Төгс аллагын онол


Strangers on a Train (1951). Алдартай теннисчин Guy бол царайлаг, ямар ч хүүхний зүрхийг шархлуулж чадах эр, гэвч түүний хувийн амьдрал гадна харагдах шигээ биш, юу гэхээр, тэрээр усан тэнэг, итгэл эвдэгч эхнэрээсээ салахаар тэмцэж буй агаад түүний эхнэр Miriam нь өөр эрээс жирэмслээд зогсохгүй ер нь л үл бүтэх хүүхэн бөгөөд нэгэнт сэтгэл нь хөрсөнөөр өөр хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж, улмаар хуримлахыг хүсэх Guy-г Miriam бохир савраараа зуурах буюу гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй ажээ.. энэ асуудлыг цэгцлэхээр Guy төрөлх хот руугаа галт тэргээр явж байгаад санамсаргүй байдлаар өөрийгөө Bruno гэж танилцуулсан хээнцэр, ихэмсэг эртэй танилцах ба уг эр Guy-г алдартай теннисчин болохыг, бас эхнэрээсээ салаад сенаторын баян, гуа сайхан охин Anne-тай суух гэж байгааг сониноос уншсанаа хэлж, ам хамхилгүй чалчихаас гадна Guy-г архиар дайлах агаад зам урт, залуу улс уйтгарлаж суух ямар хэрэг байх билээ, хамт хооллож мөн зэгсэн ууцгаана..

  халсан Guy хувийн амьдралаа нэлээн ярина, ярина ч гэж үнэндээ Bruno түүнийг яриулах ба яг сайхан жаргах гэтэл хорт Miriam саад болоод байгааг Bruno ухаараад шинэ танилцсан найздаа ийнхүү хэлнэ: зарим хүн үхсэн нь дээр байдаг, жишээн би аавыгаа үзэн яддаг, аавыгаа үхээсэй гэж хүсдэг, надад нэг төгс онол байна, та айн гээд сонс, би таны Miriam-г ална, харин та миний аавыг ал, өөрөөр хэлбэл аллагаа солилцоё, цагдаа нар мэдэх боломжгүй учир нь танд миний аавыг алах, надад Miriam-г алах сэдэл байхгүй, биднийг танил гэж хэн ч мэдэхгүй, ингээд хэн хэн маань саадгүй жаргалаа олно гэж хэлэхдээ Bruno тоглож байгаа мэт ярих ба Guy ч гайхсан ч тоглоом гэж хүлээж авна.. ингээд тэд салцгаах болоход Bruno танд таалагдаж байна уу, зөвшөөрөхүү гэж асуухад Guy салахын түүс болон зүгээр юмаа гэж хэлээд явахдаа ширээн дээр өөрийнхөө тамхины асаагуурыг мартаж орхино, асаагуур үнэтэйн илт бөгөөд бөөрөн дээр нь Anne-аас Guy-д дурсгав гэсэн байна, Bruno асаагуурыг дуртайгаар халаасалчихна..

Guy тэндээсээ шууд Miriam-тай уулзах ба хүүхэн чамаас салж чамайг тэгж жаргаахгүй, энэ хүүхдийг бүх хүн чинийх гэж бодно, чамайг тэр сенаторын охинтой жаргахыг харнаа гэж сүрдүүлэн улмаар Guy түүнд гар хүрэх дөхөхөд хүн ирж болиулах бөгөөд Guy Anne-тай утсаар ярихдаа: хайрт минь, энэ хэрэг амар шувтрахгүйн, би Miriam-ын хүзүүг хуга мушгимаар байна гэж хэлдэг.. тэр оройдоо банзал Miriam хоёр залуутай хамт парк орох ба аль оройноос л нэг эр түүнийг дагана, дагахыг ч Miriam ажиглана, тийнхүү Miriam-г хоёр залуугаасаа түр холдох үед үл таних эр түүнд ойртож ирэнгүүдээ юу юугүй боож алах агаад энэ үйл явдал хоромхон зуур болж үхсэн Miriam-аас зүүдэг нүдний шилийг нь алуурчин аваад алга болно.. шөнө Guy-г гэртээ ирэхэд гэрийнхэн үүдэнд Bruno хүлээж байна, Bruno түүнд Miriam-ын шилийг өгөөд: эхнэр чинь үхсэн, маш хурдан, зовоолгүй алсан, одоо чи эрх чөлөөтэй, төлөвлөгөө ёсоор чи хариу барьж миний аавыг ал хэмээхэд Guy мэдээж уурлаж, түүнийг галзуугаар нь дуудаж, мөн цагдаад хэлнэ гэхэд Bruno тэгэхийн бол чи хам хэрэгтэн болж, хоёулаа шоронд хатна гэчихээд яваад өгнө..

