Сентиментал боловсрол

 


My Little Loves (1974). Францын кино найруулагч Jean Eustache-н зохиолыг нь бичиж найруулсан драм. Киноны нэрийг яруу найрагч Arthur Rimbaud-н шүлгээс (Mes Petites Amoureuses) авсан ба киноны гол дүрд Martin Loeb тоглосон. Энэ бол Eustache-н хоёр дахь, мөн сүүлчийн бүрэн хэмжээний кино билээ. Уг кинонд, Daniel гэдэг өсвөр насны хөвгүүн Бордо хотын захын Пессак хотод эмээгийнхээ энхрийлэлд, найзуудтайгаа дунд хүүхэд насаа хэрхэн өнгөрүүлж буй тухай өгүүлдэг. Дунд сургуульдаа нэг жил сурсны дараа гэнэт түүнийг Нарбонн хотод амьдардаг ээж нь өөр дээрээ хэсэг байлгахаар болно. Ээж нь оёдолчин агаад Испани фермерчинтэй гэрлээд удаагүй ажээ. Daniel үргэлжлүүлэн сурахыг хүсдэг, гэвч ээж нь төлбөрийг нь төлж дийлэхгүй учраас хүүгээ мопед засварын газарт дагалдангаар ажиллуулахаар явуулдаг. Daniel кино театрт, гудамжинд бусдыг ажиглаж, хотын хөвгүүдийн зөвлөгөөг сонсон дагаж охидтой хэрхэн харилцах талаар суралцаж эхэлдэг. Ингээд жилийн дараа эмээ дээрээ буцаад очихдоо Daniel үеийнхээ найзуудаасаа хол илүү төлөвшсөн хүү болсон байлаа.

  "The Mother and Whore" киноны амжилтынхаа дараа Eustache адилхан хувийн шинжтэй боловч нэлээд ялгаатай "My Little Loves" бүтээлээ хийсэн; Францын өмнөд хэсэгт өнгөрүүлсэн хүүхэд насныхаа хөрөг зурагтаа тэрээр алхаа гишгээнээсээ авхуулаад бүхий л нарийн ширийн дурсамжаа шингээсэн мэт санагддаг. Залуухан жүжигчин Martin Loeb найруулагчийн маань 13 настай алтер эго болох Daniel-д байж болох хэмжээний төгс гүйцэтгэлээр тоглосон байдаг ба Loeb энэхүү "сентиментал боловсролын" тансаг хронолигийн сцэн бүрт дүрслэгдсэн байдаг. Бишрэм кино зураглаач Nestor Almendros-н үзэсгэлэнтэй ажлаар гоёсон уг кино Daniel кино театрт анхны үнсэлтээ авч буй уртасгасан сцэнээр оргил хэсэгтээ ирдэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 836-р байрт эрэмбэлээд байна. Гол баатар маань Францын хөдөө нутагт эмээгийнхээ асрамж, хайран дор сэтгэл өсч, үеийнхээ найзуудтай сахилгагүйтэн өдрийг өнгөрүүлнэ. Тэр амьдралын эгэл зүйлсээс таашаал авч сурсан, бас үнэлж чаддаг нэгэн болж өсч байдаг. Гэтэл хайхрамжгүй, цүл цал хийсэн ээж нь буцаж ирснээр Daniel-н амьдралын шинэ, гэхдээ хамгийн онцгой бүлэг эхэлж байна.

Тэр хотод ирсэн даруйдаа өөрчлөлтийг мэдэрдэг; ээж нь түүний сурах хүслийг няцааж, эртхэн мөнгөтэй харьцаж сур хэмээн мунхаглаад хүүгээ механикчийн дагалдан болгож орхино. Ээж нь түүнийг барагалж ингээд л зөнгөөр нь орхичихно, харин манай баатар хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт ороогүй үедээ хотоор тэнэж, өөрт сайн, муу олон талаар нөлөөлдөг хүмүүстэй уулзаж, танилцаж, мэдээж хотын ах залуусаас охидтой хэрхэн сээтэгнэж, ярилцах ёстойг заалгуулж байв. Замын уулзвар дээр ирсэн Daniel амьдралынхаа шинэ хуудсыг нээж, үүнтэйгээ учраа олохоос өөр аргагүй болдог; хөдөө нутагтаа сайн амар өнгөрүүлсэн хүүхэд насны цагаахан үе ба одоо хотын шинэ, адал явдал, аюул дүүрэн насанд хүрэгчдийн ирээдүй үетэйгээ тэр зөрчилдөх буюу энэ зөрчлийг энэ кино үзүүлсэн санагдсан. Найруулагч Eustache энэ киноныхоо гол дүр шигээ кино урлагийн түүхэнд хачирхалтай байр суурь эзэлдэг буюу тэр болон түүний дүр хэзээ ч тодорхой ангилалд багтдаггүй, үргэлж гадны хүмүүс юм. Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний оргил үе болон түүний дараагийн мета-сэдэв тайлбарлагчдаар тодорхойлогдсон Европын кино урлагийн үе хооронд ажилласан Eustache нь үеийнхээ олон найруулагчдын санааг, ялангуяа тухайн үеийнхээ хамгийн алдартай кино урлаачдын бүтээлд дутагдаж байсан өөрийгөө таних мэдрэмжийг кинондоо хурцаар тусган илэрхийлдэг байв.

