The Cranes Are Flying (1957). Цэлмэг тэнгэрт тогоруун цуваа нисэн өнгөрөхөд Москва хотын гудамжинаа хайрынхаа сэтгэлд согтож, халхлах үүлгүй тунгалаг ирээдүйдээ бат итгэцгээн зугаалах залуухан хоёр хос атаархам хөгжилтэйгөөр сэтгэл тэнүүн, зөвхөн эл цаглашгүй жаргалтай мөчдөө гацчихсан юм шиг алхахуй. Хосууд тогоруун цувааг харж хөгжин байх үед киноныхоо гол дүрүүдтэй хурдхан шиг танилцаад авцгаая; нүдэнд дулаахан, тийм ч царайлаг биш ч төрх байдлаасаа зоримог шийдэмгий, үнэнч залууг Boris гэх бөгөөд шударга сайхан сэтгэлтэй эцэг Fyodor болон эх, \кинонд эх нь чухал байр суурь эзлэхгүй учир нарийн тодотгохгүй\ эршүүд эгч Irina аавынхаа талын хамаатан үе тэнгийн, царай зүс сайтайн дээр хөгжим тоглох муугүй авъястай, муу юманд ухаан зарахдаа гаргууд Mark, мөн тэгээд эцэст нь хайрт эмээгийнхээ хамт орон сууцанд амьдарна.
Харин киноны маань гол дүр Veronika-д бурхан тэнгэр гоо үзэсгэлэнг харамгүй заяасан бөгөөд ялимгүй эрх дураараа, жаахан хэтэрсэн мэт сахилгагүй хүүхдээрээ зан ааш нь залуу сайхан өнгө төрхийг нь улам энхрий, халдашгүй ариун болгох ба тэвчээртэй, зоригтой шударга зан чанар хийгээд өөртөө итгэлтэйг нь нотлох үйл хөдлөлөөс нь тодхон харж болох, харин бүсгүйн гэрийнхний талаар ярих нь илүүц болохоор шууд алгасч, тогоруун цувааг хөөрөн баясан харж байгаа хос хоёроо танилцуулахад ийм байна. Өгүүлэн буй он цаг бол дэлхийн хоёрдугаар дайны үе буюу нацист Герман итгэл эвдэн Орос руу дайрахаас ердөө ганцхан хоногийн өмнө болой. Зөрүүд дээр нь эх оронч Boris дайнд явах өргөгдлөө сайн дураараа өгчих ба үүнийгээ гэрийнхэн болон хайртай хүүхэндээ ч хэлэхгүй байж байгаад явахынхаа өмнөхөн хэлж эцэг болон сүйт бүсгүйнхээ сэтгэлийн тийм гэхийн аргагүй гонсойлгоно. Эцэг жаал загнаж байгаад тайвширан хүүгийнхээ зөрүүдийг хүлцэн өнгөрүүлэх бол хурим бодож байсан Veronika хамгийн их хүндээр эл мэдээг хүлээж авав ч угийн хатуу, тэвчээртэй тэрээр “би яах болж байна” гэж цөхрөн хэлээд л өнгөрнө.
Сайн дурынхныг цэрэгт татах өдөр ирэхийг тохиолдуулан Fyodor-нхон хүүгээ дайнд морьдуулах цайллага хийх бөгөөд үүнд Veronika хамгийн хүндтэй зочин байв, бүсгүй энэ айлаар орж гардаг, нэг үгээр хэзээний бэр нь болсон ба тэр өдөр чухам яагаад ч юм Veronika цайллагаас хоцрон сүйт хархүүгээ гаргаж өгч чадахгүй. Veronika санд мэнд Fyodor-нд ирэхэд Boris өртөө руу явсан байх агаад өртөө дээр очиход бас л хожимдож, Boris-нхоо марш алхаагаар алхаж байгааг холоос үзэж, хичнээн дуудавч сонсохгүй байх нь нулимсыг улам асгаруулах бол Boris сэтгэлтэй хүүхнээ хүлээж, хүлээж явахдаа, яагаад ирсэнгүйг нь гайхаж, гэнэт явах болсоноо хэлэхэд нь бүсгүйг өөрт нь гомдож гэж бодон, гэмшил харуусал хослон алхана аа.. Boris явахдаа Veronika-д чихмэл тоглоомон хэрэм \тэр түүнийг хэрэмхэн гэж өхөөрдөн дууддаг\ болон хэлж амжаагүй сэтгэлийн үгсээ бичсэн захиа үлдээж, захиагаа хэрмэн дотроо хийж, эмээдээ “үүнийг түүнд минь өгөөрэй” гэж хэлээд явсан ба эмээ ч хэрмийг бүсгүйд өгөвч бүсгүй хэрмэн дотор захиа байгааг мэдэхгүй, зүгээр ийм тоглоом үлдээж гэж бодон жаахан гомдолтой үлдэж хоцорно, Boris яаруу сандруу явахдаа захиагаа хэрэм дотроо хийснээ эмээдээ хэлж амжаагүй агаад захиаг тийм байдалтай байгааг хэн ч мэдэхээргүй байжээ.
