Александр Пушкин "Евгений Онегин"

 




"Евгений Онегин". Оросын их зохиолч Александр Пушкиний шүлэглэж бичсэн роман. Уг роман нь Оросын уран зохиолд классик бүтээл гэгддэг ба гол дүр Онегин нь Оросын уран зохиолын "илүүдсэн баатар"-ын сонгодог загвар болдог билээ. Роман 1825-1832 оны хооронд цуврал хэлбэрээр хэвлэгдэж, анхны бүрэн хэмжээний хувилбар нь 1833 онд хэвлэгдсэн бөгөөд одоогоор хүлээн зөвшөөрөгдсөн хувилбарыг 1837 оны хэвлэлтээс үндэслэдэг ажээ. Уг бүтээл нь шинэлэг хэмнэлийн схем, байгалийн өнгө аяс, үгийн сонголтын илэрхийлэмж хийгээд уран сайхан чанараараа Пушкинийг Оросын яруу найргийн маргаангүй үнэмлэхүй аварга хэмээн тунхаглахад чухал үүрэг гүйцэтгэсэн.  Энэ түүхийг нэгэн өгүүлэгч (Пушкиний олон нийтийн дүр төрхийг бага зэрэг зохиомжлон бүтээсэн дүр) хүүрнэдэг бөгөөд хүүрнэгч нь боловсролтой, сэтгэл татам, ухаалаг шинжтэй байдаг ба тэрээр нийгэм хийгээд оюуны ертөнцийн өргөн талыг харуулахын тулд тухайн цаг үеэсээ хазайх нь элбэг байдаг. Хүүрнэлийн энэ хэв маяг нь дүрүүдэд хөгжих боломж олгож, харьцангуй энгийн байсан ч зохиолын драматик чанарыг онцолж өгдөг ажээ. Уг ном яруу найргийн хүүрнэхяруу уран сайхныг төдийгүй амьдрал, үхэл, хайр, жөтөөрхөл болон уламжлалт ёс зэргийг гайхалтай дүрсэлснээрээ дэлхий дахинд бишрэгддэг. 
 

ҮНДСЭН СЭДЭВ БА САНАА.  "Евгений Онегин" зохиолын үндсэн сэдвүүдийн нэг бол бодит амьдрал ба уран зохиолын хоорондын харилцаа юм. Дүрүүд голдуу урлагаар тодорхойлогдож, роман бусад томоохон уран зохиолын бүтээлүүдээс олонтаа ишилдэг. Өөр нэг чухал элемент бол Пушкин Татьянагаар эмэгтэй хүний оюунлаг, гүн гүнзгий шинж чанарыг бий болгосон агаад Татьяна хэдий гэнэн цайлган боловч  эмзэг мэдрэмтгий хийгээд хайр дурлалд нээлттэй байдлаараа олон мянган Орос эмэгтэйчүүд баатар болсоор ирсэн билээ. Зохиолын төгсгөлийн бүлэгт Пушкин өөрийг нь энэхүү бүтээлд тэрээр хэрхэн чиглүүлэн залж байсан талаар удаан тайлбарласны эцэст Татьяна болон өөрийн Муза хоёрын нийгэм дэх шинэ "хэлбэрийг" нэгтгэж байна. Хүүрнэл хэдийгээр гэрэл гэгээтэй байсан ч магадгүй хамгийн бараан сэдэв нь Пушкиний танилцуулж буй нийгмийн ёс заншил, хүнлэг бус байдал агаад уг зохиолд Онегин энэ сэдвийг тээгч юм. Түүний хувиа хичээсэн, бардам, хайхрамжгүй байдлын тухай танилцуулга романы оршил хэсгийг эзэлдэг бөгөөд тэрээр хөдөө нутаг руу нүүсэн ч энэ чанаруудаасаа зугтаж чаддаггүй. Түүнийг бусдыг ойлгох чадваргүй, ерөөсөө импати дутмаг; "ертөнц" түүнийг ийм харгис хүйтэн болгосон буюу өөрт нь өв хөрөнгөө үлдээгээд авга ах нь үхэж байхад өөрийгөө л бодож байгаа тухай номын эхний бадгуудад дүрсэлсэн харуулсан байдаг. Тэрээр ирүүлд Ленскийг буудан алж, Татьянагаас татгалзаж байгаа нь шууд болон зүйрлэлт утгаараа шударга үнэнч чанар, ариун гэнэн байдлыг давхар хөнөөсөн хэрэг буюу "чөтгөр Онегин руу ирж" байна. Татьяна сургамж авдаг; сэтгэл нь хатуужсан, ёс заншилд автсан тэрээр хожим нь гэмшил хийгээд чигч шулуун байдлаа үгүй хийдэг. Татьяанагийн хар дарсан зүүд "ертөнцийн" харгис чанарыг далдуур харуулдаг. Зүүдэндээ тэрээр хүйтэн өвлөөр аймшигтай баавгайд (Онегиний хүнлэг бус, хэрцгий байдлыг илэрхийлнэ" хөөгдөж байна гэж зүүдэлдэг ба хоргодох байшинд ортол түүнийг албингууд, чөтгөрүүд угтдаг билээ. 

