Үхлээр ерөөгдсөн балет

 


The Red Shoes (1948). Их Британийн нэрт найруулагчид болох Michael Powell, Emeric Pressburger хоёрын хамтран зохиолыг нь бичиж, продюсерлэж, найруулсан бүжигт драм. Уг кинонд дэлхийн алдар хүндтэй балетын компанид нэгдэн орж, суу алдартай замнал ба хайр сэтгэл хоёрын дунд гацаж, зайлшгүй нэгийг нь сонгох дээрээ тулж буй залуухан бүсгүйн тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд Anton Walbrook, Moira Shearer, Marius Goring болон Robert Helpmann, Leonide Massine, Ludmilla Tcherina зэрэг алдартай бүжигчин, балерина нар тоглосон. Киноны мета-уран сайхны үйл явдлыг Данийн нэрт зохиолч Hans Christian Andersen-н үлгэрээс сэдэвлэсэн бөгөөд кино доторх балетын үзэгдлийг мөн Andersen-н үлгэрээс сэдэвчилсэн. "The Red Shoes" бол Powell, Pressburger хоёрын "Black Narcissus" шедеврийн араас хийгдсэн, тэдний 10 дахь бүтээл болсон ба энэ киноны үүсэл 1930-аад оны үед Powell болон продюсер Alexander Korda хоёроос эхтэй бөгөөд 1946 онд Powell, Pressburger хоёр кино болгох эрхийг худалдаж авчээ.

Жүжигчдийн дийлэнх нь мэргэжлийн бүжигчид байсан. Киноны зураг авалт голлон Франц, Англид хийгдсэн. Кино нээлтээ хийсний дараа критикүүдээс өндөр үнэлгээ авч, Оскарын наадамд таван төрөлд нэр дэвшсэн. Америкт хит болсон ч зарии бүжгийн мэргэжлтэнгүүд киноны үндсэн цэг болсон балетын үзэгдлийг 1920-оод оны Германы экспрессионист кино урлагийн нөлөөнд автсан фантааз, импрессионист хэв маягтай болсон тул балетыг бодит бус дүрслэсэн гэж шүүмжилсэн байдаг. Эдүгээ эл бүтээлийг Powell, Pressburger хоёрын хамгийн шилдэг киноны нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд оруулах болжээ. Тэдний гарт Andersen-н үлгэрийн дэлгэцийн хөрвүүлэлт дэх улаан, хөх, ногоон өнгөнүүд нь амьдрал дээрхээс ч илүү тод харагддаг. Тэдний "үлгэр" бол эмгэнэлт түүх бөгөөд бодит байдлаас зугтаах эрмэлзлийн уламжлалт ойлголтоос хол боловч найруулагчид хүчтэй мэдрэмжээр зохиолч Susan Sontag-н "урлагийн эротик" гэж юу болохыг тодорхойлохыг оролдсоны үр дүн нь энэхүү шедевр юм. Их Британийн кино хүрээлэн уг киног Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 9-р байрт жагсаасан байхад Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 121-р байрт эрэмбэлээд байна. Ингээд цөмөөрөө энэхүү үлгэрийн ертөнцөөр аялцгаая.

"The Red Shoes" киноны үндсэн сэдэв нь жүжигчин хүний хувийн амьдрал болон урлаг хоорондын зөрчилдөөн юм. Энэ сэдвийн тухай Powell хэлэхдээ "энэ кино нь урлагийн төлөө амиа золиослох, амиа золиослохуйц үнэ цэнэтэй урлагийн тухай" гэсэн буй. Судлаач Adrienne McLean-н үзэж байгаагаар Victoria-н үхэхээр үсэрч буй төгсгөлийн хэсэг нь дээрх санааг хангалттай илэрхийлдэггүй аж. McLean-н мэдэгдэж байгаагаар бол Victoria өөрийг нь дэмжихээс илүүтэй эзэмшихийг илүүд үздэг хайртай хүмүүстээ түлхэгдэж байгаа мэт байдаг ба кино эцэстээ харгис хүмүүс сул дорой, хүлцэн хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг харуулдаг гэжээ. Судлаач Peter Fraser кинонд урлаг ба амьдрал гэсэн хурцадмал шинж байгааг ажиглаж, кинонд нь өөрийнх уянгын хийгээд өгүүлэмжтэй, энэ нь танигдсан мөчөөс эхлэн, өөрөөр хэлбэл Victoria улаан шаахайгаа хараад өөрийгөө уянгын бүтээлийн дүр гэж мэдсэнээс хойш түүний хоёр ертөнц хоёулаа нуран унадаг гэж бичжээ. Fraser цааш улам сонирхолтой дүгнэлт хийсэн; уянгат өгүүлэмж харилцан нэвтрэлцэж, зохиомжлох утгыг өөрчилдөг бөгөөд уянгын болон өгүүлэмжийн хоорондын ялгаа бүдгэрч, киноны төгсгөлд Victoria гал тэрэгний зам руу үсрэхэд энэ нь тод харагддаг: Victoria-н дүр нь балет талдаа орох хүртэл улаан шаахайг өмсдөггүй авч Victoria улаан шаахайг хувцас солих өрөөндөө өөрийгөө бэлдэж байхдаа л өмссөн байдаг гэж бичжээ.

