Уильям Шекспир "Лир Ван"

 




"Лир ван". Уильям Шекспирийн бичсэн эмгэнэлт жүжиг бөгөөд Британий эртний домогт гардаг Лейр хаанаас сэдэвлэжээ. Жүжигт, Лир ван өөрийн эрх мэдэл, газар нутгаа хоёр охиндоо шилжүүлдэг, улмаар тэрээр улс төрийн явуулгаар газар нутгаасаа цөлөгддөг ба ядуурч, галзуу солио тусдаг. Шекспирийн эл жүжгийг анх 1606 онд Гэгээн Стивений өдрөөр тоглогдсон гэж үздэг. Английн Шинэтгэлийн дараа эл жүжгийг хар бараан, хэт гунигтай өнгө аяст дургүй байсан үзэгчдэд зориулж тогтмол шинэчлэн найруулж байсан хэдий ч 19-р зуунаас хойш Шекспирийн эхэн үеийн хамгийн том бүтээлийн нэг гэж үнэлсээр иржээ. Эл жүжгийн гол болон туслах дүрд тоглохыг үе үеийн жүжигчид хүсэн мөрөөдсөөр ирсэн ба тайз, дэлгэцнээ олон хувилбараар хөрвүүлэгдэж ирсэн дэлхийн хэмжээний классик бүтээл болно.

ҮНДСЭН САНАА. "Лир ван" бол хүмүүний ертөнц гэдэг харгислал ба утгагүй учиргүй зүйлсээр дүүрэн мэт санагдуулах хэрцгий жүжиг юм. Жүжигт аймшигтай үйл явдлууд ар араасаа цувран өрнөж байгаа нь жүжгийн баатруудад, мөн үзэгчдэд дэлхий дээр шударга ёс тогтох боломжтой юу, эсхүл дэлхий ертөнц угаасаа хүн төрөлхтөнд хайхрамжгүй ханддаг уу, юмуу бүр дайсагнадаг уу гэсэн тодорхой асуултыг тавьдаг. Олон дүрүүд өөрсдийн бодлоо илэрхийлдэг; ертөнц угаасаа шударга ёстой, ёс суртахуунтай нийцэн ажиллаж байдаг гэж хүн төрөлхтөн итгэдэг нь тэнэглэл гэдгийг Глостер ойлгодог бол Эдгар хүмүүс хүртэх ёстойгоо л хүртэж байна, "бурхад шударга" гэж зүтгэдэг. Гэвч эцэст нь бид зөвхөн айдас хүргэм тодорхойгүй байдалтай л үлддэг буюу хэдийгээр хорон санаатай хүмүүс үхдэг ч сайн хүмүүс бас тэдэнтэй хамт үхэж, Лир Корделиагийн биеийг гартаа бүүвэйлж байгаа аймшигтай зураглалаар төгсдөг. Жүжгийн ертөнцөд сайн сайхан байдаг ч галзуурал, үхэл бас байдаг ба эцэст нь хэн ялахыг хэлэхэд бэрх. "Лир ван" бол гэр бүлийн хүч чадлын адилаар улс төрийн эрх мэдлийн тухай юм. Лир бол эцэг төдийгүй хаан бөгөөд эрх мэдлээ хорон санаатай, хүртэх ёсгүй Гонерилиа, Регана нарт өгсөнөөр өөрийгөө, гэр бүлээ хийгээд бүх Британийг эмх замбараагүй, харгислалд аваачдаг. Хорон муу эгч дүүс эрх мэдлийн төлөөх хүсэлдээ хөтлөгддөг шиг Эдмунд өөрийн сэргэлтийг эхлүүлэх үед эзэнт гүрэн иргэний мөргөлдөөнд автаж, Лир зөвхөн өөрийн эрх мэдлийг төдийгүй Британийн бүх эрх мэдлийг устгасан гэдгийг бид ойлгоно. Лирийн анхлан төлөөлдөг тогтвортой, шатлан захирах дэг журам задарч, эмх замбараагүй байдал эзэнт гүрнийг бүрхэв. Эмх замбараагүйтэй учирсан эрх мэдлийн бүтэлгүйтэл шуурганы үед Лирийг зэлүүд талд тэнүүчлэлд давтагддаг. 

