Бяцхан тэнүүлч орчин үед

 


Modern Times (1936). Английн нэрт кино найруулагч Charlie Chaplin-н продюсерлэж, зохиолыг нь бичиж, найруулсан хэсэгчилсэн яриатай, егөөдөлт, бүдүүлэг наргиант-комеди. Тэрээр домогт Бяцхан Тэнүүлчийнхээ дүрд сүүлчийн удаа тоглосон ба туслах дүрүүдэд Paulette Goddard, Henry Bergman, Tiny Sandford, Chester Conklin нар тоглосон. "Modern Times" бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг гэж үздэг төдийгүй Chaplin-н хамгийн алдартай бас хамгийн агуу амжилтуудын нэгд зүй ёсоор нэрлэдэг. "Modern Times" киноны онцгой ялалт бол эхэн үеийн Тэнүүлчийн хөгжилтэй аура болон "The Gold Rush", "City Lights" кинонуудын ухаалаг нарийн хошигнолыг хадгалж, нэгэн зэрэг сентиментал уярал, сэтгэл татам шинжийг улс төрийн ойлголттой няхуур тэнцвэржүүлсэнд оршдог.

  Ингэж тэрээр дуугүй кино болон өөрийг нь дэлхийн хамгийн алдартай хүн болгосон дүртэйгээ чинь сэтгэлийн гүнээсээ салах ёс гүйцэтгэсэн; түүний хувьд энэ нь нэгэн эриний төгсгөл байв. Гэхдээ Америкийн кино дэлгэцийн хамгийн аугаа авъяаслаг жүжигчдийн шүтэн бишрэгчдийн хувьд киног дахин тоглуулснаар сайхь эринийг дахин нэг удаа сэргээх боломж ямагт бий. Францын кино сэтгүүл Cahiers du cinema уг киног хамгийн аугаа 100 кино жагсаалтынхаа 74-р байрт, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 51-р байрт тус тус жагсаагаад байна. Аж үйлдвэржсэн Америкийг хурцаар ёжилсон энэхүү кино нь элэг хөшөөм инээдтэй шигээ эргэцүүлэм улс төрийн шинжтэй. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.

Бидний хайртай бяцхан Тэнүүлч "орчин үед" иржээ. Капиталист нийгмийн том үйлдвэрийн конвейр дээр ажиллах тэрээр их үйлдвэрийн нэг эд эс, механик хэрэгслийн нэг араа шүд болжээ. Амралтгүй ажиллах Тэнүүлч маань ядаргаанд орж улмаар мэдрэлийн ядаргаанд орох ба эмнэлэг руу илгээгдэнэ. Эдгэж бас сэргэсэн Тэнүүлч эмнэлэгээс гарч яваад санамсаргүйгээр коммунист эсэргүүцлийн жагсаалд орсоноор цагдаад баригдана. Бүтэлгүй нь дэндсэн тэрээр хар тамхийг давс гэж идэх бөгөөд энэ үеэр давхцсан шоронгийн бослогод оролцсон ч энэ удаа цагдаа нарт тусласанаар шоронгийн бослогыг дарахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэнүүлчийг тусгай өрөөнд байлгаж, баатар луугаа харьцаж удахгүй суллана хэмээхэд шоронд бэлэн хоол, унтах ортой байсан Тэнүүлч дурамжхан хүлээж авна. Цагдаагийн дарга түүнд талархлаа илэрхийлж шинэ ажилд оруулах бичиг хийж өгнө. Тэнүүлч маань тус бичгээр нэг ажилд орох ч эхний минутад л бүтэлгүйтэн хөөгдөнө. Дахиад ажилгүй болсон Тэнүүлч гудамжинд Gamin гэх хөөрхөн бүсгүйтэй мөргөлдчих ба энэ бүсгүй бол мөн л Тэнүүлч, өнчин буюу талх хулгайлаад зугтааж байсан нь энэ ажээ. Бүсгүйд тусалж талхыг өөрөө хулгайлсан болвол буцаад шоронд орж болохыг сэтгэсэн Тэнүүлч цагдаад өөрийгөө хулгайч гэж мэдүүлсэнээр тухайн үед Gamin чөлөөлөгдөнө.

