Rear Window (1954). Зуны шатам халуун өдрүүд үргэлжилсээр. Нью Иорк хотын хаа нэгтээ өөрийн байрандаа Jeff халуунд нозоорон тэргэнцэр дээрээ зүүрмэглэнэ. Jeff бол мэргэжлийн фото зурагчин ба ажлаа хийж яваад осолд орон нэг хөлөө хугалсан учраас “чөлөөндөө” гарчихаад байгаа нь энэ ажгуу. Jeff-ын өрөө арагшаа харсан цонхтой ба цонхоороо ур талынхаа байрны оршин суугчдыг чөлөөтэй харж болохуйц сайхан үзэгдэх орчинтой агаад халуунд бүх айл цонхоо нээсэн нь тэднийг харахаас гадна сонсох боломж олгожээ. Өдөржин хийх юмгүй дээр нь угаасаа хэрэгт дуртай Jeff мэргэжлийнхээ фото аппаратаар “хөршүүдээ”судалж эхэлнэ. Jeff-ыг хэн ч харахгүй, анзаарахгүй бол Jeff бүгдийн ажиглаж, бүр таньдаг шахуу болтлоо судална. Өөрийн ажиглалт дээрээ тулгуурлан оршин суугчдад нэр хоч өгч өөрийгөө зугаацуулна.
Жишээлбэл, нэг бүжигчин залуухан гоё хүүхэн байв, түүн дээр олон эрчүүд орой бүр цуглавч хүүхэн хэнийг нь ч тоохгүй харин хэн нэгнийг үргэлж хүлээгээстэй бол, мөн нэг ганц бие хөгжимчин залуу байна, бас л ганцаараа тэрээр орой болгон найзуудтайгаа ууна. Дөнгөж хуримласан хос хоёроос авхуулаад ганцаараа гуниглан суух эмэгтэй гээд есөн жорын хүмүүсийг алийг тэр гэхэв, бүх төрлийн хүн Jeff-ын өмнө амьдарч Jeff тэднийг нууцаар харан цагийг аятайхан өнгөрүүлнэ. Эдгээрээс Jeff-ын анхаарлыг өвчтэй, орондоо байдаг эхнэрээ харж хандах нэгэн үнэт эдлэлийн худалдаачин эр татна. Jeff-ын бодлоор өнөөх эр эхнэрээ асрахаас бүр залхаж гүйцсэн нь илхэн агаад өөр хүүхэнтэй явдаг нь тодорхой мэт санагдана. Ийнхүү нэгэн ширүүн бороотой өдөр өнөөх айлын цонхноос эмэгтэй хүний зүрх зүсэм орилоон Jeff-ыг сэрээнэ. Ингээд маргаашнаас нь өвчтэй эхнэр ер харагдахаа байж харин нөхөр нь том цүнхтэй юм ийш тийшээгээ зөөж, том балиус утга, хөрөө зэргийг арчиж цэвэрлэж, ер нь л тун сэжигтэй санагдаж эхлэн манай баатрын сонирхлыг туйлгүй татдаг.
Энэ бүх хугацаанд Jeff ганцаараа байсангүй, түүн дээр сувилагч хөгшин Stella ирж массаж энэ тэрхэн хийж туслах бол бараг орой болгон сэтгэлт бүсгүй Lisa нь ирж хань болно. Stella Jeff-ыг сэтгэлт бүсгүйтэйгээ суухыг ямагт ятгах бол Jeff өөр бодолтой байлаа. Jeff бол адал явдалд дуртай, эрх чөлөөг эрхэмлэсэн, эмэгтэй хүн өөрөөс нь дээгүүр байх ёсгүй гэж үздэг хөдөө маягийн эр бол Lisa бол бүх талаараа орчин үеийн эмэгтэй, тэрээр залуухан, үзэсгэлэн төгөлдөрөөс гадна дээд зиндааны баян айлын охин. Тэрээр хамгийн сүүлийн үеийн юм хэрэглэж чамирхахаас авхуулаад дандаа том үдэшлэг цэнгүүнд оролцоно. Энэ бүхэн Jeff-д таалагдахгүй, ирээдүйгээ ч бүсгүйтэй хамт өнгөрөөнө гэж бодохгүй.