Сүүлд салахдаа түр тар хийсэн хийгээд дайн руу ирэх эсэх нь тодорхойгүй нөхцлөөр хайртыгаа явахад эцсийн удаа ч юмуу, салах ёсны журмаар үнсээгүй Veronika айхтар шаналах агаад Boris явсанаасаа хойш чимээ сураггүй болж, хот ч жинхэнэ дайны байдалдж жилжих буюу агаарын бөмбөгдөлтөөс хотын оршин суугчдын хамгаалсан газар доорх хорогдох байр хүртэл бий болжээ, энэ хугацаанд. Хот байн байн бөмбөгдөлтөд өртөж, харин Boris-оос сураг ажиггүй, Veronika санаа зовон, бодол болон сураг хүлээх агаад түүнийг нэг хүн сүүдэр шиг дагах нь Mark ажээ. Mark бүсгүйд дурлаад удаж байгаа бөгөөд сэтгэлээ ч аль эрт илчлээд амжсан. Үүнийг нь бүсгүй тас хорьсон бол Boris мэдээгүй, Boris-г явахаас өмнө Veronika Mark-н хандлагийг зухас хэлэхэд Boris мэдээж итгээгүй бас тоож үзээгүй, харин ч явахдаа Mark-д сүйт бүсгүйгээ харж хандахыг гуйсан нь Mark-н олз болсон гэлтэй. Аймхай, хулчгараа урлагийн хүн болно гэсэн нэрийдлээр хайцаалан дайнд явахаас мултарсан Mark ээлжит нэгэн бөмбөгдөлттэй шөнө Veronika сэтгэлээр туйлгүй унаж, үхсэн ч хамаа алга хэмээн цөхрөн байх үед нь чоно борооноор гэгчээр дайран хүчээр эзэмдэж бүсгүйн үнэт бахархлыг үгүй хийн, нэг ёсондоо өөрийн болгоно.
Чухам юуны учраас ийм эмгэнэлтэй явдал болсныг хэлэхийг зөвшөөрнө үү. Дайны үеэр гэртээ үлдэгсэд арын алба болох эмч сувилагч хийнэ, үүнд эцэг Fyodor, охин Irina болон Veronika нар ажиллах бөгөөд нэг гайт өдөр Veronika-г гэртээ иртэл гэрийг нь юу ч үгүй бөмбөгдөж, хөөрхий бүсгүйг өнчрөн хоцроход сайхан сэтгэлт Fyodor түүнийг бэрээ гэж үзэн гэр бүлдээ авчээ. Эцэг эхээ үүрд алдаж, хайртаасаа сураг тасарсан бүсгүй зовлондоо уймран үхэхийг хүсэх бөгөөд ээлжит бөмбөгдөлтийн үеэр цөмөөрөө хорогдох байрт ороход Veronika яавал ч яаг гэж гэртээ үлдэхэд Mark түүнтэй хамт үлдэж боломжийг ашиглан сайхь бузар хэргээ үйлджээ. Энэ үеэр эх орон оо хамгаалан эрхлэгээр тулалдаж явсан Boris амь үрэгдэх агаад зүгээр нэг үхэх биш нөхрөө авраад өөрөө амь эрсддэг. Дайны үеэр шуудан уддаг тул түүний үхсэн мэдээ ар гэрийнхэнд нь очихгүй ба хамт тулалдаж явсан нөхөртөө үхэхээсээ өмнө Veronika-н зургийг өгч амжжээ. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрч, дайн шувтрах дөхжээ. Veronika ичсэн сэтгэл, нэр нүүрээ бодож Mark-тай хуримласан байх агаад Fyodor-оор ахлуулсан энэ гэр бүл Москвагаас нүүж шархдсан цэргүүдийг эмчлэх эмнэлэгт ажиллаж, амьдарцгаана.
