Михаил Булгаков "Мастер, Маргарита хоёр"

 




"Мастер, Маргарита хоёр". Оросын зохиолч, жүжгийн зохиолч Михаил Булгаковын Фантааз, ёгтлолт, модернист роман бөгөөд Сталины дэглэмийн үед 1928-1940 оны хооронд бичжээ. Булгаков нас барсны дараа 1966-1967 онд Moscow уран зохиолын сэтгүүлд цензурдсан хувилбар нь нийтлэгдсэн ба гар бичмэлийг нь 1967 он хүртэл ном болж хэвлэгдээгүй ажээ. Самиздат буюу өөрөө хэвлэсэн хувилбарт нь албан ёсны цензурт өртсөн хэсгүүд багтсан агаад тэдгээрийг 1969 онд Франкфурт хотод хэвлэгдсэн хувилбарт оруулсан байна. Тэр цагаас хойш уг роман олон хэлээр, олон удаа хэвлэгджээ. "Мастер, Маргарита хоёр" бүтээл ер бусын (supernatural) элементийг бараан ёгтлолт хошигнол, Христийн шашны философитой хослуулж, ганц төрөлд ангилах боломжгүй ба романы үйл явдалд; шашингүй Зөвлөлт холбоот улсад чөтгөр айлчлан ирж байгаа тухай болно. Ихэнх шүүмжлэгчид уг романыг 20-р зууны шилдэг зохиолын нэг, мөн Зөвлөлтийн ёгтлолт уран зохиолын түүчээ бүтээл гэж үздэг. 

ТҮҮХ БА ТАЙЛБАР. Михаил Булгаков зохиолчоос гадна жүжгийн зохиолч байсан нь уг бүтээлд тусгалаа их өгчээ. Тэрээр 1928 оноос роман бичиж эхэлсэн боловч тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад хэлмэгдүүлэлт их байсан тул зохиолч болох ирээдүй алга гэж үзэн 1930 онд анхны гар бичмэлээ шатааж (Мастер дүр шигээ) байжээ. Булгаков 1931 онд романаа дахин эхлүүлсэн бөгөөд 1920оод оны эхээр тэрээр шашингүй үзэлтэй сэтгүүлийн редакторуудын уулзалтад очдог байв. Романыхаа үдэшлэгийн санааг walpurgis-ын шөнөөс авсан гэж үздэг. Булгаков 1936 онд хоёр дахь ноорогоо дуусгасан ба энэ хугацаанд эцсийн хувилбарынхаа үндсэн схемийг бодож боловсруулжээ. Тэрээр 1940 онд нас барахаасаа 4 долоо хоногийн өмнө бичихээ зогсооход романд дуусгаагүй өгүүлбэр, төгсгөлүүд үлдсэн байжээ. Зарим шүүмжлэгчид Булгаков Зөвлөлт холбоот улсад өргөн тархаад байсан Есүс Христийг түүхэн хүн биш гэсэн яруу найрагч, зохиолчдын пропагандаг уг бүтээлээ хариу шүүмжилсэн гэж үздэг. Булгаков ялангуяа шашны эсрэг үзэлтэй яруу найрагч Демьян Беднийг ихээхэн эсэргүүцдэг байлаа. 