Гэвч бүсгүйг харахаараа хүсэл хийгээд сэтгэлдээ дийлдчихнэ. Бүсгүй ч муухай аашыг нь үргэлж тэвчин хамаг байдгаа л хэрэндээ зориулна.. Jeff үзсэн харсан болгоноо Stella болон Lisa-д тайлагнах бөгөөд эмэгтэйчүүд эхэндээ түүнийг ёс суртахуунгүйг зэмлэдэг байснаа барин тавин баримт гараад эхлэнгүүт үнэмшиж эхэлнэ. Jeff үүндээ бүр улайран итгэж мөрдөгч найздаа хандахад найз нь харин ямар ч сэжигтэй юм олж илрүүлэхгүй. Манай сайн дурын мөрдөгчид бууж өгөхийг хүссэнгүй нарийн төлөвлөгөө зохион сэжигтний гэрт орохоор болно, ингэхдээ энэ амь дүйсэн байж болох хэргийг Lisa гүйцэтгэхээр болдог. Киноны оргил хэсэгт ирээд үйл явдлыг дүрслэн бичихийн оронд үзэгч таныг өөрөө үзээсэй гэж гэнэт бодов. Учир нь, энэ бол үзэгч өөрөө гол баатартай хамт айдас түгшүүрийг мэдрэхэд зориулагдсан бүтэцтэй кино учраас бүтээлийн мөн чанарыг эвдэхээс зайлсхийж, энд хүрээд энэхүү кинотой холбоотой бүхнийг толилуулахаар шийдлээ.
Английн мастер кино найруулагч Alfred Hitchcock-н энэхүү нууцлаг, триллер нь бараг бүхэлдээ нэг өрөөн дотор, цонхоор гадагш харж байгаа өнцгөөс зураглагдсанаараа онцлог. Америкийн зохиолч Cornell Woolrich-н 1942 онд хэвлэгдсэн "It Had to Be Murder" богино өгүүллэгээс сэдэвлэн John Michael Hayes кино зохиолыг бичсэн ба "Rear Window" өнөөх найруулагчийн хамгийн шилдэг киноны нэг гэж кино судлаач, критикүүд дуу нэгтэйгээр үздэг. Гол дүрүүдэд: James Stewart, Grace Kelly, Wendell Corey, Thelma Ritter нар тоглосон. Уг киногоороо Hitchcock өөрийгөө "түгшүүрийн мастер" гэдгээ дахин баталсан, мөн түгшүүрээс зогсохгүй тэр олон зүйлд гаргууд болохоо харуулсан. Жишээлбэл, тэр дэлгэцнээс гадуурх орон зайг бүтээлчээр ашиглан ганц ч хүчирхийллийн үйлдэл харуулалгүйгээр аллагын үйлдлийг нэгтгэн гэрчилдэг. Мөн Grace-н дүр орон сууцнаас гарч явангуут, өөрийн вуайерист харц руу орж, Stewart-н дүрийн нарийвчилсан эротик сэтгэл хөдлөл рүү шилжин хүний психологийг судалдаг. Энэ киног хүний зан авирын үндсэн гаж шинжийн тухай тайлбар гэж үзэж ч болмоор. Поп энтертайнмент болон цэвэр урлагийн төгс холимог болсон "Rear Window" бол маргаангүй Hitchcock-н кинонуудаас зайлшгүй үзэх ёстой бүтээлд нэрлэгдэнэ.
