Vertigo (1958). Английн мастер кино урлаач Alfred Hitchcock-н продюсерлэж, найруулсан сэтгэлзүйн триллер. Францын зохиолчид болох Pierre Boileau, Thomas Narcejac хоёрын "D'entre les morts" романаас сэдэвлэн Alec Coppel, Samuel Taylor нар кино зохиолыг бичсэн. Гол дүрүүдэд, James Stewart, Kim Novak, Barbara Bel Geddes нар тоглосон. Кинонд, Сан Францискогийн цагдаагийн мөрдөгч асан нэгэн эр албан үүргээ гүйцэтгэж яваад өндрөөс айх, толгой эргэх өвчнөөсөө болж алдаа гаргаж, улмаар тэтгэвэрт гардаг ба нэг өдөр түүний найз нь ирээд этгээд зан төрх гаргах болсон эхнэрээ мөрдүүлэхээр түүнийг хөлсөлж буй тухай өгүүлдэг. "Vertigo" нээлтээ хийгээд критикүүдээс холимог үнэлгээ сонсож байсан бол эдүгээ Hitchcock-н сор бүтээл, бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг гэж үнэлэгдэх болжээ. Америкийн кино хүрээлэн уг киног Америкийн хамгийн шилдэг 9 дэх киногоор нэрлэсэн бол 2012 онд Sound & Sight сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг жагсаалтыг тэргүүлсэн байдаг ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 2-р байрт эрэмбэлээд байна.
Уг киног критикүүдийн ноён оргил болсон кино гэдэг. Хожуу үеийн критикүүдийн онцлон байгаагаар Stewart-г сэтгэл түгшсэн, хэт автсан дүрд сонгосон явдал бол кино уламжлалт бус байдал болон түгшүүрийг улам нэмэгдүүлсэн нэгэн төрлийн шийдэл болж, учир нь, Stewart өмнө нь сайхан сэтгэлтэй эерэг дүрүүдэд тоглодог байв. Hitchcock-н төгс төгөлдрийг эрхэмлэх байдал өөр ямар ч кинонд нь ийм сэтгэл хөөрүүлсэн үр дүнд хүрч байгаагүй ба тэрээр хэт автсан сэдвүүдээ энд аймшигтайгаао урвуулсан хэлбэрээр судалсан. Зүүдний мэт хүчтэй шинжээрээ цаг үеэсээ түрүүлсэн "Vertigo" кинонд үхлийн урхи, өнгөрсний хүч, аятайхан баатрын гэм буруугийн холбогдол, өнгө хийгээд симболыг бараг фетиш маягаар ашигласан зэрэг нь найруулагчийн онцлог арга барил агаад энэ бүхэн алмайруулам дүрслэгджээ. Hitchcock хурцадмал байдлыг нэмэгдүүлж, үзэгчдийн харах өнцгийг огцом өөрчлөхийн тулд триллер жанрын уламжлалыг зориудаар зөрчсөн нь триллер жанрыг эгнэгт өөрчилжээ. Ингээд толгой эргэх өвчний гүнд нэвтрэх гээд үзэцгээе.
Судлаач Charles Barr-н үзсэнээр, "Vertigo" киноны үндсэн сэдэв нь сэтгэлзүйн хэт авталт, ялангуяа Scottie амьдралдаа орж ирсэн эмэгтэйд хэт автсан тухай өгүүлдэг аж. Barr: "Нууцлаг эмэгтэйд романтик байдлаар хэт автсан эрийн түүхэнд Hitchcock гүнзгий татагдсан гэж хамтран ажиллагсад нь, критикүүд, намтар судлаачид үзэж ирсэн бөгөөд энэ нь олонх үзэгчдийг адилхан татсан". Намтар судлаач Donald Spoto уг киног анх өсвөр насандаа үзсэнээс хойш "The Art of Alfred Hitchcock" гэдэг номоо 1976 онд бичиж байхдаа дахин 26 удаа үзсэн гэдэг. Критикч Geoffrey O'Brien 1996 онд бичсэн нийтлэлдээ "Vertigo" кинонд байнга татагдаж ирсэн, 15 настайгаасаа эхлээд дор хаяж 30 удаа үзсэн ажээ. Зарим критикүүд уг киног эрэгтэй хүний түрэмгийлэл болон харааны хяналтын тухай үлгэр; эмэгтэй Эдипийн тойрог замын газрын зураг; эмэгтэйлэг шинж ба эрэгтэйлэг шинжийг дахин задалсан судалгаа; найруулагчийн, Холливуудын студи хийгээд колоничлолын дарангуйллын механизмын илчлэлт; мөн текстийн утга нь өөрийгөө эргэцүүлэх хязгааргүй уналтаар төгсдөг газар гэх мэтээр тайлсан байдаг. Киноны үндсэн өгүүлэмж Scottie дээврийн хөөцөлдөөний төгсгөлд барилгаас дүүжлэгдэж байхдаа төсөөлж байгаагаас эхэлдэг; үүнийг критикч Jamas F. Maxfield зохиолч Ambrose Bierce-н 1890 онд бичсэн "An Occurrence at Owl Creek Bridge" богино өгүүллэгийн хувилбар гэж зэрэгцүүлэн харьцуулсан байдаг.
