Stand By Me (1986). Америкийн кино найруулагч Rob Reiner-н хүн бүрийн хүүхэд нас, дурсамжийг сэргээх насанд хүрэх явцыг харуулсан гайхалтай драм. Америкийн нэрт зохиолч Stephen King-н хагас намтарчилсан "The Body" гэдэг зохиолоос сэдэвлэсэн уг киног үзээд хүүхэд насны тэнэг, сахилгагүй, зоригтой үеэ санахгүй байж хэн ч чадахгүй. Дуучин Ben E. King-н дуунаас гарчигласан уг кино нөхөрлөлийг, насанд хүрэх явцыг, жижиг газрын онцлогийг судлах ба гол дүрүүдэд; Will Wheaton, River Phoenix, Corey Feldman, Jerry O'Connell (түүний дебют байсан) нар тоглосон. Тухайн үеийн балчир жүжигчдийн тоглолтод алга таших хэрэгтэй. Тэгвэл туслах дүрүүдэд; Richard Dreyfuss, John Cusack, Kiefer Sutherland нар тоглосон. Эх зохиолыг Bruce A. Evans, Raynold Gideon хоёр кино зохиол болгосон ба тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг сэдэвлэсэн кино зохиол төрөлд нэр дэвшиж байв. Эл бүтээлийг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 726-р байрт эрэмбэлээд буй. Өсөж том болох сорилт, Stephen King-н дуу хоолой нийлээд носталжик, ухаалаг киног бий болгожээ.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. 1985 он, зохиолч Gordon "Gordie" хүүхэд насных нь дотно найз болох Chris хутгалуулж үхсэн болохыг сониноос олж уншаад гашуудан байна. Тэрээр 12 настайдаа Chris болон өөр хоёр найзууд Teddy, Vern нарын хамтаар Орегон мужийн Кастл Рок (зохиомол хот) хотын ойролцоо алга болсон Ray хэмээх хүүгийн цогцсыг хайж олохоор аялалд гарч байсан явдлаа эргэн санаж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. 1959 оны Хөдөлмөрчдийн баярын өдөр. Gordie-г хүүхэд байхад нь ах нь нас барсан ба түүний эцэг эх том хүүгээ үхсэнд гашуудан, өөрийг нь тоодоггүй мэт санагдана. Нас барсан хүү нь тэдний бахархал, гол анхаарлаа хандуулдаг хүү нь мэт Gordie-д санагддаг байж. Vern том ах нь найзтайгаа цогцсыг олсон ч машины хулгайн хэргээр цагдаагийн газартай асуудалтай байгаа тул энэ талаараа цагдаа нарт мэдэгдэхгүй байх тухай нууцаар ярьж байхыг санаандгүй сонсчихно. Vern энэ мэдээгээ гурван найздаа хэлснээр хөвгүүд орон нутгийн баатрууд болно гэж итгээд цогцсыг хайж олохоор шийдвэрлэдэг. Chris аавынхаа бууг хулгайлах агаад Chris, Gordie хоёр ингэж яваад хотын хулигаан Ace гэгчтэй таарч, дээрэлхүү Ace Gordie-н ахынх нь бэлэг болох бэйсболлын малгайг дээрэмдчихнэ. Хөвгүүд аяллаа эхлүүлнэ.
Тэд хогийн цэг дээр ирээд ус авах гэж байгаад тэр газрын эзэнд баригдаж, улмаар нохойнд нь туугдаж золтой л бариулчихгүй өнгөрнө. Энэ үеэр газрын эзэн Teddy-н халагдсан цэрэг аавыг сэтгэцийн өвчтэй гэж доромжлоод зогсохгүй хүүг өөрийг нь аавдаа чихээ зэрэмдэглүүлсэн гэж доромжилж, эмзэг цэгийг нь хөндөнө. Гэхдээ аялал үргэлжлэх бөгөөд Chris Gordie-г эцэг нь зөвшөөрөхгүй байгаа ч авъяаслаг зохиолч болох чадвартай, хүслээ битгий орхиорой хэмээн урамшуулдаг. Нэг хөгжилтэй сцэнд хөвгүүд төмөр замаар явж байгаад дайруулахын даваан дээр гүүрнээс үсрэн амь гардаг. Шөнө болж хөвгүүд отоглоно; энэ үед Gordie найзууддаа "том бөгст" гэдэг зохиосон түүхээ ярьж өгөн зугаацуулдаг. Сайхь шөнө Chris Gordie-д гэр бүлийнхээ муу нэрнээс болж шаналдагаа, хэн ч өөрт нь итгэдэггүйд гомддог тухайгаа ярин уйлдаг. Маргааш нь, хөвгүүд намаг дундуур явж байгаад хануур хорхойд "идэгддэг" бөгөөд Gordie дотуур өмднөөсөө нэг хорхой гаргаж ирээд ухаан алдчихдаг. Ингээд хөгжилтэй явдлууд өндөрлөж, тэд хүүгийн цогцсыг олно. Энэ явдал Gordie-г цочроох буюу тэрээр яагаад ах нь үхэх ёстой байсан гэж, аав нь өөрийг нь үзэн яддаг хэмээн уйлахад Chris түүнийг тайтгаруулдаг. Энэ үеэр Ace нөхдийнхөө хамт ирээд өөрт нь цогцсыг үлдээвээс та жаалуудын мууг үзэхгүй явуулъя гэхэд Chris татгалзаж, Gordie буугаа гаргаад ойртвол буудна шүү гэж сүрдүүлсэнээр Ace нөхдийн хамт буцах ба явахдаа хэзээ нэгэн цагт өшөөгөө авахаа тангараглана. Хөвгүүд Ray-н үхлийг ашиглах нь буруу гэж үзээд нэрээ нууцлаад цагдаад мэдэгдчихнэ. Тэд буцаад Кастл Рокдоо харина.
