Teorema (1968). Италийн цуутай кино найруулагч Pier Paolo Pasolin-н бичиж, найруулсан сюрреалист, сэтгэлзүйн драм. Киноны гол дүрүүдэд; Silvana Mangano, Terence, Stamp, Anne Wiazemsky, Massimo Girotti, Laura Betti зэрэг Англи, Итали, Францын жүжигчид тоглосон ба Pasolini энэхүү 6 дахь бүрэн хэмжээний кинондоо анх удаа голчлон мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажиллажээ. Эл бүтээлд, Миланы нэгэн дээд зиндааны гэр бүл нууцлаг бурханлаг хүчтэй эртэй танилцаад амьдрал ахуйн орвонгоороо эргэж байгаа тухай өгүүлдэг бөгөөд киноны сэдэв нь бурханлаг мөнхийн шинж чанар болон хөрөнгөтний оюун санааны доройтлыг авч үздэг. Pasolini-н сүүлчийн кино болох "Salo"-г эс тооцвол уг бүтээл магадгүй түүний хамгийн маргаан дагуулсан кино нь болов уу. Зарим үзэгчдийн өөрийгөө хамгаалсан хуягнаас нь чирч гаргахуйц эрэлхэг, туйлширсан мэт санагдах. Эмгэнэлтэй, уянгалаг, хэрцгий, шингэцгүй, гүн гүнзгий мэдрэмжтэй, туйлын чин сэтгэлийн уг бүтээлийг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 381-р байрт жагсаагаад байна.
Өгүүлэх нь, Италийн нэгэн хөрөнгөтөн гэр бүлийн амьдралд "Зочин" гэдгээс өөрөөр хэн гэгч нь мэдэхгүй үл таних нууцлаг эр зочлон ирснээр кино маань эхэлнэ. Түүний морилохыг зарч харшийн үүдэн дээрээс мэдэгдэх бөгөөд оньсого лугаа үл таних эр удалгүй гэр бүлийн бүх гишүүдтэй бэлгийн харилцаанд орно; тухайлбал гүн шүтлэгтэй үйлчлэгч хүүхэн, мэдрэмж хөвгүүн, бэлгийн дур хүслээ дарж үүндээ тарчилагч ээж буюу гэрийн эзэгтэй, мөн ичимхий охин, эцэст нь өвчиндөө тарчлан шаналах эцэг болох гэрийн эзэн нартай дотно болно. Зочин бүгдэд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулж, харин хариуд нь юуг ч нэхдэггүй. Тэрээр үйлчлэгчийг амиа хорлохоос аврахд зогсохгүй тайвшруулдаг бол аймхай хүүтэй нөхөрлөж, хамт унтаж эргэлзээ, түгшүүрийг нь намдааж итгэл найдвар өгдөг. Мөн зочин уйтгарласан, урамгүй ээжид бэлгийн ханамжийг өгснөөр сэтгэлийг нь сэргээж өгдөг бол ганцаардаж сэтгэлээр унасан аавыг халамжлан анхаарал тавьдаг; эцэст тэрээр хэт зожиг охины сэтгэлийг нээснээр эр хүний талаарх гэнэн бодлыг нь ч өөрчилнө. Нэгэн өдөр, зарч ирээд үл таних эр удахгүй буцах болсныг мэдэгдэх бөгөөд зочин ирсэн шигээ гэнэт, учир битүүлгээр явчихна.
Дараагийн сцэнд зочин байхгүй болоход гэр бүлийн гишүүд хөрөнгөтний амьдралынхаа гүнд нуугдаж байсан муу муухай өөрсдийг нь хөнөөх зүйлстэй нүүр тулахаас өөр аргагүй болдог. Үйлчлэгч төрсөн тосгондоо буцаж очоод ер бусын ид шид үзүүлэгч болж, эцэст нь оюуны хувьд дахин төрсөндөө баярын нулимс дуслуулж, өөрийгөө амьдаар булчихна. Охин кататоник байдалд орж, улмаар сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэнэ. Хүү зураач болохын тулд гэр бүлээ орхих ба үл таних эрийн царайг зурах ажилд донтжээ. Ээж залуу харчуултай бэлгийн харилцаанд орсон замбараагүй амьдралд орно. Харин аав бүхий л материаллаг нөлөөллөөсөө салаад үйлдвэрээ ажилчиддаа өгчихөөд Этна уулын энгэрээр нүцгэн тэнүүчилж, эцэстээ уур хилэн, цөхрөлдөө автан орилсноор кино төгсдөг. Уг кино нээлтээ хийсний дараа киноны сексийн агууламж болон шашны эрхийн талаар Ватикан хатуу шүүмжилжээ. Кино Венецийн кино наадмаас Олон улсын Католик шашны газраас тусгай шагнал хүртсэн ч Ватикан эсэргүүцсэнээр шагналыг эргүүлэн татжээ. Гэвч бусад шүүмжлэгчид эл бүтээлийг "хоёрдмол утгатай, ирээдүйг зөгнөсөн" гэх мэтээр ерөнхийдөө магтжээ.
