Цэцэгчин

 


My Fair Lady (1964). Америкийн кино найруулагч George Cukor-н мюзикл, комеди-драм. Ирландын нэрт зохиолч Bernard Shaw-н "Pygmalion" жүжгээс сэдэвлэн 1956 онд Америкийн либретто Alan Jay Lerner тайзны мюзикл бүтээсэн нь өндөр амжилт гаргасан ба Cukor-н кино уг тайзны мюзиклээс үндэслэгдсэн буюу дэлгэцийн хөрвүүлэлтийг нь Lerner өөрөө бичжээ. Киноны гол дүрүүдэд Audrey Hepburn, Rex Harrison, Stanley Holloway, Gladys Cooper, Wilfred Hyde-White нар тоглосон. Тайзны жүжигт Eliza-н дүрд тоглосон Julie Andrews-г (тэр кинонд тоглосон туршлагагүй байсан) хэдийнээ од болчихсон байсан Audrey Hepburn-ээр сольсон бол Rex Harrison тайзны хувилбарт тоглосон Henry Higgins-н дүрээ кинонд мөн тоглосон.

  Кино критикүүдээс алга ташилт хүртсэнээс гадна санхүүгийн амжилт олсон (оны хамгийн өндөр ашиг олсон хоёр дахь кино болсон) ба Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр (Harrison) гэсэн найман төрөлд ялалт байгуулсан. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг мюзикл кинонууд жагсаалтын 8-р байрт бичигдсэн. Критикч Dave Whitaker "My Fair Lady" киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 киноны тоонд багтаасан буй. Зарим судлаачид уг киног мисогинист, анги давхаргын тухай үзүүлсэн гэж үздэг. Cukor-н өнгөлөг, тансаг найруулга хийгээд Harrison, Audrey хоёрын бишрэм гүйцэтгэл алдартай тайзны жүжгийг улам өндөрлөгт гаргасан. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

  1900-аад оны Лондон хотыг шөнийн харанхуй уусган залгиж, хур бороо хувинтай үс шиг цутгах бөгөөд дуурийн гадаа цугласан нийгмийн язгууртан гаралтангууд болон ихэс дээдсүүд борооноос зугтаан үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа үймцгээнэ. Тансаг цэцэгсийн дундах хогийн шарилж шиг нэгэн муу хувцас хэдэрлэсэн цэцэгчин охин энэ үед нүднээ эрхгүй онцгойрон тусах агаад охин ноёд, хатагтай нарт амжиж ганц ч болохнээ цэцэг зарах гэж оролдох хэдий ч түүнийг тоох нь бүү хэл яршиглан хөөцгөөнө. Энэ охиныг Eliza гэх агаад арваннайман наснаас хэтрэхгүй, голшиг сайхан биетэй,үзэсгэлэн төгөлдөр царайтай түүнийг хувцас болон зохистой биеэ авч явахад суралцаагүй зэрэг нь хөсрийн нэгэн болгоно. Охин борооноос толгой хорогдон нөмөр газарт зогсож байхдаа нэгэн эрхэмсэг ноёнтой хэрэлдэх бөгөөд ноён охиныг өөрийн найз хурандаадаа аль муухайгаар үлгэрлэн жишээлж, ер нь хүний хэлний зөв аялга хүний нийгмийн байр суурийг илэрхийлээд зогсохгүй зөв сайхан ярьж чаддаг хүний хувь заяа ч тэгш сайхан байдаг хэмээн ам бардам номлох учир нь цэцэг авахгүй гэсний төлөө уурссан Eliza сайхь эрхэмийг үгээр хатгахад эрхэм ноён охины буруу аялгаар ярьдагийг анзаарч л дээ.