Ертөнцийн энгүй их хүчийг нүдээрээ харсан Лир өөрийгөө бусад хүн шиг энэ дэлхийд өчүүхэн хүн гэдгээ ойлгодог. Эл ухаарал нь улс төрийн удирдлагаа алдсанаас ухаарахаас хавь илүү чухал гэдгийг нотолж, ингэснээр үнэт зүйлсээ дахин эрэмбэлж, даруу бөгөөд халамжтай болгодог. Өөрийгөө шинээр ойлгосоноор Лир улс төрийн эмх замбараагүй байдлыг даван туулж чадна гэдэгтээ найдаж байна. Харанхуй, аз жаргалгүй байдал "Лир ван"-д давамгайлдаг ба 5-р үзэгдэл бол уран зохиолын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй төгсгөлүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч жүжиг Лир, Корделиа хоёрын хоорондох үндсэн харилцааг жинхэнэ, өөрийгөө золиослогч хайрын драматик илэрхийлэл болгон харуулдаг. Корделиа Лир өөрийг нь хөөснийх нь төлөө үзэн ядахын оронд алсаас ч гэсэн эцэгтээ үнэнч үлдэж, эцэст нь түүнийг тарчлаагчдаас аврахын тулд харийн орноос цэрэг арми авчирдаг билээ. Энэ зуурт Лир даруу байхын талаар тун хатуу сургамж авч, эцэст нь Корделиатай баяртайгаар нэгддэг агаад охиныхоо уучлалын хайрыг мэдэрдэг. Лир өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн нь Корделиа түүнийг буруутгаж байгааг мэдэрсэндээ бус харин охиныхоо чин үнэн, гүн гүнзгий хайрыг ойлгосон учраас Корделиатай эвлэрэхэд хүргэсэн гэж хэлж болно. Лирийн ухаарч гүйцсэн нь Корделиаг өөрийн ивээлдээ эргүүлэн авчрах боломжийг олгодог бөгөөд энэ нь жүжгийн үлдсэн хэсгийг давамгайлж буй аймшигтай бас эмх замбараагүйн дунд агшин зуур ч гэсэн хайр цэцэглэн хөгжих боломжтойг гэрчилдэг. Уг жүжигт ямар ч утга учиргүй баргар ертөнцийн талаарх төсөөллийг харуулдаг. Лир шударга ёс, нийгмийн дэг журам, эзэнт гүрний үнэ цэнийг үнэлж буйгаар жүжиг эхэлдэг хэдий ч түүний туршлагаас болж өөрийнх нь үнэ цэнэ алдагддаг. Шударга ёс, дэг журам, хаант засаглал бол ердөө л түүхий, харгис хэрцгий хүчний зусардсан нэрс гэдэгт эцэстээ Лир итгэдэг. Глостер ч мөн амьдралыг тохиолдлын, харгис, хатуу гэж үздэг бөгөөд уг жүжиг амьдралд утга учир юмуу түүнээс гэтэлгэгдэх боломжийг санал болгодоггүй буюу жүжгийн эмгэнэлт төгсгөл нь сургамж өгдөггүй. Корделиа шалтгаангүйгээр нас бардаг; амьд үлдсэн цөөхөн дүрүүд үзэж харсан зүйлдээ цөхрөнгөө барсан байна. "Лир ван" жүжигт өөрийгөө танихгүй байх гэдэг эмх замбараагүй, эмгэнэлт явдлыг үүсгэж болдогийг харуулсан ч өөрийгөө таних нь зовлонтой, магадгүй бүр үүнд хүрэх хүчин чармайлт нь үнэ цэнэгүй гэдгийг харуулна. 

Лирийн эмгэнэлт дутагдал бол өөрийгөө таньж мэдээгүйн дутагдал агаад Лир эд баялаг, эрүүл мэндийнхээ үнээр өөрийгөө таньж мэддэг билээ. Түүний өөрийнхөө тухай олж мэдсэн зүйлс тийм ч таатай биш: "Би дэндүү тэнэг, эелдэг өвгөн" гэж хэлдэг билээ. Өөрийгөө таньж мэдсэн нь Лирийг эмгэнэлт хувь заяанаасаа зугтаах боломжийг олгодоггүй ба үнэндээ өөрийгөө таньж мэдсэнээр зовлон зүдгүүр нь улам нэмэгддэг. Тэрээр охин Корделиа өөрийг нь хайрладаг гэдгийг эцэст нь ойлгодогоос гадна энэ нь түүний үхлийг улам хүнд болгодог. Эдмундын түүх өөрийгөө таньж мэдэх нь хязгаарлагдмал гэдгийг бас харуулдаг. Лирээс ялгаатай нь Эдмунд жүжгийн эхнээс л өөрийгөө тодорхой хардаг ба өөрийгөө таньж мэдэх нь түүнд тийм ч сайн биш буюу тэр Лирээс өмнө үхдэг. "Лир ван" жүжигт хүмүүсийн яриа, үгс үргэлж найдвартай, итгэж болохуйц байдаггүй гэж үздэг., Гонерилиа, Регана хоёрын хэлдэг илэрхий худал хуурмаг үгэнд Лир итгэснээр жүжгийн үйл явдал өрнөдөг ба Гонерилиа хэлэхдээ өөрийнх нь хайр "ярих чадваргүй" гэж үздэг бөгөөд тэр урт ярианы дунд байгаа учир энэ нь утга учиргүй байна. Харин Корнуэлл энгийн яриа нь сайтар боловсруулсан зусар үгтэй адил найдваргүй байж болно гэж үздэг бол Эдгар хэл яриагаар зовлон шаналлыг хэзээ ч найдвартай илэрхийлж чадахгүй гэж үздэг билээ. Жүжгийн тёгсгөлд, Лирийн зан араншин Эдгарын зөв гэдгийг харуулж байна. Охин Корделиагаа нас барсны олж мэдээд Лир хэл яриагаа бүр мөсөн орхидог билээ. 