Уг кино гарснаас хойш бусад найруулагчид вуайеризмын сэдэвт татах болсон ба мөн "Rear Window"-ийг даган дуурайх юмуу шинэчлэл хийсээр өдийг хүрсэн дотор Brian De Palma-н "Body Double" болон Phillip Noyce-н "Sliver" кинонуудыг онцолж болж байна. 2022 онд Sight & Sound сэтгүүлийн критикүүдийн санал асуулгаар "Rear Window" хамгийн шилдэг жагсаалтын 38-р байрт бичигдсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 40-р байрт эрэмбэлсэн байна. Харин Empire сэтгүүл хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 72-р байрт жагсаажээ. Киноны зураг авалтыг бүхэлд нь Paramount студид авсан ба Гринвич хорооллыг хуулбарлан бүтээжээ. Энэ нь асар том бүтээн байгуулалт болсон буюу Hal Pereira, Joseph MacMillan Жонсон зэрэг дизайнерууд зургаан долоон хоногийн турш ажилласан. Маш нарийн, түвэгтэй ажлын дүнд энэ тайз нь студийн түүхэн дэх хамгийн том тайз засал болсон. Энэ онцгой байгууламжийн нэг онцлог нь гэвэл кинонд гарах борооны усыг зайлуулах системтэй хийгдсэн. Мөн өдөр, шөнийн байгалийн гэрэлтүүлгийн эффектийг бий болгосон өндөр нарийвчлалтай гэрэлтүүлгийн системийг бүтээсэн байдаг.
Киноны эхэнд гол дүр болон түүний хөршүүдийг үзэгчдэд танилцуулдаг алдартай 90 секундын тасралтгүй сцэнийг туйлын нарийвчлалтайгаар бүтээсэн. Зураг авалт бүрэн дуусахаас өмнө хагас өдрийн турш олон удаа бэлтгэж, арван удаагийн зураг авалт шаардсан байдаг ажээ. Туйлын нарийвчлалтай зураг авалтуудад Jeff-ын камерын линзэнд туссан эсрэг талын барилга зэрэг эффектүүд багтжээ. 1990 онд Woolrich-н оригинал зохиолын эрхийг хэн эзэмшдэг вэ гэсэн асуулт явсаар АНУ-ын Дээд Шүүхэд шилжсэн. Хэдийгээр зохиолын кино болгох эрхийг 1954 онд Hitchcock, жүжигчин James Stewart нарын байгуулсан продакшны компани болох Patron Inc.-д олгосон боловч дараагийн эрх эзэмшигч нь өмнөх эрхийн гэрээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Үүнээс болж Hitchcock, Stewart нар шүүхдэлцсэн бөгөөд үр дүнд нь маргаан үүсгэгч Sheldon Abend 1998 онд "Rear Window" киноны шинэчилсэн хувилбарт продюсерээр ажилласан. Критикч Bosley Crowther эл бүтээлийг "хурцадмал, сэтгэл хөдөлгөм дасгал" хэмээгээд Hitchcock-н чухал ач холбогдолгүй кино гэсэн буй. Хүмүүс хийгээд хүний мөн чанарын тухай өгүүлсэн зүйл нь өнгөцхөн, өнгөлөг боловч хотын амьдралын ганцаардлын олон талыг илчилж, мөн зэвүүцэм сониуч занг аядуухнаар харж гэж Crowther бичсэн буй.
Variety сэтгүүл эл бүтээлийг найруулагчийн хамгийн сайн триллерүүдийн нэг хэмээгээд техникийн хийгээд уран сайхны ур чадварыг хослуулсанаар энэ кино аллагын тухай нууцлаг, энтертаймент ер бусын кино болж байна гэжээ. Time сэтгүүл уг киног Hitchcock-н хийсэн хоёрдахь хамгийн энтертайнмент киногоор ("The 39 Steps" киноны дараа) нэрлэж, Hitchcock материалаа чадварлагаар удирдаж, хяналт алдсан мөч ерөөсөө байгаагүй гэжээ. Harrison Reports тэгвэл "нэгдүгээр зэрэглэлийн триллер" гэж нэрлээд насанд хүрэгчдэд зориулсан энтертайнмент бүтээл гэсэн буй. Критикч Roger Ebert: "Эхнээсээ төгстөл сайтар өнгөлсөн, эмх цэгцтэй шугаман бүтэцтэй учир бид амархан татагдаж, бас ордог. Энэ мэдрэмж кино үзэхтэй адил биш, харин хөршүүдээ тагнахтай адилхан. Hitchcock биднийг анхнаас нь л урхиддаг. Тэр биднийг Stewart-н вуайеризмын хамсаатан болгодог учраас бид аялалд гарахад бэлэн байна. Хилэгнэсэн эр Stewart-г алахаар хаалгаар орж ирэхэд бид өөрсдийгөө үүнээс салгаж чадахгүй, яагаад гэвэл бид ч бас харсан болохоор гэм буруугаа хуваалцаж, түүний хүртэх ёстойг мөн хүртэх ёстой". Критикч Vincent Canby: "Hitchcock-н бусад адилхан шилдэг бүтээлүүдээс давсан энэхүү киноны сэтгэл татам шинж буураагүй хэвээр байна".