Powell, Pressburger хоёр энэхүү найруулгын өвөрмөц шийдлийн талаар удаан хэлэлцэж шийдсэн бөгөөд чухам энэ шийдэл нь критикүүдийн анализ хийж ирсэн гол сэдэв болжээ. Powell Victoria-н улаан шаахайг өмссөн явдал уран сайхны хувьд зөв гэж үзсэн, учир нь тэр хэрвээ өмсөөгүй бол үхэл нь хоёрдмол утгатай болохгүй байх байсан гэж хэлсэн. Энэхүү кино нь 17 миний балетын үзэгдлийг ("The Ballet of the Red Shoes" гэдэг нэртэй) үндсэн цөмөө болгон ашигласнаараа алдартай. Уг балетыг үзэгдэл нь Andersen-н үлгэрт (мөн кино доторх балет) тулгуурласан импрессионист холбоосыг бий болгохын тулд төрөл бүрийн киноны техникийг ашиглахдаа түүнчлэн гол дүрд бүжиглэж буй Victoria-н хувийн бэрхшээлийг давхар харуулсан. Уг балет нь Victoria-н өөрийнх нь түүхийн хуулбар болоод зогсохгүй балетын найрал хөгжмийн зохиолч, удирдаач Julian-г хайрлах хайр хийгээд найруулагч, балетын компанийн захирал Lermontov-н жигшүүртэй атаархлын зөгнөл болдог.

  Балетын туршид Victoria-н амьдрал фантааз ишлэл, дүрслэлийн зүйрлэлээр дэлгэцэнд амилдаг ба балетын нэг хэсэгт тэрээр цаас болон Helpmann-н дүрийн хүн дүрсэнд ээлжлэн хийсч хөвж буй сонинтой бүжиглэдэг; энэ бол Victoria балетын гол дүрд тоглохоор болсноо мэдсэн тэр шөнө хийсч ирээд хөлөнд нь гишгэгддэг сониныг ишлэж байгаа зохиомж юм. Уламжлалт кино дахь балетын хэсгээс ялгаатай нь "The Red Shoes" бүтээлийн балетын үзэгдэл нь тасралтгүй, хөдөлгөөнгүй зурагласан бус харин янз бүрийн эвлүүлгийн техник, ойрын зураглал, тусгай эффектүүд ашигласан. Балетын үзэгдлийн динамик шинж чанар, кино техникийг өргөн ашигласан байдал нь энэ киног ердийн бүжигтэй киноноос илүү дээд, илүү онцлог шинжтэй болгодог буюу энэ бол өвөрмөц кино мэдрэмж болсон бүтээл юм. Энэхүү киноны ямар жанрт хамаарагдах асуудал нь судлаач, критикүүдийн "толгойн" өвчин байсаар ирсэн, учир нь, киног ганц жанраар тодорхойлох боломжгүй. Киноны урт хугацааны балетын үзэгдлээс болж зарим хүмүүс мюзикл гэж тодорхойлсон байдаг ч судлаач McLean-н үзэж байгаагаар, бусад мюзикл кинонууд фантааз элементүүдийг бий болгодог уламжлалт шинж чанар "The Red Shoes" кинонд дутагддаг гэсэн буй. Fraser энэхүү бүтээл нь эмгэнэлт, хүчирхийллийн шийдэлтэй тул стандарт мюзиклыг илэрхийлдэггүй, энэ киног мюзиклыг киноны уламжлалаас үүссэн, ерөнхийгөөс хувьссан анхны загвар гэж ойлгох нь зөв гэжээ.