Эцэг Fyodor эмч хийх бол Irina, Veronika хоёр сувилагч хийж, Mark хөгжим тоглох нэрийдлээр архидан согтуурч, элдэв бусын хүүхнүүдтэй явалдана. Boris-оос огт чимээгүй учир цөм наанаа амьд гэж ярицгаавч дотроо үхсэн гэдэгт нь итгэцгээнэ. Boris-г хүлээж чадалгүй Mark-тай суусанд Irina Veronika-г үзэн ядах бол Fyodor юу ч хэлэхгүй. Boris-г амьд, тэгээд заавал эргэж ирээд өөрийг нь аваад явна гэдэгт Veronika итгэх бөгөөд өглөөнөөс үдэш хүртэл захиа занаа, сураг чимээг тэвчээртэй хүлээж, үүнийгээ амьдралын хэв маяг, дүрэм журам болтол нь өөртөө суулгаж, Mark-г ерөөсөө тоохгүй, ам л нээвэл хэрэлдэн “Mark чамайг төрөөгүй байсан ч болоосой гэж би хүсэж байна” хараан зүхнэ. Харин өнөөх мангар хар нь хошуу дэвсэн нялганана. Нэг өдөр эмнэлэг дээр шархдсан цэрэг эрийн сүйт хүүхэндээ хаягдсандаа амиа хорлох завдлыг Fyodor айхтар зэмлэн буруушаахдаа, тэр хүүхний тэвчээргүйг, өөрийнх нь төлөө тулалдаж тахир дутуу болсныг нь үл тоомсорлон өөр эр дагаж тэнэглэснийг нь онцлон дурдан сүрхий аашилж байхын Veronika сонсон, энэ бүхэн яг өөрт нь хандаж хэлж байгаа \тийм ч бай, үгүй ч бай ялгаагүй\ гэж бодож, сэтгэлээр гутран, өөрийгөө үзэн ядаж амиа хорлохыг завдах мөчид зам дээр нэг жаалхан хүү хариугүй машинд дайруулах гэж байх бөгөөд бүсгүй хүүг авран нэрийн асуутал “Boris гэх ба эцэг эхээ алдсан өнчин амьтан” байна.
Бүсгүй өнчин жаалыг өрөвдөхийн сацуу нэрийг нь хайрлан гэртээ аваачих ба хүүг нөгөө хэрэм тоглоомоороо тоглуулах гэтэл алга байж, Irina тоглоомыг Mark хүнд өгөхөөр аваад явсан гэнэ. Уурандаа шатаж, яахаас ч буцахгүй болсон Veronika Mark-н байгаа газар очиход өнөөх нь бөөн согтуучуудын дунд, хэрэм нь нэг хүүхний гарт буюу захиаг нь уншиж байна. Хэрэм дотроо захиатай байсныг Veronika ингэж л мэдэх бөгөөд захиаг уншихад “миний цорын ганц хайраа, дайн болж байхад бид зүгээр сууж болох уу? Намайгаа уучлаарай, үүнээс өөр арга байсангүй, удахгүй эргэж ирээд урт удаан хамт амьдарнаа” гэсэн байх ба Veronika гэртээ ирээд шууд Mark-аас салах бол Fyodor Mark-н увайгүй зан хийгээд өөрийнх нь нэрийг ашиглаж мөнгө зээлж байсныг бас олж мэдээд түүнийг гэрээсээ хөөж орхино. Уг явдлаас хойш Fyodor-нхон Veronika-г уучилж, хуучин шигээ хайрлацгаана.