  Сайхь эрхэм ноёныг Henry гэх агаад авиа зүйн нэртэй эрдэмтэн, профессор бол түүний найзыг Hugh гэдэг ба цэргийн хурандаа түүний хобби нь мөн авиа зүй судлал бөлгөө. Эрхэмүүд охины аялга иймийн учир ингэж засах хэрэгтэй гэх мэтээр “онолдож” сүүлдээ бүр хурандаа профессорыг энэ охины аялгыг засаж чадвал үнэ төлбөрийн өөрөөсөө төлөхөд болохгүй юмгүй гэх бол профессор охины аялгыг засаад зогсохгүй язгууртан аялгаар ярьж чаддаг, мөн гүнж шиг биеэ авч явж чаддаг болгож чаддаггүй юмаа гэхэд том дэлгүүрийн эзэн болгож хөнгөхөн чадна гэж бардамаар өгүүлнэ. Энэ үед бороо зогсож эрхмүүд явж одох бол тэдний бүх саяны яриаг анхааралтай чагнаж суусан Eliza энэ бүх балчиг намгаас саяны эрхэмүүд намайг гаргаж чадах юм байна, тэгэх аваас миний амьдрал өөдлөн дэвшиж, үнэхээр ч өөрийн дэлгүүртэй болж магад хэмээн итгэж, маргааш хамаг сайн хувцсаа өмсөөд сайн сонссоныхоо үр дүнд профессорын гэрт давхин очно. Энэ үед эрхэмүүд авиа зүйн судалгаагаа хийж байх ба Eliza-г тэдэн дээр иртэл Henry-тэй илүү ойрхоноос танилцаж амжих байхаа.

  Профессор насаараа ганц бие амьдарч байгаа тавь орчим насны эрдэм номын л хүнд байх буурьтай сайхан хүн, гэвч гаднаа л ингэж харагдах ба дотроо бол асар амиа хичээсэн, өөрөөсөө бусад хүнийг хүлээн зөвшөөрдөггүй, дээрэнгүй, бардам, мөн туйлын ямбатай нэгэн. Түүнд тусдаа амьдрах хөгшин эхээс нь өөр ойр дотно гэх хүн байхгүй ба эмэгтэй хүнийг амжилттай амьдралын саад, хайр дурлалыг алдар нэр, тухтай амьдралыг үгүй хийгч гэж үзэж, эмэгтэй хүнээс татгалзах бөгөөд хахир муухай аашаараа дэргэдэх хүмүүсээ үргэлж доромжилж, доош хийнэ. Гэвч, Henry муу хүн бол биш, харин өөрийнхөө хувийн орон зайдаа тухтайхан шигдсэн зожиг эрдэмтэн агаад ажлаа хэнээс ч илүү хийж, том сайхан байшиндаа гэрийн үйлчлүүлэгчдээрээ хүрээлүүлэн тансаг амьдарна. Харин хурандаагийн хувьд сайхан сэтгэлтэй хөгшин болой. Ингээд, Eliza тэдэн дээр орж ирээд, төлбөр мөнгийг нь өгнө, намайг хатагтай болгоод аль хэмээн гуйх биш бараг загнана. Боловсролгүй охины байгаа байдал л энэ буюу хичээлийн мөнгө гэж инээдтэй мөнгө сарвайна. Энэ бүхэн профессорын уур бухимдлыг төрүүлж, охиныг хөөж гаргахын даваан дээр хурандаа өчигдрийн борооноос хорогдож байх үеийн яриагаа хэрэг болгоё, би мөнгийг нь төлнө, та энэ охиныг жинхэнэ хатагтай болгож өөрийнхөө чадварлаг багш болохоо одоо л батла гэж хэлэхийн хажуугаар хорыг нь баахан малтана.

  Henry-ын нэр төрөө хичээх зан, өөрийгөө батлах гэсэн бардам сэтгэл холилдон тийм гэхийн аргагүйгээр тачаадан уг ажлыг зөвшөөрөх ба бараг хөгжилтэй гэмээр тус хэрэгт алдаад байх юм байсангүй. Ийнхүү авиа зүйн эрдэмтэн багш хоёр сарын дотор гуйлгачин охиныг ихэс дээдсийн хүрээний хатагтай болгохоор гэртээ байлган ажиллаж эхэлнэ. Профессор тун хатуу хүн байлаа. Тэрээр охиныг өрөвдөж хайрлалгүй олон цагаар хичээлээр нүдэж, авиа зүй нь дуудлагийн хичээл болон түргэн хэллэг, мөн элдэв ёс дүрмээр бөмбөгдөж өгнө. Eliza хэдий ядуу гэр бүлээс гаралтай, нийгмийн хамгийн доод давхаргын хүн ч өөртөө итгэлтэй, асар шазруунаас гадна омог бардам охин байлаа. Охин энэ бүх “тамлалтыг” эхэндээ тэсэхгүй үгээ хэлж усаа зулгаавч аажимдаа дасан дотроо профессорыг зүхэн, өшөөгөө авахаа тангараглан байна. Энд хүрээд бид багш, сурагчдыг түр орхиод охины аав Alfred гэгчтэй хурдхан гээч нь танилцаад авъя. Alfred бол гудамжны архичин буюу Eliza-ын цэцэг зарж олсон хэдэн цаасны талаар нь ходоодоо халаачихдаг, тэгсэн хэрнээ эхнэр авах гэж хичээж байгаа ажил хийх ясны дургүй тун өөдрөг сэтгэлтэй “бөбөөчин” болой. Тэрээр охиныгоо хаачсныг мэдээд уг хэргээс хэдэн цаас олж болох нь гэж мэдүүт профессорынд давхин хүрнэ.

