"Эрдэнэсийн арал". Шотландын зохиолч Роберт Луис Стивенсоны адал явдалт, түүхэн роман. Энэ роман 1883 онд ном болон хэвлэгдсэн боловч үйл явдал нь 18-р зууны далайн дээрэмчид хийгээд булагдсан алтны тухай өгүүлдэг. Уг бүтээлийг мөн насанд хүрэх явцыг харуулсан түүх гэж үздэг ба атмосфер шинж, дүрүүд, адал явдлаараа алдартай. "Эрдэнэсийн арал" анхлан 1881-1882 оны хооронд "Yong Folks" хүүхдийн сэтгүүлд цувралаар хэвлэгджээ. 1883 оны 11-р сард Cassell & Co. Хэвлэлийн компани ном болгон гаргасан ба үүнээс хойш хамгийн олон удаа театрын жүжиг, кино болсон романуудын нэг болжээ. "Эрдэнэсийн арал" роман хэвлэгдсэнээсээ хойш мөрөн дээрээ тоть суулгасан нэг хөлтэй далайн дээрэмчин, X тэмдэгтэй эрдэнэсийн газрын зураг, алслагдсан халуун орны арлууд гэх мэт элементүүдээрээ поп соёлд хүчтэй нөлөөлсөн буй.
ҮНДСЭН САНАА. "Эрдэнэсийн арал" нь адал явдалт үлгэрээс гадна мөн нэгэн хүүгийн насанд хүрэх явцыг харуулсан түүх юм. Романы эхлэлд, Жим аймхай хүүхэд байсан бол романы төгсгөлд итгэмээргүй төлөвшдөг бөгөөд тэрээр далайн дээрэмчдийг молигдож, хөлөг онгоцыг эзэлж, олон хүний амийг авардаг билээ. Жим насны хувьд насанд хүрээгүй ч характерын хувьд насанд хүрдэг. Нас бие гүйцэж буй ямар ч хүүгийн адилаар Жим олон янзын эрэгтэй үлгэр дуурайлалтай болж үздэг; Жимийн аав үлгэр дуурайл болохуйц хүн биш байсан бололтой; тэр романы эхэнд нас бардаг ба амьд сэрүүн байхдаа ч хүүгийнхээ дотоод сэтгэлийн амьдралд олигтой нөлөө үзүүлээгүй байдаг. Үнэндээ, Жим аавынхаа тухай бараг дурддаггүй. Уншигч бид орон нутгийн эрх мэдэлтэнгүүд Жим-д үлгэр дуурайл хүн болох байх гэж найддаг; жишээлбэл, эмч Ливси нийгэмд хүндлэгдсэн соёлжсон, рационал ертөнцийг төлөөлөгч билээ. Жим газрын зургийг олчихоод шуудхан Ливсигийн тухай боддог агаад иймд анхандаа Жим Ливсиг үлгэр дуурайл гэж үзэж байх шиг байдаг. Газрын эзэн Трелони нь эмчийн нэгэн адилаар эрх мэдэлт ертөнцийн өөр нэгэн симбол бөгөөд гэвч тэд хоёулаа шударга боловсон эрчүүд хэдий ч Жимийн оюун ухааныг татаж юмуу түүнд урам зориг өгч чаддаггүй. Тэд хэтэрхий нэг хэвийн, ойлгомжтой таамаглахуйц эрчүүд юм.
