Pather Panchali (1955). 1910-аад он, Бенгалийн хөдөө нутагт Harihar эхнэр Sarbajaya, охин Durga болон хүү Apu, мөн эрүү өвдөг нь нийлсэн хөгшин нагац эгч Indir нарын хамт өвөг эцгээсээ өвлөгдөж ирсэн ядуу гэртээ хоосон хонохгүй ч аливаа хэрэгцээгээр дутагдаж гачигдан амьдарна. Harihar яруу найраг бичиж, жүжгийн зохиолч болох мөрөөдөлтэй, харин амьдрахын тулд бага цалинтай хуврагийн ажил хийнэ. Хөгшин Indir угаасаа хоол хүнсээр дутмаг гэрийн гал тогооноос хулгай хийж Sarbajaya-д загнуулж, ад үзэгдэнэ. Sarbajaya хадам эгчийгээ муухай загнаж, бас хөөж туух нь олонтаа. Сайхан сэтгэлтэй Durga хөрш айлынхаа цэцэрлэгээс жимс хулгайлж хөгшин эгчдээ нууцаар өгөх юмуу ээжийнхээ нүдийг харуулж байгаад хоол хүнс илүүчлэх тул хөгшин Indir зээ охиноо хайрлана. Нэг өдөр, хөршийн айлын эхнэр орилж чарласаар тэднийд ирж, охиных нь үнэтэй хүзүүний үзүүлт алга болсон, үүнд охинтой хамт тоглодог Durga буруутай буюу зүүлтийг хулгайлсан гэнэ. Durga хулгайлаагүй гэж зүтгэнэ, хэргийн эзэн олдохгүй өнгөрөх ч Durga ээжийнхээ зодуураас өнгөрч чадахгүй.
Durga болон Apu нарын харилцаа онцгой дотно, Durga эгчийн хувиар дүүгээ энхрийлэн хайрлах агаад хамт тоглож, хамт дэггүйтэнэ. Тэд хамт моддын дор сууж нам тайвныг мэдрэх, чихэр зарагчаас чихэр худалдаж авах мөнгөгүй ч араас нь зүгээр л дагах зэргээр амьдралын эгэл жирийн аз жаргалаа хуваалцана. Хүүхдүүд галт тэрэг харахаар гэрээсээ яваад буцаж ирэх замдаа Indir-г ой модон дотор суугаагаарай үхсэн буйг олно. Indir гэрийн эзэгтэйтэй муудалцаж, энэ удаа нэг мөсөн гэрээс нь хөөгдөөд эцсийнхээ буудалд ирчихсэн байгаа нь энэ ажгуу. Гэр орноо засаж янзлах, олигтойхон цалин хөлс авахаар Harihar өөр тосгон руу ажлаар явна. Явахдаа зэгсэн мөнгөтэй ирэхээ эхнэртээ амална. Тэрээр цалин, захиагүй нэлээд удав; энэ хооронд гэр орон нь улам доройтож, ядууралд гүн шигдсээр байв. Sarbajaya аажмаар ганцаардал, зовлондоо шаналж эхлэх бөгөөд төд удалгүй борооны улирал эхэлдэг. Ширүүн бороонд дэндүү удаан тоглосон Durga хатгаа авч оройн нь хүчтэй халуурч өглөө гэхэд амьсгал хураана. Harihar хотоос ирлээ. Тэр гэр бүлийнхэндээ бэлэгтэй бас мөнгөтэй баяр хөөрөөр дүүрэн байв. Гэтэл гэр орон нь ундуй сундуй, Sarbajaya үг дуугүй урдуур хойгуур нь явна. Тэгтэл Sarbajaya гэнэт л нөхрийнхөө хөлд унаж, учиргүй уйлаад охиноо үүрд алдсанаа хэлнэ. Harihar эхнэр хүүгээ аваад насаараа амьдарсан гэрээсээ явахаар болно. Юм хумаа нүүлгэн зөөж байх үеэр Apu эгчийнхээ эд хогшлоос өнөөх хулгайлсан гэж хардагдаж байсан хүзүүний зүүлтийг олно. Apu зүүлтийг нуур руу чулуудаж орхиод эцэг эхийнхээ хамтаар тэргэнд сууж байх хойгуур хоосорсон гэр рүү нь могой гулсан орж байдаг.