  Alfred эрхэмүүдээс охиныг нь авсан хариуд мөнгө өг гэж гуйж, мөнгө өгвөл охиныг нь авч болно гэх бол профессор Alfred-ын увайгүй занд эгдүүцэх ч шулуун шударга байгааг нь бас ч гэж үнэлээд шаардсан мөнгийг нь дургүйцэхгүй өгөх гол шалтгаан нь цэвэр, тод ярих ярианы аялгад болно. Профессор Alfred-ыг гаргаж өгөхдөө америкийн нэгэн баян эрхэмийнд очих хаяг зааж өгөх ба тэр америк нь ёс суртахуун сонирходог, ёс суртахуунгүй хүмүүстэй ажилдаг хүн ажээ. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрч Eliza тун болмоор буюу ихэс дээдсийн дунд ороход бэлэн боллоо гэж эрхэмүүд үзэцгээнэ. Охиныг нийгмийн элит хэсэг үнэн төрхийг нь анзааралгүй өнгөрөөд зогсохгүй тоогоотохвол хэрэг бүтлээ гэж үзэхээр байв, Eliza, Henry бас Hugh гурав нийгмийн бүх дээд давхрынхан цугласан морины уралдаан дээр очих ба тэд тэнд профессорын ээж болон Freddy гэх баян царайлаг залуутай учирна. Eliza сайхан харагдаж, биеэ зөв авч явах хэдий ч үг яриан нэг л зүгшрээгүй буюу хаана юу ярихаа мэдэхгүй болчимгүй юм ярина, өөрөөр хэлбэл ноёд, хатагтай нарын дунд бүдүүлэг онигоо ярих мэтээр зохисгүй аашилж орхино.

  Эл бүтэлгүйтэл профессор болон охины итгэлийг бөхөөгүй бол морины уралдааны үеэр Eliza-тай танилцсан Freddy охины байгаагаараа маяггүй араншин, хээгүй шударга байдал, мөн төгс гуа сайханд нь дурлаж, өдөр болгон захиа бичиж, шөнө болгон гэрийнхэн гудманд хүлээж зогсоно. Ингээд, дараагийн шалгалт ирэх буюу энэ бол элчин сайдын яамны үдэшлэг бөгөөд үдэшлэгт бүхий л ихэс дээдсүүд ирэх дотор гадаад улсын ханхүү хүртэл байв. Eliza энэ удаад өөртөө бүрэн итгэлтэй байхаас гадна түүний гадна төрх \кино урлагийн түүхэнд тохиосон хосгүй үзэсгэлэнтэй төрхүүдийн нэг\ дотоод сэтгэлийг нь гадагшаагаа буулгасан мэт нүд гялбам гоёхон байна. Үдэшлэг дээр Eliza өөгүй өндөг луугаа биеэ авч яван, хэдхэн сарын өмнө гуйлгачин шахуу байсан охин жинхэнэ язгууртан хатагтай болсон байх ба дэнгийн эрвээхэй шиг бүх хүмүүс түүн дээр шавж, эрчүүд нь ганц бүжиглэхийг \ханхүү өөрөө охиныг бүжгэнд урина\ хүсэхэд хүүхнүүд нь атаархан шивнэлдэцгээнэ. Цугласан олны дунд профессорын шавь Zoltan гэх бас нэг авиа зүйн мэргэжилтэн байх агаад охинд атаархагчид Zoltan-аар охиныг шалгуулахаар явуулна..