Харин дараа нь гэрчүүд талх хулгайлагчийг залуу биш хүүхэн гэж мэдүүлснээр Тэнүүлч чөлөөлөгдөнө. Уурласан Тэнүүлч ресторанд ороод баахан хоол идээд үнийг нь төлөхгүй байснаар дахин баригдан шоронд явахаар болно. Тэр цагдаагийн тэргэнд Gamin-тай таарна; энэ үед тэрэг онхолдчих ба Gamin Тэнүүлч хоёр хамтдаа зугтаана. Тэд хамтдаа амьдарч, сайхан гэр оронтой болж, олигтойхон хоол унд идэж байна хэмээн мөрөөдөнө. Тэд хамтдаа тэнэж яваад нэгэн их дэлгүүрийн харуулын албанд ажлын байр байгааг олж мэдэн азаар шахуу Тэнүүлч маань ажилтай болно. Шөнийн цагаар тэд дэлгүүрт цадталаа идэж, ханатлаа тоглож наадах агаад энэ үед дээрэмчид дэлгүүрт халдан орж ирнэ. Дээрэмчдийн нэг хуучин үйлдвэрт хамт ажиллаж байсан Тэнүүлчийн найз байх бөгөөд ингэж яваагаа өлсөж байна, цөхөрч байна гэж тайлбарладаг. Тэд хамтдаа архидана; өглөө даргадаа шал согтуу баригдсан Тэнүүлч дахин шоронгийн хаалга татна.  Арван өдөр өнгөрч, Тэнүүлч суллагдахад түүнийг Gamin хүлээж байлаа. Бүсгүй түүнийг нурж унах шахсан байшинд аваачаад энэ миний олсон бидний шинэ гэр хэмээнэ. Тэд ядуу ч хамтдаа жаргалтай амьдарч байтал хуучин үйлдвэр дахин нээгдэж байна, шинэ ажилчид авна гэсэн зар тавигдах агаад Тэнүүлч маань ажилд орохоор явна.

  Ингээд ажилд дөнгөж ортол үйлдвэрийн ажилчид бослого гаргаснаар Тэнүүлч маань дахин гудамжинд гарах бөгөөд дахин нэг удаа санамсаргүйгээр цагдаад баривчлагдана. Хоёр долоо хоног өнгөрч, Тэнүүлч маань шоронгоос суллагдахад мөн л Gamin түүнийг тосон авах ба Gamin ресторанд бүжигчин хийж ажилтай цалинтай болсон байна, мөн тэнүүлчинд маань зөөгч, дуучны ажил олсон байв. Рестораны дарга хэр дуулдагийг нь шалгаж байж авна гэхэд Тэнүүлч маань бэлтгэж бэлтгэж байгаад цагаа болоход үгээ мартчих бөгөөд цаг ирэхэд импровиацаараа олон хэлээр дуулахдаа пантомиминг хийж олны талархлыг хүртэнэ. Бүх юм сайхан болж байтал цагдаа нар Gamin-г хайсаар орж ирнэ, Тэнүүлчид зугтахаас өөр аргагүй болно. Ингээд дахин ажилгүй, гэдэс өлсгөлөн боллоо. Gamin ингэж утга учиргүй тэмцэж явсаар цөхөрч байна гэхэд Тэнүүлч яаж ийж байгаад сайн сайхан болгоноо гэж хэлдэг. Үүр цайж байхад Тэнүүлч Gamin хоёр зам дээр гаран тодорхой бус ч ирээдүй итгэлтэйгээр алхална.

