Зараа

 Stalker (1979). Алс холын ирээдүйд, үл нэртэй нэгэн газар нутагт Stalker (Alexander Kaidanovsky ~ ЗХУ-ын жүжигчин, найруулагч) гэж өөрийгөө нэрлэсэн хүн амьдралын энгийн хууль үйлчилдэггүй Бүс гэх газарт хүмүүсийг газарчлан хүргэж өгдөг хууль бус ажил эрхлэнэ. Тус хориотой Бүс гэх газарт өөртөө хүмүүсийн нуугдмал, гүн гүнзгий хүслийг биелүүлдэг Өрөө оршино. Бүсийг засгийн газар тусгаарлан хориглож, олон давхар хамгаалалтаар чангатгаж харуулдах ба Бүс рүү нэвтрэхийн тулд олон саад бэрхшээл, занги, хавх гатлах хэрэгтэй. Stalker гэртээ охин болон эхнэрийн (Alisa Freindlich ~ ЗХУ-ын ардын жүжигчин) хамт амьдрах агаад эхнэр нь Stalker-аас Бүс рүү битгий яваач хэмээн мянгантаа гуйсан ч нөхөр эхнэрээ үл хайхран явж одно. Stalker бааранд Бүс рүү аялал хийх өөрийнхөө дараагийн 2 үйлчлүүлэгчтэй уулзана; тэд бол зохиолч (Anatoly Solonitsyn ~ЗХУ-ын жүжигчин) болон профессор (Nikolai Grinko ~ Украины жүжигчин) нар болно.

Тэд Бүсийг хамгаалсан цэргийн хамгаалалтыг амжилттай даваад Бүсийн зүрх рүү төмөр замын жижиг гар машинаар явна. Stalker үйлчлүүлэгчдээ хандаж бидний замд учрах аминд халтай аюулыг давахын тулд та хоёр миний хэлснийг яг таг дагах ёстойгоос гадна Бүсийг хүндлэх ёстой ба зам товчлох аюултай гэж хатуу анхааруулна. Stalker мател боолтыг даавуунд уяж, түүнийгээ урдаа байх зам руу шидэн явах нь олон давхар хавхнаас болгоомжилсон үйлдэл болно. Тэрээр өөрийнхөө өмнөх Stalker байсан Зараа гэгчээс олонтаа иш татах буюу Зараа өөрийн үхсэн дүүгийн төлөө Бүсэд орших өрөөнд орсон ч их хэмжээний мөнгөнд автагдаж, улмаар төд удалгүй амиа хорлосон талаар үйлчлүүлэгчдэд ярина. Stalker-ын ярианд зохиолч эргэлзэнгүй хандах бол профессор ерөнхийдөө зөвлөгөөг нь дагах хандлагатай байна. Аялалын явцад тэд чухам яагаад Өрөөнд орох хүсэлтэй байгаа талаараа ярилцана; зохиолч өөрийнхөө бичих урам зориг үгүй болж байгаад айж буйгаа илэрхийлнэ, профессор сэтгэл зовсон байдал бага харагдавч нэг жижигхэн үүргэвчийг биеэсээ салгалгүй авч явна. Профессор Бүсийг шинжилж судлаад Нобелийн шагнал авах найдвар тээж буйгаа хэлнэ.