Домогт Satyajit Ray энэхүү
"тосгоны хөргөөрөө" улс орныхоо кино урлагийг өөрчлөн шинэчлээд
зогсохгүй дэлхийн кино урлагийн газрын зурагт Энэтхэгийн кино урлагийг бат
бөхөөр шигтгэж өгсөн бөгөөд "Бяцхан харгуйн дуу" өнөөдөр ч цэцэг шиг
шинэхнээрээ байна. Уг кино нь Бенгал хэлээр бүтээгдсэн драм жанрын кино ба
баруун Бенгалийн засгийн газар продюсерлэжээ. Бенгал хэлээр бичдэг Энэтхэгийн
зохиолч Bibhutibhushan Bandyopadhyay-ын 1929 онд бичсэн ижил нэрт романыг кино
болгосон алдарт Apu трилогийн эхлэл болох хувьтай байснаас гадна Ray-ын анхны
кино туурвил байв. Санхүүгийн асуудлаас болж кино бүтэх явц удааширч бүрэн
бэлэн болоход бараг 3 жил зарцуулагджээ. Найруулагч Ray-гаас авхуулаад кино
багийнхан тэр чигээрээ шахуу туршлагагүй, анхны кино зураг авалтадаа орж байсны
дотор жүжигчдийн бүрэлдэхүүний ихэнх нь мэргэжлийн бус жүжигчид байсан нь уг
киног алдаршуулсан домгийг улам амттай болгосон аж. Эх роман bildungsroman
жанрынх агаад Бенгалийн уран зохиолын канон ном аж. Роман 1928 онд хэсэгчлэн
гарч байгаад дараа жилээс нь бүтэн ном болж хэвлэгджээ. Романд; хөдөөний
тосгонд өвөг эцгээсээ өвлөгдөж ирсэн гэртээ ядуу тарчиг амьдрах нэгэн гэр
бүлийг дүрслэдэг бөгөөд энэ гэр бүлийн хүү Apu хэрхэн насанд хүрч буй тухай
өгүүлдэг бол романы сүүлчийн хэсэгт Apu болон түүний эцэг эх тосгоноо орхин
Benaras-д суурьшиж байгааг харуулдаг, энэ хэсгийг Apu трилогийн 2 дахь бүтээл
болох Aparajito-г хийх үндэс суурь болжээ.
Ray Signet Press хэвлэлийн газарт
график дизайнераар ажиллаж байхдаа 1944 онд номын шинэ хураангуй хувилбарт
зураг хийжээ. Тухай үед тэрээр номыг бүтнээр нь уншиж байсан бөгөөд компанийн
эзэн түүнд хураангуй хувилбараар нь кино хийвэл сайн бүтээл гарах байх гэж хэлж
байж. Сайхь санаа Ray-д таалагдав, 1946-1947 оны үеэс тэрээр кино хийх талаар
бодож эхэлсэн ба тэгэхдээ Pather Panchali-аар кино хийхээр шийдсэн буюу энэ
номыг аугаа болгосон; хүмүүнлэг чанар, яруу найраглага байдал, мөн үнэний
цагираг гэсэн тодорхой чанаруудын улмаас Pather Panchali-г сонгосон гэж тэрээр
хэлсэн буй. Зохиолчийн бэлэвсэн эхнэр нөхрийнх нь номноос сэдэвлэж кино хийх
эрхийг Ray-д зөвшөөрсөн бөгөөд гэрээ нь зөвхөн зарчмын хувьд л хийгдсэнээс
санхүүгийн зохицуулалт хийгээгүй ажээ. Бенгал хэлээр "path" гэдэг нь
зам гэсэн үг ба "Pather" болохоор замын гэсэн утгатай болдог аж.