Эл бүтээлийн зохиолыг Франц зохиолчдын романаас сэдэвлэсэн гэж өмнө нь дурдсан билээ, тэгвэл Hitchcock Франц зохиолчдын өмнөх роман болох "Celle qui n'etait plus"-ийн эрхийг худалдаж авах гэж үзээд чадаагүй аж. Сайхь романаар Францын кино найруулагч Henri-Georges Clouzot "Les Diaboliques" гэдэг кино хийсэн нь кино урлагийн бас нэгэн шилдэг триллер болсон байдаг. Найруулагч François Truffaut нэгэнтээ "D'entre les morts" романыг Boileau, Narcejac хоёр угаасаа Hitchcock-д зориулж бичсэн гэж таамагласан байдаг бол Narcejac үүнийг үгүйсгэж, роман бичих зорилго тийм байгаагүй гэсэн буй. Hitchcock тэдний бүтээлийг сонирхож байсан учир Paramount Pictures романыг Англи хэл рүү хөрвүүлэгдэхээс өмнө товч агуулгыг нь захиалж авчээ. Эх номонд, Madeleine-н үхэлд Judy-н оролцоо байсныг төгсгөл хүртэл илчилдэггүй бөгөөд кино зохиол бичих шатанд Hitchcock үзэгчдэд Judy-н мухардмал асуудлыг ойлгуулахын тулд киноны нууцын гуравны хоёрыг илчлэхийг санал болгожээ. Анхны үзвэрийн дараа Hitchcock "захидал бичдэг сцэн"-ийг авч үлдэх эсэхдээ эргэлзэж байгаад эцэст нь хасахаар шийдэж. Кинонд хамтран продюсер хийсэн, Hitchcock-н байнгын хамтрагч Herbert Coleman сайхь хасалтыг алдаа гэж үзсэн; хариуд нь Hitchcock өөрийнхөөрөө зүтгэж.
Энэ маргалдаанд James Stewart зуучлагч болж, Coleman-д "Чи, Hitchcock-д уурлаад хэрэггүй ээ. Кино тийм чухал биш шүү дээ" гэж хэлж. Hitchcock-н шийдвэрийг кино зохиолч, найз Joan Harrison дэмжиж, харин ч киног сайжруулсан гэж хэлсэн байна. Ийнхүү Coleman дурамжханаар шаардлагатай эвлүүлгийг хийв. Paramount-н дарга Barney Balaban энэ талаар дуулаад Hitchcock-д киног ямар байсан тэр хэвээр нь үлдээ гэж тушааснаар хасагдсан сцэн эргэн ирж эцсийн эвлүүлэгт багтсан байна. "Vertigo" кинонд гурван кино зохиолч оролцсон. Найруулагч маань анхлан жүжгийг зохиолч Maxwell Anderson-г кино зохиолоо бичүүлэхээр хөлсөлсөн хэдий ч Anderson өөрийнхөө төсөл дээр ажиллаж байсан тул татгалзсан. Судлаач Charles Barr-н хэлснээр, Anderson гурван кино зохиолчоос хамгийн хөгшин нь (68 настай байв) байсан ба театрын жүжгээрээ алдартай ч кино урлагт төдийлөн танигдаагүй нэгэн байж, гэхдээ Anderson Hitchcock-н "The Wrong Man" кино дээр ажилласан байсан аж. Anderson Hitchcock-г гадаад яваад эзгүй байх хойгуур романыг кино дэлгэцнээ хөрвүүлэх ажилд оролцож байсан гэж Barr тэмдэглэжээ. Alec Coppel-н бичсэн зохиолын хоёр дахь хувилбар найруулагчийн сэтгэлд хүрсэнгүй.
