The Age of Innocence (1993). 1870-аад оны Нью-Йорк хот, нэр хүндтэй хуульч Archer баян айлын охин May-тэй гэрлэхээр төлөвлөнө. May-ын үеэл, Archer-ын эртний танил Польшийн гүнгийн хатан Ellen бүтэлгүйтсэн гэрлэлтийнхээ дараа Нью-Йоркт эргэн ирэх бөгөөд тухайн үед нөхрөөсөө салж буй эмэгтэйг нийгмээрээ гадуурхдаг байсны жишгээр Ellen-г ч хавчин гадуурхаж байхад May-ын гэр бүлийнхэн хөөрхий бүсгүйг алгаа тосон авснаар Нью-Йоркийн дээд зиндааны гэр бүлүүд түүнийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Бүсгүйг Archer Нью-Йоркийн нэр хүндтэй санхүүч Beaufort-тай танилцуулах агаад эрсдэлтэй янаг амрагийн харилцаа, шалиг зангаараа алдартай Beaufort яаж зүгээр байхав гүнгийн хатныг илэрхий эргүүлж эхэлнэ. Archer хүссэн бүсгүйн May гэж бодоод сүй тавьснаа зарлаад байсан ч Ellen гэнэт түүний амьдралд урилгагүй орж ирэхэд гүнгийн хатны уламжлалт бус сэтгэлгээ, бие даасан шинжид татагдаж, аажмаар хажуунаас нь салахаа байснаа ухаарах буюу нэг үгээр Archer эхнэр болох ёстой бүсгүйнхээ үеэлд дурлачихна.
Шинэхэн гэрлэгсэд бал сараа дуусгаад Нью-Йоркт төвхнөх бөгөөд Archer-ын Ellen гэх дурсамж аажмаар бүдгэрнэ. Төд удсангүй гүнгийн хатан эмээгээ асрахаар Нью-Йоркт эргэж ирснээр Archer, Ellen хоёрын харилцаа дахин сэргэж, хайр сэтгэл нь ч өмнөхөөсөө хүчтэй дүрэлзэнэ. Гэхдээ дандаа ингээд байж болохгүй учир эцсийн удаа ганц уулзаад салахаар тохирдог ч Ellen гэнэт Европ руу буцаад явчихдаг. May жирэмсэн болжээ. Нөхөр нь өөрөөс нь хөндийрөөд, үеэлд нь хайртайг мэдсэн тэрээр энэ талаар юу ч мэдэхгүй мэт жүжиглэж, нэг өдөр Archer-г чухал яриа байна гэхэд жирэмсэн болсноо хэлж хариу довтлон нөхрөө үүрд дэргэдээ уяж чаддаг ба Archer хүүхдээ хаяж явах ёс суртахуунгүй эр биш байлаа. Ингээд Archer гэр бүлтэйгээ үүрд үлдэж, Ellen-ын араас хэзээ ч яваагүй юм. Он жилүүд өнгөрчээ. Хуульч 57 настай, ажил хэрэгч, сайн аав, сайн нөхөр байв, өнгөрсөн хугацаанд. Тэр дөрвөн хүүхдийн эцэг болсон. Харин May уушгины хатгалгаагаар нас барсан ба Archer эхнэрийнхээ үхэлд чин сэтгэлээсээ гашуудсан гэдэг. Archer-ын хүү эхнэр авч, аавыгаа хамт Парис явъя гэнэ, Парист Ellen байгаа, хүү нь тэднийг уулзуулахыг хүснэ. Парист, Ellen-ын гэрийн гадаа Archer хүүтэй байна. Хүү нь хамт орцгооё гэхэд Archer жаахан сууж амарч байгаад орьё, чи орж бай гэнэ. Ганцаараа үлдсэн Archer Ellen-тэй өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан цэцэрлэгээр аажуухан алхана.