Харин далайн дээрэмчид гарч ирэхэд Жим тэдний үйлдэл, хандлага, төрхийг анхааралтай ажиглаж эхэлдэг. Жим Сильверийг өөр ямар ч дүрийг сонирхоогүй тийм хүчтэй, нарийвчилсан байдлаар анхаарч эхэлдэг бөгөөд удалгүй тэрээр Сильверийн зан төрхийн зарим талыг дуурайж эхэлдэг. Номын 13-р бүлэгт Жим далайн дээрэмчдийн завинд сэмхэн суухдаа шаламгай, эрэлхэг загнадаг ба 22-р бүлэгт тэрээр ахмадыгаа хүртэл орхиод өөрийнхөө бослогыг амжилттай хийдэг. Тэрээр хөлөг онгоцон дээр гараад зангууг нь буулгаж, далайн дээрэмчин Хендсийг хөнөөж, улмаар өөрийгөө хөлгийн шинэ ахмадаар нэрлэдэг. Түүний далайн дээрэмчин болох ур чадвар тод харагддаг учир Сильверт Жим бага залуу үеийг нь санагдуулж, Жим насанд хүрээд өөр шиг нь болж чадах нь гэж битүүхэн боддог. Романы төгсгөлөөс бид далайн дээрэмчдийн Жимийн хөгжилд үзүүлэх нөлөө нь тодорхой ба гэхдээ заавал хор хөнөөлтэй биш байж болохыг харна.
Жим ахмад, эмч, газрын эзэн хийгээд далайн дээрэмчидээс илүү зоригтой, манлайлагч, бие даасан төрхийг харуулдаг. Жим аавынхаа талаар ярьдаггүй шиг хүүрнэлийнхээ төгсгөлд дээрх хүмүүсийг ч дурдаагүй нь тэдгээр хүмүүс түүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгээгүйг харуулж байна. Харин үүний оронд Жим Сильверт сэтгэл хөдөлгөм хүндэтгэл үзүүлж, далайн дээрэмчинд сайн сайхныг хүсдэг билээ. Чухамдаа Сильвер нь Жимийн өөрийгөө тодорхойлж, найдвар болон мөрөөдлөө бий болгоход нь бусдаас илүү үүрэг гүйцэтгэсэн. "Эрдэнэсийн арал" романд хүсэл ханаж цаддаггүйг судалдаг агаад үнэндээ бүх дүрийн сэдэл нь шунал байдаг, өөрөөр хэлбэл бүгдээрээ эрдэнэсийг хүсдэг. Адал явдлын төгсгөлд Жим болон ахмадын багийнхан эрдэнэсийг авч, шуналаа гүйцэлдүүлдэг; Стивенсон багийнхан алтыг хөлөг онгоц руугаа хэрхэн зөөж байгааг тод дүрсэлсэн нь эцсийн эцэст сэтгэл ханамж амжилттай хангагдаж байгааг онцлох мэт. Гэвч Стивенсон мөн туйлын сэтгэл ханамжийн боломжтой эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Далайн дээрэмчдийн хувьд хүсэл нь биелэхгүй, зорилгодоо хүрэхгүй болдог, учир нь эрдэнэсийн газрын зураг тэднийг хоосон нүх рүү хөтөлдөг. Хоосон нүх нь эрдэнэс хайх нь учир утгагүй, эрдэнэс хайснаар хүн амин сүнсээ алддаг болохыг симболчилдог ба далайн дээрэмчид газар ухахдаа өөрсдийнхөө булшийг ухаж байгаа мэт сэтгэгдлийг мэдэрдэг. Тэдний шунал болон иррационал байдал нь зөвхөн үхэл, хагацал, сэтгэл ханамжгүйд л хүргэнэ.
