Нохойн орон

 


Нохойн орон (1998). Намайг бага байхад Монголд нар хиртэж, хэсэг хугацаанд хав харанхуй болж байсныг үүр түүрхэн санадаг юм. Нийтээрээ л сүр дуулиан болж, бэлтгэж байсан санагдах. Лав харанхуй болонгуут чанга дуу чимээ гаргахгүй бол болохгүй гээд ээж, дүү бид гурав тогоо шанагаа баахан балбаж байсан сан. Одоо бодоход, ээж минь залуухан хүн байж их сүсэгтэй байжээ. Монгол-Бельгийн хамтарсан энэхүү баримтат уран сайхны кино 1997 оны нар хиртэх мэдээгээр эхлээд нар хиртэлтээр төгсдөг. Энэ хугацааны завсар Басар гэдэг нохойны үхээд хүн болох хугацаанд киноны үйл явдал өрнөх буюу хүүрнэгчээр (Банзарын Дамчаа) хөтлүүлэн бид социализмаас ардчилалд шилжих Улаанбаатартай танилцана. 

Үзэгч Басар нэртэй нохойг киноны турш дагаж, нохойн хэцүү амьдралтай танилцах нь гэж бодтол киноны эхэнд түүнийг нохойн анчин шууд буудаад алчихна. Дашрамд хэлэхэд, кино энэ мэт хүнд кадрууд багагүй тул эмзэг мэдрэмтгий хүмүүс үзээд хэрэггүй болов уу. Нохой үхдэг ч сүнс нь амьдралынхаа дурсамжаар тэнүүчилснээр киноны үйл явдал эхэлж, энэ бол ердийн баримтат кино бус илүү экспирментал шинжтэй кино болох нь илэрнэ. "Нохойн орон" киноны найруулагчдаар Доржхандын Төрмөнх, Питер Бросенс хоёр ажилласан ба зохиолыг хамтран бичжээ. Кино Венецийн, Торонтогийн гээд олон хүндтэй наадмуудад амжилттай оролцсон. Нохой хүн болж төрдөг, хүн өмнөх насандаа нохой байсан гэдэг санааг кино уран бүтээлчид нэгэн Монгол сонины нийтлэлээс авч, чухам ямар шашинд ингэж байдгийг үүнийг бичигч би мэдэхгүйгээ шударгаар хүлээн зөвшөөрөөд (нягталж үзсэнгүй, кино бүтээгчдэд итгэв, учир нь энэ надад тийм ч чухал биш) цааш үргэлжлүүлье. 

Кино бүтээгчид бөө, буддын шашнаас олон санааг авч ашигласан нь энэ киног зарим талаар бараг шашны кино мэт болгожээ. Ер нь, анхнаасаа гадаадын үзэгчдэд түлхүү хандсан болох нь Монголын уламжлал, ёс заншил, шашныг зориуд тодотгосон сцэнүүдээс харагдана; ийм сцэн хөдөөгийн амьдралыг харуулсан үйл явдлуудаас авхуулаад уран нугаралт хүртэл олон жишээгээр үргэлжилнэ. Зарим тохиолдолд гадны хүний нүдээр үзэж байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Аргагүй гадаадын хүний оролцоо мэдрэгдсэн. Кинонд, байршлуудыг оновчтой сайхан сонгосон нь эрэл хайгуул их хийснийг гэж тааж байна, мөн кадрууд тун үзэсгэлэнтэй, нягт болжээ. Яруу найраглаг, эргэцүүлэлт бүхий тун сайн кино болж. Кино хэсэгчилсэн бүтэцтэй, эхлээд Басарын сүнсний дурсамж-тэнүүчлэл бүхий зүүдний хэсэг явж байснаа нар хиртэлт, хотын жирэмсэн хүүхэн, ардчилсан Монголын амьдрал дахь үлгэр домог, мухар сүсэг хийгээд Баатарын Галсансүх найрагчийн контемпорари шүлгүүдтэй сцэнүүдээр сүлсэн ч  бүгдийг мэдэгч хүүрнэгчийн хөтлүүлсэн тул төөрөх айдасгүй. Хүүрнэгчийн давуу тал нь өгүүлэмжийг хялбаршуулдаг билээ. Галсансүх найрагчийн шүлгүүд кино дахь хэт шашны өнгө аясыг тэнцвэржүүлсэн модерн хандлагыг өгөхөөс гадна баримтат киноны хэмнэлийг алдагдуулахгүй үүрэгтэй санагдсан. 