Америкийн суут кино найруулагч Martin Scorsese-ын түүхэн, романтик драм. Америкийн зохиолч Edith Wharton-ын ижил нэрт романыг тэрээр Jay Cocks-ын хамтаар кино зохиол болгосон ба гол дүрүүдэд; Daniel Day-Lewis, Michelle Pfeiffer, Winona Ryder нар тоглосон. Martin Scorsese кино нь нээлтээ хийхээс сарын өмнө нас барсан аавдаа уг бүтээлээ зориулсан байдаг. Нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсаны сацуу Оскарын наадмаас шилдэг хувцас загвар шагналын эзэн болсон кино. Энэ бол Scorsese-ын шилдэг киноны нэгээс гадна хамгийн дутуу үнэлэгдсэн киноных нь нэг буюу дадаж заншсан сэдвээс нь ялгаатай болохоор дутуу үнэлэгддэг байх магадлалтай. Насан туршдаа хариу нэхээгүй хайрандаа амьдарсан уламжлалт сэтгэлгээтэй эрийн тухай эл кино түүний дуртай кино болох Michael Powell-ын "The Life and Death of Colonel Blimp"-г санагдуулна. Мөн кино хагацал, гуниг, чөлөөлтөөр төгсөж байгаа нь Orson Welles-ын "The Magnificent Ambersons"-г санагдуулах бий. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган 551-р байрт эрэмбэлээд байна. Scorsese-ын найз, олон жилийн хамтран зүтгэгч Jay Cocks 1980 онд түүнд Wharton-ын номыг өгөөд чи л үүгээр сайн романтик кино хийх ёстой гэж хэлж байжээ. Киноны гарчигийн дарааллыг Elaine, Saul Bass гэдэг алдартай дизайнерууд урласан агаад Saul Bass-ын хэлснээр гарчиг нь хоёрдмол утга, зүйрлэл ихтэйгээс гадна өөрийнх нь таашаадаг цаг хугацааны урсах явцыг тусгаж өгчээ.
Цэцэглэж буй сарнай, торон эмжээрний дүрслэлийн симфоноор тухайн эрин цагийн далд, нууцлагдсан мэдрэмжийг илэрхийлдэг аж. Кинонд гардаг алдартай уран зургууд бол шинээр бүтээгдсэн өндөр чанартай хуулбарууд байсан. Харин киноны бүдгэрүүлсэн өнгөний санааг "Rear Window", "Black Narcissus" гэсэн шедеврүүдээс авчээ. Романтик ба санаашралыг тэнцүүхэн хэмжсэн Scorsese-ын эл тансаг дэлгэцийн хөрвүүлэлтийг 107 кино шүүмжлэгч оролцсон нэгэн санал асуулгаар 1993 оны хамгийн шилдэг киноны 4-р байрт жагсаажээ. Edith Wharton-ын 1870-аад оны Нью-Йоркийн дээд зиндааныхны гунигтай, эхэмсэг зохиолыг Martin Scorsese өөрийн маягаар бус ч үнэхээр үзэсгэлэнтэйгээр урлалаа хэмээн шүүмжлэгчид бичсэн. Харин Roger Ebert "Энд өгүүлэх түүх харгис бас хэрцгий; энэ бол хайр сэтгэл нь ялагдсан, хүсэл тэмүүлэл нь мөхсөн хүний түүх" гээд киноны төгсгөлийг тэвчихийн аргагүй сэтгэл хөдөлгөм гэжээ. Rolling Stone сэтгүүл "гайхалтай сайн жүжигчид нь Wharton-ын шаардлагыг ойлгож чадсан" гээд Winona Ryder-ын хайр татам мөртлөө зальтай тоглолтыг онцлон магтжээ.
Мөн нийгмийн ёс суртахуун болон сэтгэл хөдлөлийнхөө дунд баригдсан эрийн дүрийг бүтээсэн Daniel Day-Lewis-ын тоглолтод А үнэлгээ өгөөд Michelle Pfeiffer гадуурхагдсан гүнгийн хатны дүрийг төгс гаргасан гэж бичжээ. Өнгөрсөн руу аялахыг, романтик зохиолоор хийсэн кино үзэхийг хүсдэг хүнд энэ кино бол амттай дессерт байх болов уу. Мэдээж Daniel Day-Lewis-ын тоглолт сайн боловч хоёр эмэгтэйн тоглолтод түүнийх дарагдана, учир нь хүүхнүүд энэ кинонд бишрэм байлаа. Scorsese хэдийгээр өөрийнхөө үндсэн хэв маягаас гадуур ажилласан ч намуухан түүхэнд эрч хүчийг өгч чадсан. Эрхэм Scorsese Эдвардийн эринийг сайтар судалсан харагддаг нь тэрээр энэ кинонд айхтар махран хичээснийг илтгэнэ. "Taxi Driver, "Goodfellas" зэрэг гудамжны, гэмт хэрэгт жанрын кинонуудаараа алдартай Scorsese энэ киногоороо өөр жанраар кино урлаж чадна, чадвартай гэдгээ харуулсан. Зарим шүүмжлэгчид Scorsese номоо яг таг дагах гээд киногоо хэт урт болгосон, улмаар 2 цаг гаруй шийдэмгий бус эрийн зовлон шаналлыг үзэх бэрх байлаа гэж шүүмжилсэн байдаг.
Comments
Post a Comment