The Elephant Man (1980). Өгүүлэх нь, Викториан эрин үеийн Лондоны
нэгэн эмнэлэгийн байрны хамгийн дээд давхрын жижиг өрөөний цонхноос цогчин
дуган маш сайхан харагдах бөгөөд сүндэрлэн харагдах цогчин дуганг цаас болон
модоор яг дууриалган хийсэн модел өрөөний ширээн дээр жижигхэн ч урласан
эзэнийхээ авъяас билгийг илтгэн жавхаатай цогцлон авай.. моделтой ширээний
зэрэгэлдээ ор, хоёр эмэгтэй хүний зураг тавиастай жижигхэн бас нэг ширээ байх
агаад өрөөний нөгөө талд ном өрсөн тавиур, цайны ширээ зэрэг багтаад өрөө
дүүрчих бол орны ханыг дагасан хана нь дээр унтаж буй хүүхдийг зурсан уран
зураг өлгөөтэй болой..
Энэхүү өрөө бол хатан хаан викториагийн шууд ивгээлд
багтан, эмнэлэгийн дарга цэргийн өндөр албан тушаалтануудын эсэргүүцэл,
хавчилгыг даван гарч энэ өрөөг хууль ёсоор эзэмших болсон, өөрөөр хэлбэл хүн
гэж хүлээн зөвшөөрөгдөн энэ эмнэлэгт амьдрах эрхтэй болсон заан хүн хочтой John
Merrick-ынх ба оршин суух гэртэй болоод мөн өөрийн эр зориг, хүмүүн бусын
тэсвэр тэвчээрийнхээ үр дүнгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөн, өөрийнхөө муухай
зүс царайгаарай, байгаагаарай театр, олон нийтийн газар доромж, гутамшиггүй
амьсгаа бүтэн явах болсны дээр өөрийг нь санаж сарвайх найз нөхөдтэй болоод буй
хорь гаран насны залуу билээ.. түүний царай төрхийг үгээр илэрхийлж, үзгээр
бичихэд бэрх, гэвч уг бэрх ажлыг өгүүлэгч би бичихээс өөр сонголтгүй.. жирийн
хүнээс бараг хоёр дахин том толгойтой, духан дээрээ хоёр том бондгор ястай, муруйсан
амнаас нь ёрзойх загасных юм шиг шүд нь эвгүй бөгөөд толгойн хэдхэн ширхэг
үстэй бол арьс нь хүнийх гэхээсээ илүү амьтаных шиг, бие нь харийн юмуу заан,
матарынх шиг бөгөөд хоёр гар, хоёр хөлтэйг нь л эс тооцвол бараг хүнтэй
адилтгах аргагүй энэ хүний толгойнд уут, биед нь цув нөмөргөж байж л осолдохгүй
нэг юм хүн байна гэж үзнэ, товчхондоо бол заантай төстэй гэж болно.. John
Merrick гаднаа хар дарсан зүүдэнд л үзэгдэх аймшиг бол дотроо хүнлэг энэрэнгүй,
эелдэг боловсон, маш сайхан сэтгэлтэй, уярам зөөлөн хүн..
Тэрээр эмнэлэгт ирэхээсээ өмнө архичин, шуналын тулам Bytes болон түүний хүүгийн асрамж халамж нэртэй зодуур, эцэс төгсгөлгүй дарлалын дор хүн болсон буюу яаж яваад юм Bytes түүнийг өсгөн, өөрөө түүний эзэн, албан ёсны халамжлагч нь гэнэ, тэд гажгуудын циркээр аялан явж, яргачин Bytes John-г үзүүлэн болгон ашиглан мөнгө олох ба олсон мөнгөө архинд өгөх нь элбэг.. John-гүй бол эцэг Bytes мөнгөгүй, архигүй бол хүү Bytes хөөрхий муу залууд сайн хандаж, аавынхаа хатуу зодуураас хамгаалах гэж оролдоно.. тэр нэгэн өдөр мэс заслын эмч Frederick цирк үзэж яваад John-г үзэж, улмаар эмнэлэгтээ авчраагүй бол John магад Bytes-ын гарт төдий л удахгүй алуулах байсан бизээ..