Харин Stalker хувийн зорилго гэхээсээ бусдын үгүй болсон хүслийг гүйцэлдүүлэх сонирхолтой гэнэ. Тэд явсаар түннел рүү орж, улмаар зорьсон газраа хүрнэ; энэ газар нь ялзарч, эвдэрч сүйрсэн үйлдвэрийн барилга шиг байна. Үүдний өрөөнд утас дуугарна, профессор гэнэт хамтран ажиллагсадтайгаа утсаар ярихаар шийднэ. Ингээд тэд Өрөөнд хүрэхэд профессор энэ аялалынхаа жинхэнэ зорилгыг илчлэх буюу тэрээр аялалын турш үүргэвчиндээ тэсрэх бөмбөг авч авсан бөгөөд муу санаатай нэгэнд Өрөөг ашиглуулахгүйн төлөө Өрөөг устгах зорилготой байжээ. Тэд Өрөөний гадна бие махбодийн төдийгүй хэл ярианы мухардалд орсны эцэст ядарч туйлдана. Энэ үед зохиолч Зараа Өрөөнд зорилготойгоо учиртал, түүний ухамсартай сэдлийн эсрэгээр Өрөө Зараагийн дүүгээ дахин амилуулахаас илүүтэй баян болох нууц хүслийг биелүүлсэн ба Зараа энэ нүгэлдээ гэмшсээр амиа хорлосныг ухаарна. Харин зохиолч энэ ертөнц дээр хэн ч өөрийнхөө жинхэнэ хүслийг мэдэх чадваргүй бөгөөд үүний нэгэн адилаар өөрийн хувийн шалтгаанаар энэ Өрөөг ашиглах боломжгүй гэж хэлнэ. Профессор Өрөөг устгахаа больж, тэсрэх бөмбөгөө ажиллагаагүй болгодог. Хэсэг хугацааны дараа Stalker, зохиолч, профессор нар бааранд уулзахад Stalker-ын эхнэр хүүхэд мөн үзэгдэнэ. Stalker гэртээ очсон хойно эхнэртээ хүн төрөлхтөн алдсан итгэл үнэмшил, сүсэг бишрэлийнхээ, мөн сайхан амьдралынхаа төлөө Бүсийг дайрч гарах ёстой гэж хэлдэг.

Stalker-г унтсан хойно эхнэр нь өөрсдийн харилцааг дэнслэн камер руу шууд харж ярина. Киноны сүүлчийн сцэнд Martyshka буюу тэдний зэрэмдэг охин гал тогоондоо ганцаар сууж байхад Fyodor Tyutchev-ын шүлэг уншигдах сонсогдож, охин ширээн дээрх 3 аягыг оюун ухааны далд хүчээр ширээн дээгүүр түлхэнэ. Галт тэрэг явж өнгөрөхөд Stalker-ын амьдардаг байр тэр чигээрээ чичрэн доргидог. Stalker: бидний сэтгэл, бидний бодол, бидний сэтгэл хөдлөл, бидний мэдрэмж энд өөрчлөгдөж болно. Мөн бид энд тэднийг ойлгох нөхцөлгүй. Хуучин урхи алга болж, шинэ урхи орыг нь залгана; хуучин аюулгүй нь нэвтрэшгүй болж, зам энгийн бөгөөд хялбар эсхүл төөрөгдүүлэм биелэшгүй болж болно. Энд бүх зүйл биднээс хамаарах болохоос Бүсээс хамаарахгүй. Бүсэд юмс шугаман бус, үхлийн аюултай, мөн бодит байдал алтернатив; энэ бол киноны хүч чадал ба 2:41 минутын хугацаанд бид үүн дотор амьдарч, бас энэ хуулийг хүлээн авна гэсэн үг. 