Энэхүү хар дарсан зүүд нь  нээлттэй, эрч хүчтэй "жинхэнэ" хүмүүстэй хөдөө нутгийг ой гутам хиймэл байдалтай нийгмийн эсрэг онцолж өгдөг. Ийнхүү Онегин хайр дурлалаа алдаж, цорын ганц найзаа алдаг, мөн амьдралаасаа сэтгэл ханамжийг огт олдоггүй. Тэр өөрийнхөө хувиа хичээсэн, бардам зангийнхаа хохирогч болдог бөгөөд тэр ганцаараа зовж байхаар шийтгэгдсэн буюу энэ бол түүний эмгэнэл юм. Урлаг ба амьдралын зөрчил нь Орост ердийн нэг зохиомол зүйл биш байсан, Пушкин уг зохиолоо өөрийнхөө хувь тавилангаас зурагласан; Пушкин өөрөө Оросын язгууртны нийгмийн ёс заншлын хохирогч болж, ирүүл тулаанд алагдсан билээ. Европын нөлөө Орост: 17-р зууны сүүлээр Их Петрийн институци ба соёлын шинэчлэлтээс хойш Орос улс нь соёл, засаглалын идеануудыг аажмаар өөриймшүүлэх болжээ. Ялангуяа язгууртан болон боловсролтой анги давхарга төрөлх Орос хэлээсээ илүү уран яруу, илэрхийлэмжтэй Франц хэлийг илүүд үзэж байв. Пушкин ухаан орсноосоо хойш Европ, Оросын соёлыг аль алиныг нь мэддэг байсан тул эдгээрийн зөрчилдөөнийг тун их сонирхож, ойлгож байсан нь гайхах зүйл биш буюу энэ нь өнөөдрийн Оросуудын хувьд ч чухал асуудал байсаар байна. Романд, Пушкин гол дүрүүдээрээ дамжуулан янз бүрийн соёлыг харуулдаг бөгөөд дүр болгон Европын тодорхой нөлөөг төлөөлдөг; Онегин Байроныг уншдагаараа Англитай холбогдоно, Татьяна Францын романтик романууд уншдагаараа Францтай холбогдоно, тэгвэл Ленский Германд өнгөрүүлсэн цаг хугацаа болон Германы романтик яруу найрагтай ойр байснаараа Германтай холбогдоно. Харин зөвхөн жижиг дүрүүдээр л Оросын тариачдыг дурддаг ч Онегин, Татьяна, Ленский нар нь Оросын мөн чанарыг тээсээр байдаг. Гэсэн хэдий ч Онегин-д жинхэнэ мөн чанар байдаггүй, Татьянагийн үзэж буйгаар түүнд Байроны маягаас бий болсон хоосон дүр төрх л байдаг гэдэг. Нийслэлийн амьдралын эсрэг хөдөө тосгоны амьдрал: Пушкиний үед улс төр, нийгэм, соёлын амьдрал Москва ба Санкт-Петербург гэсэн хоёр хотод л төвлөрдөг байв. Язгууртны зарим хэсэг нь нийслэл хотоос гадна хөдөө тосгонд өөрсдийн эзэмшил газар, фермээ удирдан зохион байгуулж амьдардаг байв. 

