Гашуун чихэр

 


Candy (2006). Австралийн кино найруулагч Neil Armfield-н романтик драм. Австралийн зохиолч Luke Davies-н "A Novel of Love and Addiction" романаас сэдэвлэн Armfield, Davies хоёр кино зохиолыг бичсэн. Гол дүрүүдэд; Heath Ledger, Abbie Cornish, Geoffrey Rush нар тоглосон. Энэ кино бүхэлдээ Австралийн уран бүтээлчдийн ажил гэж хэлж болох ба найруулагч Armfield театрын найруулагчаараа танигдсан, энэ бол түүний анхны бүрэн хэмжээний драм юм. Зөвхөн хайраар хязгаарлагдсан сэтгэлдээ автаад өөрийгөө өрөвдсөн, өөрийгөө л бодсон дүрүүдийг Heath Ledger, Abbie Cornish хоёр миний хувьд төгс гаргасан. Критикч Peter Bradshaw уг киног  Darren Aronofsky-н "Requiem for a Dream" кинотой харьцуулаад маш сайн, чин сэтгэлийн кино, Ledger, Abbie хоёрын гүйцэтгэлийг үнэхээр үнэмшилтэй гэж магтсан байдаг. Критикч Geoff Andrew киноны үй явдлыг бага зэрэг танил гэсэн боловч Armfield-н итгэлтэй найруулгыг хангалттай шинэлэг, төсөөлөл сайтай гээд жүжигчдийн нэгдмэл тоглолтыг хүчтэй гэж сайшаажээ. Критикч Russell Edwards Ledger-г магтаад найруулагчийн даруухан найруулсан арга барилыг үнэлсэн хэдий ч кино зохиолыг зохимжгүй төрх байдал хийгээд хүүрнэлийн өөрчлөлттэй, жүжигдчээсээ ихээхэн хамааралтай, мөн киноны төгсгөл нь сэтгэлийн хөдлөлийн онгод дутмаг гэж шүүмжилжээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Хүүхдийн тоглоомын талбайд аз жаргал хийгээд хүсэл тэмүүллээрээ бүрэн цэнэглэгдсэн залуухан хосууд эгээ л хүүхэд шиг эрхлэн наадаж буйгаар кино маань эхлэх бөгөөд нуруу сайхан, буянтай царайтай залууг Dan  гэх бол булбарайхан шаргал үстэй агаад ямар ч эр хүнийг татам бие хаатай бүсгүйг Candy гэнэ. Тэд өсвөр наснаасаа бие биесээ мэддэг болж, улмаар хоёр биендээ татагдаж үерхэсэн нь киноны эхнээс буюу залуус хар тамхи татаж, ингэхдээ Candy хэтрүүлэн хэрэглэн үхэх гэж байхад Dan арай сэргэг байсны азтай байдлаар амийг нь аварч байгаагаар үзэгдэх бөгөөд бүсгүйг үхэж байгааг аварсан Dan-ны эл төрх түүндээ хэр хайртайг харуулсан үйлдэл болно. Dan гэгч энэ эр яруу найраг оролддог, болсон болоогүй хэдэн шүлгээ сонин сэтгүүлийн газар руу азаа үзэн илгээж, ерөнхийдөө хэрэн тэнэсэн завхарсан "сэхээтэн" болно. Харин Candy сургуулиа төгсөөд байгаа уран зураг оролддог, дундаж ангийн гэр бүлд өсөн торнисон бөгөөд Dan-ын хэт эрх чөлөөтэй, дураараа амьдралын хэв маягт татагдаж, улмаар түүнд хязгааргүй дурласан болно. Тэд хар тамхи хэрэглэн \судсаараа тарьж\ мансууран байх сцен тун үнэмшилтэйгээс гадна ер нь киноны туршид гарах мансуурлын хэсгүүд бусад “Requiem for a Dream”, “Trainspotting” гэсэн ижил хар тамхины гай гамшгийг сурталчилсан алдартай кинонуудыг бодвол арай даруухан бас уянгалаг зөөлөн.

