The Fallen Idol (1948). Английн нэрт кино найруулагч Carol Reed-н нууцлаг триллер. Английн зохиолч Graham Greene-н 1936 онд бичигдсэн "The Basement Room" нэртэй богино өгүүллэгээс сэдэвлэсэн. Киноны гол дүрүүдэд; Ralph Richardson, Bobby Henrey, Michael Morgan, Denis O'Dea зэрэг Англи, Францын жүжигчид тоглосон. Киноны үйл явдал, Лондонд байх Францын дипломат ажилтны жаал хүү гэрийнхээ даамлыг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа тухай өгүүлдэг. Уг бүтээл Оскарын наадамд шилдэг найруулагч, шилдэг сэдэвчилсэн зохиол төрөлд нэр дэвшиж байсан бол BAFTA-гаас Их Британийн шилдэг кино шагналыг хүртэж байсан. Киноны зураг авалт 1947 онд эхэлсэн бөгөөд анхны байршлын сцэн нь Philippe-н Лондонгийн Белгравын гудамжаар гүйдэг хэсэг байжээ.
Кино зохиол эх богино өгүүллэгээс багагүй ялгаатай байдаг; эх өгүүллэгт, даамлын эхнэр хатагтай Baines хардсан хилэндээ нөхөртэйгөө ноцолдож байгаад нас бардаг аж, мөн ноён Baines-н нууц амраг хүүхэн Франц эмэгтэй биш, түүгээр зогсохгүй хүү буюу Philippe ноён Baines-г хамгаалахын төлөө санаатайгаар худлаа хэлдэггүй ажээ. 2022 онд Time Out сэтгүүл кино салбарынхан болон шүүмжлэгчдийн дунд Их Британийн шилдэг 100 кино гэсэн санал асуулга явуулахад "The Fallen Idol" жагсаалтад 45-р байрт бичигдсэн; энэ бол хүүхдийн тухай, насанд хүрэгчид хүүхдийг хэрхэн хуурч, тэднээс урваж болох, үнэнч сэтгэлийг нь буруугаар ашиглаж, сэтгэл хөдлөлөөр нь тоглодог болохыг харуулсан Их Британийн шилдэг кинонуудын нэг гэж тодорхойлсон байдаг. Уншигчаа, хүн амины хэрэг байж болзошгүй нэгэн хэргийг хүүхдийн нүдээр харахыг хүсвэл намайг дагаарай.
Лондонгийн Белгравын талбайд Францын элчин сайдын яамны таван давхар орчим байшинд элчин сайдын хүү Philppe хэмээх арав арай хүрээгүй хүү ганцаардан амьдарна. Хүүгийн ээж эмнэлэгт байгаа бол аав нь ажлын улмаас эзгүй байх нь олонтаа. Тэдний даамал ноён Baines хүүд янз бүрийн түүх ярьж өгөх буюу Африкт байхдаа арслан номхруулаад зогсохгүй аргагүй хамгаалалтаас болж хүн хөнөөж байсан гэх мэт сонирхолтой түүх ярьсаар Philippe даамлаа шүтэн үлгэрлэх болжээ. Даамлын эхнэр хатагтай Baines гэрийн үйлчлэгч хийх бөгөөд ноён Baines-н эсрэгээр хүүд хатуу чанд хандана. Нэгэн өдөр, Philippe байшингаас ганцаараа гарч зугаалж яваад цайны газарт даамал нь элчин сайдын яамны нарийн бичиг залуухан хүүхэн Julie-тэй их л дотно ярилцан суугааг олж харна. Даамал харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа ч хүүхэн энэ янзаараа байж чадашгүй учраас өөр орон руу явах болсноо дуулгаж байна. Philippe тэдний ярианы утгыг үл анхаарч, даамал түүнд Julie-г өөрийнхөө хамаатан гэж танилцуулна.
Харих замдаа ноён Baines саяны уулзалтын тухай хатагтай Baines-д үг дуугарахгүй байхыг хүсдэг. Тэр өдрийн оройхон даамал эхнэртэй гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд эхнэр нь яриаг нь таслаад нагацындаа хонохоор яваад өгнө. Маргааш нь, хатагтай Baines явсан дүр үзүүлчихээд байшинд нуугдчихна; байшин олон өрөөтэй том учир хэн ч анзаараагүй. Даамал хүүг дагуулан амьтны хүрээлэн орж, тэнд Julie тэдэнтэй нэгддэг. Тэд хатагтай Baines явчихсан гэж бодоод хамтдаа байшинд ирцгээх бөгөөд хатагтай Baines-ээс хоёр хоногийн дараа эргэж ирнэ гэсэн цахилгаан шуудан ирсэн байна. Philippe, ноён Baines, Julie нар хооллоод, дараа нь нуугдаж тоглож байхад хатагтай Baines нуугдаад ажиглаж байлаа. Шөнө тэрээр Philippe-г сэрээгээд Julie хаана байгааг асуудаг ба хүү хашгирч даамалдаа дохио өгчихнө. Даамал ирж, ноён, хатагтай Baines-үүд дээд давхарын гол шатны дэргэд хэрэлдэж, зууралдж, ноцолдож байхыг Philippe харна. Хүү байшингийн гаднах шатаар доош бууж байх хойгуур даамал эхнэртээ доошоо буу, дараа ярилцая гэчихээд зочны өрөө рүү явчихна.
