Амьдралын анивчаан


 The Diving Bell and the Butterfly (2007). Америкийн кино найруулагч, зураач Julian Schnabel-н намтарчилсан драм. Францын сэтгүүлч, зохиолч Jean-Dominique Bauby-н 1997 онд хэвлэгдсэн ижил нэрт дурсамж номоос сэдэвлэн Ronald Harwood кино зохиолыг бичсэн бөгөөд бодит амьдрал дээр сэтгүүлч Bauby хүчтэй цус харвалтаас болж "түгжигдсэн синдром"-оор өвдөж, бүтэн бие нь саажиж, ердөө зүүн нүднийх нь зовхи л хөдөлгөөнтэй үлдсэн ч ном бичиж чадсан гайхамшигтай түүхийг уг бүтээлд өгүүлдэг. Bauby-н дүрд Францын жүжигчин Mathieu Amalric тоглосон. Уг кино Оскарын наадамд 4 төрөлд нэр дэвшсэнээс гадна Канн, BAFTA, Алтан Бөмбөрцөг наадмуудаас шагнал хүртсэн ба BBC 21-р зууны шилдэг 100 киноны нэгээр нэрлэсэн байдаг. 

Найруулагч Schnabel хувийн амьдралынхаа туршлага мэдрэмжийг мөн кинондоо оруулж өгсөн талаараа ийнхүү өгүүлсэн буй: "Аав минь өвдөөл тун тааруу байлаа. Амьдралдаа огт хүндээр өвдөж үзээгүй тэр хэвтэрт орсондоо үхтлээ айж байсан юм. Тэгээд аав бид хоёр хамт байх боллоо. Нэг өдөр надад "The Diving Bell and the Butterfly" киноны зохиол ирдэг юм байна. Аавыгаа үхэж байхад би дэргэд Ronald Harwood-н ажлыг уншиж байв. Энэ мэдрэмж надад киног өөр олон янзын хэмжээстэйгээр хийх сэдэл өгсөн хэрэг. Зураач хүн хамгийн сүүлд зурснаасаа тэс өөрөөр зурахыг хүсдэгчлэн миний хувьд ч энэ үнэхээр тун сайн өнгөний хослол болно гэж бодсон. Тэгээд би хувь хүнийхээ болон уран бүтээлчийнхээ хувиар энэ зүйлсийг нэгтгэхийг хүссэн". Гоц сайхан дүрслэлтэй, динамик тоглолттой энэхүү хүчирхэг намтарчилсан бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэе. 

Киноны эхний гуравны нэгийг гол дүр Bauby-н өнцгөөс буюу нэгдүгээр биеэс өгүүлдэг. Тэрээр Францын нэгэн эмнэлэгт гурван долоо хоног ухаангүй байсны эцэст сэрж буйгаар кино эхэлнэ. Эмч нар түүнд шинжилгээ хийгээд "түгжигдсэн синдром"-той гэж оношлох ба өвчтөн бүрэн саажилттай ч сэтгэцийн хувьд хэвийн хэвээр үлдсэн тун ховор тохиолддог өвчинд нэрвэгдсэн нь мэдэгдэнэ. Эхлээд үзэгчид голчлон Bauby-н "бодлыг" сонсдог (тэр өөрийгөө ярьж байна гэж боддог ч мэдээж хэн ч түүнийг сонсохгүй) ба бусадтай ганц ажиллагаатайгаа үлдсэн өрөөсөн нүдээрээ л дохиж анивчин харилцана. Хэл ярианы болон физик эмчилгээний эмч нар түүнийг боломжийн хэрээр хөдөлж, ажиллахад нь тусалдаг; Bauby ярьж чаддаггүй ч ярианы хэл засалчтайгаа хамтран харилцах аргачлалыг хөгжүүлж сурах агаад энэ нь ажиллагаатай зүүн нүдээ анивчуулах замаар хэл засалчийн өмнө нь барьсан үсгүүдийг унших буюу хэл засалч хамгийн их ашиглагддаг үсгийг дуудахад Bauby тохирох үсгийг анивчин нэрлэж үсгийг нэг нэгээр сонгох аргаар үг бүтээж, улмаар өгүүлбэр бүтээж харилцаж сурна. Аажим киноны хязгаарлагдмал үзэгдэх өнцөг улам өргөжин тэлж, үзэгчид Bauby-г "гаднааас" нь харж эхэлдэг; түүнчлэн өнгөрсөн амьдралд тохиолдсон үйл явдлуудыг өгүүлдэг. "Түгжигдсэн" Bauby мөн наран шарлагын газар, уулс, Францын хатан хаан Eugenie хийгээд янз бүрийн эротик зүйлсийг төсөөлж байгааг бид үзнэ. 