  "City Lights" киногоо сурталчлан Европоор аялж байхдаа Chaplin уг киноныхоо санааг олсон буюу юуны өмнө Америкийн Их Хямралын гачлантай нөхцөл, мөн Mahatma Gandhi-тай орчин үеийн технологийн талаар ярилцсан яриа голлох хүчин зүйлс болжээ. Gandhi орчин үеийн технологид таагүй хандаж байсан ба зөвхөн ашгийн төлөө ажилладаг машин механизм нь хүмүүсийг ажилгүй болгохоос гадна амьдралыг нь баллана гэж үзэж байв. Chaplin 1934 онд анхныхаа "яриатай" киногоо хийхээр бэлтгэж эхэлсэн; диалоги бичиж, зарим нэгэн дуутай сцэнүүдийг туршсан. Гэсэн хэдий ч удалгүй тэрээр дээрх оролдлогуудаа орхиж, синхрончлогдсон дууны эффект хийгээд хэсэгчилсэн диалогитой дуугүй формат руугаа буцаж орж. Диалогитой туршилтууд нь түүний Бяцхан Тэнүүлч дүр дэлгэцэн дээр яривал дэлхий нийтийн хайрыг татсан тэр шинж төрхөө алдана гэсэн удтал бодсон итгэл үнэмшлийг нь баталжээ. Chaplin-н намтар судлаач Jeffrey Vance: "Chaplin энэ кино нь Тэнүүлчийн үдэлтийн үг гэдгийг хүлээн зөвшөөрч, хайртай дүртэйгээ салах ёс гүйцэтгэж, дүрслэх комедийн уламжлалд хүндэтгэх зорилгоор олон хошин үзүүлбэр, үзэгдлийг санаатайгаар оруулсан".

  Шоронтой үзэгдэлд хар тамхи гардаг, энэ нь тухайн үед тун зоримог шийдэл байсан; 1930 онд батлагдаж, 1934 оноос хэрэгжсэн продакшны цензурт кинонд хууль бус мансууруулах бодис дүрслэхийг хориглодог байсан. Chaplin өмнө нь 1917 онд хамгийн алдартай богино хэмжээний кинонуудынхаа нэг болох "Easy Street" кинонд хар тамхины тухай дурдсан байдаг. Chaplin-н "Modern Times" бол орчин үеийн шинэчлэлийн талаарх сэтгэл зовнилыг эмзэглэл, инээдмээр илэрхийлсэн шүүн тунгаалт гэж үзэж болно. Критикч Frank Nugent: "Энэ кино Chaplin-н гар, хөл, аальгүй хөмсөг нь үзэгчдийн ахар сүүлэнд шивээс хийх юмуу эсхүл хүмүүний эмгэнэлт амьдралд ч ид шид байдгийг харуулсаар ирсэн хайр татам бяцхан залуу хэвээрээ л байгааг харуулсан. Цаг хугацаа суутныг өөрчилсөнгүй". Variety сэтгүүл эл киног үлэмж инээдтэй, дуутай энтертайнмент кино гэсэн бол Film Daily сэтгүүл Chaplin-н хамгийн аугаа ялалтуудын нэг хэмээжээ. Jeffrey Vance: "Энэ кино анх гарсан цагаасаа илүүтэй одоо ач холбогдолтой болсон байж магадгүй. Киноны 20-р зууны сэдэв нь цаг үеийнхээ харалган байдлыг, орчин цагийн механикжсан ертөнцөд хүн төрөлхтөн хүнийслээс зайлсхийж, хүнлэг сэтгэлийг хадгалахын төлөө тэмцэж байгааг, мөн одоо харахад 21-р зуунд тулгамдаж буй асуудлуудыг гүнзгий тусгажээ.