"Rear Window" киног бараг бүхэлд нь Jeff-н орон байран дотроос, түүнийг цонхон дээр байгаагаар бараг л статик өнцгөөс зурагласан. Зохиолч, судлаач Laura Mulvey бичсэн эссэндээ, Hitchcock-н кинонууд вуайеризм болон скопофили шингэсэн байдаг гэж тодорхойлсон ба мөн тэрээр "Rear Window" бүтээлийг, кино урлаг таашаал бүтээж, үүнийгээ үзэгчдэд хүргэхдээ патриархтай нэгддэг гэж онц сонирхолтойгоор дүгнэсэн байдаг. Түүнчлэн Laura Mulvey кинонд гарах бүжигчин бүсгүй зэрэг дүрүүдийг "эрэгтэй харцаар" харуулж байгаа буюу энэ үзвэрээс харагчид болох Jeff, мөн үзэгчид таашаал авч байгааг тодотгожээ. Найруулагч Francois Truffaut уг киноны тухай бичвэртээ; энэ киног ёгт үлгэр гэж тайлбарласан; түүнийхээр, хашаа бол ертөнц, сурвалжлагч/ гэрэл зурагчин бол кино найруулагч, дуран нь камер болон линзийг илэрхийлнэ гэжээ. Зарим судлаачид Hitchcock вуайеризмын хамгийн бараан тал болох, вуайеризмаар бид хүмүүст аймшигтай зүйлс тохиолдоосой гэж хүсдэг, ингэснээр өөрсдийгөө илүү сайн мэдэрч, мөн өөрсдийн амьдралаа судлах дарамтаас ангижруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Үүгээрээ Hitchcock үзэгчдийг арын цонхоор шагайж, дээрх мэдрэмжийг мэдрэхийг уриалжээ.
Зохиолч, судлаач John Belton бичихдээ; "энэ бүтээлийн үйл явдал бол үзвэрийн "тухай"; энэ нь харагдуулах таашаал болон харах таашаалыг судалдаг". Вуайеризмыг буруушааж буй тод жишээ бол кинонд Stella Jeff-н вуайеризмын зуршилд ингэж дургүйцлээ илэрхийлдэг; "Хуучин цагт, тэд халуун төмрөөр нүдийг чинь ухаж гаргах байлаа. Хүмүүс уг нь адал явдалтай учрах гэж гадагшаа гарах ёстой сон". Гэхдээ бид Jeff-г тувт буруутгаж болохгүй, түүний муухай сониуч зангүйгээр хэрэг илрэх эсэх тухай бодож болохоос гадна вуайеризмгүйгээр тэрээр илүү сайн хүн болж хувирахгүй байсан. Олиггүй сониуч занг өөгшүүлснээр олигтой үр дүнд хүрчээ. Киноны үйл явдлыг туйлын энтертаймент болгож байгаа зүйл бол ухаалаг диалоги, хурцадмал нөхцөлийг намжаах комеди болон романтик сэтгэл хөдлөлийн зөөлөн мэдрэмжтэй ухаалгаар баяжуулсан явдал.

Comments
Post a Comment