Энэ Frederick нь хүний төлөө төрсөн
жинхэнэ эмч бөгөөд эхнэр хүүхэдтэй, тогтвортой амьдралтай, хүнд туслах чин
эрмэлзлэлтэй дөч орчим насны эр болой.. Frederick John-г хараад гайхшран
өрөвдөхийн зэрэгцээ тусалъя, эмнэлэгтээ аваачиж судлъя гэж бодох ба санаагаа
биелүүлэхийн төлөө Bytes-д чамгүй мөнгө төлнө.. John-г эмнэлэгт ирэхэд
сувилагчаасаа дарга хүртэл айж бас гайхах агаад сувилагч хүүхнүүд яаж айсных
асуух хэрэггүй бол эмч, даргууд шинэ судалгааны үзмэрээ балмагдан, цочирдон
хүлээж авна.. John чухам яагаад ийм гаж төрсөнийг ямар ч том, нэртэй эмч
тодорхойлж бас эмчлэх аргыг нь хэлж мэдэхгүй, ганцхан Frederick л түүнтэй
дотно, ойр харьцаж эмчилдэггүй юм гэхэд нийгэмд амьдрах боломжтой хүн болгохыг
чармайн хичээнэ.. John эмнэлэгт ирсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө, энэ
хугацаанд сувилагчид түүнд дасч айхаа больсон бол Frederick түүнд ярих, уншихыг
зааж өгөн, бас жинхэнэ жентелмэн шиг хувцаслаж, өрөө нь өвчтөнийх биш орон гэр
шиг тухтай тохьтой болж амжжээ.. John энэ бүхэнд гайхамшигтай хурдан суралцаж
байв, мэндлэх хүндлэх ёсноос бие авч явах соёлд нүд ирмэхийн зуур суралцаж,
цээжлэх авъяасаараа эмнэлэгийг байлдан дагуулаад зогсохгүй уран гартай болохоо
өрөөнийхөө цонхоор харагдах цогчин дуганг дууриалган хийж эхлэв..
Frederick-ын
гэр бүлийнхэнтэй танилцаж, Frederick-г амьдралын аварсан ачтан гэж хүндлэн
хүндэтгэж тэд дотно нөхөрлөх бөгөөд энэ үед John баярласандаа уйлж, эхийнхээ
зургийг найздаа анх удаа үзүүлдэг, эх нь үнэхээр үзэсгэлэнтэй хүүхэн байсан
агаад түүнийг төрүүлчихээд өөд болжээ.. хүн гэдэг сонирхолдоо жолооллогддог,
гоо үзэсгэлэн юмуу үзэшгүй муухайд ав адилхан татагдан үзэх хүслээ барьдаггүй
амьтан ба John-г харж түүнтэй танилцахыг нийгмийн дээд ангийнхан хүсэж, тэд John-ын
өрөөнд зочилдог болох буюу John тэднийг хүлээн авач цайгаар дайлан ярьж суудаг
болно, John тун нийцтэй харьцаатай, уран үгтэй нэгэн болсон байв.. эрэмдэг
залуу дээр маань театрын од, сайхан хүүхэн Madge зочлон ирдэг болж, тэд хамт
ном уншин, бие биедээ шүлэг уншин өгдөг найзууд болох агаад Madge түүнд зургаа
өгөхөд John зургийг нандигнан аваад хамгийн хайртай зүйл болох ээжийнхээ
зургийн хажууд зэрэгцүүлэн тавьдаг.. заан хүний амьдрал эмнэлэгт ирээд туж сайн
сайхан байсан гэвэл үгүй ээ, энэ үеэр шуналтай, амиа бодогч архичин Jim гэгч
эмнэлэгийн харуул шөнөөр хүмүүс дагуулан сэмхэн John-ын өрөөнд ороод түүнийг
элдэвлэн доромжлож, гутаан шившиглэх бөгөөд харуул үүнийхээ шанд хүмүүсээс
мөнгө авна, нэг үгээр харуул албан ажлаа ашиглан ёс суртахуунгүй загнана.. заан
хүнд хүчээр архи уулгаж, муухайгаар шоглож, хүчээр хүүхнүүдтэй үнсэлцүүлэн
шоолох согтуу эрчүүд, хүүхнүүдийн дунд Bytes миний эрдэнэс хэмээсээр угтан
ирнэ.. John хэзээч өөрийгөө толинд харж байсангүй, эмнэлэгт ч үүний улмаас толь
байхыг хориглосон ба харин энэ доромж шөнө Jim толинд өөрөө өөрийг нь
харуулдаг, золгүй хувь заяа, аймшигт төрх, доромж амссан сэтгэл нь мэдээ алдан
бутраад Bytes-г даган явах буюу мөнгөгүй болсон Bytes байнгын амин зуулгаа
ийнхүү эргүүлэн авч одно.. маргааш нь Jim ажлаасаа халагдах бол Bytes, заан
хүнээ аваад хилийн дээс алхчихсан байлаа.. John эргээд ичгүүргүй үзвэр болж,
байнгын зодуураа амсан үхэх гэж байхад Bytes-ын хүү болон циркийн бусад гажгууд
түүнийг өрөвдсөнөөр оргуулан усан онгоцонд суулгаад буцаана..