Тэрээр Францын алдартай загварын Elle сэтгүүлийн редактор байсан, "Монте Кристо Гүн" романыг эмэгтэй баатартайгаар шинээр зохиомжлон ном бичихээр хэвлэлийн компанитай тохиролцоод байсан нь илчлэгддэг. Саажиж, өрөөсөн нүднээс өөр ажиллагаатай эрхтэнгүй болсон ч Bauby сайхан сэтгэлт эмч, хэл засалч нартайгаа хамтран номоо бичихээр болдог. Удаан бас ядаргаатай залхмаар ч номоо тэр бичиж чадсан юм. Номондоо тэрээр биендээ хоригдох ямар байдгийг тайлбарладаг; энэ тун энгийн, та өөрийгөө маш хүнд зузаан эртний төмөр шумбагчийн хувцас өмсөөд усны гүнд байгаагаар төсөөлөхөд л хангалттай; таны хөдөлгөөн туйлын хязгаарлагдмал, усан дор дуулгатай учир хэн ч таныг сонсохгүй; ердөө л ийм аймшигтай юм. Bauby-н бичсэн түүх түүний дурсамж, харуусал, цус харвах хүртэлх үйл явдалтай зэрэгцдэг. Бид түүний 3 хүүхэд, хүүхдүүдийн эх (тэр гэрлээгүй), нууц амраг, найзууд болон аавыг нь харж танилцана. Түүний нэг Бейрутэд хулгайлагдаад дөрвөн жил хоригдсон байдаг бол аав нь 92 настай учир гэртээ хоригдсон хөгшин байна, өөрөөр хэлбэл өвдөхөөс нь өмнөх амьдралд байсан хүмүүс ч бас ямар нэгэн байдлаар "түгжигдэгсэд" байжээ. Эцэст нь Bauby номын нээлтийг үзэж шүүмжлэгчдийн шүүмжийг сонсдог ба ном нь хэвлэгдсэнээс хойш 2 долоо хоногийн дараа уушгины хатгалгаагаар нас барснаар кино маань ч төгсдөг. 

Энэхүү бүтээлийг анх Америкийн Universal Studios бүтээхээр төлөвлөж, зохиолыг нь Англиар бичиж, гол дүрд Johnny Depp тоглох ёстой байжээ. Universal татгалзаж оронд Францын Pathe кино компани төслийг авсан ба кино зохиолыг бичсэн Harwood-н хэлснээр найруулагчаар Schnabel-г сонгохыг Johnny Depp санал болгосон аж. Depp өөрөө "Pirates of the Caribbean" кинондоо тоглох хуваариас болж төслөөс нэрээ татсан ч найруулагч Schnabel төсөлдөө үлджээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Schnabel номын баялаг хэллэгийг харгалзан үзвэл киног оригинал Франц хэлээр хийвэл илүү дээр, тиймээс Англи хэлээр бус Франц хэлээр киног хийх ёстой гэж продакшны компанитай түр тар хийсэн гэдэг. Тэгвэл Harwood арай өөрөөр тайлбарладаг; түүнийхээр Pathe компани Англи, Франц аль алинаар нь хийхийг хүссэн тул хоёр хэлтэй жүжигчдийг сонгон авсан ажээ. Гэхдээ ингэж хоёр хувилбараар хийх нь өндөр зардалтай тул эцэст нь Schnabel-нхаар эх Францаар нь хийжээ. Bauby-н хувийн амьдралын хэд хэдэн чухал аспектыг кинонд зориулж зохиосон; үүнд түүний найз бүсгүйтэйгээ болоод хүүхдүүдийнхээ ээжтэй харилцах харилцааг зохиожээ. Бодит амьдрал дээр түүнийг Bauby-н хүүхдийн ээж бус харин түүний найз бүсгүй байж харж хандаж байжээ. Ухамсартай, ухаан сэрүүн байгаа мөртлөө ертөнцтэй харилцах боломжгүй байна гэдэг хичнээн аймшигтай вэ?... 

