Габриэл Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал"

 


"Зуун жилийн ганцаардал". Колумбийн зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 1967 онд хэвлэгдсэн роман. Романд Макондо (зохиомол) хотыг үүсгэн байгуулсан Хосе Аркадио Буэндиагийн гэр бүлийн олон үеийн түүхийг өгүүлдэг бөгөөд уг бүтээлийг уран зохиолын хамгийн дээд амжилтуудын нэг гэж үздэг. "Зуун жилийн ганцаардал" роман шидэт реализмын хэв маяг, сэдэвчилсэн агуулгатайгаараа 1960 - 1970-аад оны Латин Америкийн уран зохиолын шуугиантай тэсрэлтийн үеийн чухал төлөөлөл гэж үздэг буюу эл хэв маяг нь модернизм (Европ ба Хойд Америк) болон Кубын (Авангард) уран зохиолын хөдөлгөнөөс нөлөөтэй ажээ. 1967 оны 5-р сард Буэнос-Айрес хотын "Судамерикана" редакцид анх хэвлүүлсэнээс хойш уг роман дэлхийн 46 хэлээр орчуулагдаж, 50 сая гаруй хувь борлогджээ. Гарсиа Маркесийн хамгийн чухал бүтээл гэж тооцогддог уг роман өнөөдөр хүртэл манай гаригийн хамгийн алдартай романы нэг хэвээр байна.

 ҮНДСЭН САНАА. "Зуун жилийн ганцаардал" романд агуулагдсан ид шид болон реализм хоёр эхэндээ эсрэг тэсрэг санагдах хэдий ч үнэн хэрэгтээ хоорондоо төгс нийцдэг агаад Маркесийн ертөнцийн онцгой ойлголтыг илэрхийлэхийн тулд энэ хоёр нь зайлшгүй шаардлагатай. Маркесийн роман нь бодит байдлыг ажиглаж буй нэг хүний тусгал бус харин янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн тус бүрийн мэдрэмжийн тусгал юм. Энэхүү олон янзын мэдрэмжийн тусгал нь орчин үе ба аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундах Латин Америкийн өвөрмөц онцлогийг ойлгоход тохиромжтой буюу Иргэний дайнд нэрвэгдэж, Империализмд сүйрсэн; тэдгээр ард түмний мэдрэмж бол нэгнэлэг нийгмийн гэхээсээ илүү янз бүрийн гэдэгтэй тохирдог. Шидэт реализм бол мухар сүсэг, шашныг өөртөө шингээсэн ид шидийн бодит байдлыг илэрхийлдэг юм. Эл романд Библийн түүх болон Латин Америкийн домог зүйг үнэмшилтэй байдлаар ашигласан байдаг. Энэ хандлага нь Латин Америкийн зарим зохиолчид ид шидийг энгийн амьдралыг хөдөлгөж байдаг хүчирхэг бөгөөд чухал шинж гэж үздэг нь барууныхны логик, ухамсарыг онцолдог байдлын золиос болдог гэсэн ойлголтоос үүдэлтэй байж болох юм. Гарсиа Маркес бодит байдал ба уран зохиол хоёрыг холиод байгаа юм шиг санагдвал энэ нь зарим мэдрэмжийн хувьд зохиол нь бодит байдлаас илүү үнэн байж болох юм. Жишээлбэл, Маркесийн төрөлх хотод санаанд багтамгүй аймшигт үзэгдлүүд нийтлэг болдог нь Макондогийн ажилчид алан хядлагын гэрч болдогтой адилхан юм. Тиймээс бодит амьдрал аймшигтай бөгөөд сэтгэл татам фантааз шиг санагдаж эхэлдэг ба Маркесийн романд бодит амьдралыг дахин бүтээж, буулгах гэсэн оролдлого юм.

