Хоёр эмэгтэйн Сонат

 


Persona (1966). Шведийн аугаа кино урлаач Ingmar Bergman-ын продюсерлэж, зохиолын бичиж, мөн мэдээж найруулсан сэтгэлзүйн драм. Гол дүрүүдэд Bibi Andersson, Liv Ullman гэсэн Швед, Норвегийн жүжигчид тоглосон. Киноны үйл явдлыг товчхон дурдваас; Гэнэт огт ярихаа больсон (ярихыг үл хүснэ) алдартай жүжигчин Elisabet болон түүний асрагч буюу сувилагч Alma хоёрын түүхийг үзүүлнэ. Тэд нэгэн арал дээр хэсэг хугацаанд хамт амьдрах агаад Alma өөрийн өвчтөн Elisabet-г эдгээх гэж оролдохдоо түүнд итгэж хамаг нууцаа яриад зогсохгүй нэг мэдэхнээ өөрөө өвчтөнөөсөө ялгарах зүйлгүй болж буйгаа ухааран айж эхэлнэ.

Сэтгэлзүйн хоррор элементүүдээрээ тодорхойлогддог "Persona" асар их шүүмжлэлт анализ, тайлбар хийгээд мэтгэлцээний сэдэв байсаар байна. Кинонд хоёрдмол чанар, галзуурал, хувь хүний өөрийгөө тодорхойлох зэргийг авч үзсэнээрээ Карл Юнгийн онолыг тусгахын зэрэгцээ кино бүтээхүй, цус сорогч, ээж байх болон үр хөндөлт гэсэн сэдвүүдтэй холбоотой асуудлуудыг мөн авч судалдаг. Кинонд тайлбар хийх нь угаасаа боломжгүй гэж үзэгсэд байхад кино нууцлаг байдлаараа кино шүүмжлэгчдийн хувьд Эверестийн оргил ч гэж нэрлэгддэг. Кино түүхч Peter Cowie "уг киноны хэлэх гэсэн бүхэн зөрчилтэй байж магадгүй ч эсрэгээрээ бас үнэн ч байж магадгүй юм" гэсэн буй. Bergman уг киногоороо өөрийн дуртай хоёр сэдэв рүүгээ эргэн хандсан; хүмүүс ерөөсөө жинхнээсээ харилцах маш бэрхтэй болон урлагийн мөн чанар бол эгоцентр шинжтэй гэсэн санаа агаад үзэхэд тун хүнд боловч жинхэнэ урлагийг мэдрүүлэх "Persona" хэмээх шедеврийн сэдэв, хөндсөн санаа, бүтцийг илүү ойроос харцгаая. Киноны зураг авалтыг 1965 онд Шведийн нийслэл болон Фаро арлуудад авсан бөгөөд продакшны үеэр толин тусгал, утаа манан, гол дүрүүдийн нүүр царайг нэгтгэн нэг хүрээнд багтаах зэрэг олон эксперименталууд ашигласан ба мөн киноны хүүрнэл, оршил хэсгийн экспериментал хэв маягийг онцгойлон авч үздэг. 

Robert Altman, David Lynch тэргүүтэй олон мастеруудад "Persona" нөлөөлсөн байдаг ба TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 19-р байрт, Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 17-р байрт тус тус эрэмбэлээд байна. Гярхай үзэгчдэд зориулсан энэхүү харах яруу найргийг 2018 онд BBC хамгийн шилдэг 100 гадаад кино жагсаалтадаа багтаасан байдаг. Bergman-ын хамгийн шилдэг кино гэж зарим шүүмжлэгчдийн үздэг уг киног Time сэтгүүл мөн л хамгийн шилдэг 100 киноны тоондоо багтаасан буй. Bergman Стокхольмын гудамжинд урьд нь олон бүтээл дээр хамтран ажиллаж байсан Bibi Andersson-той таарсанаар энэхүү бүтээл бий болох суурь тавигджээ. Тухайн үед Bibi Liv Ullmann-тай хамт явж байсан ба Bergman Liv Ullmann хоёр анх удаа тэгж танилцжээ. Дараа нь Bergman түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Liv-д хэлсэн. Bergman-ын ухаанд хоёр эмэгтэйн тухай санаа бий болсон гэдэг, тэрээр эмнэлэгт байхдаа эмэгтэй жүжигчдийнхээ гэрэл зургийг харж байхдаа гэрэл зураг болоод төсөөлөл хоёр нь хачирхалтайгаар адилхан байгааг ухаарсан аж. 

