Pickpocket (1959). Сэтгэл татаж, ойн тоонд дурсагдаж үлдэхээргүй царайтай, байнга костюм, зангиатай явах манай киноны гол баатрыг Michel гэх бөгөөд морины уралдаан дээр очоод үзэгчдийн халааснаас мөнгө хулгайлна. Michel өөрийг нь хэн ч анзаараагүй гэсэн итгэлтэйгээр уралдааныг орхих ч төд удалгүй баригдчихна. Хангалттай нотлох баримт байхгүй байсан учраас мөрдөгч түүнийг тэгсгээд суллана. Michel ор болон ширээ дүүрэн номтой жижигхэн өрөөнд амьдрах ба орных нь араар хулгайлсан хэдэн цаас нь нуугдан байна. Тэрээр өвчтэй ээж хийгээд найзууд болох Jeanne, Jacques нараас дөлж, хөндийхөн амьдарна.
Michel Jeanne-д сэтгэлтэй ч түүнээ ил гаргахгүй, Jeanne түүнийг нууцхан хүлээх маягтай боловч Jacques-тэй үерхэх бөгөөд гэхдээ Michel-ын ээжийг асран халамжилна. Энэ хүүхний гадна хийгээд доторх ижилхэн үзэсгэлэнтэй бөлгөө. Michel бааранд хэсэг мэргэжлийн халаасны хулгайчидтай танилцана; уг бяцхан бүлгэм нарийн зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж олон нийтийн халаасыг цөмлөх ба Michel-д бүхий л эрдэмийг зааж өгч бүлгэмдээ элсүүлнэ. Michel ээж дээрээ очно, ээжийнх нь бие тааруу байх агаад Jeanne түүнд ээж дээрээ ахиухан ирж байхыг гуйна. Jeanne болон Jacques нар Michel-г хамт карнивал үзэхээр хамт явахыг урьснаар Michel хамт явах ба Michel-ын нүд хүний халаас, бугуйн цаг гэх мэт аль л хулгайлж болох бүхэн рүү өөрийн мэдэлгүй гөлрөн ширтэнэ. Michel бааранд мөрдөгчтэй таарна, мөрдөгч Michel-ын халаасанд байх George Barrington-ын (Ирландын зартай халаасны хулгайч бас зохиолч) номыг сонирхож аваад маргааш цагдаагийн газарт ирж энэ номоо аваарай гэнэ. Товлосон цагтаа Michel мөрдөгч дээр очоод номоо аваад буцах замдаа эзгүй хойгуур нь гэрт нь цагдаа нар очоод нуусан мөнгийг нь олсон байх гэж айх ч азаар тийм юм болоогүй байдаг.
Michel-ын ээж үхнэ; оршуулганд нь Jeanne түүнтэй хамт явах ба энэ үеэр Michel уйлдаг. Уг явдлын дараа Michel-г өрөөндөө байж байхад мөрдөгч орж ирээд: ээж чинь хулгайд мөнгөө алдсан гээд цагдаад мэдэгдэж байсан амьд байхдаа, гэхдээ хожим хүсэлтээ хаясан, учир нь мөнгийг нь хүү нь хулгайлсан гэж бодсон байх л даа хэмээдэг. Ингэж хэлээд мөрдөгч явдаг агаад Michel одоо л Францыг орхиж зугтаахгүй бол оройтох нь гэж бодно. Түүнд олон удаагийн амжилттай хулгайлсан мөнгө байв, түүний эдгээр амжилттай халаасны хулгайг дэлгэрүүлэн бичихгүй, харин үзэгч өөрөө үзэж гайхшрах ёстой үйл явц юм. План өөрчлөгдөхөд Michel галт тэрэгнээс бууж байх ба тэрээр 2 жилийг европоор хэрэн тэнүүчилж өнгөрүүлэхдээ мөнгөө хүүхэн болон архинаас өгөөд дууссан байв. Michel шууд Jeanne дээр очно, хүүхэн Jacques-ээс хүүхэдтэй болсон болсон түүнтэй суусангүй байлаа. Michel тэдэнд туслахын тулд дахин "ажилдаа" гарах ч энэ удаа бүтэлгүйтэж цагдаад баригдан шоронд орно. Шоронд түүнийг Jeanne байнга эргэж очих бөгөөд энэ үед Michel хүүхэнд хайртайгаа ухаардаг.