Критикч Peter Bradshaw уг кинонд хоррор жанрын элементүүд байгааг, ялангуяа киноны төв болсон сюрреал балетын үзэгдлийг хоррор жанрт хамаатуулж, балетын үзэгдлийг зохиолч Lewis Carroll-н толины гадаргуутай зүйрлэж, үзэгчийг гайхшрал, оккулт хоррорын шинэ ертөнцөд аваачдаг гэж бичжээ. Продюсер Alexander Korda Оросын бүжигчин Vaslav Nijinsky-н тухай намтарчилсан балетын сэдэвт кино хийхийг эртнээс төлөвлөж иржээ. Энэ төсөл хэзээ ч биелээгүй хэдий ч 1937 онд Korda ирээдүйн эхнэр Merle Oberon-доо зориулж балетын сэдэвтэй кино хийх урам зоригийг дахин олж авсан ба Korda найруулагч Powell-тэй хамтран Merle-н гадаад төрхөөс үндэслэн кино төслийг эхлүүлсэн ч Merle бүжгийн гойд авъяасгүй байсан учраас Korda аливаа бүжигтэй хэсэгт заваал орлон тоглогч ашиглах болохыг ойлгов. Эцэст нь, тэрээр төслийг орхиж, оронд нь  "The Thief of Bagdad" кинондоо төвлөрсөн. 1946 онд Powell хамтрагч Pressburger-тэйгээ хамт Korda-тай хамтран бичиж байсан кино зохиолынхоо эрхийг худалдаж авсан агаад Powell-н хэлснээр, оригинал кино зохиол харилцан яриа ихтэй, үйл явдал багатай байжээ. Boris Lermontov-н дүрийг "Ballets Russes"-ийг үүсгэн байгуулагч импресарио Sergei Diaghilev болон продюсер J. Arthur Rank хоёроос санаа авч бүтээсэн бөгөөд сонирхолтой нь, зарим шинжийг найруулагч Powell өөрөөсөө үндэслэжээ.

Хоёр найруулагч маань бүжиглэж чаддаг жүжигчдийг биш, харин жүжиглэж чаддаг бүжигчдийг сонгон тоглуулахаар эртнээс шийдвэрлэсэн байсан. Балет компани үйл ажиллагаагаа явуулж байгаа мэт бодит мэдрэмжийг төрүүлж, мөн түүнчлэн 17 минутын балетын үзэгдлийг киноны оргил цэг болгохын тулд тэд "The Royal Ballet"-ийн бүжигчдийг урьж оролцуулан өөрсдийн гэсэн бяцхан балетчид компанийг байгуулжээ. Victoria-н дүрд жүжигчин хайхдаа найруулагчид жүжиглэж байсан туршлага бүжигчинг эрэлхийлсэн. Шотландын балерина Moira Shearer-г уг киноны балетын үзэгдлийг дэглэсэн Helpmann санал болгосон ба Moira өмнө нь Helpmann-н "Miracle in the Gorbals" балетын продакшн-д хамтран ажиллачихаад байж. Тухайн үед Moira Ninette de Valois-н удирдлага дор бүжиглэж, өсөж яваа ирээдүйн од бүжигчин гэгдэж байлаа. Тэрээр кино зохиолыг уншаад энэ кинонд тогловол бүжигчний замналд нь сөргөөр нөлөөлнө гэж үзээд татгалзсан ба мөн киноны зохиолыг бодит бус, хаана ч байхгүй балетын компанийг дүрсэлсэн гэж боджээ. Хожим Moira дурсахдаа "Тус кино бол миний хийхийг хүссэн хамгийн сүүлчийн зүйл байх байсан. Би киноноос гарах гэж бүтэн жил тэмцсэн" гэжээ. Moira татгалзсаны дараа хэд хэдэн Америкийн балетын бүжигчид сонгон шалгаруулалт орсон Powell, Pressburger хоёрт жүжиглэх чадвар нь хангалттай санагдсангүй.

