Муу хүний түүх

 


The Bad and the Beautiful (1952) . Холливуудад; найруулагч Fred, кино од Lorrison болон кино зохиолч James нарыг кино продюсер Harry ажлын өрөөндөө цуглуулаад шинэ кино төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэх буюу тэднийг нэрт продюсер Jonathan цуглуулж, хамтран ажиллахыг хүссэн гэж хэлнэ. Jonathan одоогоор Парист байгаа ба алсын дуудлагаар тэдний хүслийг мэдэхийг хүсэн Harry-ын өрөөнд дуудуулсан агаад хэрвээ зочид хүлээн зөвшөөрвөл санхүүжилт амархан олдоод зогсохгүй кино ч амжилтад хүрэх аж. Harry Парис руу залгахаасаа өмнө эл санаагаа тэдэнд хэлтэл зочдын царай барааж, ярвайцгааж, бараг нэгэн зэрэг "үгүй" гэж хэлдэг. Harry ийм хариулт ирнэ гэдгийг бараг мэдэж байсан буюу зочид маань өнгөрсөнд Jonathan-тай холбоотой таагүй дурсамжтай ба одоо энэ бүхнийг эргэн дурсая. Jonathan-ын аав бол холливуудыг бүтээсэн хүмүүсийн нэг байв, гэвч үхэхдээ муу нэртэй болсон байсан нь хүүг нь хэн ч биш болгож үлдэхэд хангалттай байв. Ааваасаа болж ад үзэгдэх болсон Jonathan Холливуудад амжилт олохоор хатуу шийджээ.

 Jonathan залуухан бас хүсэл тэмүүллээр дүүрэн  найруулагч мэргэжилтэй Fred-тэй дотносон нөхөрлөж хамтдаа хүсэл мөрөөдлийнхөө замд гарна. Jonathan түүнээр дамжуулан продюсер Harry-тай холбогдох гэж зориуд заль гаргаж, улмаар санасандаа ч хүрнэ. Ингээд залуус хамтдаа Harry-ын дор Б ангилалын кинонууд хийж эхлэх бөгөөд нэг кино нь амжилт олсноор хүсэн хүлээж байсан томоохон төслөө хэрэгжүүлэх эрхийг олж авна. Уг төсөлд Fred найруулагчаар ажиллахаар Jonathan-той ойр зуураа тохирч маш сайн кино зохиол бичдэг ч эцсийн мөчид Jonathan профессоруудын талд орж илүү алдартай найруулагчийг сонгох буюу товчхондоо Jonathan найзаасаа урвана. Кино маш том амжилт үзүүлж, Jonathan өөрийн гэсэн кино студийг байгуулна. Jonathan санамсаргүй байдлаар өөрийнхөө шүтээн жүжигчний охин Lorrison гэгч үзэсгэлэнтэй ч архинд орсон хүүхэнтэй танилцана. Хүүхэн уухгүй бол асар авъяастай жүжигчин болохоор байгааг ажигласан Jonathan наагуур цаагуур нь гүйж байгаад өөртөө дурлуулж орхино. Дурласан хүүхэн архиа хаяж, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болж Jonathan-ын хамтаар цахиур хагалж эхэлнэ. Гэтэл Jonathan түүнд хайртай байсангүй, дурлалаар дамжуулан түүнээс шилдэг тоглолтыг л гаргаж авахыг хүсч байсан нь нэгэн шөнө илрэх буюу Lorrison Jonathan-г өөр жүжигчин хүүхэнтэй хамт байхад нь гардахад Jonathan зовлонгүйгээр бүх үнэнээ шууд хэлж орхидог. Ингээд тэдний зам салсан ч Lorrison холливуудын од болж үлддэг, яг л Fred шилдэг найруулагчийн замналаа эхлүүлсэн шиг. Эцэст нь, кино зохиолч James-ын түүхийг дурдая.