  Zoltan ч Eliza-тай хоёрхон үг сольсны дараа бөөн шуугиан үдэшлэгт цугларагсдын чихэнд цуурайтуулж орхино. Багш болон сурагч нар гэртээ ялалтын уухай цангинуулсаар ирэх бөгөөд хурандаагаас өгсүүлээд бүгд Zoltan охины талаар ихэс дээдсүүдэд юу гэж хэлснийг сонирхож байв. Профессор энэ юу байсныг хэлнэ: Zoltan бүгдэд Eliza-г гүнж буюу хаан угсааных гэсэн байжээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл профессор хэлсэндээ хүрч, ядуу охиныг гүнж шиг болтол сургажээ. Хурандаа профессор-д баяр хүргэх бол профессор хурандаад баяр хүргээд Eliza-г хэн ч тоохгүй\ охин өөрийг нь үнэлж, баяр хүргэнэ гэж бодож байсан\, охин тээр буланд доромжлуулсан мэт сэтгэгдэлд живэн, өөрийгөө яг утсан хүүхэлдэй шиг байж байгаад одоо хаягдсан юм шиг санагдаж бүүдийн. Охин энэ бүх хугацаанд бараг боол шиг байсан \үнэндээ ч профессорын гэрийн шахайг олж өгдөг байв\ хийгээд одоо эдгээр эрхэмүүд санасандаа хүрсэн хойно өөрийг нь тоохгүй гэдэгт сэтгэлээр унана.

Профессор үнэхээр ч охиныг баярлаж байхдаа бас дараа нь ч огт бодоогүй ба ерөөсөө дандаа өөрийгөө л бодож байсан нь үнэн бөлгөө. Үүнд гомдсон Eliza профессор руу дайрахад профессор биеэ хэт өргөмжлөхөөсөө болж охиныг үл тоож, Eliza шөнөөр профессорынхыг орхин явах агаад замдаа өөрийг нь шөнө болгон хүлээж байгаа Freddy-тэй таарна. Залуу хуримлах санал тавихад охин үл зөвшөөрөөд аав дээрээ очихыг хүснэ. Eliza-ын аав өнөөх ёс суртахуунч, баян эрийн өвийг залгамжлаад баяжсан байх ба гуйж байсан эмэгтэйтэйгээ суухаар болсон байна. Гэхдээ Alfred мөнгөтэй болсон биш асуудал ихссэн, эхнэртэй болоод эрх чөлөөгүй болох нь, хуучин би азжаргалтай байсан, энэ бүгд чиний буруу хэмээн охиноо буруутгах нь даанч хоржоонтой. Өглөө болоход профессор Eliza-г байхгүйг мэдэн балмагдаж бас сандарна. Сандарсан тэрээр өөрийнхөө энэ байдлыг ойлгохгүй, үүндээ улам ч бухимдана. Профессор ээж дээрээ очтол Eliza тэнд байж байна. Профессор охиныг хамт гэртээн очьё гэтэл тэрээр үгүй гээд ахиж таны аашийг тэвчихгүй, одооноос өөрийнхөөрөө амьдарна, ер нь ч тантай таньгүй амьдрал үргэлжилнэ гэнэ.

  Профессор амьдралдаа анх удаа жаахан ч гэсэн бууж өгтөл охин нүүр өгөхгүй бөгөөд профессорын ээж охины талд илт зогсоно. Ямар ч ядуу, хоосон хүн байлаа гээд өөрийгөө үнэлэх үнэ цэнэ, нэрээ хичээх зан \ядуу хүнд нэрээ хичээх нэгэн төрлийн айхтар хурц зан илэрдэг\ байдаг агаад Eliza-ын уг зан аашийг тэгэхдээ эмэгтэй хүн талаас нь профессор сая ойлгож хаягдсан эрийн дүрээр гэрийн зүг алхана. Профессор гэрийн зүг алхах явцдаа, Eliza-аас саяхан сонссон үгс болох: Freddy-тэй сууна, өөрийг нь огт хүндлэхгүй байдагт гомддог хийгээд хэрвээ намайг санавал хичээлийн үеэр миний дуу хоолойг бичиж авсан дуу хураагуурыг сонсоорой гэснийг бодон бодон явах агаад үнэхээр хар амиа бодсож байснаас охиныг огт бодоогүйгээ ухаарахын зэрэгцээ охины хэлсэн болгон үнэн болохыг, Freddy-тэй сууж байна гэж төсөөлөхөөс хардаж үхмээр санагдаж, ерөөсөө эмэгтэй хүн амьдралд хичнээн чухал болохыг оройтсон ч ойлгоно. Профессор гэрийнхээ хонхыг дарахдаа гэрт Eliza байхгүйг мэдрэн ганцаардан гуних ба өрөөндөө оруутаа Eliza-ын дуу хоолой бичигдсэн хураагуурыг асаан сонсож байхад ард нь Eliza эргээд ирчихсэн түүнийг дуудах хоолойг сонсож үгээр илэрхийлэмгүй байдалд орох агаад профессор охинд хандаж: гэрийн шаахай аваад ир гэснээр кино төгсдөг.