Өрөөсөн ганц нүдээрээ ном бичсэн энэ түүх жинхэнэ амьдралаас сэдэвлэсэн бишрэм нэгний түүх юм. Бид бие биенээ гэсэн сэтгэлтэй байхад юуг ч хийж бүтээж болохыг кинонд Bauby-д тусалж байгаа эмч, сувилагчид болоод хүүхдүүдийнх нь ээжээс харж болно. Энэ бол супер хүний түүх гэж хэлж болно. Өмнө нь уран бүтээлч хүн саад тотгорыг хэрхэн туулж байгаа тухай хоёр ч кино хийгээд байсан найруулагч Schnabel уг киноны найруулагчаар ажилласан нь нүдээ олсон сонголт байсан гэж бодох; учир нь тэр урлаач хүн саадыг хэрхэн давдагийг гадарладгаас гадна зураач байсан нь төсөөллийн хэмжээсээс нь харж болно. Schnabel, Harwood хоёр зөвхөн орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүнийг харуулах бус харин түүний харж буй зүйлс, эргэн тойрны хүмүүс хийгээд гол нь түүний дурсамж, төсөөллийг харуулах явдлыг гайхамшигтай бүтээлчээр шийджээ. Кино дээрх бүхэн түгжигдсэн хүний ухаанаар шүүгдэж байгаа тохиолдолд ийм зөв шийдэл олох нь амаргүй. Энэ урам зориг өгөх кино биш, учир нь хэн ч гэсэн ийм нөхцөлд орохыг хүсэхгүй бас шаардлагагүй ба энэ урам зоригоос илүү зүйлийн тухай, нэг үгээр энэ бол баатарлаг түүх юм. Энд хувь тавилангийн эсрэг тууштай шийдэмгий тэмцэж буй амьдрах хүслийг харуулдаг. Мөн түүнчлэн хуял тачаал, өлсгөлөн, хошигнол ч бий. 

Кинонд нэг гашуун сцэн байдаг; Bauby хуучин амрагтайгаа харилцахын тулд өөрт нь үнэнчээр асран байгаа хүүхдүүдийнхээ эхээс тусламж гуйдаг. Кинонд түүнийг хүүхнүүд хүрээлж байдаг; сувилагч, хэл засалч, төсөөллийн амраг гэх мэт эдгээр хүүхнүүд түүнийг өвдөхөөсөө өмнө ямаршуу хөдөлгөөнтэй эр байсныг, өвдсөн ч тодорхой хэмжээгээр хүүхнүүдийн "дуртай" эр байгааг харуулна. Bauby-н дүрд тоглосон Mathieu Amalric бараг хоёр дүрд тоглосон гэж хэлж болно; нэгдүгээрх нь хэвтрийн эр бол удаах нь дурсамж болон төсөөлөл дэх чухал эр юм. Зураглаач Janusz Kaminski-н ажил энэ киноны өөрийгөө түгжих аюулаас ангижруулах үүрэгтэй байсан буюу Bauby-н ухаан орсон манантсан POV кадруудаас дэлгэцийг амьдрал, гоо үзэсгэлэнгээр дүүргэсэн кадрууд чухал үүрэгтэй байдаг. Хүний ухаан гэдэг хамгийн гайхалтай зүйл бөгөөд харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэх мэдрэмжүүд бол ердөө л ухаанд зориулагдсан "хэрэгслүүд" болохыг эл киноноос бид харна. Хэзээ ч ухаангүй байснаас жаахан ч гэсэн ухаантай байгаад үхсэн нь дээр. 

Comments