Гоо сайхны тэмцээн

 

 


The Firemen's Ball (1967). Чехословакийн нэгэн жижигхэн хотын захиргааны байранд сайн дурын гал унтраах ангийнхан томоохон үдэшлэг зохион байгуулахаар бужигнаж байна. Ширээ тойрон гал сөнөөгчид пиво уунгаа өвчний улмаас тэтгэвэрт гарсан даргадаа төрсөн өдрийн бэлэг болгон бяцхан галын сүх бэлэглэхээр ярилцан тохиролцох агаад мөн гоо сайхны тэмцээн, элдэв зүйлс багтсан сугалааг үдэшлэгт оролцогчдын дунд явуулахаар төлөвлөнө.

Үдэшлэг эхэлж архи, пивоны хөөс энд тэндгүй асгарч, чанга хөгжмийн хөгжөөнтэй аянд хүмүүс бүжиглэцгээж, нэг үгээр естой л галтай цогтой үдэшлэг өрнөлөө. Гэтэл сугалааны хонжвор буюу шагналууд болох; коньек архи, шоколадан бялуу, гахайн мах зэргүүд алга болчихно. Шагналуудыг хэн хулгайлаад байгааг тоож, санаа тавьж байгаа хүн огт байсангүй, харин ч гал сөнөөгчдийн зарим эхнэрүүд уг булай хэрэгт оролцоотой болох нь хоржоонтой юм. Ууж, дуулж, бүжиглэж байхад зарим хүмүүс ширээн доогуур орж хурьцал үйлдэх нь бүр ч марзан. Үдэшлэгийн үеэр гал сөнөөгчид гоо сайхны тэмцээнд оролцох хүүхнүүдийг олох гэж мах мяраагаа барж байна. Үдэшлэгт оролцогчид дунд хөөрхөн хүүхэн нүдний гэм ба хөдөөний ичимхий аүүхнүүдээс сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Гал сөнөөгчдийн эхнэр тэмцээнд өөрсдийн охиноо оруулахаар нөхрөө ятгах нь дайны хажуугаар дажин гэмээр. Асар их зүдэргээтэй маргааны эцэст гоо сайхны тэмцээнд оролцох долоон хүүхнийг шалгаруулж авлаа. Тэмцээний дараа ялагч хүүхэн тэтгэвэрт гарсан даргад төрсөн өдрийн бэлэг болох сүхийг өгөх ёстой учир тэмцээнд оролцогчдод хэрхэн алхах хийгээд зогсохыг заах нажидтай ажил бас байлаа. Юутай ч тэмцээн эхлэх бөгөөд харин хүүхнүүд ичээд цөмөөрөө зугтаагаад угаалгын өрөөнд ороод хаалгаа түгжчихнэ. Үүнээс болж эмх замбараагүй явдал үүсэж, нэгэн хөгшин авгай ялагчийн титэмийг зүүж тайзан дээр гарахад олон түмэн уухайлан алга ташицгаалаа. Энэ үед гэнэт дуут дохио дуугарч, нэгэн өвгөний гэр шатаж байгаа аюулыг дэлдэнэ. 

Ингээд бүгд өвгөний шатаж буй гэрийг аврахаар явцгаах агаад гал сөнөөгчид галыг унтраах гэж үзэж тарж байхад зүгээр харахаар ирсэн хүмүүст зарим нэг хонжоо хайгсад архи, пиво зарж орлого олох нь хөгийн. Өвгөн юу ч үгүй үлдлээ. Хүмүүст түүнд туслахын тулд сугалааны бүх шагналыг өгөхөөр болно. Гэтэл шагналын талаас илүү хувь нь хулгайлагдсан байх агаад гал сөнөөгчид танхимын гэрлийг унтрааж энэ хооронд тэр хулгайч хулгайлсан зүйлсээ буцаан тавьж сайхан сэтгэл гаргахыг хүснэ. Ингээд гэрлийг унтраагаад асаахад ширээ бүр нүцгэрсэн байх нь даанч нүд хальтрам. Гал сөнөөгчид ангийнхаа нэр төрөө хэрхэн аварч үлдэх талаар хэлэлцэж байх хойгуур үдэшлэг тарж дуусна. Гал сөнөөгчид ямартай ч даргадаа бэлгийг нь өгөхөөр болж ёслол төгөлдөр бэлгээ гардуулах бөгөөд дарга хайрцагийг нээтэл сүх ч бас хулгайлагдсан байлаа. 