  Dan болон Candy нарын харьцааг бүсгүйн гэр бүлийнхэн мэддэг байв\жирийн үерхдэг гэж бодохоос хамт хар тамхи татдаг гэж мэдэхгүй\, тэд охиноо зөнгөөрөө муу эр болох Dan-аас салгах гээд чадахгүй, эцэг эхээс ирэх элдэв шахалт дарамт ихсэхийн дээр Dan-ыг ажил олж хий, одоо хариуцлагатай амьдар эс бөгөөс охиноосоо салгана гэж ил далд хэлж эхэлнэ. Ажилгүй, өр зээл нь өдөр хоногоор зузаарах Dan-ын байдал хэцүүдэх агаад хар тамхи эхлээд сахилгагүйтсэн сонирхол байсан бол аажмаар хэрэгцээ, амьдрах агаар болж ирэн, Candy хайр сэтгэл болон хар тамхины мансууралдаа зэрэг автан эрүүл нүдээр бүхнийг харах чадваргүй болсон байна. Ингээд, нэг мэдэхэд бүсгүй эцэг эхээсээ холбоо тасран Dan-тай нэг муу овоохойд хамтран амьдарч эхэлнэ; тэд дараагийн хар тамхиа олохын тулд ойр зуурын хэрэгсэлээ зарж, илүү харсан мөнгийг ичихгүй хармаалдаг болно. Хар тамхиа хүсэхээрээ нэгдэн дундаасаа юмаа зардаг байсан манай хоёр албан ёсоор хуримаа хийж нэгэн гэр бүл болох ба хуримаа хийснээр бүсгүй эцэг эхээсээ хараат бус болж, хайрт Dan-тайгаа амар жимэр тусдаа амьдрах буюу мансууран жаргах үүд нээгдэнэ. Тэд хуримынхаа өдөр сэтгэлээ тогтворжуулах гэж мансууран өөрсдийгөө эвгүй байдалд оруулна, энэ сцен үзэхэд ичиж зовмоор буюу шинэхэн эхнэр нөхрүүдийн өмнөөс үзэгчийг багагүй шаналгана. Ажилгүй дээр нь их бардам залуухан гэр бүлийн хоёрыг хар тамхины шарталт дотроос нь цохиж, тэсэшгүй болгож ирнэ. Хамаг юмаа зарж, ломбардсан ч эцэг эхдээ хэлэхгүй болгоно гэсэн бардамнал байхаас гадна баригдвал хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн айдас оршино.

Тэд мөнгөгүй болж алингаа алдана, ядахад хар тамхины шарталт айхтар өвтгөх бөгөөд нэгэн ломбардны газар Candy мөнгө олохын тулд биеэ үнэлэснээр энэ кино бол жирийн романтик драм биш болохыг илтгээд зогсохгүй киноны үйл явдал үргэлжлэх тусам хөгзөрч муудах болно гэдгийг сануулах мэт. Candy биеэ үнэлж олсон мөнгөөр нь Dan хар тамхи олж ирэн хоёул мансуурдаг болно. Бүсгүй нэгд: хордож тарчилсан бие махбодийн зовлонгоос ангжрах гэж, хоёрт: хайртынхаа өмнө хэр хайртай бататгах гэсэн гэнэн хүслээр хаа газар биеэ үнэлэх бол залуугийн хувьд дотроо энэ бүхнийг буруу муухай гэж хүлээн зөвшөөрөх хэдий ч нэгд: мөн л биеийнхээ хордолтыг сөрөн зогсох тэнхэлгүйд, хоёрт: угийн мөн чанарт нь суусан амиа бодогч, хулчгараасаа болж дуугай л хүлцэнэ. Сайн сайхан цаг хумигдаж Candy хог новш шиг амьдарч байгаа даа болон өөрөө л “хөдөлмөрлөж” нөхөр нь зүгээр авчирсаныг нь “гудран” байхад бухимдан хосууд сав л хийвэл хэрэлддэг болно. Хэрүүл Dan-г мөнгө олж ир буюу гомо нарын цугладаг паркт очиж биеэ үнэл гэдэг яриагаар төгсөх бөгөөд мэдээж Dan-д тийм зориг зүрх байхгүй ч тэдний хайрын гал тод ассаар байлаа. Нэг өдөр аз дайрч Dan бяцхан заль гарган овоохон хэмжээний мөнгө олоод баяртайгаар гэртээ иртэл Candy түүнийг тосон жирэмсэн болсоноо хэлнэ. Хосууд одоо амьдралдаа хариуцлагатай хандаж шинэ амьдралд хөл тавихын төлөө хар тамхинаас татгалзахаар шийдэцгээнэ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бүсгүй биедээ шингэсэн хорноос болж өвдөн 23 хоногтойдоо үр зулбах агаад Dan дутуу төрсөн үрээ барин зогсох сцен маш гашуудам. Уг явдал Candy-д хүчтэй нөлөөлж нүдний гал нь бөхөөд үлэмж дотогшоогоо болох бол Dan бүхнийг шинээр эхлүүлэхээр эхнэрээ дагуулан хөдөө нутгийг зорино, үгүйдээн хөдөөний агаар тэдэнд хэрэгтэй гэж итгэж байв.
Гэвч цэвэр агаар ч, хөдөө нутаг ч тэдний амьдралыг дээшлүүлсэнгүй, учир юу гэвээс хамаг учир газар орчиндоо биш тэдний хамтдаа туулсан, үзсэн бүхнээс улбаатай байв; бүсгүйн эцэг, эхийн айлчлан ирсэн явдал бүсгүйн эцсийн жаахан эрүүл ухааныг хийсгэж орхин эл явдлаас хойш Candy хуучны Candy биш учир нь үл олдох галзуу нэгэн болж хувирна. Нэгэн өдөр Dan ажлаасаа \тэрээр хуучинаа засч залруулах гэж ажил хийдэггүй хүн ажил хийж эхэлнэ\ гэртээ ирэхэд Candy өөрсдийн танилцсан түүхээс авхуулаад бүх дурсамжаа бүх өрөөнийхөө хананыхаа цаасан дээр бичсэн байх агаад үүнийг уншиж хайрт эхнэрээ хүнд өвдсөнийг ойлгосон тэрээр ганцхан удаа гэсэн сэтгэл тайтгаруулалтаар хар тамхиа татахаар явж одно. Маргааш нь сэрэхэд хадам нь утсаар Candy өвдөж эмнэлэгт хэвтсэн гэж хэлнэ. Яваад очтол Candy галзуугийн эмнэлэгт нөхрөө танихгүй хэмжээнд хүртлээ муудсан байна. Эл хэрэг бүсгүйн эцэг эхийн хувьд байж болох хамгийн дорд муу түвшин тул шалтгаан гарсан дээр охиноо Dan-аас холдуулна. Хэсэг хугацаа өнгөрчээ, дэлгэцнээ Dan Хятад зоогийн газарт угаагч хийж байгаа гарна, түүнд өөртэй нь уулзахаар нэг бүсгүй ирлээ гэхэд Dan хэн юм бол гэж сэмээрхэн харахад Candy зогсож байна. Candy яг хуучин шигээ сэргэлэн цовоо, бадамлан асч байх агаад Dan уулзахгүй гэж эхэлж бодсон ч эцэстээ уулзана.