Кино одоо цагт ирэхэд насанд хүрсэн Gordie дурсамж болон туршлагаасаа сэдэвлэсэн номоо дуусгаж байна. Тэрээр энэ явдлаас хойш Teddy, Vern хоёртой холбоо тасарсан бол Chris-тэй хамт коллежид явсанаа дурсан ярьдаг. Цааш нь, мөн Vern их сургуулиа төгсөөд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон, харин Teddy армид элсэх гэж оролдсон ч сонсгол бас хараа муу гээд тэнцээгүй, улмаар шорон оронд орсон гэдэг. Chris түүнтэй хамт коллежид сурч байгаад хожим хуульч болсноор тэд холбоо тасарсан ажээ. Gordie хамгийн сайн найзынхаа үхлийг сониноос уншсан нь энэ буюу. Тэрээр Chris-тэй арав гаруй жил уулзаагүй боловч түүнийг үүрд дурсан санах болно гэж бичээд "Хожим би 12 настай байсан үеийнх шигээ хэзээ ч тийм сайхан найз нөхөдтэй байсангүй" гэсэн өгүүлбэрээр номоо дуусгаснаар кино ч төгсдөг.
Продюсер Bruce A. Evans 1983 онд найз, кино зохиолын хамтрагч Raynold Gideon-н эхнэрийнх нь төрсөн өдрөөр Stephen King-н "The Body" зохиолыг бэлэг болгон өгсөн бөгөөд энэ үеэс Gideonz Evans хоёр сайхь номонд дурлаж, кино болгохоор хөөцөлдөж эхэлжээ. Тэд King-н төлөөлөгчтэй холбогдоход King $100,000 дээр нэмэх нь киноны ашгийн арван хувийг шаарджээ. Киног борлуулахад гол үндсэн зүйл болох од жүжигчин олох боломжгүй байсан тул киноны ашгийг хуваах дээр асуудал үүссэн ч Evans, Gideon хоёр төслийг найруулагч Adrian Lyne-д зарахаар хөөцөлдөж эхэлжээ. Adrian Lyne номыг уншиж үзээд продюсерүүдтай хамтрахаар болсон боловч Embassy Pictures кино студээс өөр студи төслийг сонирхсонгүй. Embassy студийнхэн King-н төлөөлөгчтэй 4 сар ярилцсаны эцэст анхны саналыг нь үлэмж бууруулж чаджээ. Evans, Gideon хоёр кино зохиолыг 8 долоо хоногт бичсэн бөгөөд өөрсдөө продюсерээр ажиллахыг хүссэн ч Embassy илүү туршлагатай продюсер болох Andrew Scheinman-г хамтрагчаар нь тавьсан. Evans, Gideon хоёр ашгийнхаа тал хувийг найруулагч Lyne-д өгвөл энэ киног Lyne-аар найруулуулна гэсэн тохироог бас Embassy хийсэн байдаг. Найруулагч Lyne өөр төсөл дээр ажиллаад туйлдаад байсан тул хэсэг амарч байгаад ажилдаа оръё гэсэн буюу түүнийг 1986 оны хавар хүртэл хүлээх ёстой болов.
