Scarecrow (1973). Америкийн кино найруулагч Jerry Schatzberg-н аян замын, комеди-драм. Кино зохиолыг Garry Michael White бичсэн бөөн киноны гол дүрүүдэд; Gene Hackman, Al Pacino нар тоглосон. Уг кино тухайн оны Канны наадмаар Alan Bridges-н "The Hireling" киноны хамтаар наадмын дээд шагнал болох одоогийн Алтан далдуу мод шагналыг хүртсэн. Warner Bros кино компанийн удирдлагууд том төсөвтэй төслүүдээс илүү бага төсөвтэй төслүүд амжилттай байх нь гэж үзээд "Scarecrow" төслийг баталжээ. Найруулагч Schatzberg гол хоёр дүрдээ Pacino, Hackman хоёрыг тоглуулахыг хүссэн агаад тэрээр Pacino-той өмнө нь "The Panic in Needle Park" кинонд хамтран ажиллачихсан туршлагатай байв. Pacino, Hackman хоёр дүрүүдээ ойлгож бас дүрдээ орохын тулд муу хувцас өмсөөд Сан Францискогийн гудамжаар гуйлга гуйж явсан гэдэг.
Жүжиглэлтийн метход аргыг дэмжигч Pacino өөрийнх техник Hackman-нхтай зөрчилдөж байгааг олж харж; Hackman зураг авалтын өмнө чимээгүй болдог байхад Pacino хэмнэлтэй байх ёстой байв. Hackman уг киноны продакшн-д дуртай байснаа хэлсэн байдаг, харин Pacino хожим хэлэхдээ "Hackman-тай хамтран ажиллах амаргүй байсан ч жүжигчнийх нь хувьд би түүнд хайртай" гэжээ. Критикч Vincent Canby киноны гол дүрүүд болох Max, Lion хоёрыг "классик тэнүүлчид" гээд дүрүүдийг гоц бодит болсон гэжээ. Нэлээд сүүл үеийн бичвэртээ критикч Peter Bradshaw киног "Уламжлалт бус шедевр", Hackman, Pacino хоёрын гүйцэтгэлийг замналынх нь оргилууд гэж дүгнэсэн. 2012 он гэхэд "Scarecrow" нь Schatzberg-н замналын хамгийн сайн үнэлгээтэй киноны тоонд орох болсон ба тэрээр киноныхоо үргэлжлэлийг хийхээр болж, 2013 онд кино зохиол бэлэн болж. Үргэлжлэлд, Max, Lion хоёр дахин нэгдэж, Lion хүүгээ амьд байгааг олж мэддэг аж. Гэвч төсөл студийн зүгээс дэмжлэг аваагүй, мөн Hackman кино урлагаас зодог тайлсан байсан тул цуцлагдсан байна. Уг киноны драматик шинж хуучирч болох ч гол дүрүүдийн чанартай тоглолт, Vilmos Zsigmond-н бишрэм зураглалаараа хэзээ ч арилж мартагдахгүй ба ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Хоёр хэсүүлч буюу түргэн ууртай, луйварчин Max болон хүүхэд шиг ааштай, далайчин Lion Калифорни мужийн зам дээр танилцаж, хамтдаа Питтсбург руу явж машин угаалгын газар нээж, түншлэн ажиллахаар тохиролцоно. Lion хэзээ ч харж байгаагүй хүүгээ харах гэж, мөн хүүгийн ээж Annie-тэй эвлэрэхээр Детройт руу зорьж яваа агаад тэрээр далайд байхдаа олсон мөнгөө харж байгаагүй хүү, салсан найз хүүхэн рүүгээ илгээдэг байв. Max Питтсбург руу явахдаа Детройтоор ороод гарахад дургүйцэх зүйлгүй гэж зөвшөөрдөг. Денверт тэд Max-н эгчийнхээр зочилж байхдаа "жижигхэн" хэрэг өдүүлж, улмаар шоронд албадан хөдөлмөр хийхээр хоригддог. Max цаг алдаж шоронд орсонд Lion-г буруутгаж, зайгаа барих хандлагатай болно. Lion тэр дороо л Riley гэдэг залуутай найзлах боловч өнөөх нь түүнийг сексийн хувьд сонирхох ба саналыг нь хүлээж аваагүй учир Lion-г айхтар хэрцгийгээр зодчихно. Хөөрхий болсон Lion Max-гаа бараадаж, Max ч найзыгаа хамгаалан Riley-г нэг сайн чадаж өшөөг нь авч өгдөг; ийнхүү тэдний нөхөрлөл сэргэнэ.