 Чехийн  алдарт кино урлаач Milos Forman энэхүү комедигоороо орон нутгийн нийгэмд бугшсан авилга болоод сайн сайхныг төлөвлөх төлөвлөгөө нуран унадаг гэдгээр коммунист тогтолцоог шоглосон гэдэг. Уг бүтээл бол Forman-г Америк руу гарахаасаа өмнө төрөлх Чехословактаа хийсэн сүүлчийн кино ба мөн түүний өнгөтөөр хийсэн анхны киноноос гадна Чехословакийн кино урлагийн шинэ давалгаа хөдөлгөөний эхлэл гэж үздэг. Forman уг киногоороо элэг хөшөөм инээдмийг өдөөн хатгасан улс төрийн егөөдөлтэй төгс хослуулсан ба уг сайхан сэтгэлийн үлгэрт юу ч олигтой болж бүтдэггүй. 

Чехийн удирдагчдын мунгинааны тайлбар гэдэг уг киног Оросын түрэмгийллийн дараа Чехословак улсад "үүрд хориглосон" бол өнөөдөр TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 758-р байрт жагсааж байна. "Love of a Blonde" киноныхоо амжилтын дараа Forman хамтран зүтгэгчид болох Jaroslav Papousek, Ivan Passer нарын хамтаар дараагийнхаа киноныхоо санааг олж, тайван газарт ажиллахын тулд Врчлаби хэмээх жижигхэн хотын зочид буудалд хэд хоножээ. Forman: "Нэг орой бид өөрсдийгөө зугаацуулахын тулд жинхэнэ гал сөнөөгчдийн үдэшлэгт очсон. Бид тэнд ёстой л хар дарсан зүүд гэмээр зүйлийг хараад энэ талаараа өөр хоорондоо ярихгүй байж чадахгүй байлаа. Ингээд бид бичиж байсан зүйлээ орхиод энэ төслөө эхлүүлсэн"  гэж хэлсэн байдаг. Киноны зураг авалтыг Врчлаби дахь соёлын төвд хийсэн ба ихэнх жүжигчид мэргэжлийн бус хүмүүс байжээ. Мэргэжлийн бус жүжигчдийн оригнал дуу хоолойг бичиж авахын тулд харилцан ярианы үеэр тайзан дээрх хамтлаг худлаа тоглож, бүжиглэж байгаа хосууд оймстой бүжиглэж байжээ. Forman энэ кино нь тухайн үеийн нийгмийн зүйрлэл эсэх талаар: "Би ямар нэгэн мессеж юмуу зүйрлэл хэлэхийг хүсээгүй. Хэрвээ би үнэн, жинхэнэ комеди хийвэл энэ кино маань өөрөө л зүйрлэлт кино болоосой гэж хүсэн уг бүтээлээ хийсэн. Энэ бол бүхий л засгийн газар, бүхий л хороод, бүхий л гал сөнөөгчдийн асуудал юм. Тэд ард түмэндээ үдэш бүр аз жаргалтай, хөгжилтэй амьдралыг өгөхийг хичээж байгаа мэт зарладаг. Мөн хүн бүр сайхан сэтгэлтэй байдаг. Гэвч бүх зүйл гамшигтайгаар эргэдэг бөгөөд энэ бол өнөөдрийн ертөнцийг харж буй миний төсөөлөл" гэж хэлжээ. 

Кино нээлтээ хийгээд багагүй маргаан дэгдээсэн. Чехословакийн гал сөнөөгчид уг кино тэднийг доромжилсон гэж эсэргүүцээд Forman болон түүний багийнхныг баахан баалжээ. Тэгсэн хэдий ч уг кино Чехословак улсад 750,000 гаруй тасалбар борлуулжээ. Уг киноны Итали продюсер Carlo Ponti кинонд дургүйцэж, санхүүжилтээ татан авснаар Forman-г "улс орондоо эдийн засгийн хохирол учруулсан" хэргээр 10 жилийн хорих ял авч магадгүй болгосон. Forman өөрийнх нь ямар ч киноны олон улсын эрхийг худалдаж авна гэж өмнө нь амалж байсан Claude Lelouch-той уулзахаар Лондонгоос Парис явсан ч Lelouch Маррокод байжээ. Харин санамсаргүй тохиолдлоор Forman танилаараа дамжуулан Francois Truffaut-той холбогдож, улмаар Truffaut киноны олон улсын эрхийг худалдаж авснаар уг кино "амьд" үлджээ.

Comments