Кинонд, Тэнүүлчийн зүдрэл, үүнээс үүдэлтэй комедик эмх замбараагүйтэл нь хяналтаас гадуурх ертөнцөд итгэл найдвараа алдан өөрийгөө машин шиг боддог бүх хүмүүст хүч чадал, тайтгарал өгөх ёстой. Түгээмэл сэдэв, комик бүтээлч байдлаараа "Modern Times" нь Chaplin-н хамгийн аугаа, хамгийн урт настай бүтээлүүдийн нэг хэвээрээ байна. Магадгүй үүнээс ч чухал нь энэ бол Тэнүүлчийн төгсгөл буюу Chaplin-н хамгийн хайртай дүр хийгээд түүний нэгэн үеийн турш захирч байсан дуугүй кино эринийг хүндэтгэсэн хүндэтгэл юм". 1936 онд зохиолч Graham Greene уг киног маш их магтаж, өмнөх бүтээлүүд нь үргэлж хоцрогдсон мэдрэмж төрүүлдэг байсан бол Chaplin эцэст нь цаг үеийнхээ байдлыг гаргаж ирлээ гэж бичжээ. Мөн Greene нэг сонирхолтой зүйл ажигласан нь, Chaplin-н өмнөх кинонуудын эмэгтэй баатрууд "сайхан ч ач холбогдолгүй" байдаг байсан бол уг кинонд Paulette Goddard-н дүр илүү өвөрмөц, чухал үүрэгтэй байсан аж. Тэрбээр эцэст нь, "Modern Times"-ийг коммунист кино гэж үзэх бий гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн авч бодит байдалд Chaplin-н хэлэх гэсэн санаа голдуу улс төрөөс ангид байсан; тэр улс төрийн шийдлүүдийг санал болгодоггүй гэжээ.

Ихэнх критикүүд эл киног Chaplin-н анхны ил тод улс төрийн сэдэвтэй кино байсан гэж үздэг бөгөөд аж үйлдвэржсэн нийгмийг үнэн зөв дүрсэлсэн нь анх нээлтээ хийхэд багагүй маргаан үүсгэсэн. 1936 онд Британийн Либерал Намын албан ёсны сэтгүүл The Liberal News-д "Энэ киног бүх залуу либералууд үзэх ёстой, энэ бол юу юунаас илүү нэгдүгээр зэрэглэлийн либерал суртал ухуулгын бүтээл" гэж бичсэн нь сонирхолтой. Харин нацист Германд, суртал ухуулгын сайд Joseph Goebbels коммунизмыг сурталчилсан гэж үзэн олон нийтэд үзүүлэхийг хоригложээ. Кино бараг бүхэлдээ дуугүй байсан учир шүүмжлэлд өртсөн бөгөөд Chaplin Тэнүүлч дүрийнх нь нууцлаг, романтик шинж яриад эхлэвэл алдагдана гэж айснаас гадна Англи хэлээр ярьдаггүй улс орнуудын шүтэн бишрэгчдийгээ хөндийрүүлнэ гэж эмээсэн. Найруулагчийн маань дараа дараагийн кинонууд дуутай ч, яриатай ч гарсан боловч Бяцхан Тэнүүлч маань харин үүрд алга болсон билээ. "Modern Times" кинонд гардаг конвейрэн шугамтай хэсэг Францын кино найруулагч Rene Clair-н 1931 оны "A nous la liberte" гэдэг киноны хэсэгтээ төстэй байсан учир Франц киног түгээх эрхийг авсан Tobis Film кино компани мөнгөний төлөө Chaplin-г шүүхэд өгчээ. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тэп дэлхийн 2-р дайны дараа дахин шүүхэд өгсөн (Chaplin-н "The Great Dictator" кинонд нацистуудын эсрэг мэдэгдлийн хариу өшөө авалт болгож). Энэ удаа тэд шүүхээс гадуур тохиролцсон ба Rene Clair хүндлэн биширдэг найз Chaplin-тайгаа ижилхэн сцэн хийсэндээ баяртай байж, Германы кино компанийн өмнөөс ичиж үхэх гэж байсан гэдэг. 1931 онд "The Jazz Singer" киноноос хойш дуугүй кино хийх нь дуугүй эринээс дуутай эрин рүү асар хурдтай шилжиж байсан кино урлагт трендийн эсрэг гаж явдал байсан ба 1936 онд буюу кино урлаг бүрэн дуутай болчихоод байхад дуугүй кино хийх нь тэнэглэл мэт байв. Chaplin нэгэн цагт цаг үеийнхээ хамгийн хурдтай, орчин үеийн уран бүтээлч байж, дэлгэцнээ буулгадаг бүхэн нь түүнийг цаг үеэ тэргүүлэгч болгодог байв.