Эцсийн зохиолыг Samuel A. Taylor бичсэн, түүнийг Сан Францискогийн талаар сайн мэдлэгтэй гэж Hitchcock-д санал болгож байв. Taylor Midge-н дүрийг оруулж ирсэн бөгөөд тэр зохиолын кредитийг ганцаараа эзэмшихийг санаархасан ч Coppel Кино Зохиолчдын Холбоонд эсэргүүцэл гаргаснаар кредитийг Coppel, Taylor хүртэж, Anderson хаягдан үлджээ. Hitchcock-н "The Wrong Man" кинонд тоглочихоод байсан, мөн найруулагчтай хувийн гэрээ байгуулсан байсан Vera Miles Madeleine-н дүрд тоглох ёстой байсан; Vera бүр эхэн үеийн хувилбарт Carlotta-н хөрөг зургийн моделийг бүтээчихсэн байсан. Гэвч Hitchcock эрүүл мэндийн асуудлаар продакшн хойшилж, энэ үеэр Vera жирэмсэн болсон учир дүрээсээ татгалзахаас өөр замгүй болж. Hitchcock түүнийг Kim Novak-аар сольсон. "Vertigo" кино нээлтээ хийсний дараа Variety сэтгүүл Hitchcock ур чадвараа харуулсан гээд, кино үндсэндээ зөвхөн сэтгэлзүйн нууцлаг аллага-д суурилсан, хэт урт, удаан гэж дүгнэсэнв критикч Philip K. Scheuet киноны сцэнүүдийг магтсан ч үйл явдлыг дэндүү удаан өрнөлтэй, нарийн ширийн зүйлсийн төөрдөг байшинд сорогдох мэт гэжээ. Харин The Los Angeles Examiner сэтгүүл киног өндрөөр үнэлсэн буюу догдлом, адад явдалтай, романтик, гялалзсан, галзуу, хэвшмэл бус хайрын түүх гэжээ.
Критикч Bosley Crowther эл бүтээлийг, киноны нууц нь чөтгөрийн хэтрүүлэгтэй боловч тун ухаалаг гэж бичсэн бол критикч Richard L. Coe уг бүтээлийг "гайхалтай гаж" гээд Hitchcock-н зальтай кадрын өнцөг, шалны кадр, өнгөний гайхалтай тод хэрэглээг ердийнхөөсөө илүү хөгжилтэй гэж бичжээ. The New York Post: "Одоо хүлээн зөвшөөрцгөөе. Hitchcock-н киноны гадаргуу тун өөгүй тул тэрээр логик болон реализмын үүднээс аллагын аллагын хэргээс мултарч чадна гэж боддог. James Stewart-н өвөрмөц жүжиглэлт кинонд бодит байдлын хүнд уур амьсгал өгдөг гэдгийг үгүйсгэх аргагүй ба зохиолын дагуу Kim Novak-н зүүдэндээ явагчийн дүрийн зан төрх бол түүний төгс хийж чадах зүйл. Уг кино Hitchcock-н шилдэг судалгаануудтай нэг эгнээнд эрэмбэлэгдэнэ гэдэгт эргэлзэж байна, энэ кино даанч олон нүхтэй, гэвч энэ бол газар орон, хүн, хальсны заль мэхээр харааг жаргаасан дээд түвшний анализ". Судлаач Barr-н хэлснээр, тэр үеийн Английн критикүүд уг киног тийм ч нааштай байгаагүй, ерөнхийдөө нийтлэг шүүмжлэл нь, киноны үндсэн бүтэц болон эрч хүчид симпатик шинж дутмаг гэжээ. Тэгвэл, Францад, найруулагч Eric Rohmer нийтлэлдээ, Америкчууд "Vertigo"-д дургүй хүлээн авсан гэж бичсэн. Харин Францад эсрэгээрээ маш сайн хүлээн авсан ба Rohmer: "санаа болон хэлбэр нь нэг замаар явдаг, хэлбэр нь шижир, үзэсгэлэнтэй, хатуу чанд, гайхмаар баялаг, чөлөөтэй байдаг учир энэ киногоор тэргүүлүүлсэн Hitchcock-н кинонуудыг үгийн эрхэмсэг, платоник утгаараа санааны тухай юм" гэсэн буй.