маргааш нь Guy-г сенаторынд буюу ирээдүйн хадмындаа байхад Miriam-ын алуулсан мэдээ ирэх бөгөөд сенатор, Anne, мөн Anne-ын дүү охин Barbara нар цочирдон айцгаахад хэрсүү ухаантай Barbara одоо цагдаа нар таныг л сэжиглэнэ, та сэжиглэгдэх шалтгаантай гэж хүргэн ахдаа хэлэх ба Guy аллага болох үед галт тэргэнд явсан, үүнийг нь гэрчлэх үл таних профессор хамт явсан гэж хэлсэнээр энэ гэрийнхнийг түр тайтгаруулна.. ингээд Guy цагдаагийн газарт очно, мөн тэнд профессор ч байх болов ч профессор даанч Guy-г огт санахгүй, учир нь профессор тэр үед шал согтуу байжээ, үүнээс болж Guy сэжигтэн хэвээр үлдээд зогсохгүй өдөр, шөнөгүй сүүдэр шиг дагах харуултай болно.. тэр шөнөөс хойш Guy-г Bruno байнга дагаж үүгээрээ төлөвлөгөөгөө сануулах ба сенаторын гэрт болсон нэгэн үдэшлэг дээр Bruno шургалж ороод хоёр хөгшин авгайтай аллагын талаар ярилцаж байгаад улмаар нэг авгайд хамгийн төгс аллагыг бие дээр нь үзүүлж байхдаа Barbara-г хараад транс байдалд орох буюу Barbara нь Miriam-тай адил шилтэй, төрх ч төстэй байсан болохоор хөгшин авгайг Barbara-р төсөөлөн бодсоноор авгайг алах дөхөж үдэшлэгт шуугиан тарина.. гэрээс Bruno-г Guy хүчээр авч гарах бол Barbara эгчдээ Bruno-ын аймшигт харц өөрийг нь хэрхэн ширтэж, хэрхэн дотроо өөрийг нь төсөөлөн алж байгааг мэдэрсэнээ хэлэх бөгөөд Anne юу болоод байгаа талаар Guy-с асуухад залуу бүх үнэнээ сүйт хүүхэндээ хэлдэг..

Bruno-гоос нэгэн захиа Guy-д ирнэ, захиан дотор гар буу болон Bruno-ын гэрийн план зураг буюу аавынх нь унтлагын өрөөг заасан байна, энэ нь төлөвлөгөөг гүйцэтгэ гэсэн үг бөгөөд маргааш нь Guy Bruno руу залгаад саналыг нь хүлээж авсанаа хэлнэ, ингээд шөнөөр Guy план зургийг барьсаар Bruno-ын гэрт явж орон заасны дагуу Bruno-ын аавын өрөөнд ортол тэнд Bruno-ын аав биш Bruno хүлээж байх агаад чамайг гэнэт зөвшөөрөхөд надад сэжигтэй санагдсан гэж Bruno хэлэхэд Guy би аавтай чинь уулзаж чамайг эмчлүүлж, нэг үгээр чамд тусалъя гэж бодсон хэмээхэд Bruno теннисчинд хандан: чи нэгэнт хамтрахгүйгээр шийдсэн бол яая гэхэв, би хариугаа хамгийн ашигтайгаар авна гэж хэлдэг.. хайртыгаа аврах хүсэл бас зоригоор Anne Bruno-ын гэрт очиж Bruno-ын уймраа ээжтэй уулзаад нөхцөл байдлыг хэлэхэд уймраа эх юу ч ойлгохгүй, харин Bruno яриаг чагнасан учир Anne дээр ирээд Guy аллага болсон газарт хаясан асаагуураа намайг явж олоод ир гэсэн гэж хэлнэ, энэ нь аллага болсон газраас Guy-ын асаагуур олдвол Guy маргаангүй алуурчин болно гэсэн үг.. аймшигт мэдээ сонссон Anne хайрт залуутайгаа энэ талаар зөвлөлдөх буюу хэрхэн Bruno-г паркт хүрэхээс өмнө очиж зогсоох талаар ярилцахдаа Barbara-г туслагчаар татах ба Bruno-г галт тэргээр явж паркт хүрэхээс өмнө Guy маш чухал теннисны тэмцээнээ дуусгах ёстой бөгөөд энэ үед Guy-г сүүдэр шиг дагах цагдаа нар мэдээж зүгээр суувал гэж.. 