МОТИФ. Галзуурал жүжгийн гол байр суурийг эзэлдэг бөгөөд энэ нь эмх замбараагүйтэл, далдлагдсан мэргэн ухаантай холбогддог. Жүжгийн эхэн хэсгүүдэд Лир-д гярхай байхыг санал болгодог Салбадай нь галзуурсан мэт байдлаар зөвлөгөө өгдөг ба хожим Лир өөрөө галзуурах үед оюун ухааных нь үймээн самуун нь эзэнт гүрэнд нь үүссэн эмх замбараагүй байдлын тусгал юм. Гэсэн хэдий ч энэ нь түүнийг бүхий л хуурамч дүр эсгэлтээс ангижруулж, мөн жирийн л хүн болгож, түүнд чухал мэргэн ухааныг өгдөг буюу ийнхүү Лир даруу чанарт суралцдаг. Түүний жинхэнэ галзууралд Эдгарын хуурамч галзуурал нэгддэг бөгөөд энэ нь Хааны олж авах мэргэн ухааны цөмийг агуулдаг. Энэ зуурт Эдгарын галзуу гуйлгачин байсан үе нь түүнийг хатуужуулж, жүжгийн төгсгөлд Эдмундыг ялахад бэлтгэгддэг. Урвалт нь жүжигт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, гэр бүлийн аль алинд нь ёс бус үйл ажиллагааг харуулдаг; энд ах дүү нар ах дүү нараасаа урваж, хүүхдүүд эцгээсээ урвадаг. Гонерилиа, Регана хоёр Лирээс урваснаар эрх мэдэлтэй болж байхад Эдгар, Глостер хоёроос урвасан Эдмунд тэдэнтэй нэгддэг. Гэсэн хэдий ч урвагчид гарцаагүй бие биенийхээ эсрэг ханддаг буюу Гонерилиа, Регана хоёр Эдмундад татагдсанаар хоёр биенээ үзэхээ больж, улмаар бие биенээ сүйрүүлдэг билээ. Нэмж дурдахад, жүжиг бүхэлдээ Горделиагийн хайрлах хайрыг харахгүй байгаа Лирийн тэнэг урвалтаас эхлэлтэй гэдгийг санах хэрэгтэй ба энэ нь урвалт бүрийн цөмд гажуудсан үнэт зүйлс оршдог гэдгийг нотолно.

 СИМБОЛ. Лир жүжгийн 3-р үзэгдэлд зэлүүд талд тэнүүчилж явах үед хүчтэй, хоёрдмол симболик шинжтэй аймшигтай шуурга толгой дээр эргэлддэг. Зарим талаараа шуурга Лирийн дотоод самуурал, улам бүр нэмэгдэж буй галзуурлынх нь цуурай болдог; энэ нь Лирийн доторх эмх замбараагүйн физик, үйм самууны тусгал юм. Үүний зэрэгцээ шуурга нь байгалийн гайхамшигтай хүчийг илтгэж, энэ нь эрх мэдэлгүй хааныг өөрийн мөнх бус байдлаа болон хүмүүний сул дорой чанарыг таньж, даруу байхын мэдрэмжийг анх удаагаа ойлгоход хүргэдэг. Мөн шуурга нь жүжгийн үйл явдалд байгаль өөрөө хилэгнэж буй мэт ямар нэгэн бурханлаг шударга ёсны симбол болж өгдөг. Эцэст нь, цаг уурын эмх замбараагүй байдал нь Лирийн Британийг хамарсан улс төрийн үймээнийг симболчилдог. Глостерийн бие махбодийн харалган нь Глостер болон жүжгийн өөр нэг эцэг Лирийг хамарсан зүйрлэлийн харалган байдлыг симболчилдог. Энэ хоёр эрийн ижил төстэй байдал тодорхой байна; хоёулаа үнэнч хүүхэдтэй, мөн хоёулаа үнэнч бус хүүхэдтэй, хоёулаа үнэнийг хардаггүй бөгөөд хоёулаа үнэнч хүүхдүүдээ хөөгөөд муу хүмүүсийг өв залгамжлагчид болгодог. Глостер сохорч, Лир галзуурсан үед л хүн бүр өөрсдийн алдаагаа ухаардаг. Хүүхдүүдийнхээ үнэн чанарыг хараагүй тэдний харалган байдал тэдэнд ямар их хохирол учруулсныг жүжгийн 4-р үзэглэлд тэднийг Доверийн ойролцоо хамтад нь байлгадагаас харж болно.

Comments