Амьдрал тайтгарашгүй

 


Tokyo Story (1953). Японы мастер кино найруулагч Yasujiro Ozu-н драм. Уг кино нээлтээ хийгээд олон улсад төдийлөн танигдаж чадаагүй шалтгааныг Японы кино экспортлогчид "хэтэрхий Япон" гэж үзээд зах зээлд гаргаагүйтэй холбодог. 1957 онд Лондонд нээлтээ хийж, дараа жил нь хамгийн анхны Сазерленд цомыг хүртсэн бөгөөд 1972 онд Нью-Йоркт нээлтээ хийсний дараа АНУ-д критикүүдээс өндөр үнэлгээ авсан. "Tokyo Story" киног өнөөдөр Ozu-н сод бүтээл гэж үздэгээс гадна ерөөсөө кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг кинонуудын нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Sight & Sound сэтгүүлийн 2012 оны найруулагчдын санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор шалгарсан уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 4-р байрт эрэмбэлээд байна. Хайрт уншигчаа, намайг дагаад Токиогийн түүхээр аялна уу.

Киноны үйл явдал үүнээс илүү хялбар энгийн байх боломжгүй; хөгшин хосууд хүүхдүүд болон ач зээ нартайгаа уулзахаар хотод ирнэ, хүүхдүүд завгүй байдаг, тэд настангууд өдөр тутмын амьдралын хэмнэлийг нь алдагдуулж байгаад дурамжхан байдаг. Хэн ч үүнийг ил гаргахгүй ч даруухан айлчлал тоогүй байдлаар өндөрлөнө. Настангууд гэртээ харьж, хэдэн хоногийн дараа эмээ нас бардаг. Одоо үр хүүхдүүдийн аялах ээлж ирнэ. Ийм л цөөхөн хэдэн элементүүдээс кино урлагийн нандин эрдэнэ бүтсэн. Энэ кинонд сентиментал "өдөөгч" байхгүй, өөрөөр хэлбэл үзэгчийн сэтгэл хөдлөлийг хүчлэхийг оролддоггүй; харин ойлголтоо хуваалцахыг хүсдэг. Энэ бүтээл кино урлагийг өргөмжлөн мандуулдаг ба бидний төгс бус байдлын эсрэг жижигхэн ч гэсэн алхам хийхийг дэмждэг кино юм. "Tokyo Story" кино бол 1937 оны Leo McCarey-н "Make Way for Tomorrow" киноноос санаа авч, Японы нөхцөл байдалд болон Ozu-н хэв маягт хөрвүүлсэн бүтээл юм. Ozu-н байнгын хамтрагч кино зохиолч Kogo Noda анхлан Америк киноны үйл явдлыг Ozu-д  санал болгосон ба Ozu сайхь киног огт үзээгүй байв. Noda McCarey-н киног Японд нээлтээ хийснээс хойш мэддэг байв. Хоёр кинонд адилхан өндөр настай хос, гэр бүлийн асуудлууд, мөн хүүхдүүдтэйгээ уулзахаар аялж байгааг дүрсэлдэг. Америк киноны үйл явдал Их Хямралын үеийн АНУ-д өрнөж, настангууд илүүтэй эдийн засгийн асуудалтай тулгардаг бол Япон кино дайны дараах үед өрнөхдөө соёл, сэтгэлийн асуудлуудыг хөнддөг. Мөн хоёр киноны төгсгөл өөр өөр байдаг.

Критикч David Bordwell-н бичсэнээр, Ozu оригинал киног дасан зохицуулаагүй харин шинэчлэн найруулсан гэжээ. Кино зохиолыг Ozu, Noda хоёр 103 хоногт боловсруулсан. Ozu, Noda болон зураглаач Yuharu Atsuta нар зураг авалт эхлэхээс өмнө Токио, Ономичи дахь байршлуудад сарын турш судалгаа хийжээ. Ozu өмнө нь хэдэнтээ хамтран ажиллаж байсан жүжигчид хийгээд кино багийнхантайгаа дахин ажилласан ба жүжигчин Chishu Ryu-н хэлснээр, Ozu эцсийн ноорог дуусахад ямагт хөөр баяр болдог байсан гэдэг; уг киноны эцсийн ноорогт ямар ч өөрчлөлт ороогүй гэдэг. Ozu-н бүх дуутай кинонуудын адилаар "Tokyo Story" нь удаан хэмнэлтэй байдаг;  найруулагч маань энэхүү киногоо өөрийнхөө мелодрамд хамгийн их ойртсон бүтээл гэсэн буй. Түүний хүүрнэх өгүүлэмжинд зарим гол сцэнүүд голдуу дэлгэцнээс гадуур өрнөдөг бөгөөд үзэгчид зөвхөн дүрүүдийн харилцан яриагаар дамжуулан мэдээлэл авдаг. Жишээлбэл, Токио руу болон Токиогоос ирэх галт тэрэгний аяллыг дүрсэлдэггүй, үзэгчид Shukichi, Tomi хоёр хүү Keizo дээрээ зочилж байгааг хэзээ ч хардаггүй ба Tomi-н өвдөлт дэлгэцнээс гадуур эхэлдэг. Ozu хөдөлгөөнгүй камерыг илүүд үзэж, минимализмыг таашаадаг байв. Камерын түвшин нам, бараг огт хөдөлдөггүй өвөрмөц хэв маягийг ашигладаг ба критикч Roger Ebert камер кинонд нэг удаа л хөдөлдөг, энэ нь Ozu-н киноны хувьд "ердийнхөөсөө илүү" гэж тэмдэглэжээ.

