Цонхигор эмэгтэй

 


The Life of Oharu (1952). Японы мастер кино урлаач Kenji Mizoguchi-н түүхэн драм. Японы зохиолч Saikaku Ihara-н 1686 оны "The Life of an Amorous Woman" зохиолоос үндэслэн Yoshikata Yoda, Kenji Mizoguchi хоёр хамтран кино зохиолыг бичсэн ба гол дүрд Kinuyo Tanaka тоглосон. 17-р зууны Японы эзэн хааны ордонд үйлчилж байсан татвар эмээс цөллөгдөгч, янз бүрийн түвшний биеэ үнэлэгч хүртэл уруудан доройтож байгаа эмэгтэйн энэхүү түүхийг кино урлаг дахь хамгийн шилдэг "эмэгтэйчүүдийн" найруулагч гэгддэг Mizoguchi уран нямбайгаар урласан. Энэ бол үнэмлэхүй тансаг кино; жүжигчдийн хөдөлгөөний нарийн жижиг сажиг зүйлс, үзэсгэлэнтэй зохиомж хийгээд зураглалаар ганцхан кадраар бүхэл бүтэн сцэнийг илэрхийлдэг. Ийнхүү Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 230-р байрт жагсаж буй эл бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэе.

Энэхүү түүх нь 50 настай ядарсан биеэ үнэлэгч Oharu-н тухай өгүүлнэ. Тэрээр сүмд хорогдож байхдаа Архатуудын үлэмж баримлуудыг хараад Архатуудын царайнаас амьдралынаа үйл явдлуудыг тусган харна. Язгууртан айлд төрсөн, самурайн охин Oharu хөрш ноёны зарцад дурлана. Анги давхаргын ялгаатай байдлаас болж тэд хамтран амьдрах эрхгүй учир хамтдаа зугтах авч холдолгүй баригдаж, Oharu гэр бүлийнхээ хамтаар нутаг заагдан хөөгдөж, харин зарц эр цаазаар авхуулж үхнэ. Oharu амиа хорлох гэж оролдоод бүтэлгүйтнэ. Хэсэг хугацаа өнгөрч байтал, орон нутгийн ноёны илч Oharu-н амьдарч байгаа тосгонд ирээд ноён нь татвар эм хайж байгааг дуулгана. Илч нар олон хүүхнүүд дундаас бүх шалгуурт тэнцэхүйц нь Oharu гэж үзээд түүнийг сонгож авна. Matsudaira ноёнд зарагдсан Oharu ноёнд хүү төрүүлж өгөх ёстой байсан агаад эл үүргээ ч биелүүлнэ. Эрүүл сайхан хүү төрсний дараа Oharu-г хэрэггүй болсон гэж үзээд багахан мөнгө өгөөд төрхөмд нь буцаана.

Эргээд иртэл өрөнд орчихоод байсан аав нь түүнийг янхны газар руу мөнгө олуулахаар явуулна. Oharu янхны газар бүтэлгүйтэж дахиад гэртээ ирнэ. Oharu нэгэн айлд зарцаар орно, айлын эхнэр нөхөртэй хаягдахгүй гэж халзангаа нууж иржээ. Овоо амьдарч байтал Oharu-н өмнөх янхны газарт ажиллаж байсан нь илэрч, улмаар гэрийн эзэн түүнийг оролдож эхэлнэ. Үүнийг мэдсэн эхнэр Oharu-д өш санаж, сайхан үсийг нь тайрдаг авч Oharu хариу болгож эхнэрийн халзан толгойтойг зарлаж орхино. Oharu дахиад л хөөгдлөө. Дараагийн удаа тэрээр өөрт нь гүнзгий дурласан дэвүүр хийгчтэй гэрлээд одоо л нэг амар тайван амьдрах нь гэтэл нөхрийг нь дээрэмчид хөнөөчихнө. Цөхөрсөн тэрээр гэлэнмаа болохоор оролддог ба бас л нэг гайтай эрээс болж сүмээс хөөгдөнө. Энэ удаа тэрээр хүчиндүүлсэн байх магадлалтай байдаг ч хохирогч болдог. Ингээд гудамжины биеэ үнэлэгч болдог.