Энэхүү сэтгэлзүйн триллерийг түгшүүр хийгээд айдсын эзэн Alfred Hitchcock найруулсан ба Америкийн кино хүрээлэн уг киног шилдэг зуун триллерийн 32-р байрт жагсаасан бол бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 496-р байрт жагсдаг нэгдүгээр зэрэглэлийн триллер бөлгөө.. киноны гол дүрүүдэд: Farley Granger \Америкийн жүжигчин, Alfred Hitchcock-ын Strangers on a Train, Rope гэсэн хоёр кинонд тоглосноороо дэлхийд танигдсан \, Ruth Roman \ Америкийн жүжигчин, энэ кино хамгийн том ажил нь \, Robert Walker \ Америкийн жүжигчин, мөн л энэхүү киногоороо алдартай\, Laura Elliott \ Америкийн жүжигчин, модел\ болон Patricia Hitchcock \найруулагч Alfred Hitchcock-ын охин \ нар тоглосон ба Alfred Hitchcock хожим хэлэхдээ зөв жүжигчдийн сонголт нь киног нь амжилттай болгож өөрийг нь аварсан хэмээжээ.. Alfred Hitchcock анх Guy-ын дүрд William Holden-г тоглуулахыг хүссэн болов ч William Holden татгалзсан байдаг ба Farley Granger-ын зөөлөн, илүү сул төрх нь Bruno-ын ярьсныг хэрсүү ухаанаар бодож татгалзахын оронд арганд орж байгаа нь уг дүрийн мөн чанартай илүү тохирч өгсөн гэж шүүмжлэгчид үздэг.. хөнгөн явдалтай, салахыг үл хүсэгч эхнэрийн дүрд тоглосон Laura Elliott амьдрал дээр маш сайн хараатай байсан ч Alfred Hitchcock энэ дүрээ тэнэгдүү, нүдний шил зүүдэг байлгахыг хүссэнээр энэ дүр бүтжээ..

Alfred Hitchcock киноныхоо зохиолыг нэрээ нууцлаад маш хямд үнээр худалдаж авсан гэдэг бөгөөд уг роман нь Patricia Highsmith гэгч эмэгтэйн ижил нэрт, анхных нь роман байж, Alfred Hitchcock нэрээ нууцлаад хямд үнээр зохиол худалдаж аваад “гаршсан” хүн байсан ба хожим Patricia Highsmith үүнийг олж мэдээд ихээхэн уурласан гэдэг.. сэргэлэнтсэн ч албан ёсны эзэмших эрхтэй болсон Alfred Hitchcock романаа кино зохиол болгох гэж багагүй зүдэрсэн буюу кино зохиол бэлэн болтлоо хэд хэдэн кино зохиолчдын гараар дамжсан ба Raymond Chandler, Whitfield Cook болон Czenzi Ormonde гэсэн гурван кино зохиолчын хувь нэмэр орсоноор эцсийн байдлаар кино зохиол бэлэн болжээ.. мэдээжээр кино романааса зарим зүйлээр өөр болсон, Alfred Hitchcock-ын хийсэн хамгийн том өөрчлөлт бол гол хоёр дүр байсан, тухайлбал: Bruno роман дээрээ бүдүүн архичинаар дүрслэгддэг бол кинон дээр хээнцэр, Францаар ярьсан, эмэгтэй хүнийг үзэж чаддаггүй ээжийн хүү болж гарна, энэ нь Alfred Hitchcock маягийн эсрэг талын нийтлэг дүр, харин Guy роман дээрээ теннисчин биш ирээдүйтэй архитекторчин байдаг ба мөн роман дээр тэрээр Bruno-ын эцгийг хөнөөдөг ажээ.. 