"Мастер, Маргарита хоёр" романыг "бурхангүй үзэлтэй хүмүүсийг" зэмлэн буруушаасан зохиол гэж үзэх ч бий. Романы туршид Москва ба Иудаи хоёрын аль алинд нь чөтгөрийн дүр төрхийг зөвтгөх үндэслэл бий бөгөөд Булгаков еврей демонологийн дүрүүдийг Зөвлөлт холбоот улс бурхныг үгүйсгэж буйд хариу үйлдэл болгон ашигладаг. Уран зохиол судлаач Надежда Дождикова "Мастер, Маргарита хоёр" романд дүрслэгдсэн гэм хоргүй, солиотой Есүсийн дүрийг 1920оод оны Зөвлөлт холбоот улсын уран зохиолоос эх сурвалжтай болохыг онцлон тэмдэглээд энэ нь Штраусс, Ренан, Ницше нарын бүтээлүүдэд Есүсийг тайлбарлаж ирсэн уламжлалыг дагасан агаад үүнд хууран мэхлэлт ба сэтгэцийн өвчин гэсэн хоёр сэдвийг гол болгодог ажээ. Есүсийн оршихуйг үгүйсгэсэн үлгэр домгийн хувилбар нь Зөвлөлтийн пропагандад зөвхөн 1920 оноос 1930аад оны эцсээр л давамгайлах болжээ. Булгаков харанхуйгаас гэрэл гардаг шиг хорон мууг манай ертөнцөөс салгах боломжгүйг дүрсэлсэн. Сатан ба Есүс хоёулаа хүний дотор оршдог ба Есүс Пилатийн сануулгыг үл харгалзан Иудагийн урвалтыг олж хараагүй шалтгаан бол тэр зөвхөн хүмүүсийн сайн сайхан талыг л олж харсных юм. Тэр өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй, учир нь тэр хэнээс, юу ирэхийг мэдэхгүй. Эл тайлбараар Булгаков Иешаугийн дүрийг бүтээхдээ ямар ч хүчирхийлэлгүй замаар муу муухайг эсэргүүцэх Толстойн санааны тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй байсныг илтгэх мэт. 

СЭДЭВ БА ЗУРАГЛАЛ. Энэхүү романд сайн ба муу, гэмгүй ба гэмтэй, зоригтой ба зориггүй байдлын харилцан нөлөөллийг мөн эрх чөлөөгүй ертөнцөд оюун санааны эрх чөлөөний асуудлыг судалдаг. Хайр, дур тачаал мөн романы голлох сэдэв болдог. Маргаритагийн Мастерт өгсөн чин үнэнч хайр нь нөхрөө орхиход хүргэж байгаа ч тэрээр ялагчаар гарч ирж байна. Түүний Мастертай үүсгэсэн оюун санааны нэгдэл нь мөн сексийн харилцааг илтгэнэ. Уг роман нь бие махбодийн үймээн самууны мэдрэмжийг дүрсэлсэнээс гадна хайр сэтгэлгүй дур тачаал бол хоосон хөндий зүйл гэдгийг ёгтлон үзүүлдэг. Гал, ус, сүйрэл болон бусад байгалийн хүчин зүйлсийн харилцан нөлөөлөл болох гэрэл ба харанхуй, нар ба сар, шуурга ба тогтуун байдал, чимээ ба нам гүм зэрэг хүчирхэг эсрэг тэсрэг байгалийн үзэгдлүүд романы үйл явдлуудыг байнга дагалдаж байдаг. Романы туршид Иерусалем, Москва хоёрын хооронд заримдаа полифони, заримдаа олон өнгө аястай нарийн түвэгтэй харилцаа гардаг. Гётегийн "Фауст" бүтээл уг романд гүн гүнзгий нөлөөлсөн ба хулчгар зан, итгэл, оюун ухааны сониуч зан, өршөөл зэрэг сэдвүүд нь тэргүүлэх сэдэв болдог. Уг бүтээлийг зөвхөн Зөвлөлт холбоот улсын системийг төдийгүй орчин үеийн амьдралын өнгөцхөн, амин хувиа хичээсэн байдлыг шүүмжилж, мөн хошин ёгтлол, гүн гүнзгий философийн зүйрлэлээр нийгэм улс төрийг егөөдсөн зэрэг олон янзын түвшинд уншдаг. Жазз хөгжим нь жигшил болон сэтгэл чанарын хоёрдмол утгатай байдаг агаад мөн романд орчин үеийн галзуугийн эмнэлэг, радио, гудамж ба дэлгүүрүүд, машин, трамвай гэх мэт орчин үеийн элементүүдээр дүүрэн байдаг. Романд "хуучны сайхан өдрүүдийг" дурссан зүйл цөөхөн; Хаант Оросыг дурдагч нь зөвхөн Сатан л юм. Уг бүтээл нь мөн 20-р зууны сүүлчээр ид цэцэглэж байсан шидэт реализмын элементүүдийг агуулсан байдаг ажээ.

 ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ЧӨТГӨР. Бор шувуу, хараацай хоёр нь зүсээ хувиргасан Сатан байх магадлалтай. "Понтий Пилат" хэмээх романы 2-р бүлэгт хараацай баганы араар орж алга болохоосоо өмнө баганууд руу шунган нисдэг, энэ үед Пилат Иешуаг цаазаар авах шаардлагагүй гэж шийднэ. Энэ бол хараацай Пилатыг  Иешуаг ертөнцийн гэм нүглийн төлөө үхүүлэхгүй байх Бурхны таалалд нийцүүлэхээр ятгаж байгаа мэт байна; энэ бол өөрийгөө далдалсан чөтгөр юм. "Долоо дахь нотолгоо" хэмээх романы 3-р бүлэгт Иван Воландад чөтгөр гэж байхгүй хэмээн тайлбарлаж байхад бор шувуу модны дээгүүр нисч өнгөрдөг. Энэ тохиолдолд бор шувуу нь чөтгөр оршин байгаагийн шинж тэмдэг ба учир нь, Иван чөтгөрийн оршихуйг үгүйсгэж байхад чухам яг тэнд нь Воланд зогсож байна. Бор шувууны сэдэв романы 18-р бүлэгт эргэн ирдэг бөгөөд чөтгөрийн үйл ажиллагаа эсхүл чөтгөрийн өөрийн оршихуйг нь илэрхийлдэг. Кузьмин ширээн дээр бор шувуу цовхичон байхыг олж хардаг, харин бор шувуу ер бусын байдалтай байдаг буюу бааранд согтуу хүн шиг фонографийн хөгжмийн аянд фокстрот бүжиглэж байдаг агаад профессор руу шазруун бөгөөд өдсөн харцаар харж байдаг билээ.

 БАЙГАЛЬ ДҮРҮҮДИЙН ЗАН ААШИЙГ ДУУРАЙХУЙ. Романы 10-р бүлэгт байгалийн төлөв байдал нь дүрүүдийн зан ааш, харилцан үйлчлэлийг дуурайж, тэр байтугай байгаль нь өөрөө дүрийн үүрэг гүйцэтгэж байгаа мэт байдаг. Варенухаг театраас гараад цэцэрлэгийн дундуур гарахад салхи түүний нүд руу элсээр үлээх ба энэ нь түүнийг хориглох юмуу анхааруулж байгаа мэт байдаг. Бегемот Варенухаг цохиход тэнгэрт аянга нижигнэдэг, Азазелло бас түүнийг цохиход хариу болж тэнгэрт шуугиан гарч модон дээвэртэй жорлонгийн дээрээс аадар бороо ордог. 11-р бүлэгт байгалийн төлөв байдлаар Иваны сэтгэл санааг илэрхийлсэн ажээ. Тэрээр Берлиозыг  үхэлд хүргэсэн үйл явдлыг үнэн зөвөөр илэрхийлж чадаагүй дээ шаналж байх зуур цонхны цаана тэнгэрт дахин дахин галт утаснууд гялс хийж, тэнгэр хагарч, өвчтний өрөө аймшигт мэгшээнээр дүүрэн байдаг билээ. 50-р бүлэгт цаг агаар урьдын адил дүрүүдийн сэтгэл хөдлөлийг тусгадаг;  Матту Леви Маргиратад амар амгаланг гуйж байхад шуурга хуралдан байдаг. Иван Иешуаг цаазлахыг зүүдэлж байхад цаг агаарын төлөв байдлыг төгсгөлийн үгт тайлбарладаг.