Удсангүй Moira бодлоо өөрчилсөн болохоо мэдэгдсэн буюу Valois түүнд дүрийг авахыг зөвлөсөн гэдэг. Andersen-н үлгэрт, өнчин охины хараа муутай асрагч нь сүмийн ёслолд өмсөхөд нь зориулж охинд муу ёрын улаан шаахай худалдаж авч өгдөг бөгөөд улаан шаахайг өмсч болохгүйг мэдээд охинд хэлдэг ч охин үгэнд нь ордоггүй. Сүмийн үүдэнд нэгэн тахир дутуу цэрэг охинд наадах чинь бүжиглэдэг гутал гэж хэлдэг. Дараа нь охин шаахайг үдэшлэгт өмсөж, харин бүжиглэхээ больж чаддаггүй. Тэр өдөр шөнөгүй бүжиглэж, цаазаар авагч өөрийнх нь хүсэлтээр хөлийг нь тайрах хүртэл ядарч унатлаа бүжиглэнэ. Хөлийг нь тайрсны дараа шаахайнууд бүжиглэсээр цааш оддог. Охин ламын гэрт амьдарч байгаад эцэст нь ням гаригийн сүмийн цуглаанд орж чадна гэж төсөөлсөөр нүд аньдаг аж. Andersen-н үлгэрт, шаахай нь охины нүглийг буюу нийгмийн амьдралаас холдуулсан бардам зан, таашаалыг илэрхийлдэг. Киноны балетад гурван дүр байдаг: охин, хүү, гуталчин. Helpmann-н бүжиглэсэн хүү нь эхлээд охины найз залуу болж гарна; охин бүжиглэхэд хүү целлофан болж хувирдаг. Дараа нь тэрээр духан дээрээ "Le Jour" гэж бичсэн сониноор хийсэн хүн болж гарч ирээд дараа нь ханхүүгийн дүрээр гарч ирэн дуэт бүжиг хийдэг. Эцэст нь хүү тосгоны лам болж гарч ирдэг ба улаан шаахайг тайлах үед охин үхдэг. Leonide Massine-н бүжиглэсэн гуталчин бол тахир дутуу цэргийн хүрээнээс хамаагүй давсан чөтгөрлөг дүр бөгөөд үргэлж бүжиглэдэг тэрээр охиныг шаахайгаар уруу татаж, киноны ид шидээр шаахайг хөлөнд нь өмсүүлж, охины цөхрөл, төөрөгдөлд баясан хөөрч байдаг. Нэг үе тэрээр охиныг хүрээлсэн мангасуудыг удирддаг боловч тэд охиныг ялалтыг балеринагийн байрлалаар өндөрт өргөдөг. Ингээд төгсгөлд нь гуталчин хаягдсан шаахайг аваад үзэгчдэд өргөн барина; киноны агуулгад шаахай нь Lermontov-н хүнлэг харилцааны үнэ цэнээр аугаа бүжигчин болох сонголтыг бэлгэддэг.