"Panchali" гэдэг нь урьд өмнө нь Бенгалд дуулагддаг байсан ардын
хүүрнэл дууны нэгэн төрөл аж. Ray эх романаар кино зохиол бичээгүй юм. Кино
зохиол нь түүний тэмдэглэл, нооргоос бүтсэн агаад анхны гар бичмэлээ1950 онд
Лондонд , далайгаар аялж явахдаа бичжээ. Үндсэн зураг авалт эхлэхээс өмнө
Ray нарийвчилсан болон үргэлжилсэн байдлыг харуулсан өгүүлэмжийн самбар
бүтээгээд байсан бөгөөд олон жилийн дараа эдгээр ноорог, тэмдэглэлээ
Cinematheque Francaise-д хандивлажээ. Ray хожим хэлэхдээ; эх романыг кинонд
хөрвүүлэхдээ нэлээдгүй өөрчлөлт хийсний дотор зарим дүрүүдийг орхигдуулж,
киноны хүүрнэлийг сайжруулахын тулд романы зарим дарааллыг өөрчилжээ. Эдгээр
өөрчлөлтөд; Indir-ын үхэл романы эхэнд тосгоны бунханд болж байгаагаар гардаг
бол кинон дээр түүний цогцсыг Apu Durga хоёр ой дотроос олдог. Мөн Apu Durga
хоёр дайран өнгөрч буй галт тэргийг хардаг сцэн кинонд байдаг байхад романд
байдаггүй; тэгвэл бас кинон дээр Durga хүчтэй бороонд цохиулсны улмаас үхдэг,
харин романд тодорхой тайлбар байдаггүй ажээ. Киноны төгсгөлд гэр бүлээрээ
тосгоныг орхиж байгаа гардаг бол энэ хэсэг романы төгсгөлд гардаггүй. Ray
романаас жижиг үзэгдлүүд болоод чухал хэсгийн дарааллуудаас энгийн сэдэв гаргаж
авахыг оролджээ.
Судлаачид энэ аргыг "тэнэмэл бүтэц" гэж тодорхойлжээ.
Ray-ын хэлснээр бол кино нь романы зарим нэг "тэнэмэл" чанарыг
хадгалж үлдэх ёстой байсан бөгөөд ингэснээр бодитой мэдрэмжийг агуулна гэж
үзсэн буюу Бенгалийн ядуу тосгоны амьдрал ийм "тэнэмэл" байдаг гэжээ.
Ray кинондоо Apu болон түүний гэр бүлийг илүүтэй тусгасан бол эх романд тосгоны
амьдралын талаар нэлээд дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг аж. Harihar-д тоглосон
Kanu Banerjee Бенгалийн нутгийн жүжигчин байж; түүний эхнэр болох
Sarbajaya-д тоглосон Karuna Banerjee
мэргэжлийн бус жүжигчин байсны дээр Ray-ын эхнэрийн найз байсан бол Durga-д
тоглосон Uma Dasgupta нь теарт тоглож байсан туршлагатай, уг дүрийн төлөө
шалгаруултад тэнцсэнээр кинонд тоглох эрхээ авчээ. Apu-ын дүрд тоглох хүүхэд
олох Ray сонинд зар тавьж байв. Гэвч шалгаруултад орсон хүүхдүүд ерөөсөө түүний
сэтгэлд хүрэхгүй байсан агаад эхнэр нь хөршийнхөө жаал хүүг олж анзаарсанаар
Subir Banjerjee Apu-ын дүрд тогложээ. Гол дүрийн 3 жүжигчиний овог адилхан
Banerjee болж таарсан байдаг ч тэд хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс юм. Хөгшин
Indir-ын дүрд тоглох хөгшин хүнийг олох хамгийн хэцүү байсан гэдэг. Багагүй
хайсны эцэст Ray Калькуттагийн эмсийн хүрээлэнгийн гудамжинд амьдардаг,
тэтгэвэртээ гарсан хөгшин жүжигчин Chunibala Devi-г олжээ. Киноны реалист
хүүрнэлийн хэв маягийг Италийн Неореализмын болоод Францын домогт кино найруулагч
Jean Renoir-ын шууд нөлөө гэж үздэг. 1949 онд Jean Renoir Калькуттад The River
киноныхоо зургийг авахаар иржээ, тэр Ray Калькуттагийн кино нийгэмлэгийн гишүүн
байсан ба Ray зураг авах тохиромжтой газрыг Renoir-д олж өгч тусалж байж.