Эцэст нь киноны хүүрнэл Архатуудын баримлуудаар дүүрэн сүмтэй эхлэл сцэнд эргэн ирнэ. Oharu ухаан алдаж, сэрэхэд ээж нь дэргэд нь байж байдаг. Ээж нь түүнд аав нь бас Matsudaira хоёр нас барсан гэж хэлдэг. Oharu-н хүү одоо ноён болсон ба ээжийгээ хайж байгаа ажээ. Хүүтэйгээ уулзаж, ордонд амьдарна гэсэн найдвар тээсэн Oharu ноёны өргөөнд очтол шившигтэй амьдралаар амьдарсан хэмээн буруутгагдаж, хүүтэйгээ хэзээ ч уулзах эрхгүйгээр шийтгэгдэнэ. Залуу ноён түүний хажуугаар зөрж өнгөрөх ганцхан удаагийн эрхээр түүнийг шагнана. Хүүгээ ямартай ч харж амжсан Oharu үлдсэн амьдралаа айл айлын хаалга нүдэн өглөг гуйж өнгөрүүлжээ.

  "The Life of Oharu" бол төлөвшсөн мастерын сод туурвил ба өөртөө автсан, гунигтай шинжээрээ олон улсын үзэгчдийг Kenji Mizoguchi-н кинотой танилцуулсан чухал кино. Энэ нь уламжлалтай холбоотойгоос гадна эрё оригинал бүтээл гэдгээрээ онцлогтой. Мужааны хүү Mizoguchi 1898 онд Токиод төрсөн бөгөөд энэ үе бол Япончууд тусгаарлагдмал байдлаасаа гарч, Барууны шинэчлэлд нээлттэй болсон үе. Түүний 1920-оод он болоод 1930-аад оны эхээр хийсэн кинонуудаас бараг юу ч үлдээгүй. Түүний 1936 онд бүтээсэн "Osaka Elegy" болон "Sisters of the Gion" гэсэн хоёр кинонд тухайн үеийн Японы зовж шаналж буй эмэгтэйчүүдийн гашуун дүр төрхийг харуулсан байдаг агаад эдгээр кинонуудаараа тэрээр салбартаа танигджээ. Тэр үеэс л Mizoguchi ойрын зураглал, урвуу өнцгийн зураглалаас зайлсхийж, алсын, хөдөлгөөнтэй, удаан үргэлжилсэн нямбай зохиомжтой зураглалыг илүүд үзсэн өөрийн гэсэн хэв маягийг бий болгожээ. Дээрх хэв маягийг хамгийн шижир байдлаар нь түүний "The Story of the Last Chrysanthemum" киноноос нь харж болно гэдэг. Дайны дараагаар Mizoguchi өөрийг нь хуучинсаг гэж нэрлэж байсан критикүүдийн бодлыг баталгаажуулахын тулд Японы классик уран зохиол руу хандсан ба энд онцлон буй киногоор эхэлж, 1953 онд "Ugetsu", 1954 онд "Sansho the Bailiff" кинонуудаараа Венецийн кино наадмын дээд шагналыг гурван жил дараалан манлайлж, улмаар Барууны ертөнцөд алдаршсан. Японы кино урлаг олон улсад танигдахад Mizoguchi-н үзүүлсэн нөлөөг дутуу үнэлж болохгүй.

