Цагдаагийн түүх


 Serpico (1973). Америкийн нэрт кино найруулагч Sidney Lumet-н гэмт хэрэгт, драм. Сэтгүүлч, зохиолч Peter Maas-н зохиолоос сэдэвлэн Waldo Salt, Norman Wexler хоёр киноны зохиолыг бичсэн ба киноны нэр болсон гол дүрд Al Pacino тоглосон. Энэхүү бүтээл нь, Нью-Йоркийн мөрдөгч Frank Serpico гэгчийн шүгэл үлээж, Нью-Йорк хотын цагдаагийн газрын авилга, ялзралд идэгдсэн байдалтай тэмцэж, улмаар улс орныг доргиосон мөрдөн байцаалтад хүргэж байгаа түүхийг өгүүлдэг буюу энэ бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино болно. "Serpico" нээлтээ хийсний дараа арилжааны амжилт олж, критикүүдээс сайшаал хүртсэн ч цагдаагийн ажилтнуудын зүгээс шүүмжлэл сонссон. Al Pacino шүгэл үлээгч цагдаагийн дүрээрээ Алтан Бөмбөг наадмаас шилдэг эрэгтэй гол дүр шагнал хүртсэн бол Оскарт нэр дэвшсэн.

  1970-аад оны эхэн үеийн Нью-Йоркийг туйлын сайн дүрслэл болсон, Pacino-н омголон гүйцэтгэлээр гялалзсан уг кино нь Уотергейтийн скандалын дараах Америкийн нөхцөл байдал, мөн хүнд сурталтангуудын завхрал хэрхэн нийгмийн сэтгэлзүйд нөлөөлсөн тухай судалгаа юм. Киноны баримтат кино-хэв маягийн реализм нь дээрх дүгнэлтийг улам бэхжүүлэх мэт. "Serpico" кино нь урнаар бүтээсэн, дүрд суурилсан, амьдралын нэг хэсэг шиг илэрхийлэмжтэй. Энэ кино нь эгээ л баатарынхаа амьдрал шиг олон нийтийн сайн сайхны төлөө хэвээрээ байгаа нь үзсэн танд ч улс орныхоо цагдаагийн тухай бодоход хүргэх болов уу. Цагдаагийн ажил үүргээ гүйцэтгэснийээ төлөө үхлийн аюултай тулгарч буй сэдэвтэй кино өнөөдрийн Холливудаас бараг харахгүй. Ийнхүү далаад оны Нью-Йорк руу аялаад ирцгээе.

  Бодит амьдрал дээр Frank Serpico буудуулж, азаар амьд үлдсэн бөгөөд тэрээр эдгэрснийхээ дараа Peter Maas-д "Serpico" зохиолыг нь бичихэд тусалж, зөвлөсөн байдаг. Serpico-н шүгэл үлээлтээс үүдсэн шүүх хуралд оролцсон мөрдөгч David Durk өөрсдийнхөө түүхийг кино болгоход зориулан зарахаар төлөвлөж байжээ. Эхэн үеийн хэлэлцээрт Paul Newman Durk-д, Robert Redford Serpico-д тоглохоор болжээ. Гэтэл Serpico өөрийгөө энгийн л туслах дүрээр дүрслэгдэх нь гэж бодоод төслөөс хөндийрөв. Ямар ч түүх алга гээд төслөөс татгалзсан хүмүүсийн тоонд кино зохиолч John Gregory Dunne болон найруулагч Sam Peckinpah-аас гадна өнөөх Newman, Redford нар ч төслөөс "зугтаж". 1960-аад он болоод 1970-аад оны эхний жилүүдэд кино урлагт амжилттай ажилласны дүнд продюсер Dino De Laurentiis Италиас Америк руу нүүхээр шийдсэн буюу санхүүгийн хуулийн өөрчлөлтөөс болж Италид кино хийх нь амаргүй болсон тул нэрт продюсер Нью-Йорк хотод суурьших шалтгаан болов. "The Valachi Papers" кинонд хамтран ажилласныхаа дараа De Laurentiis Maas-н номын эрхийг худалдаж авсан ба Maas мөнгөнөөс гадна кинонд оролцох эрхтэй болсон. Анхлан, De Laurentiis-н төслийг Paramount Pictures эсэргүүцсэн, тэд хангалттай цагдаатай кино хийгдсэн гэж үзэж байлаа.