Энэ
үеэр Ray нэг ийм кино хийх хүсэлтэй байгаагаа Франц мастерт ярихад цаадах нь
Ray-г зоригжуулжээ. 1950 онд Ray ажлын шугамаар Лондон явжээ, тэндээ 6 сар
болохдоо 100 орчим кино үзсэн; үүнд Vittorio De Sica-ын неореалист Bicycle
Thieves кино түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. 1982 оны нэгэн лекц дээрээ
Ray; кино театраас гараад кино найруулагч болохоор шийдсэн гэж хэлж байж. Akira
Kurosawa-ын Rashomon, Bimal Roy-ын Do Bigha Zamin гэсэн Ази бүтээлүүд олон
улсад хит болсон нь Ray-д үлэмж урам зориг өгч, Pather Panchali нь олон улсын
үзэгчдийн сонирхлыг татна гэсэн итгэл өгсөн гэдэг. Мөн түүнд Бенгалийн уран
зохиол, Энэтхэгийн уламжлалт театрын тоглолт ихээхэн нөлөөлжээ. Киноны хөгжмийг
Энэтхэгийн нэрт хөгжмийн зохиолч, sitar (Энэтхэгийн уламжлалт хөгжмийн зэмсэг)
хөгжимчин Ravi Shankar зохиосон бөгөөд тухайн үед нэрт хөгжимчний замнал эхэн
үедээ байжээ. Киноны дэвсгэр хөгжимд Энэтхэгийн сонгодог хөгжмийн хэсгээс
оруулж өгөхдөө голдуу sitar-аар тогложээ. 2007 онд The Guardian сэтгүүл хамгийн
шилдэг 50 кино хөгжим жагсаалтдаа Ravi Shankar-ын хөгжмийг багтаасан байдаг.
Мөн киноны хөгжим нь The Beatles хамтлагт, нэн ялангуяа George Harrison-д
ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Орон нутагтаа хийсэн кино нээлт тийм ч сайн
үнэлгээ авсангүй, үүнд Ray сэтгэлээр тун унав. Харин 1957 онд Их Британид,
дараа жил нь Америкт нээлтээ хийж өндөр амжилт олсон ба нийтдээ дэлхий дахинаас
100 саяыг олсон гэж тооцдог. Энэтхэгийн кино шүүмжлэгчид Pather Panchali-г урам
зоригтой хүлээж авчээ. The Times if India "Энэтхэгийн бусад кинонтой харьцуулах
нь утгагүй, энэ бол цэвэр кино урлаг" гэжээ.
Уг киног үзсэн Энэтхэгийн
ерөнхий сайд Жавахарлал Неругийн сэтгэл тун ихээр хөдөлсөн агаад баруун
Бенгалийн засгийн газар ядуурлыг дүрслэсэн гэж эсэргүүцэж байсан хэдий ч
Неругийн зөвшөөрлөөр уг киног Канны кино наадамд явуулахаар болж байжээ. Кино
Канны наадмаас best human document-аар шалгарсан ба кино шүүмжлэгч Arturo
Lanicita "дэлгэц руу халдаж буй яруу найргийн шидэт морь" гэж хэлж
байв. Тэгвэл зарим шүүмжлэгчид "хэзээ ч мартагдахааргүй мэдрэмж төрүүлэх
чанартай бүтээл", "Robert Flaherty-ын Nanook of the North-оос хойших
магадгүй хамгийн шилдэг ардын аман зохиолоос бий болсон кино",
"үзэсгэлэнтэй, заримдаа хөгжилтэй, гэхдээ хайраар дүүрэн бүтээл"
гэцгээжээ. Мэдээж сөргөөр шүүмжлэгчид бас байв, тухайлбал; Francois Truffaut
"би гараараа хоолоо идэж байгаа тариачидтай кино үзэхийг хүсдэггүй"
гэсэн байхад хэрвээ иймэрхүү удаан хэмнэлтэй кино холливудад гарсан бол ширүүн
эвлүүлгэд өртөх байсан гэсэн бол ядуурлыг импортоллоо, Apu трилоги бол
гуравдагч ертөнцийн магтуу, ийм соёлыг зориуд романтик болголоо гэж шүүмжилж
байжээ. 2018 онд BBC уг киног гадаад хэлтэй шилдэг 100 кино жагсаалтынхаа 15-р
байрт бичсэн бол Christopher Nolan эл бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг
киноны нэгээр нэрлэсэн буй. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг
мянган киноны 57-р байрт, Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг 50 кино
жагсаалтынхаа 42-р байрт тус тус жагсаасан байна. Тэгвэл The Village Voice
зууны хамгийн шилдэг 250 кино жагсаалтынхаа 12-р байрт эрэмбэлсэн бол Rolling
stone сэтгүүл өнгөрсөн 100 жилийн гайхамшигтай 100 кино жагсаалтдаа мөн
багтаажээ. Киноны сэдвийн талаар олон арван санаа болон дүгнэлт байдаг. Ядуурал
хайрыг үгүйсгэдэггүй, ядуу хүн ч гэсэн өөрийн ертөнцөөсөө өчүүхэн ч атугай аз
жаргал авч болдогийг дүрсэлсэн бүтээл гэж дүгнэж байв.