Эндээс түүний "том малгай өмссөн, гараа зэрэгцүүлэн тавьсан" хоёр эмэгтэйн талаарх төсөөлөл эхэлсэн ба тухайн үед Bibi-тэй романтик харилцаатай байсан Bergman Liv-д татагдах болсон гэдэг. Bibi "Liv бид хоёр өмнө нь хамтран ажиллаж байсан, бид хоёр дотно найзууд байсан" гэжээ. "Persona"-ын концептийн талаар Bibi "Bergman бидний нөхөрлөлийг харсан, тэр үүний дотор орж, оролцохыг хүссэн" гэжээ. Bergman киноныхоо зохиолыг эмнэлэгт уушгины хатгалгаагаа эмчлүүлж байхдаа ерөнхийдөө бичиж дуусгасан буюу 3 орчим сар зарцуулжээ. Энэ төслөөрөө тэрээр зураг авалт эхлэхээс өмнө кино зохиолоо дуусгасан байдаг аргаа орхиж, продакшны үеэр зохиолоо хөгжүүлэх аргыг сонгосон байна. Кино зохиолд Elisabet дахин ярьж, гэр бүлийнхэнтэйгээ дахин нийлж, дахин жүжиглэх болсон тухай эмчийн мэдэгдлээр үйл явдал төгсдөг. Харин Alma арал дээр үлдээд холокостын зургийг харах хүртлээ Elisabet-д захидал бичихээр төлөвлөдөг аж. Хожим, продакшны үеэр дээрх сцэнийг цус уудаг сцэнээр сольж, мөн Alma арлыг орхихоосоо өмнө Elisabet-д "юу ч биш" хэмээх үгийг зааж өгдөг. Bergman киног нь санхүүжүүлэхийг Шведийн кино найруулагч Kenne Fant-аас хүсчээ. Fant киноных нь концептийг асуухад Bergman эмэгтэйчүүдийн гарын харьцуулалтын тухай төсөөллөө хэлснээр Fant төслийг нь санхүүжүүлэхээр болсон, ингэхдээ уг кино нь хямд төсөвтэй гэж таамагласны улмаас санхүүжилт гаргаж өгчээ. Хожим, Bergman өөрийн номондоо "өнөөдөр би Persona болон Cries and Whispers кинонуудаа чадах  чинээгээрээ л хийсэн гэдгээ мэдэрч байна. Энэ хоёр кино дээрээ би бүрэн эрх чөлөөтэй ажиллахдаа үг хэлэхгүйгээр нууцад хүрч болдогийг мэдэрсэн ба зөвхөн кино урлагаар үүнийг харуулж чадах билээ" гэжээ. Мөн тэрээр цааш нь "Persona миний амьдралыг аварсан гэж би хэлж байсан, энэ хэтрүүлэг биш юм. Би энэ киног хийх хүч чадлыг олоогүй бол бүрэн баларч дуусах байсан болов уу. Нэг чухал зүйл бол; анх удаа надад арилжааны амжилт гаргах эсэх нь хамаагүй санагдсан" хэмээжээ. 