Julie-г байгааг мэдэхийг хүссэн хатагтай Baines шатны дээгүүр харахын тулд хавтгай цонхтой шатны тавцангаар алхаж байгаад хөл алдан унаж нас барчихна тэр. Philippe үүнийг харж амжаагүй болохоор даамал түүнийг түлхчихлээ гэж бодоод айн сандран, унтлагын хувцастайгаа гараад гүйчихнэ. Түүнийг ухаангүй шахуу байхыг цагдаа олоод цагдаагийн хэлтэс дээрээ аваачдаг. Хүү элчин сайдын хүүхэд болохыг тогтоогоод буцаагаад элчин сайдын яам буюу гэрт нь хүргэж өгдөг. Даамал хэдийнээ нууц амрагаа гэр рүү нь буцааж, түүнийг энэ хэрэгт оролцуулахыг хүсэхгүй байлаа. Хатагтай Baines золгүйгээр осолдож үхсэнийг батлахыэ тулд эмч хүрэлцэн ирэх ба эмч Philippe-г цагдаагийн газарт байхад нь харсан болохоор яагаад шөнө зугтсан талаар шалгааж эхэлнэ. Удсангүй мөрдөгчид ирээд байшинд гурван хүн оройн хоол идсэн шинж байхыг тогтоосон нь даамлын Philippe бид хоёр л байсан гэсэн түүхтэй алд дэлэм зөрчихнө. Мөрдөгч маргааш өглөө дахин ирэхээр болно. Өглөө эрт Julie ч, мөрдөгчид ч ирдэг. Julie явахыг оролддог ч нарийн бичиг гэдгийг нь мэдсэн цагдаа нар түүнээс яриаг нь бичиж тэмдэглэхийг хүснэ. Ингээд мөрдөгчид хүүг байцаахад тэрээр хатагтай Baines өөрийг нь алгадсан (үнэхээр тэгдэг) болон Julie энд ирсэн талаар огт дурдахгүй. Julie энэ яриаг сэмээрхэн сонсоод хүү үнэнийг нууж байгааг мэдээд Францаар түүнд үнэнийг ярь хэмээн гуйдаг.
Мөн Philippe хатагтай Baines-н илгээсэн цахилгаан шуудангаас ангижрах гэж байгаад цагдаад нарт баригдаж эсрэгээрээ даамлын эсрэг нотлох баримтыг нэгээр нэмчихнэ. Даамал үнэнээ хэлсэн ч цагдаа нар түүнд итгэхгүй ба түүнийг цагдаагийн хэлтэст авчихаар болоход ноён Baines өөрийнхөө өрөө болох зооринд орж юм хумаа авах зөвшөөрөл авна. Philippe араас нь очих бөгөөд даамал хүүд Африкт хэзээ ч очиж байгаагүй, түүнд ярьсан бүх түүх зохиомол байсан гэдгээ хэлдэг. Хүү үнэнийг сонсоод уйлна. Даамал шургуулгаа онгойлгоод гар буугаа олж харуут амиа егүүтгэх бодолд автана. Энэ хооронд Дээд давхарт ажиллаж байсан мөрдөн байцаагчид гол шатны хавтгай цонхны тавцан дээр савтай ургамлаас асгарсан шороон дээр эмэгтэй хүний гутлын мөр байхыг олох буюу энэ нь Baines-н ярьсан түүхийг бататгасан явдал болчихно. Даамал цагаатгагдах нь энэ бөгөөд Julie амжиж очиж сайхан мэдээг түүнд дуулгана. Цагдаа нар явж, нууц амрагууд бүрэн амьсгаа авахтай зэрэгцэн хүүгийн аав, ээж хоёр ч хүрэлцэн ирдэг. Уг кино нээлтээ хийгээд маш сайн үнэлгээ авсан; The Monthly Film Bulletin "гайхамшигтай" гэсэн байхад шүүмжлэгч Leslie Hallowell: "Кино техник, жүжигчдийн чадварын ухаалаг өнгө аясаас бүтсэн авсаархан хэмжээтэй ч бараг л төгс бүтээл" гэжээ.