Төсөөллийн орон зайны оронд Andrei Tarkovsky  "бодит ертөнц" доторх өөрийн философийн үлгэрийг байршуулсан бөгөөд ид шидийн мэт, давхар утгатай, энгийн хэрнээ санаа сэтгэлээс гаршгүй тайз засал дотор дүрүүдийн хамт урхинд орж, хамт эрэл хайгуул хийнэ. Andrei Tarkovsky-ын харааны дүрслэх урлаг цэвэр ид шид буюу тэрээр тусгай эффэкт ашиглахгүйгээр яруу найргийг дэлгэцэн дээр буулгасан. Tarkovsky-ын бүрэн хэмжээний 7 кино үлэмж хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, дахин дахин үзэгддэг шедевр болсон байдаг ба "Stalker " бүтээлээрээ тэрээр үргэлжид таны өмнө нь харж байгаагүй зураглал, сцэнийг дахин нэг эвлүүлэн үзүүлжээ. Кинон дээр гарах гунигтай, хэрцгий аялал мухардмал нихилистик байдал руу аваачих агаад мөн шороонд цагираглан хэвтэхэд итгэл үнэмшлийг эрж олох боломжгүй, итгэл үнэмшилгүйгээр Бүсээс гадуур амьдрах боломжгүй санагдана. Уг киног Francis Ford Coppola-ын "Apocalypse Now" бүтээлтэй адилтгаж харанхуй зүрх рүү хийсэн аялал гээд гэхдээ Coppola-ын киног бодвол илүү үнэмшилтэй гэжээ.

Сэтгэлзүйн болон философийн сэдвүүдийг шинжлэх ухааны уран зөгнөлтэй хослуулсан уг бүтээлээ Andrei Tarkovsky Оросын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчид ах дүү Strugatsky-ын "Roadside Picnic" романаас сэдэвлэн, кино зохиол дээрээ ах дүү хоёртой хамтран ажиллаж бүтээжээ. Кино 1979 онд нээлтээ хийгээд янз бүрийн үнэлгээ авч байсан ч жилээс жилд алдаршин бат бөх ганхашгүй бүтээл гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон ба Tarkovsky-ын кино зохиол, сэдэв, дүрслэл хийгээд найруулгыг сайшаан магтаж өдгөө култ кино хэмээх болжээ. Кино 1 сая рублийн төсөвтэйгөөр бүтээд дэлхий даяар 4 сая гаран тасалбар заржээ.
 "Roadside Picnic" романыг уншсаныхаа дараа Tarkovsky кино болгохыг сонирхож магад гэж бодон кино найруулагч найз Mikhail Kalatozov-д санал болгожээ. Kalatozov номын эрхийг авч чадахгүй байсаар төслийг орхисон аж. Tarkovsky романыг кино зохиол болгоод мөн нэмж өргөжүүлэхийг тун их санаархаж эхэлсэн бөгөөд нэг үйл явдалтай, нэг газарт, 24 цаг үргэлжлэх Аристотелийн классик нэгдмэл аргаар кино болгон хийвэл түүнд эрхийг нь өгнө гэж итгэж байжээ. Tarkovsky Бүсийг 3 гол баатрынхаа хувь хүний дотоод мөн чанарыг нь тодорхойлох драматик хэрэгсэл болгох санааг олж харж; ялангуяа бусдыг аз жаргалтай байлгах чадваргүй гэдгээ олж мэдсэн Stalker идеалистик үзэл санаанаасаа болж сэтгэлзүйн хохирол үзэж буйг голчлон үзүүлэхийг зорьжээ. "Энэ бол мөн Stalker-ын тухай кино юм; баатар маань итгэл үнэмшил нь доройтоход цөхөрч эхэлдэг, гэвч найдвараа алдсан хүмүүс түүн дээр ирэх болгонд түүний мэдрэмж шинээр сэргэдэг" гэж Tarkovsky хэлжээ.