Шоронгоос суллагдсны дараа найзуудын харилцаа илүү дотно болдог ч хэн хэн нь өмнөхөөсөө өөр хүмүүс болсон байна (тэдний үүргүүд өөрчлөгддөг бас). Lion-н сэтгэлийн гэмтэл эдгэсэнгүй, өмнөх шигээ үргэлж инээсэн, санаа зовох зүйлгүй бус цаанаа л дотогшоогоо болсон бол Max-н хүчтэй, түрэмгий төрх байдал нь зөөлөрч, зодолдох дуртай хүн чинь зодооноос зайлсхийж, харин ч бүр Lion-г хөгжөөхийн төлөө бааранд тайчиж алиалдаг. Ингээд тэд Детройтод ирээд Lion Annie руугаа залгахад Annie хүүг чинь зулбуулсан, чамтай өөр яриа хөөрөө байхгүй хэмээн түс тас хэлдэг. Үнэндээ хүү нь амьд билээ. Lion-н сэтгэлд юу болж байгааг бурхан л мэдэх байх гэмээр царайтай болдог ба гэхдээ Max-д удахгүй хүүтэйгээ уулзах нь гэж худлаа хэлдэг. Энэ явдлаас хойш удалгүй Lion сэтгэцийн хямрал орж, кататоник байдалтай болчихно. Max эмнэлэгт хэвтсэн найздаа тусалж, хамт Питтсбург руу явахын тулд юуг ч хийхэд бэлэн болсноор кино төгсдөг.
Энэ танд танил түүх шиг санагдах байх, зохиолч John Steinbeck-н "Of Mice and Men" романд ийм хоёрын найзын гунигтай түүх гардаг; төстэй кинонууд гэвэл "Easy Rider" кинонд Флоридад амар жимэр амьдрахаар аялж буй хар тамхины наймаачдын тухай үзүүлдэг бол "Midnight Cowboy" кинонд мөн л хоёр ядарсан найз Флоридигийн жүржийн төгөлийг үзэх зорилготой байдаг. "Scarecrow" шиг кинонууд нь хэд хэдэн уламжлалт түүхээс бүрддэг; юуны өмнө бид нийгмийн доод давхаргад хамаарах дүрүүдийн талаар тэдний өөрсдөөс мэддэгээс илүүг мэдэж байдаг; дараа нь бид үйл явдлыг хэт өндөр найдлагагүйгээр пикереск аяллын хялбар хэмнэлийг хүлээн авдаг. Цаг үеийнхээ хамгийн авъяаслаг жүжигчдийн тоонд маргаангүй ордог Al Pacino, Gene Hackman хоёр энэ киног "босгосон" ба өнөөдрийн үзэгчид тэднийг хамтад дэлгэцэн дээр харна гэдэг бэлэг юм. Тэдний харилцан яриа, киноны байршлууд үнэхээр бодитой тарчиг, доод түвшний мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд зам, уушийн газрууд, зоогийн газар, шоронгийн ферм зэрэг орно. Scarecrow буюу мануухай нь хэрээнүүдийг айлгадаггүй, харин инээлгэдэг гэсэн киноны санаанаас бид дүрүүдийн симболик утсыг олж болно.
Зураглаач Vilmos Zsigmond "McCabe and Mrs. Miller" кинонд гаргасан зураглалынхаа өнгө төрхийг шууд "Scarecrow" кинонд авчирсан гэж үздэг буюу уг бүтээл маш их гэрэлтсэн зураглалтай байдаг; үзэгчид манан дундаас дүрүүд рүү ширтэж байгаа юм шиг санагддаг. Ганц, хоёр сцэнд энэ их гэрэл байж болох ч хоёр цаг үргэлжлэхэд жаахан түвэгтэй. Найруулагч Schatzberg кадрыг удаан үргэлжлүүлэх сонирхолтой байдаг нь нээлтийн зоогийн газар дахь яриатай хэсгээс харж болно. Энэ киног үзэхэд Hackman, Pacino хоёртой аль болохуйц удаан хамт баймаар санагддаг. Хоёр найз аварга, ганцаардмал ертөнцөд бие биедээ хань болж байх шиг санагддаг ба та тэдний ертөнцөд нэг мэдэхэд л орчихсон байдаг.

Comments
Post a Comment