Харин шүүмжлэгч Dilys Powell: "Богино өгүүллэг нь хэмнэл, хэлбэрээ алдалгүйгээр нягт кино болжээ" гэж онцолсон. Тэгвэл шүүмжлэгч Pauline Kael сөргөөр шүүмжлэхдээ, хэтэрхий төлөвлөгдсөн, бас чимээгүй байхад дэндүү хөгжилтэй гэсэн буй. Шүүмжлэгч William Arnold эл бүтээлийг Их Британийн классик кино гээд заавал үзэх ёстой киногоор нэрлэсэн байдаг. Зохиолч Graham Greene насанд хүрэгчдэд зориулан ёс суртахууны шаналлын үлгэр зохиохдоо хүүхдийн нүдээр дүрсэлсэн нь ухаалаг бас гайхамшигтай явдал байв. "The Fallen Idol" бол Carol Reed цаглашгүй классик "The Thrid Man" бүтээлийн жилийн өмнө хийгдсэн гэдгээрээ бэлтгэл халаалт байсан гэлтэй. "The Fallen Idol" сэтгэл татам, түгшүүртэй шинжээрээ "The Third Man" киноноос дутахгүй. "The Third Man" киноны гол дүр нь Америкийн зохиолч байдаг бол энд онцолж буй киноных 9 настай хүү байдаг; эцэг, эхийн эзгүйд хүү даамалдаа ээнэгшин дасаад зогсохгүй эелдэг, хөгжилтэй даамлаа шүтэн биширч эхэлдэг нь ойлгохуйц. Хүү жижигхэн тэжээвэр могой нууцаар хадгалан байсан ч хатагтай Baines могойг алчихдаг; энэ могой огт гэм хоргүй, харин байшинд байх зарим хүмүүс ёс суртахууны хувьд, зүйрлэлийн хувьд жинхэнэ могой юм. Хатагтай Baines ууртай ааштай, хамаг хилэнгээ нөхөртөө гаргагч юм. Philippe даамлаа нууц амрагтайгаа цайны газарт харснаас хойш насанд хүрэгчдийн чимээгүй ертөнцөд нэвтэрдэг бөгөөд гэхдээ хүү үүнийг эхлээд сайн ойлгодоггүй. Даамал эхнэртээ "зарим худал үгс сайн санааных байдаг" гэж хэлдэг нь кинонд үүнд бэлтгэгдээгүй хүүгийн нөхцөл байдлыг харуулжээ. Энэ кинонд хар шөнө Philippe-г хатагтай Baines-н хэсэг үнэхээр цочим аймшигтайгаас гадна кино урлагийн түүхэн дэх хамгийн аймшигтай хэсгүүдийн нэг мөн.
Хатагтай Baines үхснээр уг кино илүү танил мэддэг дүрмээр өрнөж эхэлдэг. Кинонд бас нэг гайхамшигтай, бараг аугаа Alfred Hitchcock ч өтаархам сцэн байдаг; энэ бол Philippe-н цаасан онгоц болгон эвхсэн хатагтай Baines-н илгээсэн цахилгаан шуудан бүхий цаасан онгоц дээд давхраас унасаар мөрдөгчийн хөлөнд унадаг хэсэг түгшүүртэй бас зохиомжийн хувьд бахдам. Хүү даамлыгаа алуурчин гэж бодсон ч үнэндээ тэр хэнд үнэний өртэй гэж? цагдаад? эсвэл үхсэн хатагтайд?. Үнэн нь насанд хүрэгчид түүнээс хүлээдэг шиг хоёр тийшээ солигдож байдаг. Хүүгийн толгойд эгээ л цаасан онгоц шиг баахан зүйлс эргэлдэн бужигнаж байна. Жишээлбэл, тэрээр цагдаагийн хэлтэст байхад нэгэн биеэ үнэлэгч түүнийг хараад "хөөе, би аавыг чинь мэднэ!" гэж хэлдэг. Энэ кино бол хүүхэд насанд хүрэгчдийн нууцад гэнэт хайр найргүй орж байгаагаараа харгис киноноос гадна хүүхдийн гэнэн зан аюултай зэвсэг байж болохыг харуулсан юм. Шүүмжлэгч Ty Burr уг киног мөнхийн таашаал гээд найруулагчийн ухаалаг найруулаг, зураглаач Georges Perinal-н алсын хараатай гүн фокусласан зураглал, Vincent Korda-н тансаг тайз засал зэргийг шагшсан байдаг.
Comments
Post a Comment