Түүнчлэн Бен Ганн эрдэнэсийг гурван сарын турш эзэмшсэн ч хагас галзуурч, агуйд хэцүүхэн амьдарч байдаг. Хэрвээ тэр арал дээр ганцаараа байвал ийм их баялаг түүнд огт хэрэггүй бөгөөд алтанд үнэ цэнэ өгдөг нийгмийн бүтэц, дүрэмгүйгээр ямар ч алт эрдэнэс үнэгүй ердөө хог л юм. Үүнтэй адилаар бид Жим алтанд сэтгэл хангалуун бус байгааг харж байна; тэр эрдэнэсийн үнэ цэнийг дурддаггүй агаад зоосны загвар болон аль улс үндэстнийх гэдэгт л анхаарлаа хандуулдаг. Тэр гэнэтийн баялгийнхаа хувь хэмжээг эсхүл гэртээ буцаж хариад эрдэнэсээрээ юу хийснээ дурддаггүй. Алтан зооснууд түүнд сайхан амттай зүүд бус харин хар даруулж зүүдлүүлдэг. Марк Твений "Хаклберри Финн" романы Хаклберри Финн болон Хомерийн "Одиссей" зохиолын Одиссейгээс ялгаатай нь Жим эцэс төгсгөлгүй аялал юмуу эрдэнэс хайхыг хүсдэггүй. Тэрээр амьдралын ийм хэв маягтай холбоотой хүслийг дэмий хоосон ба шунал, цус урсгах замаар хэзээ ч сайн сайхан амьдралд хүрэхгүй гэдгийг ойлгосон. Зохиолч маань шунал дээр тогтсон нэгдэл, хамтрал эцэстээ нуран унаад зогсохгүй бие биенийхээ араас хутга шаахад үргэлж бэлэн байдгийг харуулсан. Мөн түүнчлэн Стивенсон хүний соинуч зан гэдэг шунал шиг дарагдашгүй хүчтэй төдийгүй соинуч зан буюу байж ядсан адал явдлыг эрэлхийлсэн хүслийг тэнцвэртэйгээр барьж байхгүй бол шунал шиг үхэл мөхлийн ангал рүү хөтөлдөг болохыг анхааруулсан.
МОТИФ. Жим Смоллетын багтай эв найртай байсан ч уг романд багаараа хамтран ажиллах сэдэв давамгайлсан чухал сэдэв биш. Стивенсон харин ч Жимийн ганцаардлын давтагдах мөчүүдийг зориуд онцолдог ба хэдийгээр Жим романы эхлэлд гэр бүлтэйгээ хамт байдаг ч, хожим хөлгийн багийнхантай болон далайн дээрэмчидтэй хамт байдаг ч эдгээр давтамжууд нь түүний ганцаараа байх илүү чухал мөчүүдээр тодордог. Тухайлбал, Жим романы үйл явдлыг хөдөлгөдөг хар тэмдэгийг авчирдаг далайн дээрэмчин Пьютэй уулзахдаа ганцаараа байдаг; мөн тэрээр Смоллетын багийг аврах боломжийг олгосон бослогын тухай мэдээллийг санамсаргүй сонсохдоо алимны модны торхонд ганцаараа байдаг; тэрээр ойд Бен Ганнтай танилцаж, эрдэнэс хүрэх замыг мэдэж авахдаа ганцаараа л байдаг. Романы туршид Жимийн ганцаараа байгаа тохиолдлууд нь бие дааж өөртөө итгэхтэй холбоотойгоос гадна түүний төлөвшиж буйг харуулна. Гэсэн хэдий ч энэхүү ганцаардал нь бас сул талтай байдаг; Жим том багийн нэг хэсэг болохоосоо илүүтэй бие даан ажиллах чадвартай нь Смоллетын түүнд хамтдаа дахин хэзээ ч аялахгүй гэж хэлэхэд хүргэсэн байж болзошгүй агаад Жим хэт индивидуалист болохоор энгийн сайн далайчин болж чадахгүй бололтой.
Стивенсон хар өнгийг далайн дээрэмчидтэй байнга холбодог. Жолли Рожер гэдэг далайн дээрэмчиний далбаа хар өнгөтэй бөгөөд энэ нь Их Британийн өнгөлөг далбааны өнгөтэй эсрэгцэнэ. Далайн дээрэмчид мөн хохирогчдод ялын мэдэгдэл болсон хар тэмдэгийг өгдөг. Биллиг нуугдаж байгааг олж мэдсэн далайн дээрэмчиний нэрийг Хар Нохой гэдэг нь учир утгатай юм. Цаашилбал, далайн дээрэмчин Пью сохор учраас эцэс төгсгөлгүй харанхуйд амьдарч байна. Жим шивээ рүү явж ортол харанхуйд далайн дээрэмчид унтаж байдаг ба энэ бол далайн дээрэмчдийн хэр харанхуй хоосон хүмүүс болохыг зүйрлэсэн зураглал болдог. Жимийн далайн дээрэмчидтэй өнгөрүүлсэн аймшигтай олон явдлууд болох үхсэн Биллиг шалгах, арал дээрх далайн дээрэмчдийн хуарангийн дэргэдүүр хөвөх зэрэг нь харанхуйд буюу шөнө тохиолддог. Оршуулга, гашуудлыг илтгэм энэ хар өнгө нь үхэлтэй холбогдохоос гадна далайн дээрэмчид хаашаа ч аялсан үхлийг мөртэй болохыг илэрхийлдэг. Хар өнга нь мөн байхгүй байх, гэрэл гэгээгүй байх, соён гэгээрэл дутмаг байгааг харуулсан өнгө юм. Далайн дээрэмчдийн гэрлийн дутагдалтай шинж байдал нь тэдний хайж байгаа гялалзсан, гялтганасан алттай эсрэгцэждэг бөгөөд тэд өөрсдийнхөө харанхуй амьдралыг алтаар гэрэлтүүлнэ гэж андуурч байна.