эл бүтээлд Alfred Hitchcock-ын арваад кинонд зураглаачаар ажилласан нэрт зураглаач Robert Burks ажиллаж, түүний ажил Оскарын наадмын шилдэг зураглаачийн шагналд нэр дэвшиж байсан бөгөөд хүүхдийн тоглоомын паркт Bruno Miriam-г боож алдаг сцений зураглалыг хохирогчийн газарт унасан нүдний шилэнд тусгаж авсан өдгөө кино урлагийн хамгийн гайхамшигтай зураглалын нэг гэгдэж, мөн кино зураглалыг хэрхэн авах сурах бичиг гэж үзэн сургуулиудад хичээл болж ордог.. эл сцен нь киноны хамгийн гэнэтийн, хамгийн гоо сайханлаг, чухал хэсэг гэгддэг бөгөөд киноны төгсгөлийн хэсэг гайхамшигтайд тооцогддог ба Alfred Hitchcock нарийн тооцоолж бэлтгэсэн зураглалаар мастер гэж хэлэгддэгээ уг бүтээлээрээ нотолно.. киноны ухвар санаа нь хуурах, давхар хуурах агаад Alfred Hitchcock киноныхоо бүтэцийн талаар “үүрд судлах боломжтой, гайхалтай загвартай кино биш гэж үү?” хэмээсэн бий.. киноны гол дүрүүд болох Guy болон Bruno нь үзэгчдэд doppelgängers буюу цусан төрөл биш ч адилхан харагддаг ихрүүд шиг санагдана, энэ нь ч киноны бас нэгэн сэдэв бөгөөд Bruno бол Guy-ын Miriam-г хөнөөх харанхуй хүслийн илрэл, жинхэнэ амьдрал дээр биелсэн Guy-ын фантааз гэдэг..

уг бүтээлийг бий болгосон гол түлхүүр бол дабл буюу хос, хоёрдмол байдлын шинж ба кино эхлэхэд л хоёр такси, хоёр хөл хийгээд Bruno дабл архи захиалсанаар эхэлж, мөн Alfred Hitchcock дабл басс хөгжимтэйгөөр камео болж гардаг.. мөн цаашлан кинонд хоёр хүндлэгдсэн эцэг, хоёр нүдний шилтэй хүүхэн, хоёр цагдаа, үдэшлэг дээр гарах гэмт хэрэгт дуртай хоёр авгай болон паркт Miriam-г алагдахад түүнийг дагаж явах хоёр залуу гэх мэтчилэн хоёрын тоо энэ киноны гол түлхүүр болдог.. энэ маягаар Guy болон Bruno олон талаар хослох ч бас эсрэгцэнэ: кино дөнгөж эхлэхэд камер тэдний өнгө болон хийцээрээ ялгарах гутлыг харуулах агаад киноны ихэнхид Bruno түрүүлж гаран араас нь Guy гарах ба нэг нь муу, нөгөө нь сул доройгоороо тэд хоёулаа өө сэвтэй дүрүүд юм.. Guy дүрэм журмыг сахиулагч бол Bruno эмх замбараагүйг авчрагч бөгөөд энэ хоёр дүр гэмтэй, мөн чанар нь тодорхой байдлаараа Alfred Hitchcock-ын маш олон дүртэй ижил ажээ.. Guy улс төр болон теннис, тэнэг эхнэр болон сенаторын охин гэсэн хоёр туйлд дүүжлэгдэх бол Bruno хүчирхийллээр өөрийнхөө оршихуйг тогтоож бий болгохыг хүсэх бөгөөд мөн Alfred Hitchcock киноны турш харанхуй болон гэрлийг нэгтгэнэ: Guy тод, гэрэлтэй хувцас өмсөн нарны гэрэлд теннис тоглохын эсрэг Bruno дүнсгэр готик шилтгээндээ амьдарч, бас гар нь үерийн ус зайлуулах харанхуй нүхэнд гар нь тамхи асаагуур хайж тэмтчих сценүүд зөрчилддөг.. Alfred Hitchcock зургийг удирдах тал дээрээ классик техникчин байсан ба дэлгэцийн зайг ашиглан үзэгчдийн ухамсарлахааргүй арга замаар түгшүүрийг тэмдэглэдэг байсан бөгөөд тэрээр үргэлж дэлгэцийн зүүн талд муу эсхүл сул дорой дүрүүдээ байрлуулах бол баруун талд сайн юмуу түр зуурын давамгайлагч дүрүүд байрлана..  

Comments