Судлаачид киног ил тод эсхүл хоёрдмол утгатай гэсэн хоёр өнцгөөс тайлбарлаж ирсэн байдаг. Кино судлаач Maurizio Viano хэлэхдээ киног ойлгохын тулд "шаардлага хангасан орчуулга" хэрэгтэй гэжээ. Киноны тухай бичдэг ихэнх судлаачид Pasolini-н кино техникийг бус харин түүний философийн аргументийг авч үзвэл зохино гэж бичсэн байдаг аж. Pasolini "кино онолч" гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн учраас энэ кинондоо онолын шинжтэй хандсан гэж Viano үзжээ. Уншигч таны тааварлаж байгаачлан Teorema гэдэг үг бол бидний мэдэх теорем гэсэн утгатай ба энэ үгийн Грек үндэс нь теоремээс гадна үзэгдэл, зөн гэсэн утгатай. Гэр бүлийн гишүүн болгон Зочин, мөн түүний бүсэлхий рүү ширтдэг тул энэ кино нь дээрх утгаар үзэгдэл байх боломжтой гэж Viano үзээд үүнийгээ бататгахын тулд нэмж; Грек үг нь онолын хувьд үзэгдлийг бодит үйлдэл гэхээсээ илүүтэй үзэгдлийн объектыг илэрхийлдэг гэж тайлбарлажээ. Мөн нэр томьёоны хувьд теоремыг ихэвчлэн математик юмуу томьёололд авч үздэг. Энэ ч утгаараа кинонд програмчилсан бүтэц агуулагддаг. Кино баримтад кино шиг зургуудаар эхлээд дараа нь галт уулын хар бараан дэвсгэр дээр эхлэлийн кредитэд явсны араас сепиа өнгө аястай үйлдвэрийн сцэн өөрчлөгдөн гэр бүлийн гишүүдийг чимээгүй сепиа өнгөөр танилцуулаад, үдэшлэгийн сцэний дараа зочныг цэцэрлэгийн арын хашаанд сууж байгааг өнгөтөөр үзүүлдэг. Харин дунд хэсэгтээ "дур таталт", "наманчлал", "хувьсал" гэсэн гурван хэсэгт хуваагдана. Киноны бүтэц зөвхөн томьёоллоос гадна дүрүүдийн сэтгэлзүйн хөгжил дээр суурилдаг.
Тэд бүгд "дур таталт", "наманчлал", "хувьсал" гэсэн үеийг туулна. Дүр болгоны оюун ухаан адилхан өөрчлөгддөг; тэд бүгдээрээ зочныг хүсэх дур тачаалдаа захирагдаж, бүгд түүнтэй хурьцдаг. Зочин явахад үйлчлэгчээс бусад нь өөрсдийнхөө сэтгэгдлийг наманчилдаг ба киноны төгсгөл хэсэгт зочин явсны дараа тэд өмнөх дүр төрхдөө эргэн орж чаддаггүй. Үйлчлэгч тосгондоо очоод ид шид үзүүлдэг ч амьдаараа үхдэг гэж дээр хэлсэнчлэн охин, хүү хоёр ерөнхийдөө галзуурдаг бол ээж зочинтой төстэй төрхтэй эрчүүд болгонд өврөө нээдэг бөгөөд аав галт тэрэгний буудал дээр нүцгэлээд Этна уулыг зорьдог билээ. Кино судлаачдын нийтлэг тайлбараар бол уг бүтээл эхнээсээ авхуулаад л хөрөнгөтний нийгмийн ялзрал хийгээд хэт хэрэглээний соёлыг шүүмжилдэг аж. Кинонд, нэгэн сурвалжлагч үйлдвэрийн ажилчнаас ирээдүйд хөрөнгөтөн анги гэж байх уу гэж асуудаг билээ. Судлаач Angelo Restivo бичихдээ Pasolini баримтад кино шиг зураглалдаа үзүүлсэн зүйл нь үнэнээс ангид гээд мэдээ бол зөвхөн үзэгчдэд үйл явдлын өнгөц талыг л үзүүлдэг шүү дээ гэсэн буй. Тэгвэл Pasolini-н намтарыг бичсэн Enzo Siciliano хэлэхдээ Pasolini энэ киногоороо ижил хүйстэн байхын төлөөх тэмцлээ илэрхийлсэн гэжээ. Viano эсрэгээр нь, Pasolini зөвхөн ижил хүйстэн байхын тухай биш ерөөсөө бэлгийн амьдралыг онцлохыг хүссэн, яагаад гэвэл зочин гэр бүлийн бүх гишүүдтэй хурьцдаг гэж мэтгэсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, Viano-н үзэж буйгаар сексийн хүсэл тачаал кинонд голлох байр суурьтай аж. Италийн шүүмжлэгч Morandini-н бичсэнээр энэ кино орчин үеийн хөрөнгөтнүүд, бас хүмүүс ариун нандин зүйлсийг сонсож, мэдэрч, шингээж амьдарч чадахгүй болсныг харуулсан гээд цааш нь зөвхөн тариачин гэр бүлээс гаралтай үйлчлэгч хүүхэн л үүнийг олж мэдээд ариун газартаа буцаж ирдэг гэжээ. Карл Маркс, Зигмунд Фройд, Карл Юнг нарын нэгдэлд зориулсан кино.
Comments
Post a Comment