Энэхүү гэмт хэрэг ба ял шийтгэлийн тухай өгүүлэх сэтгэлзүйн драм нь Францын
аугаа кино найруулагч Robert Bresson-ын хүч чадлыг мэдрүүлсэн хүчирхэг бүтээл
бөгөөд энэ кино нь Robert Bresson-ын өөрөө бичсэн анхны оригнал кино зохиол
бөлгөө. Их найруулагчийн оргил ажлын нэг гэгддэг тус киног үнэнхүү тансаг
урлаж, ухаалгаар дэглэсэн байдал нь хүмүүний муу заль хийгээд энэрэхүйг судлах
туурвил болгосон ба бага төсвөөр кино бүтээгчид хийгээд оюунлаг кино урлаачдын
хөтөч болсон тус бүтээл нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 69-р
байрт жагсаж байна. Киноны гол дүрүүдэд: тухайн үед мэргэжлийн жүжигчин
байгаагүй Martin LaSalle, Marika Green нар тоглосон ба киног халаасны хулгайн
хийх аргыг маш үнэмшилтэй дүрсэлсэн хэмээн Финландад 1965 он хүртэл хориглож
байжээ. Bresson кино зохиолоо 3 сарын хугацаанд бичиж дуусгасан бөгөөд зураг
авалтаа бага хугацаанд олон нийтийн дунд авчээ. Зураг авалтын үеэр кино
багийнхан олон асуудал, сорилттой тулгарч байсан хэдий ч заримдаа энэ нь
багийнханд ашигтай нөхцөл болж байсан гэдэг. Киноны өгүүлэмжийн хийцийг
параметрик хүүрнэл, сюжет давамгайлж уг 2 хэлбэр тэнцүүхэн чухал үүрэгтэй
байдаг хэмээдэг. Рожер Эберт уг киног Достоевскийн "Гэм, Зэм" романы цуурай гээд Michel бол Raskolnikov
буюу тэд мөрөөдлөө бодит болгохын тулд мөнгө хэрэгтэй гэж үзэгсэд ба энгийн
ноомой хүн энэ Хэрэгцээндээ хүчээр хүрэх ёсгүй гэсэн шалтгаан байхгүй гэж
үзэгсэд юм.
Энэ бол ёс суртахуунгүй шалтгаан ба тус дүрүүд энгийн ёс суртахуунаас давж, онцгой эрх ямба шаардагчид болой. "Гэм, Зэм" романд гардаг шиг Michel-д хүүхнүүд сайн байдаг, Michel хэзээ нэгэн цагт өөрийнхөө нүглийг наманчлах ганц хүн гэж Jeanne-д итгэнэ. Michel яагаад Jeanne-г үл тоогоод байдаг нь сонин, магадгүй Michel-г хүүхэн энгийн байдлаараа ичээдэг байх, магадгүй хүүхэн түүнийг ертөнц дээр ганцаардсан, өөрийгөө ер бусын гэж бодох боломжгүй болгодог байсан байх, эсхүл тэрээр айдас юмуу бардамналаасаа болсон байж болох юм, нэг ёсондоо бид зөвхөн таахааас өөр замгүй. Michel бол зөвхөн өөрийгөө бодогч, тэр хүсэх л юм бол ажилд орж болох ч тэрээр зүгээр л хүсдэггүй. Тэр өөрийгөө бүрхсэн нарцисисс байдалдаа хөвж байдаг ба бусдын юмыг хулгайлах нь өөрийг нь онцгой эрхтэй болгож байна гэж төсөөлнө. Хохирогчийнхоо цүнх юмуу түрүүвчийг нүүрэн дээр нь, амьсгалыг нь мэдрэн байж хулгайлах нь түүнд аугаа ялалт шиг байх ч өгүүлэшгүй жаргал нь царайнд нь тодрохгүй, харин тэр энэ үеэрээ эротик мэдрэмж авдаг мэт. Халаасны хулгайчдад хүч чадал хэрэггүй; халаасны хулгайчид өөрсдийгөө үл үзэгчид гэх илтгэлдээ юмуу сэтгэл санааны байдалдаа итгэнэ.
Ихэнх гэмт хэрэгтний адилаар Michel 2 шалтгаанаар
халаасны хулгай хийх бөгөөд нэгт; өөрийгөө бусдаас илүү гэж боддог бол хоёрт;
тэрээр дорд байхаас айхын дээр шийтгэгдэхээс айна. Кинонд гарах халаасны хулгай
маш бодитой, бараг баримтад кино шиг бөгөөд камерын ойроос авсан гарын
хөдөлгөөн, халаас ухалт, түрүүвчтэй харьцах байдал тэр чигээрээ урлаг шиг,
балет шиг гайхамшигтай зураглагджээ. Кино урлагт хулгайг гоо үзэсгэлэнтэй
бөгөөд маш тодорхой үзүүлсэн өөр ямар ч кино байхгүй. Robert Bresson бол
хамгийн философилог, бодлогширсонгуй кино урлаач ба тэрээр жүжигчдээсээ сэтгэл
хөдлөл, хэв маяг болон мэрийлт хүсдэггүй, харин бүхэлдээ бие махбодийн
хөдөлгөөн шаарддаг байсан юм. Түүний жүжигчид моделийн л үүрэгтэй бөгөөд
санаагаа зураглал хийгээд өгүүлэмжээрээ бий болгодог. Алдарт Paul Schrader-д уг
кино маш их нөлөөлсөн агаад эл бүтээлийг "хүлээн зөвшөөрөгдсөн
шедевр" гэсэн байдаг ажээ.
Comments
Post a Comment