болзож чадахгүй болжээ. Gregory урам хугарсан ч Carol түүнийг хүчээр хоолонд дагуулж явна. "Хосууд" зорьсон газраа ирэхэд Carol Gregory-г Margo гэх өөр нэг найздаа "шилжүүлэн" өгчихөөд явчихдаг. Gregory эргэлзэж байсан ч алдах юм байх биш гээд шинэ охинтой болзоонд явна. 

Болзооны гэнэтийн бэлэг ингээд зогсохгүй Susan хэмээх өөр охин гарч ирж Gregory-г "авч", харин Margo арилж өгнө; энэ охин мөн л Dorothy-ын найз билээ. Susan түүнд энэ бүхнийг өөрийнх найзууд, ялангуяа Dorothy зохион байгуулсан гэж хэлээд "охидын арга ийм л юм, бид бие биендээ тусалдаг" гэж тайлбарладаг. Ингээд Susan болон Gregory хоёр жинхэнэ болзоонд орох ба Gregory-д шинэ охин маш их таалагдсан учир болзооны төгсгөл тэд үнсэлцэж, дахин болзохоор болно. Ердөө 200,000 фунт Стерлингээр бүтсэн энэ кино 25 сая фунт стерлингийн орлогыг дэлхийн дахинаас олсон ба кинонд тоглосон залуухан жүжигчдийн ихэнх нь Глазгогийн залуучуудын театрын гишүүд байсан бөгөөд зарим нь Forsyth-ын өмнөх кинонд тоглож байж. Dorothy-ын дүрд тоглосон Dee Hepburn дүрээ бүтээхийг тулд 6 долоо хоног эрчимтэй хөл бөмбөгийн бэлтгэл хийсэн байдаг. Кинонд гарах сургууль орчмыг Абронхиллын ахлах сургуульд хийсэн. Киноны төсөв бага байсан тул жүжигчид өөрсдийнхөө хувцсыг кинонд өмсөж байж; тухайлбал, Dorothy-ын цагаан шорт үнэндээ түүний эгчийнх аж. 


Шүүмжлэгчид найруулагчийн найруулгыг болон залуухан жүжигчдийн ажлыг сайшаагаад; Forsyth нөхөрсөг, хоргүй хандлагаараа Францын кино найруулагч Rene Clair-г санагдуулав гэжээ. Gregory-ын дүрийг бүтээсэн Sinclair биеийн хошигнолоор гарамгай нэгэн болохоо харуулсан бол Dorothy буюу Hepburn Gregory-ын хүсэл тачаалын объект гэдгээрээ оньсого мэт байж чаддаг. Харин Gregory-ын охин дүүг энэ киноны гол эмэгтэй дүр гэж үздэг. Бие махбодийн хувьд сайхан эрчүүд бизнест амжилт муутай, мөнгө бага олдог, залуудаа гэрлэдэг, мөн дундаж царайлаг эрчүүдийг бодвол "дур булаам" бус эхнэртэй байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ дүгнэлтийг хийсэн социологичдын таамагаар бол гоё залуу ахлах сургуульдаа нийгмийн амьдралд (болзоо, үдэшлэг) хамаг цагаа зориулж, сурах юмаа сураагүй, хичээл номоос хөндий байсан учир коллежидоо амжилт гаргаж чаддаггүй ба нэг үгээр сайхан төрх нь түүнийг залхуу тэнэг болгодог аж. 

Мөн тэд бэлгийн харьцаанд эрт идэвхтэйгээр орсноор эрт гэрлэх хандлагатай байдаг учир карьераас илүү гэрлэлтийг чухалчилдаг эмэгтэйтэй учирч амьдралаа холбох магадлалтай байдаг аж. Энэ бол хачин этгээд хөвгүүний тухай сэтгэл татам, цайлган, хөгжилтэй бяцхан кино ба өсвөр насныхны бусад сайн киног бодвол хамаагүй даруухан, соёлтой дүрүүдтэй кино юм. Gregory-г этгээд эвгүй гэдэг нь тэрээр хөл бөмбөгийн талбайд яг л өрөвтас шувуу шиг харагддаг. Түүний дурлал бараг бие махбодийн өвчин болж хувирдаг нь тэрээр анх удаа ингэж дурлаж байгаатай холбоотой юм. Охин түүнтэй эелдэг харьцдаг ч хөндий байдаг, учир нь охин Gregory-ын сэтгэлийн сэжиглэхийн сацуу бүх нөхцөлд түүнээс түрүүлж дүн шинжилгээ хийж байдаг. Энэ кино бидэнд өсвөр насныхаа амьдралын ихэнхийг мартчихдаг болохыг сануулах мэт. Өсвөр насныханд алдааг нь хэлэх утгагүй, учир нь тэд алдаанаасаа үүдэлтэй зовлонг сайн мэдэж байдаг; өсвөр насанд хөвгүүд романтик харилцаанд арчаагаа алддаг бол охидууд арай мэдрэмжтэй байж чаддаг. Энэ кино өсвөр насныхны эмзэг байдлыг ухаалгаар үзүүлдэг тул өсвөр насныхныд туслахаас илүү өвтгөх болов уу.

Comments