1998 онд "Armageddon", "Deep Impact" гэсэн дэлхийн сүйрлийн тухай сэдэвтэй кинонууд хит болсон ба "Нохойн орон" кино ч эхнээсээ төгсгөл хүртэл сөнөх гэж байгаа юмуу, эсхүл сөнөчихсөн мэт улс орны мэдрэмж төрүүлнэ. Үгүйдээ л, цаанаа тодорхойгүй айдас дагуулам зэвхий хүйтэн, тачир хомс кадруудаар дүүрэн байдаг. Кино бүтээгчид социализмын дараа ардчилсан болсон Монголын ирээдүйг харж чадахгүй байсан буюу тодорхой хэмжээнд айдастайгаар мэдэрч байсан байж магадгүй,  ямартай ч тэд тодорхойгүй нөхцөлд киногоо үлдээсэн. Гэхдээ энэ киног би "зөнч" кино гэж өнөөдрийн 2026 онд дүгнэж байна. Тэд өөрсдөө мэдэлгүйгээр Басарын үхлээр социализмын уналтыг, хотын хүүхний төрөлтөөр ардчиллын үүслийг зөгнөсөн бөгөөд харамсалтай нь, зөгнөл ингээд л тодорхойгүйгээр нарны хиртэлт шиг харанхуйд үзэгдэхгүй болж байгаа бол өнөөдрийн бид үр дүнг нь харж бас мэдэрч байна. Бидний нарыг Ра бурхан залгичихжээ.

Би "Нохойн орон" киног амьтны тухай биш харин Монгол хүний тухай, өөрөөр хэлбэл Монгол хүний ухааны тухай кино гэж харж байна. Ардын хувьсгалаар эсгий гэрээсээ гарч, социализмаар дамжуулан хүн төрөлхтний мэдлэг, соёл, урлагтай танилцсан Монголчууд социализмыг дээшлүүлэх гэж байна гээд ардчиллыг сонгосон нь үнэндээ оюун санааны том ухралт болсныг киноноос харж болно. Хүн тэмцэж, зүдэрч байхдаа хөгждөг бол амар тайван, бүхнийг хийсвэр зүйлд даатган байхдаа доройтон үхжиж байдаг (оюун ухаан). Монголчууд хэцүү ч соёлжиж боловсрохын оронд амар хялбар мөргөл, залбиралыг сонгожээ. Монголчууд зорих зүг чигтэй, маргаашдаа итгэлтэй, эх орондоо сэтгэл хангалуун амьдардаг байсан ч ардчиллаар өнгөтэй өөдтэй залуусаа гадаад улсуудад алдаж, хэдхэн бүлэг хүмүүсийг хагартал баяжуулж, хөгшид, хүүхэд, өвчтэй хүмүүсийн нохойн орон болсон нь гашуун үнэн юм. Кинонд, Монгол хүн малгайнаасаа бусдыг зарсан, Монгол хүн нохойнд өгдөг ясыг иддэг болсон гэх мэт хэтрүүлгүүд байдаг ч, мөн кинонд гарах байршлуудыг зориуд сонгож авсан ч Монгол хүн энэ киноны Басар шиг тэнүүчлэгч болсныг, Монголын амьдрал нохойн амьдрал болчихсоныг үгүйсгэх аргагүй. 

Монгол хүнд шашин тун таардаг, Монгол хүнд зовлон зохидог, Монголын заяа их байж болох ч, энэ заяаны хугацаа, хэмжээ агшиж багассаар. Нарыг залгисан Ра бурхан нь ардчилал байжээ. Соёл, боловсролоос хөндийрсөн бид харанхуйд тэмтчиж нохой шиг ульж байна. Нохой хүн болж төрдөг юм бол би ч, энийг уншиж байгаа ч та нохойн сүнс буюу Басарын сүнс байж магадгүй. Энэ утгаар бол, бид бүгдээрээ угаасаа нохойнууд, энэ газар нутаг нохойн орон ажээ. Ерээд оноос хойш бүтээгдсэн манай хамгийн сайн кинонуудын нэг "Нохойн орон" нь нэг үзэхэд сэтгэлд хадагдан үлдэх хүчтэй бүтээл болж чаджээ.

Comments