Харин De Laurentiis-г Gulf+Western-ийн ерөнхийлөгч Charles Bluhdorn дэмжиж, киног хийхийг хүсчээ. De Laurentiis хожим "цагдаагийн авилгыг кинонд дүрслэх зоригтой Америк продюсер байгаагүй" гэсэн байдаг. Maas-н агент Sam Cohn продюсер Martin Bregman-н агенттай холбогдсон ба Bregman сэтгүүлээс номын тухай нийтлэл олж уншсаныхаа дараа киног бүтээх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Bregman мөн Pacino-н төлөөлөгч байсан учраас гол дүрд Pacino-г санал болгож. Харин Waldo Salt номыг дэлгэцнээ хөрвүүлэх ажилд хблслөгдсөн. Гэвч анхны ноорог Maas, De Laurentiis, Bregman нарт сэтгэгдэл төрүүлээгүй; Bregman "тун улс төрийн шинжтэй", хүсч байсан зүйлсийг тусгаагүй гэж үзсэн. Bregman, Maas хоёр Salt-д юу хүсч байгаагаа тодорхой тайлбарласнаар Salt зөв чигтээ оров. Ийнхүү хоёр дахь ноорог продакшны багт мэдэгдэхүйц сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Bregman боловсруулалтыг Pacino-д үзүүлтэл, Pacino эхэндээ төдийлөн сонирхоогүй аж. Salt шинэчилсэн зохиолоо аваад түүнийг ятгахаар Pacino дээр очсон нь үр дүнгээ өгсөн боловч Maas, Pacino, Serpico гурав албан ёсоор уулзаж киноны тухай ярилцсан мөч л Pacino-н бодлыг нэг мөсөн өөрчилжээ.

Найруулагч John G. Avildsen найруулагчийн суудалд залрав. Salt-н зохиол Avildsen-д таалагдсангүй, тэр өмнө нь хамтран ажиллаж байсан кино зохиолч Norman Wexler-г авчрахгүй бол төслийг орхино гэж сүрдүүлсэн байдаг. Pacino "The Godfather Part 2"-д тоглохоор гэрээлсэн учраас продакшны ажилд оролцох хугацаа хязгаарлагдмал байлаа. Avildsen, Bregman хоёрын хооронд зохиол болон зураг авалтын байршлын сонголтын талаар санал зөрөлдөөн үүссэн бөгөөд юм л бол төслийг орхино гэх Avildsen-аас Bregman залхаж эхэлсэн. Avildsen жинхэнэ бодитой байдлын төлөө Serpico-н эцэг эхийн гэрт очиж зураг авахыг хүссэн продюсерүүдэд таалагдаагүй, улмаар De Laurentiis түүнийг халсан. Avildsen-г халсан гол шалтгаан бол тэр Bregman-н тухайн үеийн найз охин (хожим эхнэр нь болсон) Cornelia Sharpe-г Leslie-н дүрд тоглуулахгүй гэсэн санал зөрөлдөөнөөс үүдэлтэй гэсэн цуурхал гарсан буй. Avildsen дараа нь, өөрийгөө тухайн нөхцөлд илүү ухаалаг байх ёстой байсан гэж мэдэгдсэн байдаг. Ийнхүү богино хугацаанд, давчуу хуваарьт үр дүнтэй сайн ажилладагаараа алдаршсан Sidney Lumet найруулагчаар сонгогджээ. Pacino "Lenny" киноны гол дүрд тоглох саналаас болж уг төсөлдөө төвлөрч чадахгүй байсан ч эцэст нь "Lenny"-ээс татгалзсан. "Serpico"-доо бэлтгэн тэрээр цагдаа нартай хамт шөнө эргүүлэн хийсэн ч энэ нь хангалтгүй гэж үзэв.