Төд удалгүй нэг шархдсанаасаа болж халагдсан цэрэг Fyodor-нд ирж Veronika-тай уулзах агаад Boris-г үхсэн гээд бүсгүйд эмгэнэл илэрхийлж гарын үнсэнэ. Энэ бол нэг төрлийн баталгаа боловч тэр цэрэг Boris-г үхсэн л гэж сонссоноос яг нүдээр харж, оршуулж булхыг нь хараагүй гэнэ. Энэ бүхэн жаахан ч гэсэн итгэл найдварын галыг Veronika-д үлдээх бөгөөд ерөөс итгэл найдвар нэгхэн хувь байсан ч итгэл найдвар хэвээрээ л оршин байдаг билээ. Ингэж байтал дайн дуусч, Оросын ард түмэн нацистуудыг эчээнд нь дарж, тэнгэр дахин цэлмэж тогоруун цуваа нисэн өнгөрөхөд ялсан баатрууд эх орондоо ирэх бөгөөд эцгээ, нөхрөө, ахыгаа хүлээж тоссон хүүхнүүд цэцгэн баглаагаар жигдэрсэн нь эгээ л цэцгийн талбай шиг ээ. Энэ дунд Veronika бас цэцэг барих зогсох ба харцаараа бас хүслээрээ Boris-оо хайж, гараад ирээсэй гэж хүсэх нь дэндүү өрөвдөм, дэндүү сэтгэл хөдөлгөм. Энэ үеэр Boris-той хамт явсан, үхснийг харж, бүр оршуулсан найзтай нь Veronika уулзаж зөвхөн Boris-д л байх ёстой өөрийнхөө зургийг олж авсанаар баярлаж хөөрсөндөө уйлцгаан байсан олны дунд итгэл найдварынхаа эмгэнэлт төгсгөлд ганцаар уйлан явах нь зүрх зүсэм.
Гүрж-Зөвлөлтийн кино найруулагч Mikhail Kalatozov-н дайны сэдэвт драм. Кино зохиолыг Viktor Rozov бичсэн бол гол дүрүүдэд Aleksey Batalov, Tatiana Samoilova нар тоглосон. Зөвлөлтийн кино урлагт гүн гүнзгий нөлөө үзүүлсэн "The Cranes Are Flying" бол 1950-аад оны сүүл, 1960-аад оны эхээр Америкийн арт театруудад гарсан хэд хэдэн Зөвлөлтийн кинонуудын нэг бөгөөд нэр төр, энэрэнгүй сэтгэлийг үлгэрлэхүйц үзүүлсэн нь Нэгдсэн Улсын үзэгчдийг гайхшуурлсан байдаг. Уг киноны гайхамшиг нь Социалист реализм ноёрхохоос өмнөх Зөвлөлтийн соёлыг сэргээж байсан хоёр уламжлалаас улбаасан бишрэм дүрслэлийн хэв маяг буюу Vsevolod Meyerhold болон бусад конструктивист уран бүтээлчдийн авангард театр, мөн кино монтажийн урлагт мөрөөдөж ч байгаагүй боломжуудыг нээж олсон алдарт монтаж хөдөлгөөнийг тэргүүлэгчид болох Sergei M. Eisenstein, Dziga Vertov нарын кино урлагийн хэл зэрэг юм. Жүжигчдийн мэдрэмж гүйцэтгэл, үзэсгэлэнтэй уран сайхны ялалт болсон энэхүү киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 358-р байрт эрэмбэлээд байна.
Киноны гол дүр Veronika бол Сталины дараах эриний Зөвлөлтийн кино урлагийг дэлхийд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг буюу илүү түвэгтэй олон хэмжээст киноны эмэгтэй баатруудыг сурталчилан таниулж, дайны нөлөөг эгэл ард түмэнд ойлгуулах зорилготой кино болон дүрүүд бий болгож байсан цаг аж. Veronika-н түүхийг зөвхөн Зөвлөлтийн үзэгчид хүлээн авч, өрөвдсөнгүй, Veronika-д тоглосон жүжигчин Tatiana Samoilova Европт од болж, ер нь энэ дүрээрээ байнга дурсагдах болсон. Тус кино Канны кино наадмын дээд шагналыг хүртэж, дэлхий нийтээрээ жүжиглэлт, зураглал, эвлүүлэг, продакшны ажлыг нь талархан хүлээж авсан. Францууд Samoilova-н цэвэр, жинхэнэ шинжийг өөрсдийнхөө од Brigitte Bardot-той харьцууулж байв. Samoilova нэгэн наадмын үеэр шүтэн бишрэгчээсээ цаг бэлгэнд авсан ба бэлэг дээр "Эцэст нь бид Зөвлөлтийн киноноос хуурамч биш жинхэнэ төрхийг харлаа" гэж бичсэн байжээ. Францын кино найруулагч Claude Lelouch уг киног өөрийнхөө дуртай кинонуудын нэгээр нэрлэсэн байдаг ба "Энэ кино ямар ч түвшинд хуучраагүй, гайхамшигтай хэвээрээ байна. Энэ бол миний үзсэн хамгийн үзэсгэлэнтэй кино. Зарчмын хувьд би үүнээс илүү сайн кино үзээгүй байх. Энэ кино биш, харин гайхамшиг" гэсэн байдаг. Lelouch "Citizen Kane", "Napoleon" кинонуудын хамтаар эл бүтээлийг өөрийнхөө "кино урлагийн пантеон"-д багтаажээ.