Романы өгүүлэмжинд Санкт-Петербургээс хөдөө руу, хөдөөнөөс Москва руу, төгсгөлд нь эргээд Санкт-Петербургт гэсэн тойрог байдаг нь Пушкиний өөрийнх нь цөллөгийн амьдралын тусгал юм. Чухамдаа Пушкин зохиолоо цөллөгт байхдаа эхлүүлж, Санкт-Петербургт буцаж ирснийхээ дараа үргэлжлүүлэн ажилласан тул энэ зохиол нь өөрийнх нь үзэж туулсан амьдралаас ихээхэн сэдэвлэсэн гэж үзэж болно. Эхний бүлэгт, Онегин шинэ өв залгамжлагч болсноо ашиглан залхаж гүйцсэн хотын амьдралаа орхидог ба Пушкинаас ялгаатай нь тэрээр хөдөө нутгийн байгалийг бараг сонирходоггүй. Ингээд зогсохгүй хотын гял цал байдал нь түүнийг хөдөөгийн ноёд болон энгийн ард түмнээс хөндийрүүлдэг. Онегин тэдний бүдүүн баараг байдлыг жигших бол эсрэгээрээ нөгөөдүүл нь түүний ганган сүйх тэргийг үздэггүй ба Онегин энэхүү хөндийрсөн шинжээрээ Ленскийтэй холбогддог. Татьяна-г танилцуулахдаа Пушкин түүний шударга, хөдөөний эгэл чанарыг онцолдог. Ялангуяа, түүний аальгүй эгч, түүнийг тойрсон алдартай аальгүй хүүхнүүдийг бодвол Татьяна илүү цэвэр, цайлганаараа яг л сар шиг гэрэлтдэг. Санкт-Петербургт гэр бүлийн амьдралд дассаныхаа дараа Татьяна тайван, бараг ширүүн төрхтэй харагддаг ч охин байхын мэдрэмтгий байсан шигээ л байдаг. Хувь тавилан: Пушкин хувь тавилангийн идеаг тууштай баримтлагч гэдгээрээ алдартай байсан агаад зохиолдоо өөрийн энэ бодол санаагаа тодорхой харуулдаг. Чухамдаа романы үйл явдлын анхны өрнөл хувь төвилангаас үүдэлтэй буюу Онегиний аав, авга ах нас барж, түүнд мөнгө, эзэмшил газар үлдээснээр эхэлдэг билээ. Энэ хоёр үхэл Онегиний Пушкинтэй хамт газар дундын тэнгисээр аялах төлөвлөгөөг нурааж, зохиолч болон түүний баатар хоёрыг салгасныг анхааралтай уншигч санана; зохиолын төгсгөл хэрд л Пушкин Онегинийг үдэшлэг дээр дахин харах боломж гардаг. Уг сэдэв бүгдийг нягтруулах шинжтэй болж ирдэг учир бид хайр ба үхэлд хувь тавилан бас хамаатайг олж харна. Татьянагийн хайр сэтгэлийнхээ тухай бичсэн захидалд "Тэнгэр миний очих газрыг сонгосон/Тэгээд намайг үүрд чинийх болгосон" гэж байдаг агаад Онегинээс холдсон үеэс хойших гэр бүлийн амьдралаа огт авч үздэггүй. 