  CBS-ийн тэргүүн William S. Paley оригинал Бродвейн алдартай жүжгийг санхүүжүүлэх тохиролцоонд хүрч жүжгийн эрхийг аваад дараа нь Warner Bros-д урьд хожид байгаагүй (2024 оны ханшаар $57 сая доллар) үнийн дүнгээр зарсан. Бродвейн оригинал мюзикл жүжиг алдаршихад Julie Andrews-н хувь нэмэр их байсан ба Lerner түүнийг кинонд тоглуулахыг хүссэн ч продюсерүүд алдартай жүжигчин хүсч байжээ. 1963 оны намар кино зураг авалт явагдаж байх үед the New York Times сонинд жүжигчин Audrey Hepburn дууны багш хөлслөөд өөрөө дуулах болно; дээд ноотуудыг ам барьж магадгүй гэсэн нийтлэл гарсан. Audrey дуулсан авч продюсерүүд хангалтгүй гэж үзэж, улмаар Marni Nixon түүний оронд ам барьж дуулжээ. Кинонд Audrey-н дуулсан ганц л дууг (Just You Walt) үлдээсэн бөгөөд Audrey-н зарим оригинал дуулсан хувилбар 1990 онд ил болсон байдаг. Критикч Bosley Crowther уг бүтээлийг тайзны мюзикл шоунаас гайхам сайхан бүтээсэн бөгөөд алдартай тайзны бүтээлийг баялаг ур чадвартайгаар шинэлэг, чөлөөтэй кино урлагийн хэлбэрээр үзүүлсэн гэжээ. Критикч Robert J. Landry; "Энэ бол дундаж том төсөвтэй киноноос үйл явдал, жүжиглэлт, хошигнол, продакшны чансаагаараа хамаагүй илүү баялаг кино".

Критикч Brendan Gill "My Fair Lady" кино тайзнаас дэлгэц рүү шилжих эрсдэлтэй үсрэлтийг амжилттай хийсэн хэмээгээд Audrey-н гүйцэтгэлийг тийм ч үнэмшилтэй биш гэсэн буй. Audrey Hepburn дүрийнхээ насанд зохицоогүй, Bernard Shaw-н бус сээтгэнүүр шинжийг авчирдаг гэж баалах хүмүүс ч байлаа. Критикч James Berardinelli; "Мюзикл шиг ид шидтэй кино жанр ховор, "My Fair Lady" шиг ухаалаг, өнгөлөг мюзикл ховор. Энэ бол классик бүтээл ба хэсэг кино мэргэжилтэнгүүд ингэж нэрлэсэн учраас биш, харин энэ кинонд мэдрүүлэх шижир баяр баясгалан байсаар байгаад, үргэлж байсаар байх учраас тэр юм". "My Fair Lady" бол хамгийн маргаан дагуулсан бас хамгийн шилдэг мюзикл киноны нэг бөгөөд би лав дуунуудад дурлаж, харилцан яриаг нь биширдэг. Энэ киноны дуунууд нь уран яруу, романтик, хошин, зарим нь философилог, зарим нь ямар ч утгагүй байдаг ч бүгд сэтгэл татам сайхан. Lerner харилцан яриандаа Bernard Shaw-н "Pygmalion" жүжгийн зохиолын ихэнхийг тэр чигээр нь авсан нь ухаалаг явдал болсон. Кинонд, хэл шинжлэлийн мэргэжилтэн Henry Higgins цэцэгчин Eliza гэсэн хоёр эго учирдаг ба энэ нь тэд хамтран ажиллаж байгаа гэж бодож болохгүй, үнэндээ Eliza бүх санаачилгыг гаргаад профессорын гэр-оффист очдог.