  Гэтэл тэрээр "City Lights", дараа нь энд өгүүлэн буй кино зэрэг дуугүй эрин өнгөрчихөөд байхад дуугүй кинотой зөрүүдлэн зууралдсаар байсан нь түүнийг "үеэ өнгөөрөсөн" мэт харагдуулж байлаа. Дуутай кинонд нэгэнт дасчихсан үзэгчдэд "Modern Times"-ийг үзэх шалтгаан нь барагалж хэдийнээ дотно Бяцхан Тэнүүлч л болж байсан боловч энэхүү кино нь санхүүгийн хувьд бүтэлгүйтсэн. Гэсэн хэдий ч Chaplin-н оргил ажлуудыг эргээд харахад Америкийн кино урлагийн алтан сан хөмрөгт хүндтэй байр эзлээд зогсохгүй дуутай ч, дуугүй ч эринд адилхан шилдэгүүдийн эгнээнд жагсана. Chaplin нэг удаа найруулагч Jean Cocteau-д "кино бол мод шиг; сэгсрэхэд хэрэггүй, сул хэсгүүд нь унаад зөвхөн үндсэн чухал хэлбэр нь л үлддэг" гэж хэлж байжээ. Бүх цаг үеийн хамгийн хайрлагдсан кино дүрийг бүтээсэн эрхэмд диалоги нь ердөө гүйцэтгэлийн бат бөх царс модноос анхаарлыг сарниулж буй гоёл чимэглэлийн навч төдийхөн байв. Түүний Тэнүүлч таягаа эргэлдүүлж, малгайгаа өргөх нь нэгэн үеийн кинонд дурлагсадтай холбогдоход ямар ч үг ярианаас илүүтэй нарийн хэл болж байсан. "Олон жилийн турш би нэг л төрлийн комедид мэргэшсэн - энэ бол пантомиме" гэж Chaplin 1931 онд хэлж байсан ба мөн тэрээр "Би үүнийг судалж, тооцоолж, тодорхойлж үзсэн. Би үзэгчдэд үзүүлэх хариу үйлдлийг зохицуулах нарийн зарчмуудыг тогтоож чадсан. Энэ тодорхой хэмнэл, аястай байдаг. Миний бодлоор диалоги бол үргэлж үйлдлийг удаашруулдаг, учир нь үйлдэл үгийг хүлээх ёстой байдаг" гэсэн буй. Chaplin дуу чимээг хүлээж авбал өөрийг нь онцгой болгож байсан шинжийг үгүй хийнэ гэж айхаас гадна мөн ингээд хэн ч биш болчих бий гэсэн түгшүүр дагасан; "Би хуучирсан байх бий гэж депрессийн айдаст автсан байсан" гэж тэрээр "City Lights" киноныхоо дараа хэсэг хугацаанд кино урлагаас завсарлага авсан талаараа ярьсан байдаг.