 ЦЕНЗУР. Мастерийн романыг редакцийн зөвлөлөөс няцааж, "Пилатизм"-г шүүмжлэгчид хатуу шүүмжилдэг. Бүхий л амьдрал, хамаг л эрч хүчээ зориулсан зохиолоо хэвлүүлж чадахгүй болсондоо Мастер сэтгэлийн гутралд орж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгддэг. Энэ нөхцөл байдал бол Булгаков өөрөө зохиол бичиж байх үед Зөвлөлт холбоот улс зохиолчдын эсрэг тун хатуу цензур тавьж байсныг элэглэж байна. Цензур түүнийг зовоож, түүний уран бүтээлчийн оюун санааг хязгаарласан тул Мастер бол Булгаковын өөрийнх нь тусгал юм. Христийн шашны ёс суртахууны цензур Зөвлөлтийн нийгэмд нүх үүсгэж, Воландын дүр сайхь нүхийг дүүргэдэг. Тэр болон түүний гар хөл бологсод шашны цензурыг далимдуулан энэ үйл явцад анхаарлыг хандуулна. 

ӨӨРСИЙН ХУВЬ ЗАЯАГ ДУУДАХУЙ. Номын туршид дүрүүд нь чөтгөрийг дуудсан үг хэллэг ашигладаг. Үүний үр дүнд тэдэнд золгүй явдал тохиолдох нь гарцаагүй ба тэд яриандаа хайхрамжгүй ханддаг боловч ихэнхдээ чөтгөр юмуу түүний гар хөл бологсдын сэрэмжлүүлгийг санаатайгаар үл тоомсорлодог. Удсан ч үгүй Воланд хүмүүсийг үнэнч бус,  шунахай байдлаас нь болж шийтгэж эхэлдэг. 17-р бүлэгт "чөтгөр" гэсэн үг хэллэгийг дүрүүдийн хэлээр хараал үг болгон ашиглахын ач холбогдлыг тодорхой харуулдаг. Прохор Петрович Бегемот руу "чөтгөр намайг аваг!" Гэж хашгирдаг. Үүний хариу болж тэрээр зөвхөн хувцсаа үлдээгээд алга болчихдог. ХҮН ТӨРӨЛХТӨН БУЗАР МУУХАЙ Ч ӨРШӨӨГДӨХ БОЛОМЖТОЙ. Романы ихэнх дүрүүд Пилаттай ямар нэгэн байдлаар холбогдсон байдаг нь хүмүүний мөн чанарт муу муухай чөтгөрлөг байдал шингэсэн байдаг нь харагдаж байна. Пилат нүглийнхээ төлөө хоёр мянган жилийн турш зовж шаналсан ч эцэстээ өршөөлийг олж авч байна. Мастер хүний талаар бүхэл бүтэн роман бичсэнээрээ, мөн сарны гэрэлд амар амгаланг олж чаддаггүй зэрэг өвөрмөц байдлаараа Пилаттай холбогдож байна. Гэлээ ч гэсэн Мастер нь Зөвлөлт холбоот улсын хохирогч гэдгээрээ Иешуатай төстэй юм. Воланд болон түүний гар хөл бологсод хүмүүсийн доторх муу бузар хандлагыг ашиглаж, нүглийнх нь төлөө шийтгэдэг. Гэлээ ч гэсэн ихэнх дүрүүд эцэстээ ямар нэгэн байдлаар өршөөгддөг. Хэдийгээр Воланд чөтгөр ч гэсэн түүнийг бүхэлд нь муу муухай гэж дүрслээгүй бөгөөд түүнийг өршөөнгүй, тэр ч байтугай сэтгэл татам байж болох юм. ХУВИРАМТГАЙ ХҮҮРНЭГЧ. Романы туршид хүүрнэгч нь бүхнийг мэдэгч байх, зүгээр л юу ч мэдэхгүй ажиглагчийн дунд эргэлддэг. Заримдаа тэр дүрүүдийн бодлыг үг бүрчлэн мэддэг бол заримдаа батлагдаагүй байгаа үнэнийг мэдээлэгч мэт байдаг. Энэхүү арга нь Зөвлөлтийн засгийн газрын цензурт орох сэдвээс зайлсхийх зорилготой байсан байж магадгүй юм.

Comments