"Vertigo" бүтээлийн эхлэл сценд Scottie өндөр барилга дээрээс дүүжлэгдэн үхлээс өчүүхэн төдий зайд байдаг. Түүний айдас илэрхий мэдрэгддэг бөгөөд хамтрагчаа унахыг хараад айдастаа баригдсан авч үүнээс гарах цорын ганц арга бол айдастайгаа нүүр тулах ёстой л харагддаг. Madeleine бол үхлээс айх болоод үхэлд татагдахыг бэлгэдэл болдог; амиа хорлосон эмэгтэйд эзэмдүүлсэн гэгдэж байгаа Madeleine Сан Францискогийн далайн эргээр тэнүүчилж, амиа хорлохыг санаархдаг ч үхлээс айдаг. Амиа егүүтгэхийг оролдсоны дараах өдөр Madeleine Scottie-н хамтаар эртний Секвойя моддын дундуур алхалж, үхлээс айж байгаагаа илэрхийллэг; "үхэх ёстойгоо мэдэж байна, надад энэ таалагдахгүй байна" гэж тэрээр Scottie-д хэлчихээд өөрийг нь гэрэлд аваачихыг гуйдаг. Энэхүү таталцлын төөрөгдөл нь Scottie Judy-г Madeleine-н төрхөд хувиргахыг оролдох үед илүү зүйрлэлийн түвшинээр илэрдэг. Judy анхандаа өөрийнхөө жинхэнэ Би-г устгах буюу нэгэн төрлийн үхэлтэй тэмцэж байсан ч эцэст нь тэр үүнийг Scottie-н хайрыг хүлээж авах арга зам болгон сонгоод; "Би өөрийгөө хайхрахаа больсон" хэмээдэг. Scottie Judy-г алах гэсэн илэрхий хүсэлтэйгээр хонхот цамхагийн орой руу чирж байхдаа, дараа нь, Judy үхэл рүү нисэхэд аймшигтай, цөхрөлтэйгээр хариу үйлдэл үзүүлэхэд эдгээр зөрчилдөөнт таталцлыг гаргадаг. Киноны нээлтийн кредитийн үеэр эхлээд уруул, дараа нь сандарсан нүд бүхий эмэгтэй хүний илэрхийлэмжгүй царайг харуулсан маск шиг шинжүүдтэй гадаад төрхийг үзүүлдэг; энэ эмэгтэйн мэдрэмж хийгээд сэтгэл хөдлөлийн хэр гүнийг бид мэдэх аргагүй.
Midge-н байрт болсон сцэнд Scottie сэтгэлийн гэмтлээсээ эдгэрч буй тэнцвэрээ олсон эр шиг харагдаж байгаа ч түүний эрүүл төрх галзуурлын оргилолтыг халхалж байгааг мэдэхэд удаан хугацаа шаардагдахгүй билээ. Midge прагматик, романтик бус, хариу үйлдлээ хянадаг боловч тэр гадаад төрхөөрөө хүсэл тачаалтай хүн гэдгээ нуудаг. Carlotta-н хөрөг зурагт өөрийнхөө толгойгоо зурж Scottie-н мөрөөдлийн ертөнцөд нэвтрэн орох гэсэн бүтэлгүйтсэний дараа тэрээр гайхмаар уур хилэнгээр буцалж, цонхон дээрх өөрийнхөө тусгал руу будгийн багсаа шиддэг; энэ үйлдэл бол үнэндээ Scottie-н эрэлхийлэл хийгээд өөрийгөө алдаатай тодорхойлсон маскийг эвдэх гэсэн оролдлого. Madeleine-н дүр бол ердөө гаднах харагдац л юм. Тэр бол үхсэн эмэгтэйн домгоос үндэслэсэн зохиомол дүр ба Scottie-н энэ гаднах харагдацыг ойлгоод нэвтрэх гэсэн оролдлого нь түүнийг болон Judy/Madeleine-г сүйрэлд хүргэдэг. Scottie-н шаардсанаар Madeleine гарч ирэхийг зөвшөөрнсөний дараа Judy өөрийнхөө маскт ороход хүндрэлтэй болдог. Scottie түүнийг хонхот цамхагийн шатаар чирж орой дээр гарах үед хүүхэн жинхэнэ мөн чанараа ойлгохоо больж, Judy эсхүл Madeleine аль алиных нь дүрээр ярьж гардаг. Киноны нэг сцэнд Scottie Madeleine-г даган цэцгийн дэлгүүрт ороход хүүхэн цэцгийн баглаа худалдаж авдаг ба цэцэгсийн эмзэгхэн ч төгс төгөлдөр шинж Madeleine-г өөрийг нь төгс илтгэдэг.