 Нэг үеэс нөгөө үед эргэж ирдэг нэрсээс эхлээд хувь хүн, үйл явдлын давтамжаараа "Зуун жилийн ганцаардал" романд цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж нарийвчлан хуваахаас татгалздаг. Урсула Макондод цаг хугацаа хязгаарлагдмал биш, харин ахин дахин урагшилдаг гэдгийг үргэлж хамгийн түрүүнд анзаардаг ба заримдаа, цаг хугацааны давхцал нь хүмүүсийг ирээдүйгээ харахаас илүүтэй өнгөрсөнийг харж чадахгүй байх мартах өвчинд хүргэдэг бөгөөд бусад цагт ирээдүй өнгөрсөн цаг шиг эргэн санахад хялбар болдог. Мелкиадесийн зөгнөл цаг хугацааны үйл явдлууд тасралтгүй үргэлжилдэгийг нотолдог; романы эхнээс л хөгшин цыган янз бүрийн үйл явдлууд нэгэн зэрэг болж байгааг хараад тэдгээрийн төгсгөлийг харж чаддаг. Үүнтэй адилаар Мелкиадес, Хосе Аркадио Буэндиа хоёрын сүнс үзэгдэж байгаа нь эдгээр хүмүүсийн амьдарч байсан өнгөрсөн үе одоотой нэгдсэнийг харуулж байна. "Зуун жилийн ганцаардал" романы эхэнд хэл яриа хэдийгээр боловсорч гүйцээгүй, Еден цэцэрлэгийн төлөвт байгаа боловч энэхүү нярайн ертөнцийн ихэнх зүйл нэргүй хэвээрээ тул үйл ажиллагаа нь илүү нарийн түвэгтэй байдаг. 

Хүүхдийн сурдаг гуажиро хэл, Хосе Аркадиогийн биеийг бүрхсэн олон хэлний шивээс, Хосе Аркадио Буэндиагийн ярьдаг латин хэл, Мелкиадесийн зөгнөлийн сүүлчийн санскрит хэлний орчуулга гэх мэт олон янзын хэл романыг дүүргэдэг. Чухамдаа, эл орчуулгын төгсгөлийн үйлдэл номын баатрууд болон түүхийг амьдруулж өгсөн гэдгээрээ номыг оршин байх боломжтой болгож байгаа аж. Гарсиа Маркес Макондогийн сүүлчийн сүйрлийг тайлбарлахдаа зохиолч хүнийхээ зорилгод анхаарлаа хандуулдаг буюу уншигчдын ойлголт нь бас романд өрнөх үйл явдал бүрийн анхны суурь болдог гэдгийг сануулдаг. "Зуун жилийн ганцаардал" романыг тодорхой, урьдчилан тодорхойлсон утгатай гэж үзэж болох хэдий ч Гарсиа Маркес уншсан үзэгдэл болгон бас тайлалтай бөгөөд ийм тайлал нь маш их үр дагавартай байдгийг хүлээн зөвшөөрөхийг уншигчдаасаа хүсдэг. Аурелиано гар бичмэлийг өгөгдсөн зүйл гэж үзээд зогсохгүй, мөн түүнийг орчуулан тайлбарлаж, эцэст нь хотыг сүйрүүлэх ёстой. 

МОТИФ. "Зуун жилийн ганцаардал" романы дүрүүд мартамхай байдлыг аюул гэж үздэг ч, мөн хоржоонтой нь ой санамжийг тээршаалт гэж үздэг бололтой. Романы дүрүүдийн тал орчим хувь нь хэт их дурсамжийн тухай ярьдаг бол үлдсэн хэсэг нь мартах өвчтэй мэт байдаг. Ребека дурсамжиндаа хэт автсан учраас нөхрийгөө нас барсны дараа өөрийгөө гэртээ түгжээд найз нөхдийн дурсамжинд амьдрахыг илүүд үздэг бөгөөд түүний хувьд өнгөрсөндөө амьдарсанаар өөрчлөгдөн буй ертөнцөд оршин байх боломжгүй болж байна. Ребекагийн эсрэг дүрийг хурандаа Аурелиано Буэндиагаас олж болох агаад хурандаа бараг л ямар ч дурсамжгүй юм. Тэр эцэс төгсгөлгүй одоодоо амьдардаг ба хайлуулсан бяцхан алтан загасуудаа ахин дахин бүтээдэг. Хуучнаа санагалзах хийгээд мартах өвчин бол Буэндиагийн удмын хосолмол өвчин бөгөөд нэг нь хохирогчдыг өнгөрсөнтэй холбож, нөгөө нь тэднийг одоо цагт түгжчихдэг. Ингэж зовж шаналах Буэндиагийн удам өөрсдийгөө идэж дуустал нэг хэвийн мөчлөгийг ахин дахин давтах тавилантай ба тэд хэзээ ч ирээдүй руу шилжиж чадахгүй. Роман Библийн олон түүхээс сэдэвлэж, мөн зарим дүрийг Библийн гол дүрүүдийн зүйрлэл гэж үздэг. Роман нь Макондогийн үүсэн бий болсон ба анхны ариун нандин Еденик өдрүүдийг дахин дүрсэлж, төгсгөлийн сүйрэл иртэл дундуур нь цэвэршүүлэлтийн үерийг ч дурддаг. 