  Гэхдээ Chaplin өвөрмөц шинжээ гээлгүйгээр хэрхэн орчин үетэйгээ хөл нийлүүлж чадав? Энэ асуудлыг тэрээр "Modern Times" кинондоо шийдсэн юм. "Modern Times" кинонд Тэнүүлч Gamin-д "Би үгсийг мартчихаж" гээд дууны тухай дурдан пантомиме хийдэг, энэ бол дүрийн хувьд ч, Chaplin-н хувьд ч үнэн байлаа. Энэ кино бол түүний өмнөх бүтээлүүдийн товч хураангуйлал буюу найруулагч маань зохион бүтээсэн хэв маягийг ялалтаар тойрон эргэхдээ Тэнүүлч маань өөрийг нь хайрладаг үзэгчдэд сүүлчийн удаа бөхийгөөд үүрд алга болдог. Бид Chaplin-г 20-р зууны технологийн ур чадвартай, хурдтай, юунд ч бэлэн хүн гэж боддог ч үнэндээ энэ хүн 1889 онд Лондонд төрсөн 19-р зууны хүүхэд гэдгийг мартаад байдаг. Түүний хүүхэд нас богинохон байсан; аав нь архины хамаарлаас болж өөрийгөө үгүй хийсэн бол ээж нь сэтгэцийн өвчнөөр сүйдсэн учраас Chaplin хүүхэд насныхаа ихэнхийг уйтгартай ажлын байранд өнгөрүүлж, хамаатан садангуудтайгаа хааяхан нэг уулзаж, 14 настайдаа бие дааж амьдрахаар явсан. Залуухан Chaplin 1908 онд Fred Karno-н варьете театрын компанид түр хугацаагаар ажилд орсон ба Karno хоёр жилийн өмнө Chaplin-н эцэг нэгтэй ах Sydney-г хөлслөж байсан ч гэр бүлийн шижир алтан нь Chaplin болохыг удалгүй мэдсэн байна. Karno-н театр үргэлжийн аялан тоглолтоор явдаг байсан агаад Америкт хийсэн нэгэн аяллын үеэр Chaplin-г хуульчийн өрөөнд дууджээ. Chaplin садан төрөл нь түүнд өв хөрөнгө гэрээслэж гэж баярлан яваад ортол түүнд Лос-Анжелест байрладаг Mack Sennett кино урлаачийн Keystone кино компанийн хамтран ажиллах гэрээний санал өгөв, энэ бол ямар ч хамаатан садангийн гэрээслэлээс чухал зүйл байсан ба үүнээс хойших нь барагалж кино урлагийн түүх өөрөө билээ.

"Modern Times" кино Chaplin-н амьдрал ба бодлын шинэ үе шат, түүний сэтгэлгээ, хувийн хийгээд гоо зүйн өөрчлөлтийг тусгадаг гэдгээрээ онцлог. Энэ кино нь түүний улс төрийн ойлголт, өмнөх арван жилийн туршлага дээрээсээ үндэслэсэн хамгийн үнэтэй өөрчлөлт зэрэг нь шууд киноноос нь харагдсан анхны явдал байв. Хожим түүнийг коммунист гэж буруутгасан ч киноны улс төрийн симбол нь хошигнолоор халхлагдсан байдаг; гэхдээ кинонд ажилчин анги харагддаг бас улаан туг ч харагдах шиг болдог. Ерөнхийдөө энэ бүтээлд Chaplin өөрийнхөө ч, мөн Тэнүүлч дүрийнхээ хуучирч хоцрогдсоныг ойлгож байгаа нь мэдрэгддэг; мөн орчин үеийн амьдралын механикжуулалт болон энэ механикжуулалт нь энгийн хүнийг баллах бий гэсэн айдас шингэсэн байдаг. Chaplin-н сэтгэл зовнил киногоор нь дамжин бүхий л хүн төрөлхтөнд тархсан; орчин үе буюу шинэ технологи гэдэг бол хүн төрөлхтний жинхэнэ өрсөлдөгч бөгөөд энэ өрсөлдөгч хүний мэдрэмжийг мэдээгүйжүүлж, махан биеийг ган төмөр болгодог машин билээ. 

Comments