  "My Little Loves" кино нь төрөл жанр, уламжлалт арга барил, кино бүтээх Хөдөлгөөнүүдийн дундах орон зайд хоёрдмол байр суурийг эзэлдэг бөгөөд өгүүлэмжийн хувьд тодорхой замыг сонгож чөдаагүй нь магадгүй киноны сул тал болсон болов уу. Замналдаа ердөө хоёрхон кино хийж амжсан Eustache-д төсөөллөө илүү өргөн зайд ашиглах боломж эсхүл чадвар энэ киног хийхэд нь олдоогүй байж болох, нэг үгээр энэ кино одоогийн байгаагаасаа ч илүү байх боломжтой байсан санагдах. Daniel-н дүр бол тун сонирхолтой дүр; энэ дүрийг Eustache-н эсэргүүцэж байсан Францын Шинэ Давалгааны архетипүүд дүрүүдийн хариуд бүтээсэн дүр гэж үзэж болно. Daniel бол Jean-Luc Godard-н загварлаг боловч экзистентиалист түгшүүртэй хотын мэхлэгч хийгээд Francois Truffaut-н илүү цагаахан хүүхэд дүрүүдийн нэгдэл буюу ялангуяа Truffaut-н алдарт Doinel гэдэг дүрийн төлөвшлийн дотоод оюуны аяллыг бид Daniel-аас харж болно, ядаж байхад нэр нь ч төстэй байгааг анзаараарай. Eustache дүрийнхээ хангалттай санаа тавьдаггүй, харин дүрээ төлөөлөгч болгочихсон юм шиг санагддаг.

Насанд хүрэх явцыг харуулсан олон кинонд найруулагчид дүрээ гүнзгий судалж, хүүхэд насыг нь гадны нөлөө хэрхэн завхруулж байгааг үзүүлдэг; "My Little Loves" бас ингэдэг ч, энэ тал дээр дутмаг хандсан санагддаг. Eustache хүүхэд насныг дүрслэхдээ хил хязгаарыг давж, өвөрмөц байдлаар зураглахыг зорьсон бололтой. Асуудал бол өвөрмөц буюу оригнал байхын тулд бүрэн хэлбэржээгүй, бараг сонирхолгүй, ач холбогдолгүй мэт дүр бүтээсэнд орших агаад гэхдээ магадгүй энэ нь өөрөө оригнал байж болох. Гэхдээ бид энэ киног бүтэн нуруундаа үүрч гарсан жүжигчин Martin Loeb-н бишрэм гүйцэтгэлд хир халдаахыг зөвшөөрч болохгүй. Угаасаа цөөхөн жүжигчидтэй эл бүтээлийн бараг бүх кадрт тоглосон Loeb төдий насанд, ийм гүн гүнзгий артхаус киноны сэдвийг ойлгоод чадварлагаар гүйцэтгэж чадсан нь бахдалтай бас бишрэм. Бид Daniel-н дүрээс хүүхэд нас алдагдаж, гээгдэж байгааг харахдаа ёс суртахууны уналтыг бус хүнлэг сэтгэлийг олж харна, ингэж олж харахад Loeb-н хичээнгүй гүйцэтгэл үлэмж их байсан нь маргаангүй. Найруулагч маань дүрээ илүүтэй циник архетипээр бүтээсэн бол бид Loeb-н хамгийн гүн мэдрэмжийг хамгийн торгон харцаар илэрхийлдэг авъяасыг олж харахгүй байх байсан агаад энд Eustache үнэхээр алсын хараатай ханджээ.

Тамхи татах, мисогинист байх, охин хүүхэн өдөх, сээтэгнэх зэрэг өсвөр насны хөвгүүний замаар ойлгохгүй хорвоо ертөнцтэйгөө танилцаж, учраа олж байгаа Daniel бол эрчүүдийн бодит хөрөг болсон гэвэл сүржигнэсэн болохгүй. Эрчүүд бид Daniel-н насан дээр хүрээлэн байгаа бүхнийхээ бүтээгдэхүүн байдаг; кинонд Daniel эргэн тойрныхоо хүмүүсээс урам зориг авч, тэдний амьдралын хэв маягийг даган дуурайдаг: киноны мартагдашгүй нэг сцэн бий, энэ сцэнд Daniel-г эмээ нь цирк үзүүлдэг, циркийн жүжигчиний үзүүлбэр Daniel-н сэтгэлийг булааж, дараагийн сцэнд Daniel циркт үзсэнээ найзууддаа давтан үзүүлдэг. Энэ бол "My Little Loves" киноны үндсэн концепт бөгөөд кино бүхэлдээ Daniel-н хорвоо ертөнцөөр аялж байгааг харуулах өнцгийг баримталж, Daniel эргэн тойрноосоо хэр их хамаатай байгааг харуулдаг. Энэ нь хөдөө болон хотын амьдралын давуу болон сул талыг сонирхолтойгоор авч үздэг (зөвхөн бодит байршил төдийгүй тэдгээрт шингэсэн төрх шинж, хандлага). Eustache гол дүрдээ өөрийн гэсэн дуу хоолой өгдөггүй, харин ойр тойрныхоо хүмүүсийн нөлөөнд автсан хүн болгож дүрсэлсэн нь дүрийг сул дорой харагдуулж магадгүй. Eustache дүрдээ онцгой шинж чанар өгөөгүй тул бид Daniel-тай хэзээ ч холбогдож чаддаггүй. Энэ нь ч дээр магадгүй, учир нь, өсвөр насны хөвгүүний амьдрал угаасаа нөлөөллийн сав байдаг; хэрвээ зөв, оюунлаг нөлөөллийн хүнээ олоогүй бол шүү дээ. 

Comments