 James жижиг коллежид профессороор ажилладаг даруухан амьдралдаа сэтгэл хангалуун амьдардаг нэгэн ба байнга саад болдог тэнэгдүү эхнэртэй дэндүү хайртай хүн юм. Jonathan түүний зохиолыг кино болгомоор байна, кино зохиол дээр хамтран ажиллая гэхэд эхэндээ дургүйцэж байсан James эхнэрийнхээ ятгалгаар холливууд явна. James номоо кино зохиол болгохоор ажилдаа ортол эхнэр нь сурсан зангаараа амар тайвныг нь үзүүлэхгүй, үүнийг анзаарсан Jonathan эхнэр Rosemary-г холдуулахын тулд таньдаг хүүхэмсэг жүжигчин Gaucho гэгчийг бараг хөлслөж, эхнэрийг нь саатуулж байхыг хүснэ. Gaucho ч ажлаа хийж, чөлөөтэй болсон James ч ажлыг маналзуулж өгч байв. Гэтэл гай болж Gaucho, Rosemary хоёр онгоцны осолд орж тэнгэрт одно. James-д цаашид хорогдох зүйл үгүй учир Холливуудад үлдэж Jonathan-той хамтран ажиллахаар болдог. Jonathan-ын нэр хүнд өсөж, өөрөө кино найруулдаг ч амжилтгүй болж дампуурдаг ба ингээд зогссонгүй Rosemary-г Gaucho-той танилцуулж, шууд биш ч үхэлд нь тодорхой хэмжээгээр оролцсон нь James-д илчлэгдсэнээр James түүнээс зайгаа барьжээ. James эхнэрээсээ сэдэвлэсэн ном бичиж Пальто шагнал хүртэх ба анхлан уг номыг бичихийг Jonathan уриалсан байдаг. Киноны үйл явдал одоод ирнэ. Jonathan тэдний амьдралыг сүйтгэснийг Harry ёжтойгоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд Jonathan-ын ачаар тэд салбарынхаа шилдэгүүд болсон нь бас үнэн юм. Эцэст нь Jonathan-ын дуудлага ирэхэд зочид Harry-ын өрөөг орхиж гарах ба Harry Jonathan-ын ярихыг анхааралтай сонсож байгаа нь зочдын анхаарлыг эрхгүй татсан тул тэд үүдний салаа утсыг авч чимээгүй чих тавин чагнацгаах агаад Jonathan-ын ярьж буй шинэ төслийн санаа тун таалагдаж байгаа бололтой гурвуулангийнх нь царайд сонирхсон, гэрэлтэж гийсэн шинж илэрч байв. 

Америкийн нэрт кино найруулагч Vincente Minnelli-ын мелодрам. George Bradshaw-ын "Tribute to a Badman" зохиолоос сэдэвлэн Charles Schnee кино зохиол болгосон ба гол дүрүүдэд; Lana Turner, Kirk Douglas, Walter Pidgeon, Dick Powell, Barry Sullivan, Gloria Grahame нар тоглосон агаад оргил үедээ байсан Kirk Douglas-ын тоглолтыг магтах ёстой. Кино тухайн жилдээ Оскарын наадмаас 6 шагнал хүртсэн буюу шилдэг кино, шилдэг найруулагч төрөлд нэр дэвшээгүй мөртлөө хамгийн олон алтан баримал хүртсэн кино болсон бол шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн Gloria Grahame дэлгэцнээ ердөө 9 гаруйхан минут гардаг ч шагнал хүртсэн тухайн үедээ рекорд болсон. Хавьтсан ойртсон доо халгаатай продюсерийн энэхүү түүх бол Холливуудыг бий болгосон муухай эго үзлийн талаарх маш сонирхолтой бас доторх гаднаас судалсан кино урлаачид зориулсан яруу найраг. Холливуудын үнэн төрхийг үзүүлсэнээр нь уг бүтээлийг "Sunset Boulevard" шедевртэй ижил түвшинд авч үзэж болох ба найраг Vincente Minnelli үнэхээр шуугиан дэгдээж чадсан. Уг киноны гарал үүсэл тун сонирхолтой, гэхдээ үүнийг мэдэхгүй байлаа ч энэ бол хурц, увайгүй хошигнолтой кино агаад TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 736-р байрт эрэмбэлээд байна. Дээр хэлсэнчлэн киног George Bradshaw-ын сонинд нийтлүүлсэн өгүүллэгээс сэдэвлэхдээ илүү өргөжүүлэн сайжруулжээ. 