Киноны анхны нэр "Хоёр эмэгтэйн соната" гэж байсан ч Fant илүү олонд хүртээмжтэй нэр сонгосон нь дээр гэж хэлснээр нэрийг нь өөрчилжээ. Liv, Bibi хоёрыг Bergman өөрийнхөө нэг кинонд тоглуулахаар төлөвлөж байсан ч өвдсөн учраас сайхь төслөө орхисон ба тэгсэн хэдий ч хүүхдүүдтэй хамтран ажиллана гэж найдсаар байлаа. Liv ярихыг хүсдэггүй жүжигчин Elisabet дүрийнхээ талаар "миний нүүр царай түүний хэлэхийг хүсч буй зүйлсийг илэрхийлж чадна гэж үзсэн болохоор тэр надтай хамтран ажиллахыг хүссэн. Энэ ерөөсөө л миний царай төрхөөс болсон ба би ч түүний юу хэлэх гээд байгааг ойлгосон" гэжээ. Судлаач Steve Vineberg-ын бичсэнээр Bergman энэ хоёр эмэгтэй жүжигчинд төвлөрсөнөөр өмнөх олон жүжигчид ашигладаг байсан аргаасаа салсан гэжээ. Кино дээр гарах Elisabet-ын хүүд тоглосон Jorgen Lindstrom өмнө нь Bergman-ын "The Silence" бүтээлд тоглочихсон, ер нь жүжиглэдэг хүү байж. Тэгвэл киноны кредит гардаггүй хүүрнэгч бол Bergman өөрөө ажээ. "Persona" киноны талаар маш олон янзын тайлбар байдаг. Профессор Thomas Elsaesser-ын хэлснээр бол уулчдын хамгийн том сорилт Эверест байдаг шиг кино шүүмжлэгч, судлаачдын хувьд энэ кино хамгийн том сорилт төдийгүй судлаачдад зориулагдсан кино ажээ. Мөн уг бүтээл "Citizen Kane"-ээс гадна хамгийн их сэдэв болсон кино ажээ. Зарим судлаачид "Persona"-г модернист хоррор кино гэж үздэг бөгөөд Elisabet-ын нөхцөл байдлыг эмч "найдваргүй мөрөөдөл" гэж тодорхойлсон нь арт кино ба амьдралын нийтлэг нөхцөлийг илэрхийлсэн гэж үздэг. Кино судлаач Marc Gervais "доод ухаан эсхүл ухаангүй байдлын зүйрлэл, нэг хүн нөгөөгөө хэрэглэх, хоёр зан чанарыг нэг болгон нэгтгэх, эсхүл нэг л зан чанарын өөр өөр талуудын түр зуурын нэгдэл" гэсэн хэд хэдэн тайлбарыг санал болгосон байдаг. Мөн уг киног шизофрени өвчний судалгаа, лесбиан дур таталдын түүх юмуу уран бүтээлч хүний тухай сургаальт үлгэр гэж тайлбарлах нь бий. Харин Bergman кино нь юу хэлэх, ямар утгатай болохыг мэддэг байсан ч үзэгчдээр эцсийн дүгнэлтийг хийлгэхийг хүссэн тул өөрийн санаагаа хэлэхээс татгалзсан байдаг ба тэр киногоо ойлгогдохоосоо илүү мэдрэгдэнэ хэмээн найджээ. "The Silence of God" трилогоороо Bergman эдгээр сэдвүүдийг нэлээд судалсан гэж үздэг, харин "Persona" бол тус эрэл хайгуулын дараагаар бий болсон бүтээл гэж онцолдог. 1965-1970аад оны хооронд бүтсэн Bergman-ын кинонууд (үүнд Persona бас орно) "бурхан төвтэй" байгаагүй гэж Gervais хэлжээ. 