  Тэд уулзуутаа тэврэлдэж бүр үнсэлцэх бөгөөд тайвширцгааж сууж ярилцана. Ойр зуурын юм ярилцаж байгаад Candy шууд л чам дээрээ ирлээ гэхэд Dan хариуд нь одоо буцах замгүй, бид туулдагаа туулж би чамайг зөндөө зовоосон, хоёулаа сайхан бүхнээ өнгөрсөнд үлдээж, дурсаж явъя гэж хэлдэг. Candy үг дуугүй гарч одох бол Dan уйлсаар үлдэх бөгөөд амьдралдаа ганц зөв шийдвэр гаргасан нь энэ ажээ. Хичнээн адгийн новш байлаа ч засрах боломжтой, үгүйдээн ганц ч болтугай буян үйлдэж болдогийг Dan харуулах ба болоод өнгөрсөн сайхан бүхнээ тэр чигээр нь дурсаж явах нь ухамсартай хүний үйлдлээс гадна өнгөрсөндөө амьдарч болохгүйг Dan-н сүүлийн шийдвэрээс харагдана. Болохгүй гэсэн юмыг өчүүхэн ч өөгшүүлж болохгүйг Candy бидэнд сануулах ба зөвхөн хайраар л халхлан хорт муу бүхнийг цэцэглүүлж болдоггүйн жишээг бид эл бүтээлээс харна.

  Энгийнээр харвал, "Candy" бол хайрын түүх; схемчилж харвал бие биедээ хийгээд хар тамхинд дурласан залуу хос амрагийн хайрын гурвалжин. Dan, Candy бие биедээ болоод аюултай, гашуун "чихэр" болсон хар тамхинд дурласан нь хайрын гурвалжин гэж хэлэхэд хүргэж байгаа ба хар тамхи тэднийг салгах болно. Үзэсгэлэнтэй үдшийн бүрийд хааяа нэг сонирхон хэрэглэж байсан хар тамхи эцэстээ тэднийг аймшгийн харанхуйд унагах болно. Донтолт нэмэгдэхийн хэрээр мөнгө татарч, дагаад хайр суларна. Сэтгэл, бие махбодь, психологийн талбарт тэмцэл өрнөнө. Joy Division хамтлагийн "Love Will Tear Us Apart" дуу манай кинонд ихэд нийцэх мэт. "Candy" бусад хар тамхитай кинонуудаас шинэлэг, ялгаатай зүйлийг санал болгодоггүй. Түүх нь стандарт; завхарсан залуу гэнэн охинтой танилцдаг, охин хар тамхинд орно, тэд гэмт хэргийн амьдралаар амьдарна. Энэ бүхэн нулимсаар төгсөнө; энд ямар ч илчлэлт алга.
Гэхдээ энэ нь киног муу гэсэн ангилалд оруулахгүй. Киноны гол онцлог нь энэрэнгүй сэтгэл хийгээд мэдрэмжтэй байдал буюу киног бүтээгчид материалдаа торгоноор хандсанд оршино. Энэ кино хүний нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой ба хүн алдсан ч дахин босч чадахыг харуулснаараа ижил төстэй кинонуудаасаа ялгаатай. Мөн эл киног даруухан хэв маягаар өгүүлсэн нь бусад адил төрөл жанрын кинонуудтай харьцуулахад намуухан, дөлгөөхөн бас уянгалаг. Бодитой, даруухан арга барилыг чухалчилдаг Armfield эх зохиолынхоо намуухан, эргэцүүлсэн өнгө аясыг хадгалснаар киноны дүрүүдийг яруу найраглаг, тэдний нөхцөл байдлыг гашуун эмгэнэлт байдлаар дүрслэхэд хялбар болгосон бололтой. 

Comments