Гэсэн хэдий ч ийм гэрлэлт бий болж буюу Татьяна Онегин-д хайртайгаа хүлээн зөвшөөрөхөд Онегин түүнээс татгалздаг шиг Татьяна үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Онегин захидалдаа бичсэнчлэн, эрх чөлөөг эрхэмлэдэг боловч дараа нь эрх чөлөө түүнийг аз жаргалтай болгохгүй гэдгийг ухаардаг буюу хэрэв Татьяна түүнд хайр сэтгэлээ илэрхийлэхэд тэрээр хүүхний халуун сэтгэлийг халуун сэтгэлээр хариулсан бол Онегин романы төгсгөлд тохиолдсон сүйрлээс зайлсхийж магадгүй байсан юм. Романы хамгийн аюултай мөч нь Ленскийн үхэл юм. Яруу найрагч Ленский болон анти-яруу найрагч Онегин хоёрын хоорондын зөрчил гарцаагүй болохоос гадна олон аврагчдыг үл харгалзан ирүүл аяндаа л болчихсон. Татьяна нөхцөл байдлыг ойлгосон байгаад ирүүлчдийг эвлүүрүүлж болох байсан тэднээс тусгаарлагдсан байсан гэж Пушкин дурддаг; Татьянагийн асрагч бас хөндлөнгөөс оролцож болох байсан ч асрагч хөгширсөн тул оюун ухаан нь "нойрмог" болчихсон байдаг агаад Ленский Ольгад хэлж болох байсан ч тэрээр хүүхнээ Онегинээс аварна гэж үзэж байсан тул ам нээдэггүй. Түүгээр зогсохгүй, туршлагатай, ирүүлд дурлагч Зарецкий үхлийн мөргөлдөөнийг бий болгохын төлөө бүхий л дүрмийг таягдан хаядаг; Зарецкий Онегин тулааныг хүлээн зөвшөөрч буйг маш хурдан илэрхийлж, Онегин хоцроход ирүүлийг ялагдал гэж дууддаггүй (дүрмийн дагуу), мөн хоёр тулаанчийг эвлэрүүлэх гэж оролдсон Онегиний хоёр дахь оролдлогыг дэмждэггүй (мөн дүрэм ёсоор). Үүр цайхад Ленскийг ирүүлийн газар руугаа явъя хэмээн сэрээж байгаа нь Онегин залуу Ленскийг удирдаж буйг илтгэх ба ирүүлийн үеэрх Онегиний хөдөлгөөн яг л үхлийн удирдаач шиг байдаг билээ. Залуу насны үхэл: Пушкин энэхүү романаа амьдралынхаа янз бүрийн үеүүдэд (1824-1831) бичсэн бөгөөд тэрээр амьдралынхаа чухал 30 жилийн мөчүүдийг байнга дурддагийг санах нь чухал юм. Онегин, Ленский хоёрын харилцааг яруу найраг ба уран үргэлжилсэн үгийн зохиол, хуурмаг чанар ба жинхэнэ үнэн гэх мэт зөрчилдөөн гэж уншиж болохын сацуу энэ дүрүүд нь залуу нас, ядарч туйлдсан төлөвшлийг, тэр дундаа Пушкиний өөрийнх нь туршлага мэдрэмжийг харуулдаг. Ленский бол Пушкиний лицейд байхдаа гайхамшигтай яруу найрагч хэмээн мандаж байх үеийнхтэй нь тун ойрхон дүрслэгдсэн байдаг. 

Хэдийгээр илүү төлөвшсөн Пушкин, Онегин нар нь залуу насны гэнэн байдлыг мэддэг ч энэ чанар нь насанд нь тохирч байгаа тул түүнийг буруушаах шалтгаан байхгүй гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй Онегин өнгөрснөө зөвхөн харамсах сэтгэлээр хардаг бол Пушкин өнгөрсөн үеийнхээ эрч хүч, цог золбоог маш ихээр санан дурсаж, алдсан зүйлсээ эргүүлэн олж авах итгэл найдвар тээсээр буйгаа зохиолоос тусдаа бичсэн байдаг билээ. Хайрын үнэнч шинж: Уншигчид Онегинтэй анх танилцахдаа түүнийг шалиг самуун болохыг шууд л олж мэдэхээс гадна Онегин ч тэр, түүнийг тойрсон аальгүй хүүхнүүд ч тэр жинхэнэ хайрыг мэдрээгүй гэдгийг ойлгодог. Хөдөө нутагт бид гэрлэхээр төлөвлөж буй Ленский, Ольга гэсэн төгс хосыг олж хардаг ч Пушкин, Онегин нар Ольгагийн гүехэн, уламжлалд баригдсан хүн болохыг онцолсноор эргэлзээ төрүүлж орхидог. Ольга эхлээд Онегин-д, дараа нь Ленскийг нас барсны дараа анчинд амархан уруу татагддаг боловч Ленский түүнийг жинхэнээсээ хайрладаг байсан учир Ольгаг хангалттай уучилдаг агаад сүүлчийнхээ Шиллерийг уншихын оронд түүнд шүлэг бичихийг сонгодог. Гэхдээ хамгийн үнэнчээр хайрладаг дүр бол Татьяна бөгөөд тэр ичиж зовохоос айлгүй Онегин-д хайраа илчилдэг. Тэр Онегиний хайрыг жинхэнэ гэж үздэггүй билээ.

Comments