Мөн тэрээр энэ киног ойлгохыг тулд философич Ницшег гарын авлага болгох ёстой гэж; "ертөнцийг садар самуун, зорилгогүй, утга учиргүй гэдэгт итгэх нь бурханд итгэх итгэлийг сэтгэлзүйн хувьд зайлшгүй шаардлагатай болгож, мөн суурь ёс суртахууны дэг журмыг дэмжих боломжгүй болж байна" гэжээ. Мөн киноны талаарх анализид дүрүүдийн ижил төстэй байдалд төвлөрдөг буюу нэг царайны ард өөр нэг царай давхардан үзэгдэхийг дүрүүд нэг байх магадлалтай ба тэдний хоёрдмол шинжийг харуулна гэжээ. Шүүмжлэгч John Simon "энэ хоёрдмол байдал тэнд хоёр хүн байгааг бэлгэдэж байх магадлалтай боловч энэ нь нэг хүний эсрэг тэсрэг талуудын хамаарлыг онцолж байна. Хэрэв тэд нэг хүн юм бол Alma өөрийнхөө биширдэг жүжигчний тухай төсөөлж байна уу, Elisabet өөрийн сэтгэлзүйг шалгаж байна уу, эсхүл хүү ээжийгээ ойлгохыг оролдож байна уу гэсэн асуулт гарч ирнэ" гэжээ. Философич Susan Sontag уг кино "хосолмол" шинжийн талаар хэд хэдэн сэдвийг хөндсөн гэж үзсэн бөгөөд түүнийхээр киноны үндсэн сэдэв "оюун ухааны хүчирхийлэл" ажээ. Профессор Irving Singer Alma, Elisabet хоёрын царайг хослуулсан зургийг судалж үзээд үүнийг Роберт Луис Стивенсоны зохиолын дүр доктор Жекилл гэхээсээ илүү түүний алтер эго дүр Хайд-тай харьцуулсан байдаг. Singer-ынхээр Bergman Стивенсоны "бидний мөн чанарын сайн ба муу, гэрэл ба харанхуй" гэсэн хоёрдмол байдлын сэдвийг өргөжүүлжээ. 

"Persona"-г мөн Эх хүн байхын үйл явцыг харуулсан хосолмол уяалдаатай гэж үздэг. Elisabet чимээгүй болсон шалтгаан бол түүний ээж байхаас татгалзсантай холбоотой байж магадгүй ба Эх хүн байх гэдэг жүжигчиний орхиж чадаагүй ганц дүр бололтой. Сувилагч жүжигчний оролдсон ч бүтэлгүйтсэн зүйлийг хийснээ ойлгодог буюу үр хөндөлтөөр хүүхдийг амьдралаасаа арчина. Сэтгэцийн эмч Barbara Young-ын үзэж буйгаар киноны оршил хэсэгт мооргт байгаа хүү бол Bergman болон түүний ээжтэйгээ харьцах харилцааг илэрхийлж байгаа аж. Хоёрдмол байдлын сэдэвтэй холбоотойгоор зохиолч Birigitta Steene бичсэнээр Elisabet "биет" бурхныг, харин Alma сэтгэлийг илэрхийлнэ. Тэгвэл теологич Hans Nystedt Elisabet-г бурхны симбол, Alma-г мөнх бус ухамсарын симбол гэжээ. "Эмэгтэйн төрх" юмуу "бараг л бурхан" гэсэн сэдвүүд нь өмнө Бурхныг судалсан Bergman-ын судалгааны үргэлжлэл бөгөөд Bergman хоёрдмол шинж ба өөрийгөө тодорхойлох сэдвийг судлахын тулд К. Юнгийн онолоос иш татсан гэж үздэг. Киноны нэр нь "маск" гэсэн латин үг агаад сэтгэлээс гадна гадаад шинж чанар гэсэн Юнгийн онолыг тусгадаг. Хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд олон нийтийн дүр төрх бий болгоод тухайн дүр төрхөөрөө хэн гэдгээ тодорхойлдог байсан гэдэгт Юнг итгэдэг байв. 