Камерын нам байрлал нь Японы уламжлалт татами дэвсгэр дээр сууж байгаа мэт санагдалууна. Тэрээр мастер план ховорхон ашигладаг ба кино хийх болон дэлгэцийн зохиомжийн 180 градусын дүрмийг ихэвчлэн зөрчдөг байв. Сцэнүүдэд ихэвчлэн зэрэгцээ суугаа дүрүүд бие биетэйгээ ярилцахдаа голдуу нэг чиглэлд харж байгаа мэт харагддаг; тухайлбал Shukichi, Tomi нарын эхний сцэнд. Зарим шилжилтийн үед дүрүүд дэлгэцийн баруун талаас гарч, дараа нь дараагийн сцэнд баруун талаас орж ирдэг. Критикч David Desser киноны хэв маяг болон "чухалчлаагүй" үйл явдлыг Зэн Буддизм хийгээд модерн ертөнцийн материализмд, өнгөц үнэ цэнд татагдах явдалтай харьцуулсан. Шилжилтийн олон кадрт үйлдвэрийн яндан, ландшафт зэрэг хүн биш зүйлсийг тусгасан байдаг. Киноны сэдэв нь дэлхийн 2-р дайны дараа уламжлалт Японы гэр бүлийн ойлголт нурж, Баруунжиж, хүүхдүүд нас биед хүрээд эцэг эхээсээ хөндийрч байгаа тухай юм. Энэ сэдэв Токиод амьдардаг хүүхдийн хотын амьдрал эцэг эхийнх нь хөдөөгийн амьдралтай эсрэгцэх байдлаар харагдана.

Киноны үйл явдал дайны дараа 1948 онд шинэ Иргэний Хууль батлагдаж, Барууны капиталист үзэл санааг баримталсанаар улсынх нь хөгжил хурдацтай сэргэж буй 1953 оны Японд өрнөдөг бөгөөд Барууны капиталист үзэл санааг дагаснаар дагаад Японы гэр бүл, үнэт зүйлс зэрэг хуучны уламжлалууд устаж байгааг үзүүлсэн. Ozu ээжтэйгээ маш дотно ойр байсан буюу насаараа ээжтэйгээ хамт амьдарч, хэзээ ч гэрлээгүй. "Tokyo Story" бол Японы дундаж давхаргынхны тухай кино юм. Найруулагч Leo McCarey-н кино болон Ozu-н киноны хоорондын харьцуулалтыг судлаачид нарийвчлан судалсан байдаг; хоёр кинонд хоёуланд нь том болсон хүүхдүүд нь өөрсдийг нь дарамт гэж үзэж байгааг олж мэдсэн настангуудын тухай өгүүлдэг; мөн аль аль бүтээл настангууд нэг айлаас нөгөө айл руу шилжиж байгаа аялал хэлбэрээр бүтээгдсэн; мөн түүнчлэн сэдэвчилсэн материал нь өөрсдийгөө бодсон ах дүүс хийгээд эцэг эхийн урам хугаралт байдаг. Хүний нөхцөл байдал, амьдралын мөчлөгийн хэв маяг буюу уй гашуу, баяр баясгалан болон эдгээрт нөлөөлж, хэлбэржүүлдэг нийгмийн бодит байдлын тухай өгүүлдэг. Хоёр бүтээл адилхан тайван өнгө аястай боловч баялаг, зөөлөн хошигнолтой байдаг. Уг киног мелодрамаас зайлсхийсэн мөртлөө сэтгэл хөдлөлийн гайхалтай нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Критикч Wally Hammond; "Ozu янз бүрийн дүрүүдээрээ урам хугарах мэдрэмжийг сэтгэл өвдөхүйцээр төрүүлж чаддагт түүний ур чадвар оршино". Критикч Eric Hynes цаг хугацаа өөрөө Ozu-н хамгийн хүчирхэг зэвсэг гэж үзсэн; удаан үргэлжилсэн үзэгдэл нв таны тэвчээрийг барах авч тэр даруй та саяхан алга болсон гоо сайханд халаглах болно гэж бичжээ. Критикч David Thomson кино урлагийн түүхэнд "Tokyo Story"-оос илүү сэтгэл уяраам гэр бүлийн драм байхгүй гэсэн буй. Критикч Leonard Maltin; "Хөгшрөлт, эцэг эхийн хүүхдүүдээсээ мэдэрдэг урам хугаралт, залуу хүний цаг хугацаа өнгөрөх одохоос айх айдсыг чимээгүйхэн үзүүлсэн хүчирхэг түүх". 1953 оны сүүлээр "Tokyo Story" нээлтээ хийхэд Барууны үзэгчид Японы кино урлагтай дөнгөж л танилцаад байлаа. Akira Kurosawa гурван жилийн өмнө "Rashomon" киногоороо амжилтын салхийг хагалсан бол Kenji Mizoguchi олон улсын кино наадмуудад манлайлж байлаа. 1955 онд Teinosuke Kinugasa "Gate of Hell" киногоороо Оскараас хоёр ч шагнал хүртэл учиртай байв. Дэлхийн тавцанд тэс өөр төрлийн Японы гарах цаг болсон байсан ч Ozu олон улсад танигдаагүй, уйтгартай Япон найруулагч гэгдэж байсан үе.