1941-1945 оны хооронд нацист Германтай хийсэн дайны улмаас Зөвлөлтийн ард түмэнд учирсан хор хохирлыг эцэслэн тогтоогүй байгаа, бараг боломжгүй болов уу. Хамгийн өргөн тархсан тооцоогоор 27 сая хүний амь эрсдсэн гэдэг ч зарим судлаачид энэ тоог олон саяар бага гэж үздэг. Joseph Stalin-н дэглэмийн үед Зөвлөлтийн кино урлагт дайны эмгэнэлт явдлыг ариун золиос юмуу зөвхөн хэдхэн баатар дайчдын улиг болсон байдлаар үзүүлдэг байсан; 1953 онд Stalin нас барснаар Зөвлөлтийн нийгэм даяар арай аядуу байдал бий болсон гэж үзэгсэд байдаг. Энэ аядуу байдал Зөвлөлтийн кино урлагт ихээхэн нөлөөлж, кино бүтээгчид Stalin-н үеийн оптимизмаас татгалзаж, энгийн хүмүүсийн психологи, сэтгэл хөдлөл, баяр хөөр хийгээд уй гашууг, тэр ч байтугай зарим нэг идеолигийг ч зухуйлгаж эхэлсэн аж. Жараад оны хоёрдугаар хагаст цөхрөлийн цинизм бүдгэрч, шинэ боломжууд кино урлагт мэдрэгджээ. Улмаар судлаач Josephine Woll-н хэлснээр, "Stalin-н дараах кино урлагийн анхны маргашгүй шедевр" гарч ирсэн нь "The Cranes Are Flying" байв. Mikhail Kalatozov-н энэхүү сор бүтээлийн урьдчилсан үзвэр орсон салбарын нөхдүүдийн сэтгэл туйлгүй хөдөлсний дотор нэрт найруулагч Mikhail Romm үзвэрийн туршид нулимс дуслуулан суусан гэдэг.
Уг киног анх үзсэн ямар ч хүний сэтгэлд бусдыг хайрлах халуун энэрэх сэтгэл төрдөг, төрөх ёстой; анхны мэдрэмжийг хөгцтэй байшингаар шинэхэн салхи нэвт үлээх шиг мэдрэгддэг гэж зүйрлэмээр. Киноны туршид найруулагч маань олон нийтийн дассан улигт байдлаас илүүтэй хувийн мэдэгдлээ илэрхийлдэг. Veronika болон Fyodor нар Boris-г дайнд явахыг мэдээд түгшин зовж байгааг кино нуухыг оролдоогүй харин ч илэрхий тодотгодог. Fyodor өөрийн ажилладаг үйлдвэрийн хоёр комсомолчийн Boris-д хандан хэлсэн үдэлтийн улиг болсон үгийг тэвчээргүйхэн шоолж, товчлуулж байгаа нь тухайн цагт зоригтой шийдэл байв. Киноны шинэлэг зүйлсийн дунд Veronika-н дүр ч багтдаг ба Samoilova-д Kalatozov ер бусын онцгой дэлгэцийн дүрийг олж өгсөн. Samoilova зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ төдийгүй киноны эхлэлд ойрын зураглалын кадрт буусан жаргалтай үедээ ч, дараа дараагийн шаналж, цөхөрсөн гунигтай илэрхийлэмжтэй хэсгүүдэд ч гайхамшигтай сайхан харагддаг. Veronika киноны ихэнх хэсэгт хөдөлгөөнтэй байдаг ба Samoilova-н царай дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гэрэлтүүлж байдаг. Хэрэв кино үзэгчдийг Veronika-гоор л татаж байгаа гэж үзвэл энэ нь зөвхөн жүжигчин бүсгүйн тун сайн тоглолт, туйлын гоо үзэсгэлэнд байгаа биш, харин мөн Batalov-н дүрийн түүнд үргэлж хүлцэнгүй хандаж, хүлээн зөвшөөрч байгаатай холбоотой.