Метход арга барилтай жүжигчин байсан Pacino бодит Serpico-той хамт цагийг өнгөрүүлэх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд Pacino, Serpico хоёр Нью-Йоркийн Монтаук хотод хэд хэдэн удаа биечлэн уулзсан буюу Pacino тэнд зуны турш байшин түрээслэн суужээ. Serpico-н Нью-Йоркийн цагдаад газрыг шинэчлэх гэсэн итгэл үнэмшил Pacino-н сэтгэлийг хөдөлгөж, төсөлд илүү ойртуулсан. Дүрийнхээ судалгаа болгож Pacino тухайн үед аюултай гэж тооцогддог байсан хотын хэсгүүдээр байнга алхдаг байсан гэдэг. Хоёр долоо хоног сургуулилт хийсэн бөлгөө Pacino Salt-н кино зохиолыг ойлгож эхэлсэн бол Wexler-н шинэчилсэн хувилбар нь бүтцийг сайжруулсан боловч диалоги тааруу болсонтой Lumet санал нэг байлаа. Lumet жүжигчиддээ тодорхой диалогийг импровиацлахыг зөвшөөрсөний дээр сцэнүүдэд бүтээлч оролцоотой байхыг зөвшөөрсөн. Зураг авалтын явцад жүжигчид хоёр зохиолоос аль сайн гэсэн хэсгийг нь диалогидоо сонгож авч байв. Нью-Йорк хотын байршлын талаар сайн мэдлэгтэй байсан ч найруулагч маань уг бүтээлийг "бие махбодийн хувьд харгис, сэтгэл хөдлөлийн хувьд хүнд" гэж тооцож байж. Pacino-н үс, сахлыг сцэнүүдэд тохируулахын тулд киног урвуу байдлаар зурагласан ба Pacino-г урт үс, сахалтайгаар зураг авалт эхэлсэн.

Түүнийг киноны эхэнд зориулж үсийг нь тайраад сахлыг нь мөлчийтөл нь хуссан. Lumet тухайн өдөрт нь түүний сахлыг хусах эсэхээ шийдэж байсан агаад шаардлагатай тохиолдолд хиймэл сахал бэлэн байлгадаг байв. Өвлийн орчныг дуурайлган хийж, кино багийнхан моддын навчис, бут сөөгийг тайрсан. Жүжигчид өвлийн хүрэм өмсөж, арьсыг нь хөхөмдүү харагдуулж, амьсгалж байгааг нь харагдуулахыг зорьсон. Найруулагч Serpico-н төрх байдлыг өвлийн улиралд "хүйтэн, хүнд", харин зуны улиралд "амар амгалан", "манантсан" байдалтай харагдуулахыг зорьжээ. Кино багийнхан дунджаар өдөрт гурван удаа нүүх шаардлагатай болдог байсан ба зураг авалтын байршилд байгаа киноны цаг үед тохирохгүй машинуудыг чөлөөлөх ажил гардаг байж; мөн олны хэсэгт тоглож байгаа хүмүүст зориулсан хувцаснуудад урт үс, цаг үедээ нийцэхгүй хувцас хэрэглэлийг хориглож байлаа. Lumet Serpico-н ажил, хувиараа амьдралаа тэнцвэржүүлэх гэсэн тэмцэл, хүчин чармайлт нь урт хугацааны дараа үр дүнд хүрсэнийг онцлохын тулд кинондоо түүний ганцаардал, хөндийрсөн байдлыг тодотгохыг боджээ. Найруулагч маань гол баатрыгаа аажмаар улам бүр "бараан" болж байгаагаар дүрслэхээр шийдсэн; кино үргэлжлэх тусам жүжигчдийн хувцасны өнгө бараасч, энэ нь бүх жүжигчид бараан өнгийн хувцас өмссөн шүүх танхимтай сцэн хүртэл үргэлжилдэг.