Сурвалжлагч Bergman-аас киноных нь нэр Юнгийн онолын утгыг хэлж байна уу гэж асуухад найруулагч эртний драмын жүжигчид маск зүүдэг байсан гэсэн алтернатив тайлбарыг хүлээн зөвшөөрч, мөн Юнгийн оноо кинотой гайхалтай тохирч байгааг хүлээн зөвшөөрчээ. Alma-ын нууц түүний  согтуу монологоор илчлэгддэг бөгөөд үүнийг ичгүүр бас эргэн дурсахуйн хослол гэж тайлбарладаг буюу үүгээр дүрийг сексийн эрх чөлөөний илэрхийллийг ойлгож болно. Шүүмжлэгч Robin Wood-ын үзэж буйгаар энэ үйл явдлаар үнэнч бус байдал, өсвөр насныхны сексийн харилцааг хөнджээ. Alma-ын түүх бол дүрийн маскын "хагаралын" хамгийн хүнд цохилтын тод жишээ буюу түүний сувилагчийн дүрийг үгүйсгэж, өөрийгөө баллахад хүргэдэг. Alma-ын монологи тун хурцаас гадна садар самууныг давж гардаг. Кино түүхч P. Adams Sitney үйл явдлын психоанализийн явцыг дараах байдлаар дүгнэсэн; лавлагаа, дараа нь анхны ярилцлага, тодруулга, өвчтөний суурь асуудлыг илрүүлэх. Түүний хэлснээр түүх Alma-ын өнцгөөс эхлээд Elisabet өөрсдийнхөө гарыг харьцуулсны дараа түүний өнцөг түүхийн эх сурвалж болж байна. Психологийн өөр нэг өнцгөөс бол Elisabet ярихаа болихдоо Софокл юмуу Еврипидийн Электра жүжигчид тоглож байж магадгүй аж. Bergman киногоороо Грекийн эмгэнэлт жүжигт анхаарлаа хандуулаагүй боловч Электрагийн дүр "Электрагийн комплекс"-ын санааг өгсөн гэж үзэгсэд байдаг. Bergman-ын жүжгийн сонголт бол психоанализийн гол ойлголт болох "сексийн тодорхойлолттой" холбоотой ажээ. Жендер болон сексийн сэдэв нь Bergman-ын эхэн үеийн чухал кинонуудад бас дурддагддаг ба профессор Marilyn Johns Blackwell-ын үзэж буйгаар Elisabet ярихаас татгалзаж байгаа нь түүний хүйсээсээ татгалзаж байгаатай холбоотой аж. Elizabeth, Alma хоёр бие биедээ татагдаж, эрэгтэй хүний сексийн харилцаа байхгүй байгаа нь бие биенээ тодорхойлох байдалтай нь уялдаж, олон, шилждэг, өөртэйгөө зөрчилддөг байдлаа илчилсэн нь тэдний хоёрдмол шинжийг бий болгодог ажээ. 

Киноны эхэнд Alma Elisabet-ын киног үзээд өөрсдийгөө адилхан юм байна гэсэн бодолд автсан гэдгээ хэлэх үеэс гаднах байдал нэгдэж, хосолмол болох сэдэв гарч ирнэ. Аналистууд киног лесбиан өнгө аястай байж болохыг онцлон тэмдэглэсэн. Alison Darren "Лесбиан кино гарын авлага"-даа Alma, Elisabet хоёрын харилцааг "хайр ба үзэн ядалт хоорондын заримдаг" гээд цааш нь "энэ нь хуурмаг үзэгдэл байж болох ч тэд нэг сцэн дээр секс хийхэд ойрхон байсан" гэжээ. Elisabet Alma-ын өрөөнд орж байгаа дүрслэл феминист үзлээр лесбианизмын зураглал агаад профессор Alexis Luko-ын бичсэнээр дүрүүдийн хүрэлцэх, ижилсэж байгаа сцэнээр болоод тэднийг нэг хүн болгож нэгтгэж байгаа бол дотно харилцаа, эротик байдлын илэрхийлэл ажээ. Elisabet-ын цоо ширтэлт Alma-г Karl-Henrik-тэй "холбогдсон" хэмээх асуултыг илтгэнэ. Судлаач Foster-ын хэлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн харилцаа үр хөндөлттэй холбогддог буюу ингэснээр лесбиан романс улам бүр нийтлэг болж байгаа ажээ. "Persona" хэрвээ лесбиан харилцааг үйл явдлаа болгосон бол хожим хүчирхийлэл, нарциссизм гэдгээр тодорхойлогдсон тул лесбианизмыг тэгтлээ дэмжээгүй гэж маргагчид байдаг. Bergman энэхүү кино болон "Hour of the Wolf", "Cries and Whispers" кинонууддаа хомоэротизм ашигласан нь Шведийн сүм хийдийн сайдыг эсэргүүцсэн бослого гэж одоо дүгнэдэг.

Comments