Хэдийгээр Ozu-н бусад кинонууд Европ болон Их Британид үе үе гардаг байсан ч "Tokyo Story" бүх саадыг эвдсэн. Ozu дэлхий дахинд танигдахад Британийн Японы соёл, кино урлагийг судлаач Donald Richie-н ач гавъя их буюу түүний зохион байгуулсан кино үзвэрүүд, танилцуулга "Tokyo Story" киног олны анхааралд оруулсан гэвэл хилсдэхгүй. Дараа нь эл бүтээл 1972 онд Нью-Йоркт нээлт хийсэн нь Paul Schrader-н "Transcendental Style in Film" номын хэвлэгдсэнтэй давхцаж, улмаар нөлөө бүхий критикүүд Ozu-д татагдах болжээ. Хоёр жилийн дараа Richie-н "Ozu" нэртэй ном хэвлэгдсэнээр критикүүд энэхүү даруухан найруулагч бол кино урлагийн шилдэгүүдийн нэг болохыг ойлгосон байдаг. Өнөөдөр уг киног "Vertigo" юмуу "Citizen Kane" зэрэг үнэмлэхүй шедеврүүдтэй эн зэрэгцүүлэн үзэх болжээ. Ozu-г азтай юмуу санамсаргүйгээр дэлхийн кино урлагийн соёлд нэвтэрсэн гэж бодож байвал туйлын ухвар мөчид хэрэг болно; энэ киноноосоо өмнө тэрээр "Late Spring", "Early Summer" гэсэн хоёр гайхамшигтай киног хийчихээд байв. "Tokyo Story" бол чухамдаа түүний өвөрмөц ертөнцийн өгөөмөр танилцуулга агаад энэ бүтээлд түүний бишрэгчдийг гайхшруулж, харин үзэгчдийг уйлуулдаг олон шинж чанар багахан хэлбэрээр агуулагддаг. Ozu болон түүний байнгын хамтрагч кино зохиолч Kogo Noda хоёр охиноо нөхөрт гаргаж байгаа үйл явдалд төвлөрч, үүгээрээ олон янзын дүрүүдийн амьдралыг харуулах нөхцөлийг бүрдүүлдэг байв.