Зохиолд, жүжигчин, зохиолч, найруулагчаа гомдоож байсан Нью Йорк театрын продюсерийн өчил, гэрээслэлийн тухай байв. MGM кино болгох эрхийг авч, продюсер Dore Schary төслийг продюсер John Houseman-д санал болгодог бөгөөд Houseman холливуудын орчин илүү шинэлэг байх ёстой гэдгийг "All About Eve" киноноос олж хараад байсан тул Нью-Йоркийн театраас Холливуудын орчин руу өөрчлөлт хийхээр шийджээ. Houseman "Надад таалагдсан. Би үүнийг хийнэ, гэхдээ Broadway нь кино шиг биш. Би Broadway нь кинонуудаас залхаж байна. Нэгэнт хийгдчихсэн зүйл дээр юу нэмэхээ би мэдэхгүй байна, гэхдээ холливууд надаар кино хийлгэнэ гэвэл би дуртайяа үүгээр кино хийнэ" гэж хэлж байжээ. Анх Clark Gable тоглохоор яригдаж байсан ч эцэстээ Kirk Douglas сонгогдсон ба найруулагчийн суудалд Vincente Minnelli суув. Minnelli "Кино зохиолыг уншсан хүмүүс надаас яагаад үүнийг хийхийг хүсч байгааг минь асуусан. Юуны өмнө би Jonathan-г тийм муу гэж үзээгүй, тэр энэ байгаагаараа л хүн. Хоёрдугаарт, тэр өөртөө хатуу ханддаг шигээ бусдад хатуу ханддаг, энэ нь түүнийг шударга хүн болгодог. Холливууд эсхүл аливаа ямар ч бизнес буюу хүн байгаагаараа л гайхалтай, ээдрээтэй амьтан гэдгийг харуулдаг" гэжээ. Хожим Kirk Douglas дурсахдаа; дүрээ гаргахад нь Francis X. Bushman-ын хувиа хичээсэн, харгис хэрцгий түүх ихээхэн тус болсон гэсэн байдаг. Холливуудын домгуудаас хэн хэн гэдэг эрхмийг уг кинонд дүр болгон харуулсан бэ гэсэн маргаан маш их байдаг. Кино нээлтээ хийх үед, киноны түүх буюу Jonathan-ын "эцэгтээ автсан, бие даасан продюсерийн" амьдрал нь алдарт продюсер David O. Selznick-тэй зарим талаараа ижилхэн байсан тул Selznick өмгөөлөгчдөө уг киног үзэж аливаа гүтгэлэг байгаа эсэхийг шалгахыг үүрэгдэж байв. 

Мөн Jonathan нь Selznick ба MGM-ын тэргүүн байсан Dore Schary хоёрын холимог гэж үздэг. Кинонд гардаг "Doom of the Cat Men" бол маргаангүй Lav Lewton-ын "Cat People" киноноос санаа авсан хувилбар. Lorrison-ын дүрийг алдартай жүжигчин аавынх нь үхэлтэй зэрэгцэн замнал нь эхэлсэн Diana Barrymore-ын загвар гэдгээс гадна найруулагч Minnelli-ын экс эхнэр Judy Garland ч гэсэн таамаг бий. Тэгвэл Gaucho нь тухайн үеийн хүүхэмсэгээрээ алдаршсан Porfirio Rubirosa гэгч гэж үздэг. Кинонд гарах найруулагч Henry Whitfield-ын дүрийг Alfred Hitchcock-ын загвар, Henry-ын нарийн бичгийг Hitchcock-ын эхнэр Alma Reville гэж үзэгсэд олон байдаг. Мөн кинонд гарах найруулагч Ellstein-ын дүрийг Erich von Stroheim юмуу Josef von Sternberg нарын загвар гэж таадаг. James-ын дүрийг холливууд олон шилдэг кинонд хамтран ажилласан алдарт зохиолч William Faulkner-тай төстэй гэж үздэг. Хожим Houseman "Продюсерийг Selznick гэж бодож болно, эсхүл Citizen Kane киноны Hearst ч байж болно. Энэ бол энэ мэт домог болсон хүмүүсийн түүх. Гадаадын найруулагч нь Stroheim эсхүл Fritz Lang ч байж болох буюу чи домгуудын ертөнцөд ажиллаж эхлэвэл домгуудыг л олж авна" гэжээ. Сонирхуулахад, кинонд секс гэдэг үг 6 удаа дурдагддаг ба энэ нь тухайн үеийн цензурыг давахад багагүй асуудал дагуулах зүйл байв.

Comments