Харин тухайн үед илүүтэй жүжигчин гэдгээрээ танигдаж, дөнгөж л "This is Spinal Tap" киногоороо найруулагчийн хувиар анхаарал татаад байсан Rob Reiner-д Scheinman кино зохиолыг илгээж, Reiner зохиолыг ирээдүйтэй гэсэн "тодорхой бус" гэсэн хариу өгсөн гэдэг. Ийнхүү Lyne төслөөс гарч, Reiner орыг нь залгасан ба тэрээр 2011 онд өгсөн ярилцлагадаа; Gordie-н дүрд анхаарах ёстойгоо ойлгосон талаараа ийнхүү ярьсан: "Ном дөрвөн хөвгүүний тухай байсан, гэхдээ би Gordie-г гол төвөө болговол утга учиртай болох юм шиг надад санагдсан. Энэ кино бол бүхэлдээ өөрийгөө сайнаар боддоггүй, аав нь өөрт нь хайргүй гэж итгэдэг хүүгийн тухай юм. Үхсэн хүүгийн цогцсыг олохоор явж байгаа, тэдгээр хөвгүүдтэй нөхөрлөсөн мэдрэмж түүнийг амжилттай зохиолч болгосон. Тэр үндсэндээ Stephen King болсон". Найруулагч Reiner-н аав Carl Reiner алдартай комедиан байсан ба тэрээр аавынхаа алдрын сүүдрээс гарч өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөх гэж зүдэж байсан нь Gordie-н нөхцөл байдалтай төстэй гэдэг буюу зохиолчид Reiner-н зарим санааг зохиолдоо тусгаж өгсөн гэдгээс энэ нь харагдах болов уу. 1985 онд зураг авалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Embassy-г Columbia Pictures худалдаж аваад төслийг зогсоохыг төлөвлөсөн бөгөөд Norman Lear гэгч Embassy студийг үүсгэн байгуулагчдын нэг Reiner ба кино зохиодд итгэж байна хэмээн өөрөөсөө багагүй мөнгө гаргаснаар төсөл амьтай үлджээ. Гэвч кино зураг авалт дууссан ч дистрибьютэр олдоогүй; Paramount, Universal Pictures, Warner Bros. гээд бүгд татгалзсан ба Colorado Pictures продакшны тэргүүн Guy McElwaine гэгч гэртээ киног үзэхэд (учир нь өвдсөн байж) охиуудад нь кино тун их таалагдсанаар дистрибьютерийн асуудал шийдэгджээ. Columbia Pictures киноны "The Body" гэдэг нэр ойлгомжгүй учир "Stand By Me" гэж өөрчилсөн; Gideon-н хэлснээр "The Body" гэхээр эротик кино юмуу өөр нэг King-н аймшгийн кино шиг сонсогдоод байсан гэдэг.
Киноны нэрийг Reiner өгсөн гэсэн яриа байдаг. Жүжигчин Kiefer Sutherland-н өгүүлснээр, зураг авалтын үеэр жүжигчин River Phoenix гитар тоглож сурч байсан агаад "Stand By Me" дууг тоглодог байж; тэд энэ дууг хамт тоглож, дуулж байхад хажуугаар нь Reiner зөрж өнгөрөхдөө "энэ миний дуртай дуу" гэж хэлж байж, магадгүй тэр мөчид Reiner киноныхоо нэрийг олсон бололтой. Gordie-д тоглосон жүжигчин Will Wheaton: "Найруулагч Reiner бидний тоглосон дүрүүдийн дөрвөн хүүг олсон. Би ичимхий, ноомой, мэдрэмтгий хүү байлаа. Харин River Phoenix (Chris) догь, ухаалаг, хүсэл тэмүүлэлтэй, тийм насанд гэхэд бидний аав шиг л байсан. Jerry O'Connell (Vern) бол миний амьдралдаа учирсан хамгийн хөгжилтэй хүн. Corey Feldman (Teddy) үнэхээр ууртай, эцэг эхтэйгээ харилцаа муутай учраас байнга л ааштай явдаг байсан" гэжээ. Найруулагч болон продюсерүүд дөрвөн гол дүрд тоглох 300 гаруй хүүхдийг шалгаруулалтад оруулж, 70 орчимтой нь ярилцаж үзсэний эцэст гол дүрүүдээ олжээ. Зураг авалт эхлэхээс өмнө Reiner дөрвөн гол дүрээ аваад хоёр долоо хоногийн турш хамт амьдруулсан ба ингэхдээ Viola Spolin гэгч жүжиглэлт, театрын багш хүний бүтээсэн импровизац тоглоомоор байнга тоглуулж байсан гэдэг. Үүний үр дүнд жүжигчдийн дүнд жинхэнэ нөхөрлөл үүссэн; Wheaton-н үзэж буйгаар киноны гол амжилт олсон шалтгаан бол гол жүжигчидээ зөвөөр сонгосон явдал буюу тэрээр нэгэнтээ: "Та бид дөрвийн нөхөрлөлийг харвал энэ нь жүжиглэлт бус бодитой нөхөрлөл гэж харах байсан" гэжээ. Stephen King уг киног "The Shawshank Redemption" киноны хамтаар өөрийнх нь зохиолоос сэдэвлэсэн хамгийн шилдэг кино гэсэн байхад найруулагч Rob Reiner өөрийнхөө бүтээсэн хамгийн дуртай киногоор нэрлэжээ.
Comments
Post a Comment