Харин "Tokyo Story" кинонд эл минимал үйл явдлыг өдөөгч дутагддаг; энэ кино нь өдөр тутмын амьдрал нь биднийг гүн гүнзгий татах хангалттай драм болно гэсэн найруулагчийн итгэл үнэмшлийг хязгаарладаг. Ономичи гэдэг жижигхэн хотоос үр хүүхдүүдтэйгээ уулзахаар гарсан настангууд их хотод ирээд хүүхдүүддээ дараа тээр болж байгаагаа ухааран гэмшдэг бол хүүхдүүд нь хайхрамжгүй ханддаг. Аяллынхаа явцад тэд хүүхдүүд нь сайн чанарыг ч муу чанарыг ч олж мэддэг; эцэстээ эмээ нас барснаар кино төгсдөг; энэхүү энгийн үйл явдлын арк нь хүчтэй бөгөөд зальтай бүтцээ нуудаг. Настангууд хамгийн бага хүүхэд болох Kyoko-г Ономичид орхисны дараа бусад хүүхдүүдтэйгээ төрөлтийн дарааллаар нь уулздаг. Эхлээд тэд Koichi болон түүний гэр бүлтэй, дараа нь Shige болон түүний гэр бүл, тэгээд Noriko-той (гурав дахь хүүхдийнх нь бэлэвсэрсэн эхнэр) эцэст нь, Осака дахь хамгийн бага хүү Keizo-той уулзана. Кинонд харуулалгүйгээр настангууд Токио орох замдаа эхлээд Keizo-той уулздаг ч Ozu, Noda хоёр зөвхөн буцах аяллынх нь үеэр түр зогссон гэж дүрсэлсэн нь бага хүүхэд хэр зочломтгой байх талаар хүлээлт бий болгоход туслахаас гадна энэ нь гэр бүлийн модны бүтцийг хүндэтгэх зорилготой аж. Хэрэвзээ энэ хэв маягийг ач нарын ааш маягаас эхлээд хөвгүүдийнхээ бүтэлгүйтэлд зовних хөгшин аавуудын харуусал хүртэл үйлдэл, ярианы олон нарийвчлалд нямбайлан далдлаагүй аваас хэт цэвэр цэмцгэр мэт санагдах болно.

Богинохон харьцуулалтаар дамжуулан зан авируудыг ахин дахин гаргаж ирдэг; ажил хэрэгч бүсгүй Shige гэртээ харих замдаа оршуулгын кимоно авч явахад хангалттай зөрүүд бол хадам эх нь нас барна гэж огт бодож байгаагүй Noriko гашуудлыг цочирдон хүлээн авдаг. Ухааны болон сэтгэлийн төлөвийг ийм мэдрэмжтэйгээр өгүүлсэн түүхийг уран зохиолд бид Оросын их зохиолч Anton Chekhov-оос л хардаг билээ. Гэсэн хэдий ч Ozu-н мэдрэмж зөөлөн байдаггүй; тухайлбал, Tomi-н "нас барсан хүүгийнхээ орон дотор унтах ямар сайхан юм бэ" гэдэгт хатуу ширүүн сэтгэл байгааг илтгэнэ. Аав Shukichi-г уярамтгай гэж харагдуулах амархан, тэр хуучны найзуудтайгаа уугаад согтуу ирэхэд охин Shige түүнийг хуучин зуршилдаа орлоо гэж зэмлэдэг. Shige-н энэ мэдэгдлээс бид аав нь хувийн зугаа цэнгэлээсээ болж гэр бүлдээ асуудал үүсгэдэг байсныг олж мэднэ. Эхнэрийгээ өнгөрсний дараа Shukichi; "Би ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан бол түүнийг амьдад нь илүү эелдэг зөөлөн хандах байсан" гэж хэлдэг нь түүний залуудаа хэр бужигнуулагч байсныг тодорхой хэмжээнд харуулна.

  Сайхан сэтгэлтэй Noriko талийгаач нөхрөө үе үе мартаж, нөхөр нь өөрт нь маш хатуу стандартаар ханддаг байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ мэтчлэн, настангуудын хүүхдүүд амин хувиа хичээхээс илүүтэйгээр ердөө өөрсдийнхөө төлөө бүтээсэн амьдралдаа баригдчихсан, наалдчихсан гэмээр байдаг. Ozu-н энэрэхүйн ангижралын ачаар үзэгч дүрүүд ирээдүйгээ эргэцүүлэн байхыг харах зуураа төгсгөлийн сценүүд сэтгэл хөдлөлөөр баялаг болохыг мэдэрдэг бөгөөд Noriko Kyoko руу инээмсэглэн "Амьдрал тайтгарашгүй байгаа биз?" гэж хэлдэг; хөрш эмэгтэй Shukichi-д одоо ганцаардах болно доо гэж хөгжилтэйгөөр хэлдэг. Гэхдээ чухал илчлэлтүүд өдөр тутмын үйлдэл, объектын яруу найраглага байдлын цуурайгаар зөөлөрдөг ба энгийн бугуйн цаг ээж, охин, бэр гэсэн эмэгтэй хүний эрдэм ухааныг харуулсан симбол болдог агаад Shukichi нар мандахыг харж байхад Токио руу буцах галт тэрэгний архирах чимээ намжиж байхад далайн эрэг дээр завины хөвөх л харагдана. 

Comments