Мөн энэ бүтээлд
ядуурлыг, мөн залуу насны баяр баясгалан хөөр цэнгэлийг гайхамшигтай дүрслэн
харуулсан гэж үзэгсэд ч байна. Indir болон Durga-ын дотно харилцаа, тэдний хувь
тавилангаар залуу хүн ч хөгшин хүнтэй адилхан үхэж болно гэдгийг философийн
үүднээс харуулсан гэж тайлбарласан байдаг аж. Кинонд хэдэнтээ давтагдах Apu-ын
epiphany-ын гайхамшгийг онцолдог буюу Apu-ын аливаа юмсыг гэнэт ухаарч ойлгож
буй ухаарлыг хэлжээ. Apu хүү зөвхөн эргэн тойрондоо болж буй зүйлсийг харахаас
гадна тэрээр төсөөлөлдөө өөр нэгэн ертөнцийг бүтээж байдаг. Киноны гол
сонирхолтой зүйл бол энэхүү юмсыг таньж мэдэх гэнэтийн ухаарал буюу Apu Durga
хоёр галт тэрэгний замыг олж илрүүлж байгаа нь энэхүү epiphany-г аажмаар бий
болгож буй тод жишээ болж байна. Кино дээр дүрсэлсэн амар тайван тосгоны
амьдрал бол 1947 оны хуваах өөрчлөлтөөс өмнө оршин тогтнож байсан Бенгалийн
тосгоны бодит дүр төрх гэж үздэг. Кино нь хуваахаас өмнөх хийгээд хуваасны
дараах Бенгалийг холбох гэсэн идеализм гэдэг ба хамгийн тохиромжтой тосгоны дүр
төрхийг бий болгохын тулд Бенгалийн хөдөө нутгийн дүр төрхийг ашигласан гэж
үздэг ажээ. Энэхүү идеализмын эсрэгцэл нь Ray-ын ашигласан байгалийн гэрэл,
харааны түвшиний зураглал, удаан тогтсон зураглал хийгээд бусад арга барилыг нь
онцолдог. Мөн эл бүтээлийг Италийн неореализмын үзэл баримтлалтай ойрхон гэж
дүгнэдэг бөгөөд кинон дээрх улирал солигдох, зүгээр л нэг өдрийн амьдралыг
үзүүлэх, ямар нэгэн драматик хөгжүүлэлтгүйгээр ердийн амьдралыг бодитоор
зурагласан байдлаас нь ингэж дүгнэдэг ажээ. Pather Panchali-ын дараа Aparajito
(1956), Apur Sansar (1959) гэсэн хоёр кино үргэлжлэн гарсанаар Apu-ын трилоги
бүтжээ. Үргэлжлэл болсон хоёр бүтээл мөн л олон улсад алдаршсан. Ray трилоги
бүтээе гэж ер нь төлөвлөөгүй байсан; 1957 онд Aparajito нь Алтан арслан шагнал
хүртэх үеэр энэ төслөө нэг мөсөн трилоги болгоё гэж боджээ. Pather Panchali бол
бие даасан Энэтхэгт бүтсэн анхны олон улсын анхаарлыг татсан киноноос гадна
Parallel cinema-г үүсгэгчдийн нэг бөгөөд нийгмийг үнэн зөвөөр, бодитойгоор
харуулах зорилго агуулсанаараа Энэтхэгийн кино урлагийг өөрчилсөн гэдэг. Ray эл
бүтээлээрээ маш олон кино урлаачдад урам зориг өгсөн байдаг ба энэ кино бол
дэлхийн хэмжээний классик, заавал үзэх кино гэгдэх болжээ. Ray бүрэн хэмжээний,
баримтад, богино хэмжээний гээд 36 гаруй кино бүтээснээс гадна тэрээр киноны
хөгжим бичих, кино зохиол бичих, зураглаач хийх, эвлүүлэг хийх зэргээр урлагт
өөрийн гэсэн хэв маягийг бүтээсэн цөөхөн хүний нэг юм. Тийм ч учраас Ray
өөрийгөө кино урлагийн Auteur гэдэг.
Comments
Post a Comment