Frederick John-ын эзгүйд
зовон, би ер нь сайн хүн үү, би ер нь Bytes-ээс ялгарахуу хэмээн өөртөө хэлэн
бодлогширдог.. бие хийгээд сэтгэл санааны тамаас ангжиран эргэн ирэхэд заан
хүнийг энд буюу эмнэлэгт байлгах шаардлагагүй, эдгэшгүй өвчтэй болохоор энд
байх хэрэггүй гэж эмнэлэгийн удирдлагууд үзэн түүнийг хөөхөөр зэхэж байлаа.. харин
энэ үед хатан хааны зарлига ирж заан хүн эмнэлэгт үлдэх эрхтэй болох ба баяр
дээр баяр нэмж Madge John-г театрт ирж жүжиг үзэхийг урина.. John-г тайзан
дээрээс Madge өөрийнхөө найз хэмээн зарлахад үзэгчид түүнд зориулж босон алга
таших агаад театрын орчин, хүмүүсийн хүндлэл түүнд гайхамшигтай байсан нь
мэдээж боловч сэтгэлийг нь хамгийн ихээр хөдөлгөн дэнслүүлсэн зүйл бол жүжиг
байсан нь эргэлзээгүй.. тэр гайхамшигт өдрийн орой John моделоо дуусгачихаад
хана дээрх өнөөх зураг руу нэг, ширээн дээрх эрхэм хайрт эмэгтэйчүүдийнхээ
зураг руу нэг ээлжлэн харчихаад орондоо орж дээшээ харан үүрд нойрсохоор хэвтэх
буюу тэрээр биеийн онцлогоос болж хэзээч нам унтаж байгаагүй агаад дээшээ харж
унтвал амьсгал хаагдах аюултай бөлгөө.. моделоо бүрэн дуусгахтай зэрэгцэн,
амьдралын гал нь ийнхүү бөхөх тавилантай, нэгэнт хүн шиг амьдарч чадахгүй энэ
зовлонт хүн хэрэндээ бүхнийг үзэж сэтгэл ханаад ядарсан, туйлдсан энэ гайт биеэ
үүрд амраахыг хүсчээ.. энэ золгүй, сэжгийн хүн хүнлэг сэтгэлийн үлгэр жишээ
туг, хүнийг хүн болгогч зүйл бол сэтгэл, хүнлэг чанар юм гэдгийг сануулчихаад
гүн тайван нойрсчээ..
John Merrick бол бодитоор оршин байсан гаж төрсөн
хөөрхийлтэй хүн бөгөөд суут кино найруулагч David Lynch Лондоны утаа савсан,
харанхуйлсан орчин болон гайхалтай хар-цагаан зураглалаар хүний хар бараан
талыг, тэгэхдээ жинхэнэ хүн шиг хүн байхад дотоод сэтгэл зүрх чухал, гэвч тэр
нандин чанарыг бид ухаардаггүйг эмгэнэлтэйгээр, өрөвдмөөр дүрсэлжээ.. энэхүү намтарчилсан, медикал драм төрлийн кино
нь сэтгэл өвтгөм, хүний оршихуйн талаар өгүүлсэнээрээ жинтэй хуманист киноны
нэг гэгдэх бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 381-р байрт жагсаж
байна.. кино тухайн жилийнхээ Оскарт найман төрөлд нэр дэвшин өрсөлджээ.. гол
дүрүүдэд: John Hurt, Anthony Hopkins, Anne Bancroft гэсэн мундагууд тоглосон ба
John Merrick-ын дүрийг бүтээсэн John Hurt-г тийм нүсэр маскны цаанаас тийм
гайхалтай тоглосныг нь цөм шагшсан агаад John Hurt нүүр хувиралтад өдөр болгон
долоогоос найман цагийг зарцуулж, эргээд арилгах гэж хоёр цагийн ажил болдог
байжээ.. Anthony Hopkins Frederick Treves-ын \энэ Frederick Treves нь мөн л бодит
хүн ба киног түүний бичсэн номноос сэдэвлэсэн\ дүрийн мундаг бүтээсэн ба кино
найруулагч Jonathan Demme энэ дүрээс нь болж түүнийг алдарт The Silence of the
Lambs киноныхоо Dr. Hannibal Lecter-ын дүрд тоглуулах сэдэл төрж, тэр нь ч
бүтсэн билээ.. сонирхуулахад, жүжигчин Bradley Cooper энэ киног үзээд жүжигчин
болохоор шийдсэн гэдэг..
НЭМЭЛТ: Продюсер Jonathan Sanger
хүүхэд асрагчаасаа анх кино зохиолыг олж аваад кино зохиолчдоор Christopher
Devore, Eric Bergren нарыг кино зохиолчоор хөлслөнө гэж боджээ. Алдарт Mel
Brooks-тэй хамтран "High Anxiety" бүтээл дээр нь ажилласан Sanger
кино зохиолоо Brooks-д үзүүлээд санхүүгийн дэмжлэг хүсчээ. Харин Brooks өөрийнхөө
туслахаар дамжуулан Sanger-г David Lynch-тэй холбож өгчээ. Ингээд Sanger, Lynch
хоёр уулзаж, ажиллаж байгаа кино зохиолын гар бичмэлүүдээ солилцон уншжээ. Хэн
хэн нь хамтран ажиллахыг хүссэн бөгөөд ерөнхийдөө Lynch-ын санаа давамгайлсан.
Гэвч тухайн үед Brooks Lynch-г огт мэддэггүй байсан гэдэг ба Lynch-ын
"Eraserhead" киног үзсэнийхээ дараа найруулагчийн суудлыг Lynch-д
өгөх ёстой гэж шийджээ.
Comments
Post a Comment