Тухайн үеийн зарим Японы критикүүд түүний үндэстнийхээ классик зохиолуудад хэтэрхий эрх дураараа хандаж байна гэж буруушааж байлаа. Гэхдээ уран бүтээлч хүн эрх чөлөөтэй ажиллахын сацуу уламжлалдаа үнэнч үлдэж чадна гэдэг чухал чадвар; Mizoguchi тэгж чадсан ба түүн шиг үндэстний түүх хүүрнэгч үеийнхэн дунд нь бараг байгаагүй. 1950-аад онд гарсан эдгээр алдартай бүтээлүүд нь найруулагчийн маань 1930-аад оны сүүл, мөн 1920-оод оны эхээр төгс эзэмшсэн байсан урт үргэлжилсэн зураглалын техникийг тийм ч хатуу чанд баримталдаггүй, тайралт болон ойрын зураглал илүү зохист хэмжээнд байдаг; гэвч түүний өвөрмөц хэв маяг хэвээрээ байна. Кино эртний Киотогийн харанхуй гудамжаар алхаж байгаа эмэгтэйг тасралтгүй дагах камерын ажиллагаагаар эхэлнэ. Энэ эмэгтэй бол мэдээж манай киноны гол дүр Oharu. Үзэгч түүнийг амьдралынх нь туршид дагах хэрэгтэй болдог, энэ урт аялал эндээс эхлэх учиртай. Oharu дэлгэцнээс гадуурх ямар нэгэн зүйлийг анзаарч, гивлүүртэй царайгаа буруу харуулдаг, энэ мөчид Mizoguchi-н камер удааширч, Oharu-н ичингүйрлийг хүндэтгэн түүнээс холддог.

Дараа нь, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирнэ, энэ нь үйлчлүүлэгчээ зочид буудал руу дагуулж байгаа янхан бололтой байдаг агаад эрэгтэй зугтахыг оролддог ч янхан татан чангаасаар буудал рүү хөтөлнө. Энэ нь гудамжинд алхаж яваа биеэ үнэлэгч Oharu руу ойртох шалтаг болдог буюу түүний нөгөө талын өнцөгөөс ойролцоогоор 90 градусаар доошилсон гайхалтай тайралтыг бий болгодог. Mizoguchi камер хөдөлж, түр зогсож, дахин хөдөлж байгаа урт үргэлжилсэн кадруудаа Японы уламжлалт урлаг болох хуйлмал зурагтай харьцуулсан ба Барууны ертөнцийн тавиур дээрх зургийг өөр ертөнц рүү нээгддэг цонхтой зүйрлэх аваас хуйлмал зураг нь дэлгэсэн ном шиг гэж зүйрлэхүйц. Тэгэхээр хуйлмал зургийг хүн дээрээс нь хардаг гэж үзвэл Mizoguchi-н зураглал өндөр өнцгөөс авдагаараа төстэй шинж чанартай. Түүний камер газрын түвшинд бууж ирэх нь ховорхон байдаг ба дээшлэх, доошлох хөдөлгөөн бол түүний камерын өвөрмөц үйлдэл юм. Зөвхөн камерын хөдөлгөөнөөс гадна уг киноны анхны тайралт шиг тайралтууд нь мэдрэмжийн хувьд өндөрлөгөөс газар руу, хамтаас тусгаар руу шилждэг. Saikaku-н эх зохиолд нэр нь үл мэдэгдэх эмэгтэйн садар явдлаа наманчилж байгааг нэгдүгээр биеэс өгүүлдэг бөгөөд энэ бол зөвхөн нэг биеэ үнэлэгчийн түүх бус бүтэн нийгмийн завхралын түүх гэж ойлгож болохуйц. Хэдийгээр хүүрнэгч биш боловч Oharu бол анхнаасаа үйл явдлын үндсэн хөдөлгөгч, камерын хөдөлгөөний гол сэдэлжүүлэгч байдаг.