"The Red Shoes" киног Их Британид шүүмжлэх хандлага байсан ч зарим нэгэн Британи критикүүд "гайхалтай туршилтын", "туйлын сайхан" кино гэж үзэгсэд байсан. Харин Америкт илүү таатай хүлээж авсан. Критикч Philip K. Scheuer: "Найруулагчид араг ясыг аваад хүний мах арьсаар хучиж, дараа нь гялалзсан хувцсаар гоёдог; тэд дуусахад бид балеринагаас илүү их зүйлсийг хардаг; бид балетын тайз, тайзны арын амьдрал, тайзны ард өрнөх ертөнцийг бүхэлд нь олж харна". Критикч  Bosley Crowther: "Балет болон түүний онцгой, ид шидийн ертөнцийг ийм үзэсгэлэнтэй, зүүдний мэт үзүүлсээр кино өмнө нь огт байсангүй". "The Red Shoes" кинонд хоёр төрлийн түүхийн хурцадмал байдал байдаг ба эдгээр хурцадмал байдал нь эл бүтээлийг балетын тухай үзүүлсэн хамгийн шилдэг кино, мөн хамгийн нууцлаг кинонуудын нэг болгодог. Эхний түүхийн хурцадмал байдал бол балерина охин хөгжмийн зохиолчдоо хайртай болж, зохиолч бас охиныг од болгоно; энэ бол байдаг л түүх шиг санагдана. Нөгөө түүх нь илүү харанхуй бас аюултай; энэ нь залуу хосуудыг гэрлэхийг эсэргүүцдэг, үнэнч байхыг, дуулгавартай байдлыг шаарддаг балетын компанийг удирддаг импресариогийн тухай өгүүлдэг. Энэ импресариогийн хар нүд ширүүн дургүйцлээр гялалзана; энэ харц атаархал биш, романтик хардалт ч биш, иймэрхүү энгийн зүйлс лав биш. Энэ кино харагдацаараа үзэсгэлэнтэй, түүх өгүүлэмжээрээ сэтгэл татагдам. Та энэ киног үзэхгүй, харин гүнд нь шумбан орно. Киноны төгсгөл цочирдом боловч үүнээс өөрөөр байх боломжгүй санагдана; кино бидэнд үлгэр ярьж өгчихөөд бодит амьдрал шиг давтдаг. Powell илүү найруулагчаар ажиллаж, Pressburger илүү кино зохиолчоор ажилладаг байсан ч тэд зохиолч-найруулагч гэсэн кредитийг хамтдаа хүлээдэг байв. Hitchcock, Lean, Reed шиг хүндлэгддэг Их Британийн домогт найруулагчид болох Powell, Pressburger хоёр нь энд өгүүлэн буй киноноос гадна "Black Narcissus", "Stairway to Heaven", "A Matter of Life and Death" зэрэг олон сод кинонууд бүтээсэн. Дүрүүд нь реализм ба фантааз хооронд шилжих ёстой болоход жүжигчдийн сонголт тун чухал байдаг ба "The Red Shoes" киног Moira Shearer болон Anton Walbrook хоёргүйгээр төсөөлөшгүй. Тэдний өвөрмөц, ялгагдам шинж төрх л хэвшмэл дүрүүддээ сэтгэл хөдлөлийн реализмыг өгдөг.
Walbrook-н бүтээсэн Lermontov нь их зантай, нугарашгүй, сэтгэл татам, бас тайван байдаг. Харин Moira Shearer гайхалтай үзэсгэлэнт байдаг ба Powell хэлэхдээ "Moira гайт биетэй байсан.Тэр туранхай байгаагүй, түүнд ямар ч илүүдэл жин байгаагүй" гэсэн байдаг. Харин Walbrook-н тухай хэлэхдээ "Walbrook даруу зан, сайхан сэтгэлээ төгс зан авирынхаа ард нууж, энэ нь түүнийг хуяг дуулга шиг хамгаалдаг" гэсэн буй. Уг киноноос өмнө "An American in Paris", "Singin' in the Rain" кинонуудад фантааз балет үзэгдлүүд байсан ч "The Red Shoes" киноных шиг удаан үргэлжилсэн, мөн алдартай балетын буюу бүжгийн үзэгдэл байсангүй, өнөөдөр ч байхгүй. Өмнө хэлсэнчлэн өнөөх хурцадмал байдлыг эргэн сануулахад, Lermontov яагаад Victoria болон Julian хоёрын гэрлэлтийг тэгтлээ эсэргүүцнэ вэ? энэ сексгүй шинжтэй хардалт мөн үү? өөрөөр хэлбэл тэр Julian-г хүсээд байна уу, эсрэг Victoria-г хүсээд байна уу?. Lerner 1940-өөд оны ижил хүйстэн шиг хувцасладаг ч журамтай ганц эр боловч түүний сексийн мэдрэмжийг тодорхой илэрхийлсэн агшин байдаггүй. Тэр сул дорой байснаас үхэхийг илүүд үзэгч шиг байдаг. Тэр Victoria-тай тохиролцохдоо "Би чамайг дэлхийн хамгийн аугаа бүжигчин болгоно" гээд хариуд нь "хүмүүний хайрын эргэлзээтэй амар амгаланд найддаг бүжигчин хэзээ ч аугаа бүжигчин болж чадахгүй" гэж хатуу анхааруулдаг". Lermontov түүний зүрх сэтгэлийг эзэмшчихээд алдаад хилэгнэж байгаагаас харахад тэр Mephistopheles бололтой. 

Comments