Цэцгийн баглаа хэдэнтээ гардагаас хамгийн онцлууштай нь Madeleine Сан Францискогийн далайн эрэгт зогсож байхдаа цэцгийн дэлөээг таслаад ус руу шиддэг сцэн юм. Цэцэгсийг сүйтгэж байгаа нь Madeleine өөрийгөө хөнөөхийг хүссэн хүслийн тусгал аж. Madeleine үхсэний дараа найруулагч маань Scottie-н хар дарсан зүүдэнд тод аниматед цэцгийн баглаа эргэлдэж байгаад, дараа нь, өршөөлгүйгээр бутран задардаг хэсгийг оруулсан нь Madeleine-н үхлийн симбол болсон дүрслэл юм.
Scottie-н акрофоби бол түүний "Ахиллесийн өсгий" гэж харагддаг ч үнэндээ түүний жинхэнэ эмгэнэлт дутагдал нь романтик төөрөгдөл нь юм. Тэрээр өөрийгөө хуурч, бусдад хялбархан мэхлэгдэж, өөрт нь романтик тааламжтай санагдаж байгаа хуурмаг зүйлд итгэдэг. Hitchcock Midge-г маш симпатик байдлаар үзүүлснээр үзэгчид түүний Scottie-г гэсэн сэтгэлийг дэмжихэд хүргэдэг. Midge бол бодит ертөнцөд байгаа, Scottie-д төлөвшсөн хайрыг санал болгож чадахуйц шинжээрээ романтик төөрөгдлийн эсрэгцэл болно. Харин Scottie Madeleine-тэй учирсан төөрөгдүүлсэн, зүүд мэт романтик харилцааг илүүд үздэг бөгөөд түүний төөрөгдөлдөө шийдвэртэйгээр захирагдаж буй нь киноны эмгэнэлт төгсгөлийг баталгаажуулдаг. Judy түүнийг өөрийг нь байгаагаар нь хүлээж авахыг, талийгаач Madeleine-г орхихыг гуйдаг, гэвч энэ хүсэлт Scottie-н хийж чадахгүй зүйл.
"Vertigo" киноны туршид ногоон өнгө голдуу аймшигтай юмуу нууцлаг дүрслэлүүдтэй холбогддог. Scottie Madeleine-г ресторанд анх харахад бүсгүй тод ногоон ороолтоороо бусдаас ялгардагаас гадна зарим талаараа түүнд хараа булаам бас эвгүй төрхийг өгдөг. Байрандаа гадаад ертөнцөөс улам хөндийрч, мөрөөдөлдөө живэх болсон Scottie ногоон цамц өмсдөг. Madeleine-н сүнс гэмээр Judy анх ногоон даашинзтай гарч ирдэг. Түүний өрөөг шөнө барилгын ногоон ноен самбар гэрэлтүүлдэг. Ногоон өнгө хавар болон байгалийн дахин төрөлтийг илтгэдэг тул сүнс, хий үзэгдлээр илэрхийлэгдсэн үхлийн дараах амьдралтай холбогдоно. Эрх мэдэл ба эрх чөлөө нь эрчүүдэд урьд өмнө нь байж, тэд үүгээрээ давуу эрх эдэлдэг байсан бол одоо цагт тийм биш болсон гэсэн мотиф киноны туршид гардаг. Gavin Сан Франциско дахь өнгөрсөн үеэ санагалзан ярьж байхдаа Scottie-д эрх мэдэл, эрх чөлөөтэй байсан өдрүүдээ үгүйлж байна гэж хэлдэг. Хожим Scottie Carlotta-н түүхийг судалж байхдаа номын дэлгүүрийн эзэн, түүхч Pop Leibel-тэй ярилцдаг, түүхч түүнд баян эр Carlotta-г орхиод явсан, тэр үеийн эрчүүд эрх мэдэл, эрх чөлөөтэй байсан тул ямар ч шийтгэл хүлээдэггүй байсан гэж ярьдаг. Scottie дээвэр дээр үхэлтэй нүүр тулахдаа хувь тавилангийнхаа эзэн гэдгээ мэдэрдэг. Эрх мэдэл ба эрх чөлөө гэсэн үгсийг Scottie Judy-г цамхагаар чирж явахдаа хэлдэг.

Comments
Post a Comment