Lumet критикч Charles Champlin-д "Би өнгөнөөс зайлсхийхийг, өнгөт биш өнгөт кино хийхийг хичээсэн" гэж хэлсэн байдаг. Киноны эвлүүлгийг Dede Allen хийсэн, Allen сцэнүүдийг зураг авалтын дараа шууд найруулагчаас хүлээн авч байв. Тэрээр дуу чимээний хэлтэст бэлэн болгосон ажлаа хүлээлгэж өгөхөд 48 цагийн хязгаартай байв. Lumet кинонд хөгжим нэмэхийг хүсээгүй, гэхдээ De Laurentiis хөгжим хий гэж үүрэгдэхээс өмнө тэрээр хэнийг хөгжмийн зохиолчоор хөлслөхөө шийдээд олчихсон байв. Lumet Грекийн хөгжмийн зохиолч Mikis Theodorakis шоронгоос суллагдсаныг олж мэдсэн бөгөөд хөгжмийн зохиолч эх орноо даруйхан орхиод Парист байхад Lumet түүнтэй холбогджээ. Theodorakis-н саналыг хүлээн авч, Нью-Йорк руу нисч, бараг онгоцноос буугаад шууд ажилдаа оржээ. Pacino-н гүйцэтгэл болон Lumet-н найруулгын асар их эрч хүчээр "амилсан"  уг бүтээлийн сул тал бол дүрүүддээ зохиомол нэр ашигласанд, ялангуяа Durk-н дүрийг бараг ач холбогдолгүйгээр үзүүлсэнд байсан гэж үзэгсэд бий. Мөн түүнчлэн Theodorakis-н саундтракийг "илүүдсэн", "хоосон" гэж баалагсад ч байсан. Илүү эерэг шүүмж бичсэн газруудад, "Serpico" бол "оюунлаг", "энэрэнгүй" хийгээд "хэв маягийн" ялалт гэж нэрлэж, мөн түүний Pacino-н тоглолтыг "шилдэг гүйцэтгэл"; тэр цагдаа шиг алхаж, цагдаа шиг ярьж, бүр цагдаа шиг боддог гэж магтсан. "Serpico" киногоороо Lumet нийгмийн реализмыг чадварлаж гаргаж ирсэн ба энэ бол маргаангүй тус оны сор кинонуудын нэг билээ. Миний хамгийн дээдэлдэг эрэгтэй жүжигчин болох Al Pacino-н замналыг тодорхойлсон шилдэг дүрүүдийнх нь нэг бөгөөд тэр дэндүү шударга, ажил үйлсдээ хэт автсан цагдаагийн дүрийг бишрэм тоглосон боловч зарим газар хэт хүчилсэн гэж критикүүдийн үздэг үнэний хувьтай.

Киноны зураглал тун сайн болсон; зураглаач Arthur J. Ornitz-н ажил Нью-Йоркийг үнэхээр бодитой харуулсан; өөрөөр хэлбэл, Lumet-н бохир, бүдүүлэг, бодлогошруулахуйц үйл явдал үзэгчдийг үнэхээр л тэр цагийн Нью-Йоркт аваачсан мэт санагдуулна. Зарим судлаачид уг киног зөвхөн Pacino-н тоглолтын төлөө заавал үзэх ёстой гэсэн байдаг бол зарим нь эсрэгээрээ кино Serpico-д хэт анхаараад бусдыг нь мартсан нь киноны сул тал болсон гэж үздэг, гэхэд туслах дүрүүдийн оролцоог багасгасан нь болзошгүй шүүх заргалдаанаас зайлсхийсэн явдал байсан гэсэн таамаглал бий. Критикч Charles Champlin: "Pacino бол Америкийн кино урлагийн цөөхөн жинхэнэ од жүжигчид нэг". Тэрээр мөн киноны зохиолчдоос ажлыг баримтат кино шиг бодитой болсон гэж магтаад гол баатарыг нарийн түвэгтэй хийгээд хөгжиж буй байдлаар үзүүлсэн гэж дүгнэжээ. "Serpico"  киног онцгой болгож байгаа гол шинж чанар бол баримтат кино шиг бодитой дүрслэлээс гадна жүжигчдийн импровиац ба жүжигчид "мэргэжлийн уран гоё" яриагаар бус харин бараг гудамжны яриагаар ярьдаг нь жинхэнэ мэдрэмжийг өгөхөөс гадна кино дахь романс болон салалтыг өвөрмөц шинэлэг, худлаа бус байдагтай холбоотой. Дэлхийн нийслэл шахуу хотын үнэр, чимээ хийгээд хэв маягийг бий болгосон зургуудыг зөв дараалалд оруулсан Dede Allen-н ажил Оскар авахуйц байсан ба Theodorakis-н хөгжим үнэндээ энэ бүхнийг нэгэн цогц бүхэллэг болоход тусалсан. "Serpico" киног нэг талаар урам зориг өгсөн ёс суртахууны үлгэр гэж харж болно; энэ бол авилга, завхралын өмнө хүн хичнээн хөөрхийлтэй ганцаарддаг тухай хүйтэн, бохир, хатуу үлгэр, өөрөөр хэлбэл, муухай, бодитой, бараан үлгэр юм. Гэхдээ Lumet-н гярхай ажиглалт болон тайлбар, Pacino-н урамшуулсан тоглолт, мөн ерөөсөө энэ кино бүхэлдээ бидэнд шударга ёс, сайн сайхны төлөө хүчтэй тэмцэх ёстойг дахин нэг сануулж бас уриалсан. 

Comments