СИМБОЛ. Ром архи нь романы туршид далайн дээрэмчдийн хайхрамжгүй байдал, хүчирхийлэл, хяналтгүй зан төрхийн симбол болж ахин дахин гарч ирдэг. Стивенсоны үед ром архийг муу архи гэж үздэг байж, иймд ром архи нь ахмадын багийнханхны хааяа уудаг цэвэршүүлсэн, тансаг дарсны яг эсрэг юм. Далайн дээрэмчид зөөлөн архи уудаггүй, тэд ром зэрэг хатуу архийг илүүд үздэг бөгөөд тэд согтохоороо туйлын аюултай болдог; энэ нь далайн дээрэмчдийн дуулдаг дууны үгэнд тусгагдсан байдаг билээ. Согтсоноосоо болж үхсэн анхны хүн бол Билли бөгөөд Ливси түүнд ахиж уувал үхнэ гэж хэлдэг ч тэр үргэлжлүүлэн уусаар байгаад үхдэг. Дараа нь, "Испаниола" хөлөг онгоцны анхны туслах Эрроу онгоцноос унаж үхэх хүртлээ байнга согтуу байдаг. Жим хөлөг онгоц дээр гараад хоёр манаач ром архи ууж согтсоноос болж хөлөг онгоцыг жолоодох чадваргүй болж, улмаар бие биенээ хөнөөсөн болохыг олж мэддэг. Жим насанд хүрсэн өрсөлдөгчөө ялсан явдал бол Хендс согтуу байсантай холбоотой гэхэд болно.
Иймд ром архи нь хүн өөрийнхөө өмч, зорилго хийгээд өөрийгөө хянах чадваргүй байдгийг бэлгэддэг. Эрдэнэсийн газрын зураг романы эхний бүлэгт гардаг ч романы төгсгөл хүртэл сэтгэл татам, нууцлаг аурагаа хадгалсаар байдаг. Энэ газрын зураг нь хүмүүсийн адал явдлын түүхэнд татагдах нэгэн төрлийн шидэт сахиус болж хувирч байна. Жим газрын зургийг эзэмшсэнээр нь түүнийг энгийн буудлын эзний хүүгээс далайчин бас баатар болгон хувиргаж байна. Үүнээс гадна газрын зураг нь адал явдлын симбол болохын сацуу хүслийн, шуналын хоосон шинжийг бэлгэддэг. Хүн бүр газрын зургийг хүсдэг, газрын зургийг олж авахын төлөө юу ч хийхэд бэлэн байх шиг байдаг; гэвч, егөөтэй нь, Стивенсон эцэст нь газрын зураг ямар ч хэрэггүй байсныг харуулдаг, романы туршид бүх хүмүүсийн хайсан газрын зураг яагаад хэрэггүй болсон гэвэл Бен Ганн хэдийн эрдэнэсийг ухаж аваад өөр газарт нуучихсан байдаг. Энэ утгаараа газрын зураг нь материаллаг сэтгэл ханамжийг хөөцөлдөх нь дэмий хоосон болохыг бэлгэджээ.

Comments
Post a Comment