Ариун гэгээнтэн биш ч гэсэн тэрээр романы хүүнэгчээс илүүтэй чухал, эрхэмсэг дүрээс гадна нийгмийн дарлал, шударга бус явдлыг илүү бодитоор амсагч. Эх зохиол комеди, эротик, егөөдөлт, заримдаа догшин шинжтэй байдаг бол кино нь ерөнхийдөө мелодрам боловч хурц хошигнолоор баялаг ч үргэлжлэх тусам улам гашуун уйтгартай болдог. Oharu-г хөгширсөн гудамжины гуйлгачин гэж танилцуулсан кинонд тэрээр сүмд залуу насныхаа халуун хайрыг дурсан санаснаар энэхүү урт удаан эргэн дурсах үйл явц буюу Oharu-н амьдрал бидний өмнө дэлгэгддэг. Бүх зовлон хориглогдсон хайраас үүдэлтэй; Oharu ордны хатагтай байсан, гайгаар тэр доогуур зиндааны зарцад (Toshiro Mifune) дурлсан. Mizoguchi-н кинонд жүжигчид Японы уламжлалт театртай холбоотой бүх биеэрээ жүжиглэдэг аргыг ашигладаг нь Akira Kurosawa найруулагчийн арга барилтай төстэй. Энд тун гоё хэсэг байдаг; Oharu хайраа илчлээд салахгүй байсан зарцаас зугтаад цэцэрлэгт гардаг, зарц түүнийг гүйцэж очно; зарц түүний өмнө өвдөглөөд тэвэрнэ, хүүхэн бултасхийхэд камер холдож, зогсоход Oharu ухаан алдахад зарц түүнийг тэврэн авна (хүүхэн зориуд гар дээр нь унана гэвэл илүү тохирно).

Үүнийг тасралтгүй ганц кадраар авсан. Ингээд Oharu газарт унахад камер түүнтэй хамт доошилж, хоёр чулуун баримал кадрын доод хэсэгт харагддаг. Зарц түүнийг өргөөд авч явахад камер цэцэрлэгт хэсэг агшинд үлдэж, өөрөөрөө доошлоход хоёр чулуун хөшөө одоо кадрт арай өндөр болж, яг л боссон эр эрхтэн шиг харагддаг; энэ бол тэдний янөг халуун амраглалын симбол гэдэг нь илэрхий. Тэдний хайр феодал шатлалыг зөрчсөн учир хатуу шийтгэл хүлээдэг; Oharu-д юу тохиолдсоныг дээр дурдсан болохоор зарцад юу тохиолдсоныг тодорхой болговол, тэрээр үхэхийнхээ өмнө Oharu-д захиас үлдээсэн; "хайртай хүнтэйгээ л гэрлээрэй", энэ зарцын сүүлчийн хүсэл байдаг. Камер цаазаар авагчийн гялтганасан сэлэм зарцын хүзүүнд хүрэх хүртэл дагаад үхлийн цавчилт харагддаг ч цавчиж байгааг харуулалгүй, харин шууд цустай сэлмийг харуулдаг. Үхсэн хайртынх нь захидал Oharu-д ирэхэд Oharu дэлгэцийн баруун доод хэсэгт байршиж, үзэгчдийн харах өнцгийг хаасан кимоногийн ард захидлыг уншаад уйлж байгаа нь сонсогддог ч царай нь харагддаггүй. Түүний амиа хорлох гэж авсан хутга цаазаар авагчийн сэлэм шиг гялалзаж байдаг. Дараагийн кадрт Oharu амиа хорлохоор хулсан төгөл рүү ороход ээж нь зогсоохоор дагадаг; түүнийг хүрээлсэн моднууд шорон шиг нөхцөлд байгааг нь харуулсан. Амиа хорлохыг нь болиулахын тулд хутгыг нь булааж байгаа, худаг руу унахыг нь зогсоож байгаа зураглалууд ойроос харуулахын оронд холоос, өндрөөс харуулсан нь жинхэнэ хуйлмал зураг үзэх мэдрэмж төрүүлэх зорилготой. Бид зөвхөн хувь хүмүүсийн зовлонд анхаарах бус нийгмийг хамарсан зовлонд анхаарах ёстой болохыг кинонд харуулжээ. 

Comments