Хосе Аркадио Буэндиа мэдлэгийн эрэл хайгуул хийсний үр дүнд ухаанаа алдаж баларч буйг харж байна. Тэр болон түүний эхнэр Урсула Игуаран мэдлэгийн модноос жимс идсэнийхээ дараа Еденээс хөөгдсөн Библийн Адам, Ева хоёрыг төлөөлдөг. Роман бүхэлдээ хүн төрөлхтөний түүхийн зүйрлэл, хүний мөн чанарын тухай тайлбар гүйцэтгэдэг. Нэг талаас Буэндиагийн түүхийг зохиол гэж авч үзвэл тун эмгэнэлтэй, гэвч хүн төрөлхтөнийг төлөөлж буй нь хувьд Буэндиачууд нь ганцаардал, зайлшгүй тохиох эмгэнэл хийгээд аз жаргалд хүрэх боломжгүй гэдгийг Библийн адилаар онцлон тэмдэглэж байна. "Зуун жилийн ганцаардал" романд цыганууд голдуу үзэгдлүүдийн холбоос болж өгдөг. Тэд ялгаатай эсхүл хамааралгүй үйл явдал, дүрүүдийн шилжилтийн үүрэг гүйцэтгэдэг. Макондогийн эхэн үед тэнүүлч цыганууд ирээд хотыг багт наадам шиг болгодог. Макондо соёл иргэншилд хүрэх замтай болохоос өмнө тэд хотыг гадаад ертөнцтэй холбох цорын ганц холбоос байдаг ба тэд Мелкадиесийн үзүүлдэг шинэ технологи, ид шид болон бусад гайхамшгуудыг авчирдаг. Цыганууд бодит байдал болон фантааз хоорондын заагийг бүдгэрүүлж, нэн ялангуяа Макондо хийгээд гадаад ертөнц, ид шид ба шинжлэх ухаан, мөн өнгөрсөн, одоо үеийг холбосноороо уран зохиолын олон талт давуу чанарыг хэрэгжүүлэгч болдог. 

СИМБОЛ. Хурандаа Аурелиано Буэндиагийн бяцхан алтан загаснуудтайгаа цагийг нэг л янзаар өнгөрүүлэх нь утга учиртай юм. Юуны өмнө загаснууд Аурелианогийн уран бүтээлчийн мөн чанар, цаашлаад бүх Аурелианочуудын уран бүтээлч чанарыг илэрхийлнэ. Гэвч удалгүй Аурелиано дэлхий ертөнцөд нөлөөлсөн арга замыг тэмдэглэж, илүү ач холбогдолтой болсон байдаг ба жишээлбэл, тэрээр арван долоон хүү бүрдээ бяцхан алтан загас өгдөг бөгөөд энэ утгаараа Аурелиано хөвгүүдээрээ дамжуулан ертөнцөд нөлөөлсөнийг илэрхийлнэ. Гэсэн хэдий ч олон жилийн дараа загаснууд нэгэн цагт аугаа удирдагч байсан хүний ердийн нэг дурсгалт зүйлс болжээ. Үүнд Аурелиано дургүйцдэг, учир нь хүмүүс өөрийг нь хүссэнээрээ буюу үлгэр домгийн баатар болгон ашиглаж байгааг ойлгодог. Бяцхан алтан засагнууд түүний хувьд симбол байхаа больсныг ойлгосон цагаас тэрээр шинэ загас хийхээ болиод хуучин загасаа ахин дахин хайлуулж эхэлдэг. Төмөр зам орчин үе Макондод хүрэлцэн ирсэнийг илтгэнэ. Эл сүйрлийн эргэлт гадил жимсний тариалангийн талбайг хөгжүүлж, улмаар гурван мянган ажилчдыг хоморголон алуулахад хүргэдэг. Төмөр зам ирэхээс өмнө Макондо өргөжиж, цэцэглэн хөгждөг, харин төмөр зам ирсэний дараа Макондо хурдан задарч, дахин тусгаарлагдаж, эцэст нь сөнөнө.

Comments