  Анхнаасаа л үйл явдлыг Eliza-н хүсэл хөдөлгөдөг; хэрэв тэр профессорын өөрийнх нь хэл яриаг өөрчилсөнөөр дэлгүүрийн худалдагч юмуу Элчин сайдын яамны бүжгийн үдэшлэгт гүнгийн авхай шиг болгон аваачиж чадна гэж ярихыг сонсчихоод зориглон хөдлөөгүй бол Higgins авиан зүйн цагаан толгой, бичлэгийн төхөөрөмжтэйгөө насыг барах нь гарцаагүй. Ингэхлээр, Henry Higgins'нх бус Eliza-н амбиц киноны үйл явдлыг өрнөүүлэх хүч болдог ба мөн мэдээж профессор найз Pickering-тэйгээ мөрийцсөн мөрий багтдаг. Higgins-н гавъя бол зөвхөн Eliza-н хэл яриаг засч сайжруулаад зогсохгүй давхар соёл боловсрол, ёс суртахууныг нь хөгжүүлж өгдөг. Найруулагч Cukor-н энэ мюзикл-г муулах, шүүмжлэх хүмүүс их байдаг шалтгаан бол одоо ч гэсэн маргаан дагуулсаар байдаг киноны талаарх хов жив, элдэв шалдав домог яриа юм. Энэ хов жив, домог яриа гэдэг нь ердөө гол дүрд Julie Andrews-н оронд Audrey Hepburn-г тоглуулсан явдал юм. Audrey-г илүү од болохоор нь буюу ашгийн төлөө сонгосон, тэгтэл Audrey нь мюзикл кинонд тоглож байж бараг бүхэлдээ ам барьсан гэсэн хов живийн маягтай ярианаас үндэслэн уг бүтээлийг үзэн ядах нь утгагүй бас өнгөцхөн. Дашрамд хэлэхэд, хэрэв Audrey тоглохгүй гэсэн бол дараагийн сонголт нь Elizabeth Taylor  байж.

  Продюсерүүд нэр хүнд, царай зүс хараад авъяасыг үнэлээгүй учир "My Fair Lady" Оскарт 12 төрөлд нэр дэвшсэн ч Audrey шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшээгүй, харин ч егөөтэйгөөр тэр жил Julie тэр шагналыг нь мөн "Mary Poppins" мюзиклээрээ авсан гэж намайг эсэргүүцэж магадгүй. Эдгээр шүүмжлэлийг би зарим талаараа хүлээж авна, бас ойлгож байна. Гэхдээ, хэрвээ Julie "Mary Poppins" кинонд бус "My Fair Lady" кинонд тоглосон бол Оскар авах байсан уу гэдэг асуултын тэмдэг юм. Мөн Julie Audrey-г орлосон бол өнөөдөр "Mary Poppins" франчайз болтлоо алдартай болох байсан эсэх нь эргэлзээтэй. Audrey 1953 онд Оскар авчихсан, бас хэдийнээ од болчихсон байсан бол Америкийн кино урлагт шинэ од, бас Оскарын наадмыг олон жил "чимэх" сенсаацтай домог хэрэгтэй байсан болов уу. Тухайн цагт ам барьж дуулах явдал кинонд түгээмэл зүйл байсан ба Audrey-н өмнөөс дуулсан Marni Nixon гэгч нь "The King and I" кинонд Deborah Kerr, "West Side Story" кинонд Natalie Wood нарын өмнөөс дуулж байсан байдаг. Зарим жүжигчид урьдчилж дуулаад дараа нь өөрсдийнхөө уруулд синхрончлол хийдэг байв.

  Audrey өөрөө дуулаагүй нь үнэн боловч өөрөө жүжиглэсэн нь үнэн; дуулаагүй гэдэг шалтгаанаар тоглолтыг нь бүдгэрүүлэх нь шударга бус. Shaw-н жүжгээс сэдэвлэгдсэн энэ кино нь ухаалаг, идеологиийн шинжээрээ бусад мюзиклуудаас илүү түвэгтэй, сорилттой байсан ба Audrey гудамжны охиноос гүнгээс авхайд шилжин хувирах ёстой болсон. Тэрбээр энэ бүхнийг гайхамшигтай хүсэл тэмүүллийг шингээсэн гүйцэтгэлээр төгс, итгэлтэйгээр хийсэн. Энэ кино но үг, хөгжмийн гайхамшгаас гадна дүрслэлийн хувьд эгэлгүй; профессорын номоор дүүрсэн тоо томшгүй багаж хэрэгсэлтэй өрөөг урласнаас өгсүүлээд энэ кино яагаад Оскараас шилдэг тайз, зураглалын шагнал авсныг илтгэх олон нарийн ширийн зүйлс байдаг. Энэ бүтээлийг бусдаас ялгаруулдаг зүйл нь энэ кино хэлэх санаатай байдаг; Shaw жүжгээрээ Их Британийн анги давхаргын системд социалист дайралт хийсэн; Англи хүний хувь тавилан түүний аялгаар тодорхойлогддог гэсэн үнэнийг харуулсан. Энэ кино ч тус агуулгаас гажаагүй. Eliza хаанаас хаа хүрсэнийг бодоод үзвэл та энэ санааг түвэггүй олно. 

Comments