Үзэгчид Boris-н бүсгүйтэй яагаад ийм зөалөн байгааг ойлгодог. Хосуудын дэлгэцэн дээр хамт өнгөрүүлсэн хугацаа хязгаарлагдмал боловч тэдний хамтдаа өнгөрүүлэх мөчүүд тун эрчимтэй бас оновчтой тул бидэнд тэр хоёрын хамт байсан хугацаа удаан үргэлжилсэн мэт санагдана. Kalatozov энэ эффектийг улам өтгөрүүлдэг буюу Хосуудын харилцаа мөнхийн хугацаанд оршиж байгаа юм шигээр өглөө эрт Москвагийн эзгүй гудамжинд амраг хосуудын жаргалтай мөчийг киноны үндсэн гарчгийн өмнө тусдаа оршин болгон оруулжээ. Найруулагч Boris, Veronika хоёрыг өндөр ба нам өнцгөөс ээлжлэн авч, ингэснээр хот болон тэнгэр шууд холбогдож, хязгааргүй энх тайвныг амлаж байгаа юм шиг санагддаг. Киноны үлдсэн хэсэгт дайнаас болж хагацсан хосуудын тухай өгүүлдэг бөгөөд энэ нь тэдний эргэн уулзахыг хүссэн хүслийг дүрслэхдээ үзэгчдийг ч энэ хүсэлдээ татан оруулчихдаг. Киноны өнгө аяс хувхайрч, Veronika хувь тавилангийн занганд орсон дүр болж хувирдаг. Mark бүсгүйг хүчинддэг хэсэг албан ёсны агаад хураангуйлсан товч хэлбэртэй байдаг; агаарын бөмбөгдөлтийн галанд гэрэлтсэн, эргэн тойрон нь намирсан даавуун агуй юм шиг орон сууцанд тэр хоёр гэнэт зурагт романы дүрүүд шиг болж, Veronika ухаан алдан унах хүртлээ Mark-г алгадаж, жигшин ширтдэг, дараа нь Mark бүсгүйг хагарсан шилээр дүүрэн шалан дээгүүр тэвэрсээр авч оддог.
Энэ сцэний дараа Boris мэргэн буудагчийн суманд өртөн үхэж байгааг харуулдаг. Эл эмгэнэлт явдлын тухай киноны хэтрүүлэгтэй уянгалаг явдал нь Veronika-н зовлон зүдгүүрийн сцэний хариу болдог; камер Boris-той хамт алгуурхан унахдаа өвлийн хус модтой тэнгэрийг ширтэж, энэ нь өөрийнх, мөн Veronika-н хуримын хуурмаг үзэгдэл болж хувирдаг. Тодорхой тайлбар байхгүй учир Veronika-н Mark-тай гэрлэх шийдвэрийг түүний өөрийгөө шийтгэж байна гэж таамаглахад хүргэж магадгүй. Уг кино дайны үед гэртээ үлдсэн эмэгтэйчүүдийн туулсан зовлон гачигдлын хэдийнээ танил болсон сэдвийг өөрчилсөн; Veronika сэтгэлийн зовлонгоосоо болж өөрийгөө золиослосон (магадгүй тулалдаж буй эрчүүдтэй адилтгасан) гэж дүрсэлсэн байдаг. "The Cranes Are Flying" кино, сүүлийн хэсэгтээ эмчилгээний өгүүлэмжтэй болдог агаад Veronika ичгүүрийн тэмдэг болсон Mark-аас салж, хохирогчийн сэтгэхүйгээсээ ангжирна. Кино эцэст нь, Veronika-д хагацсан Boris--нх нь оронд хоёр үнэ цэнэтэй бэлгэдэл болсон хоёр хүнийг өгдөг; нэг нь өргөмөл хүү Borka бол нөгөө нь Boris-н хувь тавиланд гэм буруугийн мэдрэмжээс болж Veronika-тай холбогдсон цэрэг Volodya юм. Дайнаас эргэн ирсэн баатруудаа хүлээн авч буй Москвагийн сүр жавхлант баярт киноны төгсгөлийн үзэгдэлд Veronika итгэл найдварын биелэл болсон анхны төлөв байдалдаа дахин ороод Boris-д зориулж бэлдсэн цэцгүүдээ таарсан хүн болгонд өгдөг. Хагацал ба эдгэрэлийг зэрэгцүүлэн харуулсан уг кино гайхамшигтай гол дүрээ эцэст нь хүн төрөлхтний дунд дахин оруулснаар төгсдөг.

Comments
Post a Comment