Мөн кино романаас нэлээн холдсон гэж үздэг; уг кино Бүс болон Stalker гэсэн хоёр үгийг эс тооцвол романтай өөрөөр ямар ч холбоогүй гэж 1979 онд Tarkovsky хэлжээ. Гэхдээ кино болон романд ижил хэд хэдэн зүйлс бий; 2 бүтээлд Бүсийг цагдаа юмуу цэргийнхэн хамгаалж байдаг бол мөн Stalker мател боолтыг даавуунд уяад түүгээрээ явах замынхаа аюултай үгүйг шалгаж явдаг. Мөн Зараа буюу Porcupine бол Stalker-ын ментор юм. Романд Stalker-ын охин биеэр дүүрэн үстэй байхад кинонд охин зэрэмдэгээр дүрслэгджээ. Ном болон киноны алинд ч Бүсэд эмэгтэй хүн нэвтэрдэггүй агаад экспедицийн зорилго нь хүсэл биелүүлэгч төхөөрөмжинд очих юм. Романд Бүсийн газар нутаг харь гаригийнхны зочилдог газар гэж дүрслэгддэг; романы нэр нь зохиолд гарах нэгэн дүрийн Бүсэд зочлохыгоо замын хажууд цайлах гэсэн харьцуулалтаас  авсан зүйрлэл юм. Төгсгөлийн Stalker-ын эхнэрийн монологи нь романыхтай ижилгүй. Уг кино нь Tarkovsky-ын бусад бүтээлийн адил удаан тогтсон зураглалтай, мөн камерын нарийн хөдөлгөөнтэй бөгөөд түргэн монтаж ашиглахаас татгалзжээ. Кино 163 минутын 142 зураглалаас бүрдэж, дундаж зураглалын урт нэг минутаас арай илүү урт бол олон зураглалын үргэлжлэх хугацаа 4 минутаас илүү үргэлжилнэ. Бүс доторхоос бараг бүх сцэн Сепиа юмуу өндөр эсрэгцэлтэй бор өнгийн давамгайлалд авагджээ. Мөн киноны эхний бараг 10 минутад ямар ч харилцан яриа гардаггүй ажээ. Киноны хөгжмийг Tarkovsky-ын "The Mirror" болон "Solaris" кинонуудад ажилласан алдарт Eduard Artemyev бичжээ.

 Tarkovsky-ын хувьд хөгжим нь зөвхөн дүрслэлийг зэрэгцээ зураглан харуулахаас ч илүү ба тэрээр хөгжим бол харааны дүрслэлийн сэтгэл хөдлөлийн өнгө аясыг өөрчлөх болов ч утгыг нь өөрчилж чадахгүй гэдэгт итгэдэг байв.
 Кино нээлтээ хийсний дараа Goskino Tarkovsky-г шүүмжлэн хүлээн авсан агаад кино чинь хурдтай, динамик байх ёстой, мөн кино чинь үзэгчдийн сонирхлыг татах ёстой гэж шүүмжлэхэд Tarkovsky хариуд нь "кино удаан бөгөөд уйтгартайгаар эхлэх ёстой байсан, учир нь буруу театрт орж ирсэн үзэгчдэд гол үйл явдал эхлэхээс өмнө явах цаг хэрэгтэй" гээд би 2 хүний үзэл бодлыг л сонирходог; нэг нь Bresson бол нөгөө нь Bergman" гэж хэлжээ. Судлаач, шүүмжлэгчид уг киног хүний оюун ухааны төгсөшгүй  автамтгай чанарыг харуулсан гэж магтаснаас гадна кино хүний мөн чанарын бүтээсэн зүйлс болох айдас, дурсамж, төсөөлөл, хар дарсан зүүд хийгээд парадокс өдөөлт зэрэг ижил талыг үзүүлэх бөгөөд бидний бодит хүсэл хийгээд хэзээ ч биелэшгүй мөрөөдөл хоёр зэрэг оршдог болохыг харуулжээ. "Stalker" бол нарийн түвэгтэй, тойруу хэлсэн мартагдашгүй кино сургаалиас гадна энэ кино бол шинжлэх ухааны уран зөгнөлт ~ триллер суурьтай философийн бодрол бүтээл юм. "Stalker"-г бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 51-р байрт жагсаасан байдаг ба Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг 50 кинондоо багтаасан байдаг. Уг кино маань өөр маш олон кинонд нөлөөлж, санаа өгсөнөөс гадна хөгжмийн ертөнцөд бас видео тоглоом, уран зохиол гээд нөлөөлсөн салбар тоймгүй их.


Comments